Марк Цукерберг фэйсбүүк нээх санааг оюутны дотуур байранд амьдардаг байхдаа бодож олсон. Энэ түүх хүн бүрийн дотор, эхлүүлж болмоор шинэ бизнесийн санааг их, бага хэмжээгээр төрүүлэх нь бий, боломжгүй ч биш. Өнөөдөр таны бодож байгаа шинэ санаа маргааш дэлхийг өөрчилж болох цаг үед бид амьдарч байна. Трэнд болоод буй стартап бизнесийг хэрхэн хөгжүүлэх, хаанаас эхлэх нь зөв талаар, венчир биулдер (venture builder) чиглэлээр гарааны бизнесийг дэмжин ажилладаг “Start” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-START компани Монголын гарааны бизнесийн зураглалыг гурав дахь жилдээ гаргажээ. Эхлээд гарааны бизнес гэдэг тодорхойлолтын талаар асуумаар байна?
-Бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа дэлхий, ертөнцөд хаа сайгүй. Гэхдээ бусдаас ухаалаг нь юу байх вэ. Жишээ нь би А цэгээс Б цэг рүү бараа хүргээд дундаас нь хөлсөө авдаг. Гэтэл дахиад нэг хүн А цэгээс Б цэг рүү явахдаа алхаж байхаар машинаар явъя гэдэг илүү ухаалаг, инновацилаг, тэлэлттэй тэсрэнгүй санаа бодож олохыг гарааны бизнес гэж нэрлэж болно. Мөн гурван үйлчлүүлэгчтэй байснаа 3 сая хүнд хэрэгжиж болох, Монголоос шууд Сингапурт хөгжүүлэх боломжтой тийм бизнес моделыг эрэлхийлээд явж байгаа компанийг стартап гэж тодорхойлдог. Онцлог нь зах зээл, бараа бүтээгдэхүүний нийцлээ олох гээд явж байгаа, уламжлалт компаниас хөрөнгө, санхүүжилт, баг, бизнесийн соёлоор өөр. Мөн гарааны бизнесийг эхэлж байгаа хүний сэтгэлзүй, хандлага уламжлалт бизнес эрхэлж буй хүнээс тэс ондоо байдаг. Тийм ч учраас дараа дараагийн алхмууд нь шинэлэг болоод явчихдаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа дэлхий, ертөнцөд хаа сайгүй. Гэхдээ бусдаас ухаалаг нь юу байх вэ
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний гарааны бизнес эхлүүллээ гэж бодоход үнэхээр тэр өвчнийг эдгээмээр, салбарын асуудлыг шийдэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. Эхний шийдэл бүтэлгүйтэж, хоёр, гуравдахь нь ч бүтэл муутай байж болно. Гэхдээ тэр асуудлыг шийдье гэсэн чин хүсэл эрмэлзэл, хандлага нь байгаа болохоор шантрахгүйгээр урагшаа явсаар учрыг нь олж байгаа нь гарааны бизнес эрхлэгч энтрепренер хүний онцлог. Тэгэхээр уламжлалт бизнесмэнээс гарааны бизнес эрхлэгчийн хандлага болон бизнес хийх арга барил нь тодорхоой хэмжээнд өөр байдаг. Мөн стартапуудын шийдвэр гаргалт үргэлж доороосоо дээшээ явсан соёлтой. Тиймээс шийдвэр гаргалт бусдаас маш хурдан байж чаддаг. Тэгэхээр мөнгөө захиран зарцуулах багаараа шийдвэр гаргах, шийдэл олох, бизнесийнхээ хувьд өсөн дэвшихээс эхлээд олон зүйл дурдаж болно.
/Гарааны бизнесийн зураглалын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой/
-Гарааны бизнесийн зураглалыг гаргахад юу нөлөөлсөн бол? Зураглалыг хэрхэн гаргадаг вэ?
-Гарааны бизнесийн зураглалыг дэлхийн олон улс оронд гаргадаг. “START” компани Монгол Улсад гуравдахь жилдээ энэ зураглалыг гаргалаа. Хамгийн анх 2016 онд Станфордын оюутнуудтай хамтран ажилласан. Зураглалд оруулах стартап бизнесийн багийг хамгийн эхэнд хардаг. Яг стартапын чиглэлээр ажиллаж байгаа эсэхийг тодорхойлно. Хоёрдугаарт, технологийн шийдэл. Гуравдугаар хэрэглэгчдэд өгч байгаа үйлчилгээ. Үндсэндээ стартапын үндсэн шинж чанарыг харж байгаад зураглалд оруулдаг. Бид олон компанийн мэдээллийг нэгтгээд дата бааз үүсгэн хүмүүст зурган байдлаар харуулдаг гэсэн үг. Эндээс хэрэглэгчид Монголд хэдэн стартап, ямар үйл ажиллагааг явуулаад, эргээд хэрэглэгч нарт ямар үнэ цэн өгч байна вэ гэдгийг харж болно. Энэ жилээс хүмүүсийн оролцоо нэмэгдэж хаана, ямар стартап үйл ажиллагаа явуулж байгаа, хэзээ байгуулагдсан, ямар чиглэлээр хөгжиж, энэ жил ямар бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр нэмэгдсэн байна вэ гэдэгт илүү анхаарал хандуулж, оролцоо нэмэгдэж байгаа. Энэ зураглал нэг талдаа энгийн мэт боловч нөгөө талдаа стартапуудын үнэ цэнийг нийгэмд таниулах зорилготой. Өмнө нь стартап гэхээр хоёр залуу сууж байгаад код бичээд нэг бол баяждаг, үгүй бол дампуурдаг гэж ойлгодог байсан. Удалгүй трэнд болонгуут бизнес модель нь биш ч байсан стартап гэж нэрлээд эхэлсэн. Ийм хөөсөрлүүд байнга явагддаг. Харин одооо зураглалыг нь бий болгоод стартап гэдэг чинь ийм зүйл шүү, та нарт ийм үнэ цэнийг бий болгож, нийгэмд ийм үр нөлөө үзүүлж байна гэдгийг тайлбарлаж эхэлснээр хэрэглэгчид энэ бизнесийг илүү сайнаар хүлээн авч байна.
-Стартапуудын ирээдүйн зураглалыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Хэрэглэгч юу хүсч байна, салхи тийш л эргэнэ. Муугаар ярих юм бол хэрэглэгчид маш голомтгой, их зүйлийг хүсдэг болж байна. Энэ хүсэлд таарсан шийдлийг олж, бизнес моделыг боловсруулна гэдэг өөрөө маш том чэллэнж. Ямар шинэ, шинэлэг бараа бүтээгдэхүүн санал болгох вэ гэдэгт стартап компаниуд толгойгоо гашилгаж байна шүү дээ. Энэ өрсөлдөөн дундаас л, хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлаж дараагийн шийдлүүд гарч ирнэ. Мөн стартап компанийн амжилт, хөгжилд үүсгэн байгуулагч хүний ур чадвар, сэтгэлгээний тэлэлт чухал нөлөөтэй.
-Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас бизнесүүд дижитал хэлбэрт хурдтай шилжсэн. Технологийн чиглэлийн стартапууд олноор нэмэгдсэн болов уу?
-Манай улсад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани хангалттай байгаа ч яг стартап чиглэлийн, технологийн бизнес 2020 онд байгаагүй. Харин энэ жилээс 4-5 стартап орж ирлээ. Энэ бол цар тахлын нөлөө. Дурдаж болох стартапын нэг нь ээжүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд зориулсан Hello baby. Технологиор дамжуулан хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаарч болох, жирэмсэн эхчүүдэд мэдлэг өгөх аппликейшн. Монгол Улсын хил “Ковид-19” халдварын улмаас гурван жил хаалттай байлаа. Тиймээс хэрэглэгчдэд дотооддоо аялах хүсэл сонирхол нэмэгдсэн. Энэ хэрэгцээг хангахын тулд стартапууд ч хөдөлж, аялал зардаг аппликейшн хөгжүүлж эхэллээ. Ер нь зах зээлээсээ шалтгаалах цаг үе ирээд байна. Аливаа дижитал шилжилтэд хамгийн түрүүнд банк, санхүү, хөрөнгийн салбарууд нэгддэг. Хоёр жилийн өмнөөс финтекийн салбар давамгайлж, маш хурдтай хөгжиж байгаа. Финтекийн стартап Монголд маш олон бий. Өрсөлдөөн ихсэх тусам хэрэглэгчид маань мэдлэгтэй болж хүсч байгаа зүйл нь улам чанаржиж байна. Нөгөө талдаа энэ төрлийн стартапууд зах зээл дээр чанарыг дээд түвшинд нь барьж чаддаг. Яагаад гэвэл тэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүнд зориулж гаргаж байгаа учраас ажлаа халтуурдана гэж үгүй. Финтекийн салбар маш их технологижиж байна, ирэх жилүүдэд бүр илүү хөгжинө.
-Монголд стартапт хамаарах хэчнээн бизнес байна вэ? Уламжлалт болон стартап бизнесийн ялгаа юу вэ?
-Нийтдээ 82-83 старап байгаа. Анх 10-20 байсан бол удахгүй 100 хүрэх гэж байна. Хөгжүүлэгч байгууллагын хувьд манайхаас стартап бизнесийн үндсэн шинж чанаруудыг маш олон хүмүүс асуудаг. Хамгийн түрүүнд хардаг нэг зүйл нь бизнес модель. Уламжлалт бизнесийн соёл илүү тодорхой. Хүмүүс ажиллуулаад цалинг нь өгнө, ашгаа оллоо. Харин стартап бол хүний нөөцөөс авахуулаад бизнес эрхэлж байгаа аргачлал нь ч ондоо. Жишээ нь, үүсгэн байгуулагчид хоёр гурван жил зөвхөн бизнесийн шийдлээ туршиж үзээд өөрсдөө ямар ч цалингүй явж болно. Өөрсдөөсөө бүх хөрөнгөө гаргаад бүтээгдэхүүний шийдлээ хийх гээд яваад байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн бизнес эрхлэхдээ биш нийгэмд хэрэгтэй, үр нөлөөтэй юм хийх гээд тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой учраас үүсгэн байгуулагчдад өнөөдрийн хоол сонин биш. Ирээдүйн шийдэл л чухал. Стартап бизнесийн нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөг яривал бидний хамгийн сайн мэдэх Apple, Facebook байна. Энэ стартапууд дэлхийн нийгэмд асар том өөрчлөлтийг авчирсан. Монголд гэвэл Lend.mn аппликейшны IPO-г нэрлэж болно. Хөрөнгийн бирж дээр маш том салхи оруулж, хүмүүсийн ойлголтыг тэлж, харааг нээсэн шүү дээ. Үүний араас ямар олон финтекүүд гарч ирлээ, хэд нь унаж, хэд нь хожив. Алдааг нь зассан нь ч бий. Тэгэхээр стартапуудын эргээд үзүүлж байгаа үр нөлөө нь даацтай. Стартапуудаа дэмжсэн улс орнууд амьдрах чадвар, технологийн хөгжлийн хувьд асар өндөр байдаг нь нотлогдсон.
-Танай компани стартап бизнесүүдийг хөгжүүлэх чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрсдөө ч бас стартап байх аа?
-Тийм ээ, бид ч бас стартап. Манай компани 2019 оноос стартапын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад стартапуудыг хурдасгах, олон улсад гаргах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Дотроо таван стартаптай. Үүнээс дурдвал GERU, Zochil.shop, Melearn.mn зэрэг стартап бий. Энэ жил бид Zochil.shop дээр нэг тэрбумын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээтэй болгосон. Мөн GERU дээр 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Манай компанитай холбогдох стартапуудад үүд хаалга үргэлж нээлттэй. Бид инновацилог бизнес моделыг өдөр тутамдаа хайгаад явж байдаг. Ер нь стартапууд хүрээлэл дундаа танигдаж, танилцах нь өөрөө ашигтай. Төр нь, хөрөнгө оруулагчид ч биш стартапууд нь л стартапуудаа хамгийн сайн дэмждэг байх хэрэгтэй. Түрүүлээд алдаа, оноог нь туршаад үзчихсэн учраас стартап л бусдынхаа зовлонг сайн мэдэж, маш сайн зөвлөх байж хамтын ажиллагаа үүсгэж чаддаг.
Хүүхэд, залууст ерөнхий боловсролын сургуулиас, оюутан байхаас нь олон талаас сэтгэх ур чадвар, энтрепренер хүний хандлагыг суулгах гэж хичээх болсон.
-Манай улсад стартап бизнес хөгжих, өсөн дэвжих боломж хэр байна вэ? Энэ бизнесийг эхлүүлэхэд юу чухал бол?
-Стартапуудын дунд тулгарч байгаа нэг зүйл нь хүний нөөцийн асуудал. Багийн гишүүн байж чадах, өндөр ур чадвар, сэтгэмж сайтай, маш бага зардлаар олон зүйлийг хийж чаддаг криетив ажилтан олох хүний нөөцийн асуудал стартапуудад тулгарч байгаа. Энэ хэрэгцээг мэдэрч боловсролын байгууллагууд хөдөлж эхэллээ. Хүүхэд, залууст ерөнхий боловсролын сургуулиас, оюутан байхаас нь олон талаас сэтгэх ур чадвар, энтрепренер хүний хандлагыг суулгах гэж хичээх болсон. Үүнийг манай хүүхдийг бизнес хийлгэх гээд байна гэж ойлгож болохгүй. Энтрепренер хандлагатай болж чадвал ямар ч асуудал тулгарсан олон талт зэвсэгтэй байна гэсэн үг. Асуудал шийдэх чадвар энтрепренер хүнд зайлшгүй байх ёстой. Ийм хандлагатай болж чадвал стартап болоод энгийн бизнес, томоохон корпорацид орсон ч үлдэж чадахуйц криетив ажилтан бэлтгэх гээд байгаа юм. Энэ онд нэгдүгээр курст орох хүүхдийг таван жил бэлдэхэд ажил дээр маш сайн ажилтан гарах боломжтой болж байгаа. Үүний тулд сургуулиуд, корпорациуд хөдлөөд эхэлсэн.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.