МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Хөгжлийн бодлого судлаач М.Найданхүүтэй ярилцлаа.
-Таны хувьд МАН-ын XXVII Их хуралд оролцохоор Норвеги улсаас ирсэн. МАН хэр шинэчлэгдэв?
-Миний хувьд намынхаа гурав дахь Их хуралд сая оролцлоо. Гурван удаа Их хуралдаа оролцохоор өөрийн зардлаар Норвегиэс ирсэн. Гэхдээ эдгээр хурлуудад урилгаар оролцсон юм. Энэ удаагийн Их хурлын шийдвэрт сэтгэл гонсгор буцаж байгаагаа нуугаад яахав.
-Яг юунд нь сэтгэл дундуур байгаа юм бэ?
-Бид Их хурлын өмнө шинэтгэлийн, түүхэн хурал болно хэмээн хэлж байсан. Гэтэл сая болсон Их хурлаараа хуучин удирдлагуудаа сонголоо. Шулуухан хэлэхэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчтэй адилхан боллоо гэж дүгнэж байна. Яагаад ингэж хэлэв гэхээр манай намын нэр хүндэд муугаар нөлөөлдөг хүмүүс удирдлагад гарсанд үнэхээр сэтгэл гонсгор байна даа.
-МАН лидергүй болжээ гэдгийг батлаад байгаа юм биш үү?
-Энэ байдлаас харахад тийм дүгнэлт хийж болохоор харагдаж байгаа юм. Миний бодлоор намын олон мянган гишүүд дотор МАН-ыг ард түмэнд ээлтэй, зөв жолоодоод явах боловсон хүчин хангалттай байна. Харамсалтай нь тийм боломжийг нь үргэлж хааж байдаг.
-Заалнаас нэр дэвшиж орох боломж байсаар байтал яагаад нэрээ татсан юм бэ?
-Заалнаас нэр дэвшиж байгаа үед Бага хуралд гишүүн боломж бага байдаг. Өөр нэг шалтгаан байсан нь энэ удирдлагуудтай хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурьтай байлаа. Манай намын шинэ генсек Ж.Мөнхбат гэж нөхөр зун долдугаар сараас гэнэт намын шинэчлэл яриад эхэлсэн. Үүнийг нь би эсэргүүцэн намын гишүүдэд хандсан ил захидал илгээсэн. Намын дарга Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нарт хариуцлага тооцно гэж байсан. Гэтэл хамт ажиллаж байсан Ж.Мөнхбат тэргүүтэй нарийн бичгийн дарга нар ч хариуцлагыг үүрэлцэх ёстой. Тэд нэг баг болон ажиллаж байснаа мартсан юм шиг байна лээ. Би энэ Их хурлаас дараагийн Их хурал хүртэл намынхаа хамгийн том сөрөг хүчин байх болно. Сөрөг хүчин байна гэдэг нь намаа чанаржуулах, бялдаржуулах зорилготой. Түүнээс биш надад албан тушаал олдсонгүй хэмээн гомдоллосон зүйл байхгүй.
-Намынхаа тогтворжилтын талаар ямар үг хэлэх гэж байсан юм бэ?
-Бид намын төлөвшилт, тогтворжилт, төгөлдөржилтийн тухай л ярих ёстой. Намын тогтворжилт гэдэг нь намын даргатай шууд холбоотой. Сонгуулиас болж жил гаруй хугацааг үдсэн намын удирдлагуудаа солих шаардлага байгаа юм уу, үнэхээр солих шаардлагатай бол багаар нь огцруулах хэрэгтэй гэдгийг хэлэх гэж байсан юм. Намайг эсэргүүцсэн өөр нэг шалтгаан нь Их хурлын хоёр дахь өдөр үг хэлэхдээ манай намын ялагдлын гол шалтгаан нь нийслэлийн дүүргүүдэд байна гэсэн юм. Бодит байдал үнэхээр ч тийм байгаа. Нийслэлд намын рейтинг 40-42 хувьтай байна. Хэд хэдэн удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам нийслэлд ялагдал хүлээсэн. Ингэж хэлснийхээ төлөө зарим хүмүүсийн дургүйг хүргэсэн ч зарим хүмүүсийнх нь талархлыг хүлээж чадсан. Дургүй нь хүрсэн хүмүүс намайг өөр хүн нэр дэвшүүлэх нь гэж бодсон уу нэр дэвшүүлэх хуралдаан дээр үг хэлэх бололцоог хаасан.
-Намын шинэ удирдлагууддаа яг ямар өнцгөөс та хандаж байгаа вэ. Эдгээр хүмүүс өмнө нь намдаа нэлээд хэдэн жил болчихсон намдаа нөлөөллөө бий болгочихсон хүмүүс шүү дээ?
-Намд болон намын удирдлагад олон жил болсон хүмүүс ээлж дараалан намын дарга болж буй явц ажиглагдаж байна. М.Энхболд дарга XXV Их хурлаас намын даргын ажлаа өгч байсан юм. Гэтэл сая дахин гараад ирлээ. Ж.Мөнхбатын хувьд нарийн бичгийн даргаар нэлээд хэдэн жил ажиллачихсан. Нийгэм хүлээж авахад нэлээд нэр хүнд муутай хүмүүс сонгогдчихлоо.
-МАН-ын төлөөлөгчид мэдэхгүйдээ энэ хүмүүсийг сонгочихов уу?
-Их хурлын төлөөлөгчдийг сонгох анхан шатны сонгуулиуд нь хуйвалдааны байдалтай болдог юм уу даа. Төлөөлөгчид хүртэл гэнэн юм даа. Нэр дэвшсэн хүнийг сонгох ёстой гээд л сонгочихдог. Өөр нэг зүйл нь намын даргад нэр дэвшин өрсөлдөх боломжтой Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар нэрээ татчихаж байгаа юм. Тиймээс М.Энхболд гарцаагүй гараад ирэх боломж нээлттэй болчихож байгаа хэрэг.
-Их хурлаас өмнө намын даргад өрсөлдөнө хэмээн нэр нь яригдаж байсан хүмүүс нэрээ татсан. Энэ нь ямар шалтгаантай байсан юм бэ?
-Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. М.Энхболд даргын ар гэрт тохиолдсон эмгэнэлийг хуваалцаж байгаа нэг хэлбэр. Нөгөө талаас намын болон ард түмний эрх ашиг хамгийн түрүүнд тавигдах ёстой. Намын даргад нэр дэвшсэн хүмүүс хулчгар байна. Үүнээсээ болоод л нэрээ татсан хэрэг. Хэрэв тэгж л нэрээ татах байсан юм бол үүнийгээ эрт хэлж байх нь зүйтэй. Эртхэн хэлчихсэн бол магадгүй би намын даргад нэрээ дэвшүүлэх байсан. Гадаадаас урилгаар оролцож байгаа хүмүүст үг хэлэх эрх нээгддэггүй гэдгийг энэ Их хурлаас мэдлээ.
-Энэ удаагийн Их хурал түүхэн хурал болж чадсангүй гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэдээж түүхэн хурал болж чадаагүй.
-Их хурлын гол алдаа юундаа байна бэ. Их хурлаас өмнө энэ хүн намын дарга, генсек болно хэмээн ярьж байсан нь биелэлээ оллоо?
-Би намдаа сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй байдаг. Хэзээ нэгэн цагт магадгүй ирэх Их хурлаар иймэрхүү хуйвалдааны шинж чанартай зүйлс цэгцрэх байх хэмээн бодож байна. Намын төлөөлөгчдийг сонгох тал дээр алдаа бий. Зарим хүмүүст намын Их хуралд ирэх, Бага хуралд сонгогдох нь хувь хүний гангарааны асуудал болсон нь харагдсан. Их хуралд төлөөлөгчөөр орж ирчихээд үг хэлэхгүй, санал хэлэхгүй тэгсэн хэрнээ Бага хуралд хуйлралдаад гүйлдчих юм. Гэтэл шударга байсныхаа төлөө, үгээ хэлснийхээ төлөө зарим хүмүүс нь Бага хурлын гадаа үлдчихдэг нь харамсалтай санагдлаа. Үүнийг яагаад хэлэв гэхээр бид гадаадаас гурвуулаа ирсэн. Нэгэнд маань мандат өгөөд, Шведээс ирсэн залуу бид хоёрт үг хэлэх эрхтэй урилга өгч байна гээд хуурчихаж байгаа юм.
-Их хурал өндөрлөсний дараа та намынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Эдгээр хүмүүст дүн тавих хамгийн том шалгуур нь 2016 оны УИХ-ын сонгууль. Хэрэв сонгуульд ялагдвал маргаашнаас нь шинэ зохион байгуулалтаар тэмцэх болно.
-МАН Их хурлынхаа өмнө хөгжлийн бодлогоо боловсруулахын тулд судлаач, эрдэмтдийн дунд уралдаан зарлахад нь та түрүүлсэн. Таны боловсруулсан хөтөлбөрөөс хөгжлийн бодлогод тусгагдсан уу?
-Миний Их хуралд ач холбогдол өгч ирсэн гол асуудал нь хөгжлийн бодлого тодорхойлох байсан. Үүн дээрээс л намын төлөвшилт, төгөлдөржилт гэдэг нь гарч ирэх ёстой. Намаас зарласан уралдаанд “Алтан дунджийн нийгмийг бүтээн байгуулъя” гэсэн хөтөлбөрөөр оролцон тэргүүн байрт шалгарсан. Шагнал болгож өгсөн мөнгийг нь намдаа цаашид нь амжилт хүсээд өгье гэсэн бодолтой байгаа. Бид хөгжлийн бодлогодоо л анхаарал хандуулах хэрэгтэй. Эх орноо Скандиновын орнууд шиг хөгжүүлье.
-Их хурлын өмнө дарга, цэргийн суудлын төлөөх хор найрагдаж байна хэмээн яригдаж байсан. Танд мэдрэгдсэн үү?
-Надтай тэр талаар яриа хөөрөө хийсэн хүн байхгүй. Харин орон нутгаас ирсэн болон нийслэлээс оролцсон хүмүүсийн бодлогод тусгагдсан байж магадгүй гэдэг нь сонголт хийж байгаагаас нь анзаарагдсан. Их хурлын дүнг харахад хурлаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байсан хүмүүс намын удирдлагад гараад ирлээ. Үүнээс харахад тиймэрхүү зүй бус зүйлс явагддаг юм шиг байгаа юм. Үүнийг бид нуулгүй хэлж байх ёстой.
-Та намын Бага хурлын гишүүдийг сонгох хэлбэрт ямар бодолтой байгаа вэ?
-Намын Бага хурлын гишүүнийг сонгохын тулд дээрээс нэр оруулж ирдэг. Тэр нь цаанаасаа захиалагдсан тул төлөөлөгчид түүнийг нь дугуйлаад гаргах үүрэгтэй. Өнөөдөр энэ өрсөлдөөнийг нээлттэй болгоё. Заалнаас нэр дэвшүүлдэг асуудлыг болих хэрэгтэй. Эхний ээлжинд нэр дэвших сонирхолтой бүх хүмүүсийг бүртгээд түүнийгээ аймаг, дүүргээр нь хуваасны дараа квотынх нь дагуу өрсөлдөөн явуулсан нь дээр юм шиг. Намын Бага хурлын гишүүд 310 байгаа нь учир дутагдалтай. Харин Бага хурлын гишүүдийн тоог нэмж өрсөлдөөнийг бий болгох нь чухал. Бага хурлаас УИХ-д нэр дэвших хүмүүс тодордог. 300 хүнээс сонгогдох 500 хүнээс сонгогдох хоёрын хооронд ялгаа бий. Бага хурлын гишүүдийн тоог 600 болгон улиралдаа нэг сая төгрөг төлж чадах хүмүүсийг оруулах хэрэгтэй. Эндээс орж ирсэн мөнгөөр намынхаа анхан шатны үүрүүдийг санхүүжүүлье. Энэ хэмжээний мөнгө төлөх чадвартай Бага хурлын гишүүн болох хүсэлтэй хүмүүс их байна. Их хурал болон Бага хуралд төлөөлөгч болох, намын Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэх байдал үнэндээ хаагдмал байгааг хэлэх нь зүйтэй.
Э.ЭНХБОЛД