Лайвчин Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотойгоор “хуулийн байгууллагууд түүнд тэгш бус, ялгавартай хандсан” гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр гарч байна.
Тиймээс түүнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодрууллаа.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар тодорхой мэдээлэл өгөөч?
Д.Мөнх-Эрдэнэ нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүнд холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 112 сая 243 мянга 865 төгрөгийн хохирол учруулсан,
Иргэн С.Оюунбилэгийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан,
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт бусадтай бүлэглэн хахууль өгсөн гэсэн гэмт хэрэгт буруутгагдсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнийг дээр дурдсан 3 хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 3 жил 10 сарын хорих, 3 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасах ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10 сая төгрөгийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 82 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бусад авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн хүмүүстэй харьцуулж, шүүмжилсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ талаар?
Тийм мэдээлэл гарсан байсныг харсан. Эдгээр гэмт хэргүүд нь хоорондоо адилгүй, өөр өөр үндэслэл, журмаар шалгаж шийдвэрлэгдсэн хэргүүд учраас шүүхээс оногдуулсан ял ч харилцан адилгүй.
Энэ нь эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой. Жишээ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ердийн болон хялбаршуулсан гэсэн хоёр журмаар явуулах зохицуулалт бий. Ямар журмаар хэргийг шалгаснаас хамаарч оногдуулах ялын хэмжээ өөр өөр байж болно.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим хүмүүс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус хөрөнгөө улсын орлого болгуулахаар илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдлууд байгаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 210 сая төгрөг, 315 мянган ам.долларын хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэргүүдэд нь нийт 40 сая төгрөгөөр торгох, мөнгө угаах гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 210 сая төгрөг, 315 000 ам.долларыг түүнээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.
Энэ хэргийн тухайд, Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтад хамрагдах талаар өөрийн сайн дурын хүсэлтийг гаргасан тул шүүхээс түүнд торгох ял оногдуулсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу