“The Epoch Times”-д гарсан материалыг хүргэж байна.
Хятадад эдийн засгийн өсөлт удааширсныг дагаад нүүрсний үнэ, эрэлт ч эрс багасчээ. Үүний улмаас нүүрс олборлогч компаниуд томоохон алдагдал хүлээж, ажилчдаа хоморголон халах буюу үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь үүдээ хаахад хүрчээ.
Одоогийн байдлаар 5500К маркийн нүүрс Хятадын “The Bohai-rim Steam-coal Price Index” индекст тонн нь 611 юанийн ханштай байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар бага гэсэн үг юм.
БНХАУ-ын Нүүрсний үйлдвэрлэлийн ассоциацийн мэдээлснээр цаашид ч энэхүү ашигт малтмалын үнэ буурах гэнэ. Энэ оны эхний улиралд Шаньси мужид нүүрс 546.79 юань байсан нь өмнөх үетэй харьцуулахад 43.17 хувиар багассан үзүүлэлт. Харин Шаньдун мужид нүүрсэн цахилгаан станц, үйлдвэрүүд тавдугаар сард нэг тонн нүүрсийг өмнөх сараас 20 юаниар бага үнээр худалдан авчээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж. БНХАУ-ын гадаад худалдааны үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж үзсэн зарим эдийн засагчид албан ёсоор 7.7 хувийн өсөлттэй гэж байгаа эдийн засгийн өсөлт бодит амьдрал дээр таван хувиас хэтрэхгүй гэжээ. Үүнийг дагаад Хятадын нүүрсний хамгийн том хэрэглэгчид болох нүүрсэн цахилгаан станц, металлургийн үйлдвэрлэлийн эрэлт эрс буурсан байна.
Түүнчлэн Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн хямралд үйлдвэрлэлийн илүүдэл ч нөлөөлжээ.
2012 онд БНХАУ нүүрсний нөөцөөрөө анх удаа 300 сая тонны үзүүлэлтийг давж, 344 сая тонн нүүрс нөөцөлжээ. Энэ үед л мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн илүүдэл гарах магадлалтай гэж байсан юм. 2013 оны урьдчилсан таамаглалаар Хятадад нүүрсний нөөц 500 сая тонн хүрч нэмэгдэх төлөвтэй байна.
Тус улсын бирж дээр хувьцаагаа арилждаг нүүрсний 39 том компанийн удирдлагуудын мэдээлснээр энэ салбарын ашиг сүүлийн үед эрс буурсан гэнэ. Тухайлбал эдгээр компанийн 80 хувь нь өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ.
БНХАУ-ын Статистикийн газрын мэдээллээс үзэхэд энэ оны 1-4 дүгээр сард нүүрсний томоохон компаниудын ашиг дунджаар 43.6 хувиар буурч, 23 хувь нь алдагдал хүлээжээ. Гэтэл өнгөрсөн онд дөнгөж 18 хувь нь алдагдалд орж байсан юм.
Шаньси мужийн Юйлинь хот нь тус улсын нүүрс үйлдвэрлэгч гол газарт ордог. Энд нийт 222 нүүрсний компани үйл ажиллагаа явуулдгаас энэ улиралд 40 том үйлдвэр нь үүдээ барьжээ. Харин зарим хэсэг нь үйлдвэрлэлээ 50 хувиар бууруулсан байна. Зарим компанийн удирдлагууд ажилчдынхаа цалинг тавихын тулд банкнаас зээл авч эхэлсэн бол хэсэг компани цалингаа нүүрсээр тавьсан аж.
Үүнээс гадна ажилчдаа цомхотгох, цалингаа багасгах хүртэл арга хэмжээ авч байна. Саяхан л гэхэд тус улсын коксын хамгийн том үйлдвэр “Yankuang Group” удирдлагуудынхаа болон бүх ажилчны цалинг бууруулах зорилготой байгаагаа мэдэгдсэн.
Өвөрмонголын Ордос хотод л гэхэд хувийн, жижиг нүүрсний уурхайнуудын 60 хувь нь хаагдсан бол улсын томоохон уурхайнууд үйлдвэрлэлээ багасгах буюу ажилчдынхаа цалинг 10 хувиар бууруулах замаар ажиллах хүчнийхээ өртөг зардлыг багасгаж байна.
Эх сурвалж: