Ямар ч засаглалын зорилго нь хүнд “таалагдах” замаар дэглэмээ бэхжүүлэх явдал. Нийгмийн дэмжлэг, хүмүүсийн итгэлийг олох нь ерөнхий утгаараа төрийн зорилго. Тиймээс хүмүүс юу хүсэж байгаагаас төрийн бодлогын “өнгө” тодорхойлогдоно. Иргэд цаг зуурын зүйлд илүү ач холбогдол өгдөг бол төрийн бодлого маргаашийн том зорилтоос илүүтэй өнөөдөр “оноо авах”-д анхаарч эхэлнэ. Тэр хэрээр улс төрчдийн “шоудах” сонирхол “албаждаг”.
Харин “ухаалаг” шаардлага тавьдаг иргэдтэй төр “хүч”-ээр ухаалаг бодлого явуулна. Ийм бус бол иргэдийнхээ дэмжлэгийг авахгүй. Дэглэмээ хадгалж чадахгүй. Гэхдээ бүх зүйлийг төр хийхгүй. Боломж ч байхгүй, чадах ч үгүй. Харин иргэдийн “амьдралын” төлөө тэмцэл нь нийгмийг хөгжүүлдэг аж.
Амьдрал дээр байдаг нэг жишээ авъя л даа. Малчин Дорж үхрээ муулж зарахаар шийджээ. Зах дээр нэг килограмм мах 5000 төгрөгний үнэтэй байдаг. Үхрийн махны гарц 180 кг. Ингэхээр малчны хүсэж буй дээд орлого 900 мянган төгрөг. Гэвч 900 мянган төгрөгөөр үхрийг зарах боломж малчин бүрт олдохгүй. Учир нь үхрийг муулж, тээвэрлээд, хэрэглэгчдэд хүргэх ажлыг өөр өөр хүмүүс эрхэлдэг.
Тээврийн жолооч киллограмм махыг 300 төгрөг, бойчин 50 төгрөг, махны лангууны эзэн 600 төгрөгийг тус тус авах хүсэлтэй.
Дорж дээр хүмүүст “шулуулах”-гүйн тулд үхрээ нядлахаа болихоор шийдлээ гэж бодъё. Үхрээ зарахгүй бол малчин мөнгөтэй болохгүй. Бой хийдэг эр амьдралаа залгуулж чадахгүй. Ингэснээр мах тээвэрлэдэг хүнд ажил олдохгүй. Лангууны эзэн түрээсээ төлж чадахгүй. Эцсийн дүндээ хэн хэнд нь ашиггүй. Үүнтэй эсрэгцээд хэрэглэгчид махыг хамгийн хямдаар худалдан авах хүсэлтэй. Хэрэглэгчийн чадамж махны үнийн “байж болох” дээд хязгаар. Чухам энэ харилцаан дээр үнэ тогтдог энгийн зарчимтай.
Хэн хэн нь зөвхөн өөрийнхөө биш бусдын сонирхол, эрх ашгийг харгалзаж уян хатан хандах шаардлагатай болно. Хэн нэгэн нь хохирохоор бол энэ бизнес хийгдэхгүй.
Энэ хамаарал нь өнгөц харвал үнийг тогтоох “шалгарсан тогтолцоо”-г бий болгодог бол, харилцан ашигтай байх зарчим нь улс эх орны эдийн засгийн хөгжлийн “хөдөлгөгч хүч” болдог.
Эдийн засагт хэрэгждэг энэ зарчим төрийн үйл ажиллагаанд нэвтэрхээрээ “эвдэрч эхэлнэ”. Учир нь зарим улс төрийн шийдвэр иргэн Доржид өөрийнх нь эрх ашгийг нь шууд хөндөөд, байгаа мэт “харагддаг”-гүйд гол учир нь байдаг. Мөн ардчилсан нийгэмд шийдвэр гаргах “дээд эрх”-ийг эдэлдэг иргэн Дорж бүх шийдвэрүүдэд санаа тавьж “мэдэхгүй”. Харилцан ашигтай байх зарчим нь бүдгэрч, тодорхойгүй хэлбэртэй болж байгаа биз.
Иймээс ардчилал нэг талаас хүмүүст бүхнийг хянах боломжийг олгодог ч, нөгөө талаас бүх хяналтыг “эзэнгүйдүүлдэг” сөрөг талтай юм.
Аж ахуй эрхлэх тогтолцооны явцад өмч хуримтлал үүсч эхэлжээ. Өмчийг зохистой ашиглах, арвижуулах механизмын эрлийн явцад хүн төрлөхтөн нэгэн “нээлт”-ийг хийсэн аж. Энэ бол олон хүний өмчөөс бүрдсэн нийтийн компани. Манай хуулиар хувьцаат компани юм уу даа.
Анхны олон нийтийн компани 1250 онд Францад үндсээ тавьж байсан бол, Голландын “Доч Ийст Индиа” компани хөрөнгийн биржийг 1602 онд Амстердамд байгуулж, компанийхаа үнэт цаасыг гаргасанаар олон нийтийн компани “амьдрах” үндсэн аргаа олжээ.
Хувьцаат компаниудын “тоглолтын талбар” нь хөрөнгийн зах зээл болов. Хөрөнгийн зах зээлд “санаагаа” танилцуулж, мөнгө босгож, амжилттай хэрэгжсэн төслийнхөө үр дүнгээс хөрөнгө оруулсан хүндээ ноогдол ашиг хуваарилдаг ерөнхий зарчимтай.
Хувьцаа эзэмшигчдийн хяналт орж ирсэн нь компанийн засаглалыг сайжруулсан. Өмчид хандах иргэдийн байр суурь ч аажмаар өөрчлөгдөв. Томоохон гэр бүлийн компаниуд өмчөө олон нийтийн хэлбэрт шилжүүлж байлаа. Мэдээж олон нийтийн компанийн хөгжил амар хялбар байгаагүй ээ. Хөрөнгийн зах зээлд тохиолдсон олон удаагийн хямрал хувьцаа эзэмшигчдийг “хүнд байдал”-д оруулж байсан.
Эндээс олон нийтийн компаниуд хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалах тогтолцоогоо улам сайжруулах шаардлагатай болсныг ухаарсан аж. Мэдээлэл технологийн шийдэл гарсанаар үнэт цаасны зах зээл хил хязгааргүй, хяналтын тогтолцоо нь универсал шинжтэй болсон.
Ийнхүү удаан хугацааны дараа “итгэж болохуйц” чөлөөт өрсөлдөөний талбар болсон үнэт цаасны зах зээлийн өнөөгийн төрх бүрэлдсэн юм.
Өнөөдөр дэлхийн нийт баялагийн 90-ээс илүү хувийг олон нийтийн статус бүхий компаниуд бүрдүүлж, эдийн засгийн хөдөлгөгч хүч, иргэдийн “хөрөнгөжих” хүслийг хангах механизм болон хөгжиж байгаа.
Олон нийтийн компанийн хяналтыг хөрөнгө оруулагчид буюу иргэд хэрэгжүүлнэ. Хөрөнгөө хийсэн компанийх нь хувь заяа иргэдийн хувьд юу юунаас эрхэм чухал. Иргэнд орлогоо арвижуулах нь чухал болохоос өөрийг нь төлөөлж “парламентэд суух” шудрага эрийн тэчъяадсан сонирхол үнэн падгүй.
Харин улс төрчдийг хэт шоудаад, улс орныхоо эдийн засгийг савлуулж, өөрийнх нь мөнгийг эрсдэлд оруулаад эхэлбэл, парламентэд суух хүсэлд нь мөнөөх хувьцаа эзэмшигчид буюу улс төрийн нэршлээрээ сонгогч нөхөр цэг тавих боломжтой.
Тиймээс ч үнэт цаасны зах зээл, олон нийтийн компани сүрхий хөгжсөн оронд улс төрийн шийдвэр хариуцлагатай байдаг ажээ. Тэр хэрээр тухайн компанид үзүүлэх төрийн бодлого оновчтой болно. Төр дураараа өмнөөс нь “шийдэх” боломж хумигдана. Улс төрчид цаг зуурын шоунаас бодит үр дүнрүү шилжинэ.
Энэ механизм улс төрийн бодлогын залгамж чанар, төрийн тогтвортой байдлын хөшүүрэг болдог аж. Амьдрал дээр туршигдсан эдийн засгийн дээрх “шалгарсан” хүчин зүйлийг төрийн шийдвэр гаргах явцыг хянах, “хариуцлагажуулах” хэлбэрээр ашиглах боломж юм.
Үүнийг иргэнээр дамжуулан улс төрчид цаашлаад төрийн бодлогод хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх чухал гарц гэж олон судлаачид үздэг. Засаглалыг засварлах гол механизм юм даа.
Энэ механизмийг ашиглан улс төрөөс илүү өмчдөө аминч хандах иргэдийн сонирхолыг засаглалаа засварлах боломж болгон ашиглах цаг үе бидний өмнө ирээд байгаа гэж би хувьдаа боддог.
Тун саяхан хөрөнгийн зах зээлийн тухай шинэ хууль батлагдаж, эрх зүйн орчин сайжирсан. Хил хязгааргүйд мөнгө босгох боломж олгодог мэдээлэл технологийн шийдлийг Монголын хөрөнгийн бирж нэвтрүүлж чадлаа. Уул уурхайн том тэсрэлт түр царцаад байгаа хэдий ч тэртэй тэргүй ирэх их өсөлтийн өмнө засаглалаа сайжруулах боломжууд байна. Харин хэрхэн ашиглахаас бидний ирээдүй, Монголын хөгжил шалтгаална.
Засаглалыг засварлахад эдийн засгийн хөшүүргийг ашиглах боломж үүгээр хязгаарлагдахгүй нь мэдээж. Үүнд гол түлхэц болох учиртай эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн чөлөөт тогтолцоон бий болгох, үүнд оролцох иргэдийн хяналт зэрэг энэ сэдэвт шууд хамааралтай олон асуудлууд байгаа. Эдгээрийн тухай эргэн ярилцах боломж олдоно хэмээн найдаж байна.
Эцэст нь малчин Доржоо дахин нэг жишээлж, хэлэх гэснээ бүрэн илэрхийлэхийг хичээе.
Манай тохиолдолд малчин Дорж үхрээ зарж 600 мянган төгрөг олсон гэж бодъё. Тэр мөнгөөрөө өөрийнхөө хамгийн сайн мэддэг мах боловсруулах үйлдвэрийн хувьцаа авчээ. Нэг лут төрч Там-баатар мах боловсруулах үйлдвэрийн ажилчдын цалингаа нэмэх хүсэл дээр “тоглож”, үйлдвэрчний эвлэлийг турхиран телевизээр “пан гөрсөн”-өөс болж, уг үйлдвэрийн хувьцаа унавал малчин Дорж яах бол.
Үхрээ зараад олсон 600 мянган төгрөг нь нүд ирмэх зуур ганц гуяны үнэ ч хүрэхээ боливол Сүхийн талбайд сайн дураараа гарч ирээд Там-баатарт бухимдлаа илэрхийлж жагсаж таарна биз. Харин тэр цагт Там-аатарын ерөнхийлсөн лут төрч болох хэтийн мөрөөдөл нь “үнэн бүрхэг” болно оо доо.
Ингэж л хяналт тогтоож, улс төрчдөөр дамжуулан засаглалыг засварлах тухай яриад байгаа юм.
Улс төр судлаач Очирбатын Алтансүх