Монголчууд бидний ирээдүйд аялал жуулчлал чухал үүрэгтэй гэж үздэг. Тиймдээ ч энэ салбар руу төрийн бодлого түлхүү хандаж байгаа. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал ч бас яригдаж байна. Аялал жуулчлалын салбарт гадаадын жуулчинаас дутуугүй дотоодын жуулчид чухал үүрэгтэй гэдэг. Мөн жуулчдын тав тухьтай орныг бүрдүүлэх нь аялал жуулчлалын гол үндэс. Харамсалтай нь бидний хувьд өвлийн аялал жуулчлалын хувьд асуудал их байна. Тухайлбал, дэлхийд ганцхан Чингис хааны маань морьт хөшөө цогцолбор буюу Цонжин болдогийн дэргэд нөхцөл байдал ийм байна.
Гаднах 00 нь өтгөн шингэнээр дүүрсэн, тэр нь хальж гарч хөлдсөн, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл ил гарсан ийм л нөхцөл байдал Чингис хааны хөшөөний хажууд харагдаж байна. Хэрэв дэлхийн хэмжээний том жуулчид үүгээр зочилбал, цаанадаж улс орны нэр хүнд унах, наанадаж тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц ийм нөхцөл байдал үүссэнийг холбогдох газрууд нь анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ. Энд мөнгө төлж, дотор “00”-д орж болдог бол, мөнгө төлөөгүй нь ийнхүү гаднах “00”-д орох болсноор ийм нөхцөл байдал үүсжээ. Харин одоо гаднах энэ “00” нэгэнт “хаалга барьж”, байнгын цоожтой байх болжээ. Үүнээс үүдэн Цонжин бодлогийн ойр хавьд хүмүүс ил задгай бие засах нь ойлгомжтой юм. Багануур дүүрэг болон зүүн аймгууд руу явах зам хажуугаар нь дайрдаг болохоор хүмүүс Цонжин болдогоор зочлоод гарах нь олонтоо. Харамсалтай нь энд “00”-ийн асуудлыг шийдээгүйгээс хүмүүс ил задгай бие засах болжээ.
Товчхондоо бол Дэлхийд ганцхан Цонжин болдог ил бие засах газар болоотгожээ гэвэл нэг их буруудахааргүй дүр зураг хавь орчноос харагдаж байна билээ.
Л.Баяр