Хямд байранд хэрхэн орох вэ?

9ced4a25a14461f7big“Метр квадрат нь сая төгрөгт багтах үнэтэй байр баригдаж байна” гэж жил шахуу хугацаанд яригдаж багагүй хүлээлт үүсгээд байсан “Буянт-Ухаа 1” хороолол ашиглалтад орлоо. Энэхүү хороололд 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 1764 айлын 28 байр ашиглалтад ороод байгаа юм. “ Хямд үнэтэй өртөгтэй гэгдэж байгаа энэхүү орон сууцны хотхонд захилга өгч, худалдан авах иргэдэд Засгийн газрын зүгээс хэд хэдэн шаардлагыг тавьж, журам баталсан юм. “Буянт-Ухаа 1” хороололд захиалга өгч, орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа иргэдэд мэдээлэл өгөх үүднээс дараах мэдээллийг “Нэг сэдвээр” онцоллоо.

Зөвхөн төрийн албан хаагчид орох уу?

“Буянт-Ухаа 1” хороололд дараах иргэд захиалга өгч орох эрхтэй. Үүнд,

  • Төрийн албан хаагч/төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг/
  • Ахмад настан/60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг/
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг/
  • Залуу гэр бүл/албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрыг/ зэрэг иргэд, залуу гэр бүлүүд орон сууцны хөнгөлөттэй зээлэнд хамрагдах юм.

Ашиглалтад орж бэлэн болсон 1764 айлын нийт орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчдыг, 40 хувьд нь ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн захиалгыг авч оруулах ажээ. Мөн “Төрийн орон сууцны корпораци”/ТОСК/ ТӨҮГ-аас ирэх гуравдугаар сарын эхнээс орон сууцны бүртгэл, захиалгыг авч эхэлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Тавигдах шаардлагыг сонирхуулахад,

Засгийн газраас баталсан журмын дагуу орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд/өндөр настан, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ дараах шаардлагыг хангасан байх байх шаардлагатай юм.

Үүнд:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Анх удаа орон сууц худалдан авч байгаа,
  • Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн,
  • Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,
  • “4000 төрийн албан хаагчийн зээл”, “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам” буюу жилийн найман хувийн хүүтэй зээл зэрэг зээлд хамрагдаж Засгийн газраас хэрэгжүүлсэн зээлийн хүрээнд орон сууцны зээл аваагүй байх,
  • Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх,
  • Захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлөх зэрэг шаардлагыг бүрэн хангасан иргэд метр квадрат нь 1.280 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд захиалга өгөх боломжтой болох юм.
  • Мөн төрийн байгууллага нь тухайн байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д албан ёсоор ирүүлэх юм. Харин өндөр настан, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлах юм байна.
15 жилийн турш худалдахгүй бас түрээслэхгүй

Ашиглалтад ороод байгаа болон цаашид барьж ашиглалтад өгөх орон сууцыг квотоор хувиарлаж иргэдэд худалдаална. Мөн иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүргийг хүлээх юм. Хэрэв энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж метр квадратын үнэ ханшаар буцаан борлуулах юм байна.

Зах зээлд хамгийн хямд үнээр буюу метр квадрат нь 1.280 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа орон сууцны талаарх иргэд ямар бодолтой байгааг сонирхлоо.

Хан-Уул дүүргийн иргэн М.Бямбаа:

-Орон сууцны үнэ “тэнгэрт хадсан” болохоор байрны талаар бодож сонирхохоо бүр больсон.  Би ч, манай үр хүүхдүүд ч өөрийн гэсэн хашаа байшинд амьдардаг. Тэгж олон жилийн турш өр ширтэй амтдрахыг хүсэх хэн байхав.

Өнгөрсөн өвөл НЗДТГ-аас “Ахмад настнуудад байр өглөө” гээд л баахан сүржигнэсэн. Гэтэл тэр байр нь сарын 150 мянган төгрөгийн түрээсийн байр байсан гэсэн. Энэ удаагийнх нь ч гэсэн нэг шоу биз дээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Баярсайхан:

-Одоо үед бол залуучуудын хувьд орон сууцтай болох нь бидний ганц хүсч мөрөөдөж, тэмүүлж байгаа зүйл болоод байна. Төрийн орон сууцны корпорациас худалдаалах гэж байгаа орон сууцанд төрийн албан хаагчдыг оруулна гэж мэдээлж байсан. Юм бүхэнд төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажилтан гэж ялгаж, адилхан хөдөлмөрлөөд явж байгаа залуусыг алагчилж байгаа юм шиг санагддаг. Одоо ч хамгийн хямдхан байрны метр квадрат нь хоёр сая төгрөгт хүрээд байна. Энэ үед метр квадрат нь 1.280 сая төгрөгийн байранд ормоор л байна шүү дээ/инээв/.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Алтансувд:

-Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Тэтгэврийн насны хүмүүст олгоно гэж хуураад яахав дээ.

Бид нар шиг багахан хэдэн төгрөгний тэтгэвэртэй хүмүүст орон сууц авах боломж хэзээ ч бүрдэхгүй шүү дээ.

Баянгол дүүргийн иргэн Б.Балдулмаа:

-Анхандаа их л хямдхан, бараг л метр квадратыг нь нэг сая төгрөгт багтаан барина гэж байсан биз дээ. Гэтэл метр квадрат нь 1.280 сая төгрөг гэдэг бол үнэтэй л байна. Төрийн албан хаагчдыг цалин нь өндөр, батлагаатай гээд дээгүүр үзээд байх шиг байгаа юм.

Хувийн байгууллагын ажилчдыг тэгж ялгаварлаж болохгүй ш дээ. Мөн 15 жил худалдахгүй, түрээслэхгүй юм билээ. Хүний амьдрал, боломж, хүсэл хязгааргүй. Байраа зарж, томруулах, хамаатан садандаа бэлэглэх, солих гээд л янз бүрийн шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

Хан-УУл дүүргийн иргэн С.Ичинхорлоо:
-Эгч нь Нисэхийн тэнд буюу шинээр орон сууцны хороолол барьж байгаа газарт оршин суудаг: Гэтэл хажууханд баригдаж байгаа барилгын талаар мэдээлэлгүй байна шүү дээ. Төрийн албан хаагч, өндөр настан, залуу гэр бүлүүдийг оруулна гэж байсан. Хэзээнээс өргөдөл, хүсэлтээ авах юм бүү мэд. Авсан байраа 15 жил зарахгүй, барьцаанд тавьж болохгүй гэж байгаа юм. Энэ чинь байж боломгүй шаардлага шүү дээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН


Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …