Олимп, дэлхийн аварга тамирчидад олгодог мөнгөн урамшуулалын журамд өөрчлөлт оржээ

09_29_2(1)Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Өвлийн спортын ордон” барина

Манай улс 1964 оноос хойш өвлийн олимпод оролцож эхэлсэн ч өнөөг хүртэл олон улсын хэмжээнд үзүүлсэн амжилт хомс байна. Жилийн дөрвөн улиралтай, өвлийн улирал урттай манай оронд өвлийн спорт хөгжих бүрэн боломжтой боловч материаллаг бааз, техник хэрэгсэл хангалтгүй байгаа нь амжилт гаргахад саад болж байна.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2013 оны 9 дүгээр сарын 6-ны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулж, ССАЖЯ-ны хариуцсан нэг төслийг нэмлээ. Нэмж баталсан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Ингэснээр олон улсын стандартад нийцсэн “Өвлийн спортын ордон төсөл”-ийг “Барих-өмчлөх-ашиглах” концессын төрлөөр хэрэгжүүлнэ.

Өвлийн спортын ордонтой болсноор Монгол Улсад өвлийн спорт хөгжих, өөрийн болон бусад улс орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ. Манайд тамирчид идэвхтэй хичээллэдэг тэшүүрээс гадна шорт-трек, уран гулгалт, хоккей, кёрлинг зэрэг спорт ч хөгжих юм.

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг аймгууд хариуцаж гүйцэтгэнэ

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийг Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Биндэр, Төв аймгийн Лүн сумдад хэрэгжүүлэхээр тогтсон.

Дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус, дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол болон ариутгах татуургын гадна шугам сүлжээний ажлууд хийх бөгөөд инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг нэг маягийн зургаар гүйцэтгэнэ. Нэг маягийн зургийн даалгаврыг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж байна.

Эдгээр ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нарт нь эрх шилжүүлж, БХБЯ-наас захиалагчийн хяналтыг холбогдох аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албадтай хамтран хэрэгжүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Уг ажлыг орон нутагт нь шилжүүлэн хэрэгжүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад аймаг, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууламжууд барих, үр өгөөжтэй ашиглахад aч холбогдолтой юм.

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ

1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр Халхын голын ялалтын 75 жилийн ойг энэ оны 8 дугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.

Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах бөгөөд бүх шатны Засаг дарга нар дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажил зохион байгуулна. Энэ 2 дугаар сарын байдлаар Халхын голын дайнд оролцсон 45 ахмад дайчин амьд сэрүүн байна.

Ойн хүрээнд олон шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж, Халхын голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тус тус орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан Сэлэнгэ-2014 цэргийн хээрийн сургуулийн төгсгөлийн ажиллагааг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Дорнод аймгийн нутагт хийхээр төлөвлөж байна.

Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн яаж тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох юм.

Медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчийг  шагнаж урамшуулах журмыг шинэчиллээ

“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо.

Шинэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоол хүчингүй болно. Өмнөх тогтоолоор зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насанд туршид нь cap бүр олгох мөнгөн урамшууллыг хамтатган олгож байсан юм. Энэ нь оюутан, залуучуудын насны ангилалд мөнгөн шагнал давхардах нөхцөл үүсгэснээс гадна “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 7.1.4-т заагдаагүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал олгохоор байсан юм.

Шинэчилсэн журамд хэд хэдэн өөрчлөлт орлоо.

• Олимпийн спортын төрлүүдийн гранд слам, гран при, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний амжилт тус бүрт олгохгүйгээр тухайн жилийн амжилтуудыг нэгтгэн жилийн эцэст хамгийн өндөр амжилтын үзүүлэлтээр нэг удаа мөнгөн шагнал олгодог байх;

• Олимпийн бус төрлүүдэд зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтад мөнгөн шагнал олгох;

• Тухайн спортын төрөл нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагнал олгох;

• Хуулийн дагуу тивийн аваргын амжилтад мөнгөн шагнал олгохгүй байхаар заажээ.

Багийн спортын төрлийг дэмжих, багийн тамирчдын оролцоог бодитой үнэлэх зохицуулалтууд ч оруулсан байна. Талбайд үндсэн тоглогч, сэлгээний тоглогчийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог ялгамжтай тооцно.

Засгийн газрын мөнгөн шагнал, үе үеийн олимп, дэлхийн медальтнуудад cap бүрийн мөнгөн урамшуулал олгох ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгохын тулд цаашид ССАЖ-ын сайд энэ асуудлыг шийдвэрлэж байхаар боллоо.

Тамирчдын амжилт өсч, оролцох тэмцээн наадам олширч байгааг харгалзан жил бүр шагналын зардлыг тодорхой хувиар нэмж төсөвт суулгана. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээний 80 хувиас медаль хүртэж байна. Өнгөрсөн онд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг тамирчдын насан туршийн cap бүрийн мөнгөн урамшуулалд, 1.3 тэрбум төгрөгийг тухайн жилд гаргасан тамирчдын амжилтын мөнгөн шагналд тус тус олгожээ.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Сүүлийн үеийн үнэлгээ, судалгааны дүнгээс харахад, эмийн бодлогыг оновчтой болгох, эмийн чанарын баталгааг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг үр ашигтай явуулах, хүн амаа эмийн зохистой хэрэглээний мэдлэгтэй болгох зэрэг ажлыг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай нь харагджээ.

Иймд Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа юм. Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно.

Энэ баримт бичиг нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэх юм.

Яамдын эасаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт баталлаа

Өнөөдрийн хуралдаанаар баталсан “Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийн хэрэгжилтийг хангаж, жил бүрийн эцэст тооцон тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Сайд нарын зүгээс үзүүлэлтийн тоог цөөлөх санал гаргаад байсан юм. Энэ дагуу эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтээс шаардлагагүй гэж үзсэн 83 үзүүлэлтийг хасч, 14 болголоо. Үзүүлэлтүүдийг хангаж ажиллахад шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах зэрэг зохицуулалт хийхийг сайд нарт даалгалаа.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэж “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” байгуулна

Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажиллуулах зорилгоор тус яамны дэргэдэх бүх төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” болгож, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. БХЯ-ны харьяанд шинээр байгуулсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Тус яамны харьяанд цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн “Бөртэ”, цэргийн амралтын “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв”, байлдааны зориулалттай сум, галт хэрэгсэл, зэвсэглэл техникийн экспорт, импорт, засвар үйлчилгээний “Транссэргэлт”, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн “Монгол цэрэг констракшн”, хамтарсан хөрөнгө оруулалттай “Батпромимпекс”, батлан хамгаалах салбарын барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих “Барилга захиалагчийн алба” зэрэг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд ажиллаж байсан юм.

“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”-ийг байгуулахад улсын төсвөөс ямар нэг зардал гарахгүй, цаашид үйл ажиллагааны орлого, гадны хөрөнгө оруулалтаар өөрийгөө санхүүжүүлэн ажиллах юм.

Товчхон:

–     2014 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах Зэвсэгт хүчний цэргийн баг, олон улсын хамтарсан сургалт дадлагын жагсаалт баталлаа. Олон улсын хамтарсан сургалт, дадлагад шаардагдах техник, материал хэрэгсэл болон цэргийн албан хаагчдын гадаад томилолтод 17 тэрбум төгрөгийн зардал гаргахаар шийдвэрлэлээ.

–        Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ерөнхий хэлэлцээрийн дагуу тус санд Монгол Улсын эзэлж буй 51.1 сая Зээлжих тусгай эрхийг 72.3 сая болгож нэмэхээр Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөлд тусгасан байна.

–         Зүүн 3 аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авах болон урамшууллын зардалд шаардагдах 5.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2.2 сая малыг вакцинжуулаад байна. Өвчилсөн 3016 үхрийг устгажээ.

 –     Дорноговь аймгийн Сайншанд суманд байршилтай “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Дээрх компани архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгох санал ирүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас  бидэнд мэдээллээ.

 Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …