Хэрхэн илтгэж, ярьж сурах вэ?

images (1)XXI зууны хүмүүсийн зайлшгүй суралцах ёстой зүйлүүдийн нэг бол илтгэх урлаг юм. Та ажилдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол, үзэл бодлоо олны өмнө чөлөөтэй илэрхийлж сурахыг хүсэж байгаа бол, нийтийн өмнө итгэлтэй яриж сурахыг хүсэж байгаа бол энэ эрдмийг зайлшгүй эзэмших шаардлагатай юм. Хүн болгон өөр хоорондоо өдөр тутам ярилцдаг л даа. Харин олны өмнө ярих гэхлээр л зүгээр яриж чаддаг байсан хүний  дуу гарахаа байдаал, тэвдэж сандраад л, гар хөл чичрээд л нэг л хүнд хэцүү санагддаг шүү дээ. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Учир нь энэ мэдрэмж хүн бүрт л байдаг. Өдгөө сайн лекторууд гэгдэх Ц.Элбэгдорж, С.Ганбаатар нар ч гэсэн анх олны өмнө гарч ярихдаа, яг л тань шиг сандарч, тэвдэж байсан тухайгаа дурссан байдаг. Гагцхүү тэд үүнийг цаашид улам бүр лавшруулан, дасгал сургуулилт хийсээр сайн яриж сурсан байдагаараа л онцлогтой. Тиймээс та ч гэсэн тэдгээр илтгэгчид шиг яриж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Ингэхдээ харин дараах зөвлөгөө, зааврыг анхааран уншаад  хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлэх байна. Үүнд:

  1. Ярих гэж байгаа сэдвийнхээ талаар мэдээлэл сайтай бай, та сэдвийнхээ хэдий чинээ их мэдлэг мэдээлэлтэй байна, төдий чинээ өөртөө итгэх итгэлтэй байх болно.
  2. Бич, дахин дахин бичээрэй. Эхлэн суралцаж байгаа хүн ярих зүйлээ цаасан дээр буулгах нь юунаас ч чухал. Буулгасан зүйлээ уншиж засах нь үг сонголтыг сайжруулж, ярианы алдааг улам бүр багасгах бололцоог олгодог. Үүний дараа бичсэн зүйлээ товчлон хураангуйлж схем, диаграмд оруулаад түүндээ тулгуурлаад яриад үзээрэй.
  3. Олны өмнө ярих гэж байгаа бол эхлээд түүнийгээ өөртөө болон ойр дотныхондоо яриад үз. Тэдний саналыг ав. Алдаа дутагдал гаргаж байгаа эсэхээ, үг нуршиж байгаа эсэхээ, сул үг хэрэглэж байгаа эсэх тэднээс асуу. Тэрхүү алдаагаа засаад дахиад л яриад үз. Та ярих зүйлээ өөрийн болгоход энэ их тус болно гэдгийг байнга сана.
  4. Яриагаа дууны өнгө, хэмнэлээр ялгаад үз. Тухайн яриж байгаа зүйлийнхээ агуулгатай холбогдуулан өнгө, хэмнэлээ өөрчил. Зарим зүйлийг энгийн намуун, найрсаг байдлаар ярих бол заримыг нь дуугаа өндөрсгөж, чухал, ширүүн, дайсагнасан өнгөөр ярьсан ч болно.
  5. Үгээ хэлэхдээ хэт хурдан юмуу удаан бүү хэл. Шаардлагатай бол зарим үгээ хурдан, зарим үгээ зөөж удаан яриж болно. Бас зарим үгээ хэлэхдээ өмнө нь бодлогоширсон байдлаар түр зогсоц ав. Энэ нь 2-5 секунтээс удаан байх хэрэггүй. Тэгээд цааш яриагаа үргэлжлүүлэн ярь.
  6. Харилцагч болон сонсогчдын нүдрүү харж яриж сур. Хэрвээ олны өмнө яриж байгаа бол харцаа нэгнээс нэгрүү ч чөлөөтэй шилжүүлж сур. Энэ нь таныг ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байгаа байдлыг тэдэнд төрүүлэхээс гадна таныг хүндэтгэх хандлагыг бий болгоно.
  7. Зарим чухал үгийг давтан хэл. Гэхдээ зүгээр л нэг давтах төдий бус, давтан хэлж байгаа үгээ өнгө, хэмнэлээр ялгаж хэл. Энэ нь сонсогчидод их гүн мэдрэмж төрүүлдэг.
  8. Яриагаа баримт, статистик мэдээлэл, жишээгээр баяжуул. “Баримтгүй яриа давсгүй цайтай адил” гэсэн үг байдгийг санаарай. Гэхдээ бүх яриагаа баримт дурьдаад өнгөрнө гэсэн үг биш шүү.
  9. Шүлэг, онч мэргэн үг, хошигнол зэргийг яриандаа үе үе оруулж болно. Энэ нь яриаг улам бүр чимэглэж, сонирхолтой болгодог гэдгийг сана.

Одоо та эдгэр реторик зөвлөгөөнд тулгуурлан яриагаа цэгцлээд нэг үзээрэй. Таны ярианд ямар нэг байдлаар дэвшилт гарна гэдэгт  эргэлзэхгүй байна. Бид дараагийн удаа улам нарийвчилсан реторика зөвлөгөө, хичээлүүдийг цувралаар нийтлэх болно.

За ингээд сайн илтгэгч болохын тулд урагшаа залуусаа.

Ц.Мөнхбаатар

Ugluu logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …