Засгийн газар ээлжит хуралдаанаараа дараах асуудлыг шийдвэрлэжээ

09_29_213-600x327Дотоодын цэргийн ангиудыг татан буулгалаа

Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллана.

Энэ хүрээнд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ангиуд татан буугдсантай холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлнэ.

Цол буурч, энгийн орон тоонд шилжсэн цагдаагийн алба хаагчдад  цолны нэмэгдлийг энэ онд хэвээр олгоно

2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус “албан тушаалын цол” болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм.

Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ”, “Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-уудыг баталснаар Засгийн газрын 2005 оны 243 дугаар тогтоол хүчингүй болж, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт орж байна.

Цол нь буурч, энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгоно. Төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцлийн, ур чадварын нэмэгдэл үүнд багтаж байна. Харин шинээр томилогдож буй алба хаагчдад энэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтны цалин хөлсийг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгохюм.

Цолны нэмэгдлийг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгалаа.

“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны  үүсгэн байгуулагчаар оролцоно

“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-нд үүсгэн байгуулагчаар оролцохыг урьсан БНХАУ-ын Засгийн газрын саналыг дэмжиж, тус банкинд Монгол Улс үүсгэн байгуулагчаар орох санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болголоо.

Бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба холбогдох бүтээн байгуулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ байгууллагыг өнгөрсөн онд болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын талаас дэвшүүлсэн санаачилгаар байгуулжээ.

Энэ банкийг үүсгэн байгуулахад Азийн бүсийн гишүүн орнууд болох Монгол, Пакистан, Шри Ланкаг оролцуулахыг эрмэлзэж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг баталлаа

Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цагдаагийн төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоол хүчингүй болж байна.

МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, МОНЦАМЭ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг жагсаалтаас хасчээ. Эдгээр объект гэрээт хамгаалалтын байгууллагын хамгаалалтад байж, зөрчил гарсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.

Харин дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн гэрээт хамгаалалтад байлгахаар оруулжээ. Цагдаагийн гэрээт хамгаалалтад одоогоор 2 байгууллагын 215 алба хаагч түр гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба эдгээр обьектыг нэмснээр төсөвт нэмэлт зардал гаргахгүй юм.

Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объект:

1.    Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;

2.    НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;

3.    Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;

4.    Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;

5.    “Изотоп” төв;

6.  Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

7.    “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд;

8.    Дөргөний усан цахилгаан станц;

9.    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;

10. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;

11. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;

12. Зоонозын өвчин судлапын үндэсний төв;

13 .”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар;

14. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр.

Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект:

  1. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;
  2. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.

Цагдаагийн гэрээт түр хамгаалалтад байх объект:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах нэгж);
  2. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг;

Иргэдээс санал, хүсэлтэд хариу өгөхдөө  тоонд биш чанарт анхаарахыг даалгалаа

Энэ оны 1 дүгээр улиралд “11 11 төв”-д иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн мэдээг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“11 11 төв”–д өнгөрсөн гурван сарын хугацаанд 10300 гаруй иргэн ханджээ. Нийт хандалтын дийлэнх буюу 7500 орчим нь санал, хүсэлт байна.

Лхагва гараг бүрт “11 11 төв”-д Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарыг оролцуулсан шууд ярилцлага зохион байгуулж байгаа нь иргэдийн асуултад шуурхай хариулах шинэлэг хэлбэр боллоо. Өнгөрсөн улиралд Засгийн газрын 9 гишүүн, агентлагийн 1 дарга шууд ярилцлагад оролцож, 36 мянган иргэн цахим байдлаар хандаж мэдээлэл авчээ.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл, нийслэл хоттой холбоотой асуудлуудаар иргэд голчлон санал хэлж байна. Эдгээрийг Засгийн газрын холбогдох яам, агентлагуудад хуваарилж,  иргэдэд хариуг шуурхай илгээж байна. Өнөөдрийн байдлаар санал хүсэлтийн 82,1% -д хариу өгч, 17,9% нь хүлээгдэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, УБЕГ, НХҮЕГ иргэдэд хамгийн шуурхай хариу өгч байгаа бол зарим яам агентлагийн шийдвэрлэлтийн явц удаашралтай байна. Иймд тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэнд уламжилж, утасны дугаар өгөх буюу танилцсан, уламжилсан гэж иргэний хүсэлтийг хаах явдал байсаар байгаа тул цаашид тоон үзүүлэлтийг урьтал болгохгүй чанарт анхаарч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас яам, агентлагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Товчхон:

– “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. УИХ-аас 1995 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн найруулсан дээрх тогтоолын төсөлд боловсролын салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн урт хугацаанд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлжээ.

–  Гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг холбогдох бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн нэр томъёог залруулах, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэхэд чиглэсэн 69 агуулгыг шинээр буюу шинэчлэн найруулж хуулийн төсөлд оруулжээ.

–  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хамт хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улс 2004 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хууль гаргасан ч холбогдох байгууллагуудын эрх хэмжээ, оролцоо хариуцлагыг хэт ерөнхий эсвэл салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсан зэрэг нь энэ чиглэлийн гэмт хэргийг оновчтой шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 8 жилд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахаар шүүхээс гаргасан 41 шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй нь эрх зүйн цогц шинэчлэл хийж, уялдаа зохицуулалтыг сайжруулах бодит шаардлага байгааг харуулж байна.

–  Хүний наймаа, хар тамхины, мөнгө угаах, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт өсч, үйлдэх арга нь улам нарийсч байна. Эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг олон байгууллага тус тусдаа хэрэгжүүлж, хүний нөөц, техник хэрэгслийн хүч боломжоо тарамдуулж байсныг Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх албанд нэгтгэсэн билээ. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан хэргийн харъяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

–  УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. Холбогдох яамд, сайд нараас зарчмын 11 санал ирүүлсэн байна.

– Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулж 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлаж, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсонюм. Жилийн арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсан Монгол, Хятадын соёлын долоо хоног харилцан зохион байгуулах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багц дахь Соёл урлагийг хөгжүүлэх сангийн зардалд багтаан санхүүжүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

– See more at: http://zasag.mn/news/view/4981#sthash.xjfXiv9I.dpuf

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …