Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслөөр 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, Нутгийн удирдлагын удирдлагын ордон /Захиргаа/, 180 суудалтай орчин үеийн Спорт заал, 400-500 хүний багтаамжтай Соёлын төв, Цахилгааны дэд станц, усан сан, цэвэрлэх байгууламж, хөлбөмбөгийн талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг хүний ая, тухтай амьдрах орчин хэрэгтэй бүгдийг барьжээ.
Эдгээр барилга байгууламжуудыг барихын тулд Баянлигт 14,7 тэрбүм, Бууцагаанд 14,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Бурхан минь! Нийт 30 тэрбүм төгрөг.
Эдгээр 2 суманд хичнээн хүн амьдарч байна вэ ?!!……Хэдэн жилийн өмнө энэ аймагт төсвийн хөрөнгөөр сүүний үйлдвэр байгуулж байсан. Танай аймагт сүү битгий хэл ус байхгүй шүү дээ гэж хэлээд бас нэг сайд асантай муудалцаж байлаа. Тэр сүүний үйлдвэр одоо ажиллаж байгаа болов уу ?!!…..
Ер нь Баянхонгор аймаг хүн амын нягтаршил, тоо өндөртэй аймаг уу? Зөвхөн 2 суманд л 30 тэрбүм төгрөгөөр барилга байшин барьж өгөөд байхаар тийм олон хүнтэй юм уу ?!!…Үгүй гэж бодож байна.
Зөвхөн УИХ-д дархлагдахын тулд төсвийн хөрөнгөнд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж буйд Х. Баттулгад эгдүүцэж байна.
Уул нь төрийн сайд, түшээ маань ухаантай бол, улс эх орноо гэж боддог бол хөдөө аймаг, сумдууддаа Хоршоолсон үйлдвэрүүд барьж өгөх бодлого тавих ёстой!
Ажлын байргүй газар хоосон барилга байгууламжаар юу хийх юм?Ажил, амьдрал хайсан хүмүүс хот, суурин газар бараадаж буй болохоос байр байшингүйдээ биш юм. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож үйлдвэрлэл эхлэх боломжийг л бид бий болгох ёстой!
Сумаа хөгжүүлье гэвэл анхан шатны үйдвэрүүд л хоршооллын хэлбэрээр барьж өгөх хэрэгтэй байна. Ноос, ноолуур угаах, мал нядлах, мах ангилах, нэхий боловсруулах….гэх мэт. Хоосон байшингууд биш бага оврын боловсруулах үйлдвэрүүд нэн тэргүүнд хэрэгтэй байна. Сумдын төвүүд хүнгүй шахуу байна. Ажлын байр бий болгочихвол аяндаа өөрсдөө байшингаа бариад суурьшаад эхэлнэ шүү дээ.
Монгол улс нь 329 сумтай. Нэг сум нь дунджаар 4,200 км² нутагтай, 5000 орчим хүн амтай. Өөрөөр хэлбэл 800-1200 өрх айлтай гэсэн үг. Дунджаар 120 мянгаас дээш тооны мал сүрэгтэй. Дээр нь газар нутаг, гол ус,бэлчээр, уул уурхай зэргээ оруулбал асар их баялагтай.
Тооцоогоор бол нэг сумын 1000 өрх айл 5 сая ам. доллар хүртэлх хэмжээний хөрөнгөтэй гэсэн үг.
Харамсалтай нь энэ их хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж хөдөө, орон нутгаа хөгжүүлэх бодлого Монгол төр боловсруулж тавилгүй өдий хүрлээ.
“Монгол мал”, “Шинэ сум”…зэрэг дандаа төсвийн мөнгө зарлагадсан, үрсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаад малчдыг үйлдвэрлэгчид биш бүр эмзэг давхаргынхан гэсэн ойлголттой болгочихсон. Ноос, ноолуур, мах, сүү, нэхийгээ нийлж хамтраад үйлдвэрлэл эрхэл гэхийн оронд урамшуулал энэ тэр өгч төсвийн хөрөнгө мөнгийг хэдэн тэрбyмаар цацаж байна. МАА-гаа эрхэлж, хөгжүүлэхийн тулд 90% нь улсын мөнгөн тэтгэмжээс гардаг гэсэн тооцоо байна.
Хамгийн гол нь бид МАА-гаасаа бусад орны хөгжилд зориулсан мэт маш хямд түүхий эд бэлтгэн Хятад улсруу гаргаж байна.
Энэ гажуудлаас яaж гарах вэ ?!! Ердөө л Хамтран ажиллах xоршооллын тогтолцоонд шилжиж, Малчдыг өөрөө өөрсдөөр нь хөгжүүлбэл бусад орны ХАА-н хямд түүхий эд бэлтгэгч байдлаасаа бид гарч чадна.
МАА маань улс орны хөгжилд мөнгө нийлүүлдэг, мөнгө үйлдвэрлэдэг салбар болон хөгжинө.
Түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг сумдуудад, дунд шатны боловсруулах үйлдвэрүүдийг аймгуудад, эцсийн шатны үйлдвэрлэлийг бүс нутгуудад эрхэлдэг болчихвол 50 сая мал сүрэг маань бүрэн эдийн засгийн эргэлтэнд орж малчид маань жинхэнэ мөнгө үйлдвэрлэгч болж ирнэ.
ХАА-д хоршин ажиллах бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр ашиг олно гэсэн тооцоо байхгүй.