Өчигдөр орой тог тасраад, удалгүй утасны цэнэг дуусаад гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ. Манай гэрийнхэн чинь их дажгүй хүмүүс байдаг юм байна… гэх онигоонд “нүүр ном”-ынхон хэдэн мянгаараа лайк дарж, төдий чинээгээр “шэйр”-лэж байна. Бидний гэр бүлийн харилцаа аажмаар хөндийрч буйн тод жишээ шүү. Үүнийг батлах мэт Гэр бүлийн харилцаа судлаач, сэтгэлзүйч Анне Даугетс “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хүүхэд гар утас, компьютерээсээ салахаа байсан гэх асуудлаар эцэг, эхчүүд хандах нь нэмэгдсэн. Хэрэв гар утас, компьютергүй, дээрээс нь “Facebook”-ээ ашиглаж чадахгүй бол хорвоод ганцаараа байгаа юм шиг мэдрэмж тэдэнд төрж байгаа” гэжээ. Тэгвэл Монгол Улсын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2012 оны хагас жилийн байдлаар 3 сая 313 мянга 871 болжээ. Хэрэглээнийхээ онцлог, үнэ, тариф зэргээс хамаарч зарим нь хоёр, гурван ч үүрэн холбооны операторын утсыг хэрэглэдэг юмсанж. Тэгвэл 2012 оны байдлаар тэдний 200 мянга нь ухаалаг утас хэрэглэдэг гэсэн тооцоо байх юм. Өнгөрсөн 2013 оны мэдээлэл хараахан алга. Мэдээж үүнээс өссөн үзүүлэлт гарах нь дамжиггүй. Телевиз, радиогүй айлыг нэн ядуу айлд тооцдог байсан өмнөх эртний аргачлалаар бол энэ нь үсрэнгүй дэвшил. Бид энэ үзүүлэлтээрээ дэлхийтэй хөл нийлүүлж явна. Өнөөдөр утасгүй хүн битгий хэл хүүхэд өдрийн од шиг ховордож. Энэ бол хөгжлийг дагасан, болох ёстой үйл явц. Аливаа шинэлэг зүйлст өсвөр насныхан илүүтэйгээр автаж, байнга шинийг эрэлхийлдэг нь ч жам ёсны хууль. Тэр ч утгаараа одоо тэдний хувьд гар утасгүй, интернэтгүй, facebook, мессенжер хаяггүй байх нь утгагүй, бүр онигоо болохоор явдал. Гэхдээ түүнийг дагасан сөрөг нөлөөлөл их тул авах гээхийн ухаанаар хандахыг эрин үе биднээс шаардах болжээ.
Энэ талаар ЭМШУИС-ийн генетикч, доктор, профессор И.Пүрэвдорж “Материаллаг ахуй руу хүн тэмүүлэх тусмаа дотоод мөн чанараа гээж байна. Өөрөөр хэлбэл, хүн байгаллаг чанараа алдаад байна гэсэн үг. Жишээлэхэд, хүн бол байгалийн бүтээгдэхүүн учраас зөн билгийн увидастай, билгүүн чанартай байж. Харин одоо энэ байдал нь үгүй болсноос араатан амьтан хүнээс илүү зөн билгийн шинж чанартай байгаа юм. Газар хөдлөхийг амьтан байгалийн зөн совингоороо мэддэг. Харин хүн мэдэхээ байсан. Тийм дотоод зөн билэг гэдэг зүйлээ хүн гээж машинжаад байна л гэсэн үг. Хүнийг энэ их техникийн дэвшил уншихгүй, сэтгэхгүй болгож байна” гэж хэллээ. Түүний хэлснийг баталгаажуулах мэт нийтийн номын сангийн статистик мэдээллийг харахад, Монгол Улсын хүн амын ердөө 10 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар номын сангийн үйлчилгээ авдаг гэнэ. Тэгвэл “Монгол шуудан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан “1990 оноос өмнөхтэй харьцуулахад хэвлэл, номын захиалга илт буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа ч хуучин хэмжээндээ хүрэх болоогүй” гэдгээр тайлбарлалаа. Үүнийг уншихаа байсан гэхээсээ илүүтэй интернэтээс эхлээд мэдлэг, мэдээллийг олж авах боломж илүү өргөн хүрээтэй болсонтой холбон тайлбарлаж ч болно. Ц.Батсайхан захирлын хэлсэнчлэн сүүлийн үед хэвлэл, номын захиалга өсч байгаа ч уншигчдын тоо олширч байна уу гэвэл үгүй бололтой. Долоо хоног болгон хамгийн их борлуулалттай номыг шалгаруулдаг номын дэлгүүрүүд ямар номыг хэдий хэмжээгээр худалдан авсныг нууцалж байна. Харин Монголдоо номер нэг гэгдэх дэлгүүрийн нэрээ хэлэхийг хүсээгүй худалдагч эмэгтэй “Долоо хоногтоо арваас дээш борлуулагдсан ном бестсэллерт багтдаг” гэлээ. Ер нь хамгийн сайн ном үсрээд 1000 хувь хэвлэгддэг тухай хэвлэлийн үйлдвэрийнхэн ярьж байна.
Гол нь ном унших, уншихгүйн тухай энд ярих гээгүй. Бид уншихаа больж, интернэтээс бүхий л мэдээллийг авдаг болсноор түүнээс улам бүр хамааралтай ирээдүй рүү явж байна гэдэгт л зангилаа нь байна. Биднийг зах замбараагүй интернэт ертөнцөөс авч буй мэдээлэл аажмаар өөрчилж буй юмсанж.
Сэтгэл судлаач И.Тогтуун “Мэдээллийн хэрэгслүүдээр өдөр болгон хулгай, дээрмийн хар мэдээллүүд давтагдаж гараад байх л юм бол зан үйлд нь нөлөөлдөг. Тэр зүйл жирийн үзэгдэл мэт ойлгогдож “Би ч гэсэн ийм зүйл хийж болох юм байна” гэж бодоход хүргэдэг” гэлээ. Үүнийг батлах мэт авлигын томоохон хэргүүдийг сүүлийн жилүүдэд илрүүлэн ял оноож байгаа ч АТГ-ын сурагчдын дунд хийсэн судалгаараар авлигын эсрэг хатуу үзэл бодолтой хүүхдийн тоо жил ирэх тусам буурч, түүнтэй эвлэрсээр буй тухай дүн гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна бидний жигшин зэвүүцэж, сургамж болгох үүднээс “Ойр дотныхонд нь харагдаж, ичтэл нь шэйр” гээд байдаг зүйлс аажмаар эсрэгээрээ бидний сэтэхүйд нөлөөлдөг гэсэн үг. АНУ-ын бага сургуульд халдлага үйлдсэн 20 настай Адам Ланза, 2011 оны долдугаар сард Норвегид олон арван залуусыг буудан хөнөөсөн Андерс Брейвик нар интернэтийн донтнууд байсан. Тэд гэр бүлийн харилцааг тийм ч эрхэмлэдэггүй, интернэт дэх өөрсдийн блогтоо анхаарч, сүлжээнээс олж авсан мэдлэгээрээ бодит бус орчиндоо амьдрах дуртай байсныг хэргийг нь шалгасан сэтгэлзүйчид тухайн үед ярьж байлаа. Манайд ч гэсэн дунд сургуулийн нэг ангийн хоёр охин зодолдож байхад хөвгүүд нь салгахын оронд утсаа гаргаад инээлдэн бичиж буй, Энхтайваны гүүрээр явсан машин шатахад тусласнаасаа утсаараа бичсэн нь олон байсан талаарх гээд олон бичлэг фэйсбүүкээр бишгүй шуугисан. Түүнийг харсан бид дараагийн удаад салгах уу, халааснаасаа утсаа гаргаж ирээд бичих болов уу.
Монголд, бидэнд интернэт, тэр дундаа сошиал ертөнц хэрхэн эерэг, сөргөөр нөлөөлж буйг судалсан судалгаа алга. Харин АНУ-д хийсэн судалгаагаар интернэтийг идэвхтэй ашигладаг хүүхдүүдийн 76.4 хувь нь хоногт дунджаар 54 минутыг эцэг, эхтэйгээ ярилцахад зарцуулж байгааг тогтоож. Харамсалтай нь мэргэжилтнүүд ойрын таван жилд энэ үзүүлэлтийг 20 минут болж багасна гэх таамгийг хийхэд хүрчээ. Үүнд эцэг, эхчүүд ч буруутайг И.Тогтуун “Хүүхэдтэйгээ сайн ярилцаж, түүний юу хүсч, ямар хүн болохыг мөрөөддөг вэ гэдгийг эцэг, эхчүүд мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь тэгдэггүй. Хүүхэдтэйгээ огт ярьдаггүй хэрнээ гэнэт ярилцах гэвэл гайхна биз дээ.Тиймээс эхнээс нь, хэрэв ярилцдаггүй бол аажмаар ярилцдаг болох нь чухал” гэдгээр тайлбарлав.
Гэр бүлийн харилцаа судлаач, сэтгэлзүйч Анне Даугетс “Хүүхдээ гар утас, компьютерээс нь аль болох удаан хугацаанд хөндийрүүлж, тэдэнтэй ярилцахын тулд эцэг, эхчүүдийн гүйцэтгэх үүрэг маш их юм. Одоогийн өсвөр насныхан эцэг, эхийн харилцаа тааруу байх тусам өөрсдийн гэсэн орчиндоо, тэр дундаа фэйсбүүктээ амьдрахыг илүүд үзэж байна” гэжээ. Сэтгэл судлаачид гэр бүлийн харилцаанд фэйсбүүк хэрхэн нөлөөлж байгааг ингэж тайлбарлаж буй бол генетикч И.Пүрэвдорж “Компьютер, гар утас, интернэтийг хэт их ашиглах нь тархинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хязгаартай ашиглах ёстой. Эрүүл мэнд төдийгүй хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа” гэлээ. Энэ нь ч оргүй зүйл биш бололтой. Саяхны нэгэн судалгаагаар зарим тохиолдолд интернэтэд донтогсдын тархины үйл ажиллагаа 10-20 хувиар саарсан болохыг тогтоосон байх юм. Нөгөөтэйгүүр манайд интернэт тоглоомонд донтсон хүүхдүүдийг эмчлэх тусгай тасаг хүртэл бий болоод уджээ. Гэтэл ийм хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад амиа хорлох магадлал 2-9 дахин их байдгийг судалгаагаар нотолсон байна.
АНУ-д л гэхэд интернэтийн хэт замбараагүй хэрэглээний улмаас депресс болон ADHD буюу анхаарлын хомсдол үүсдэг болохыг судалгаагаар тогтоосон байх юм. Интернэт хэрэглээний зуршилтай 216 хүүхдэд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 30 хувьд нь депрессийн шинж илэрсэн гэнэ.
Интернэтийн ертөнцтэй ажил, мэргэжлээрээ холбогдсон Монголд урдуур орох программистуудын нэггэгддэг С.Дөлмандах ч “Бодитоор нөлөөлж байгаа нь бидэнд анзаарагддаг. Ямар ч хүн хэрэгтэй зүйлээ интернэтээс гүүглээр хайгаад оллоо ч тэмдэглэж авахаа байсан. Өмнө нь бид интернэтээр хайсан зүйлээ олж аваад тэмдэглэж авч, түүнийгээ цээжлэн, мэдлэгээ баяжуулдаг байсан бол одоо үгүй болсон. Яагаад гэхээр дахиад хайхад ахиад л гараад ирэх юм чинь. Тэгэхээр тэрийг цээжилж мэдэж авахаа больж байна гэсэн үг. Бидэнд нэг ёсны мэдлэг хуримтлуулахын тулд бус гүүглийг ашиглах рефлекс суугаад байна” гэж генетикчтэй санал нийллээ. Компьютерийн хард дискнийх нь багтаамж нэмэгдэж байгаа ч тархины багтаамж хумигдаж байгаатай үүнийг холбож болно. Үнэхээр тийм зүйл болж, ой тогтоолтонд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Генетикч И.Пүрэвдорж “Уншина гэдэг өөрөө их хүн хөдөлмөр. Хэдэн үсэг тайлагдахын нэр биш. Уншиж байгаа зүйлийнхээ утга учрыг олох ёстой. Харах, жинхэнэ ёсоор харах гэдэг ч өөр өөр асуудал. Энгийнээр хэлбэл, телевизээр цаг агаар харж суугаа хэрнээ маргааш хэдэн хэм гэсэн бэ гээд асуугаад байдаг даа. Энэ ямар учиртай вэ гэхээр, хүний их тархины гадар ажиллаж байж бодож, сэтгэдэг. Гэтэл тэр бодож, сэтгэдэг зүйлээ ажиллуулахгүйгээр их тархины гадрын доод төвөөрөө харах, сонсох, уншиж байгаа хүн бодож, сэтгэхгүй. Тиймээс харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, уншсан ч уншаагүй юм шиг хүлээж авч чадахгүй байна гэсэн үг юм. Энэ байдал их түгээмэл ажиглагдах болсон. Хүн мөн чанараа алдаж машинжаад байна гэсэн үг л дээ” гэсэн нь бидний аливааг илүү хялбарчлах, бүр амарчлахын тулд бүтээсэн техник, технологийн хөгжилдөө найдаад анхаарлаа төвлөрүүлэхээ байж, сэтгэхүй муудсантай холбоотой бололтой. Үүнийг “Интернэтийн аливаа бүтээл хүнд ойлгомжтой, амар хялбар байх ёстой. Тэнэг хүн ч ойлгохоор байх ёстой гэсэн шалгууртай. Бэлэн будаа идүүлээд л байхаар тухайн хүн яваандаа сэтгэх чадвар, мэдээллийг шүүх чадвар байхгүй болж байна. Хоолны дэглэм барихтай адил мэдээллийн дэглэм барих гэдэг ойлголт гарч ирлээ. Өөрийгөө яаж энэ их хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн хогоос цэвэр байлгах вэ гэдэг ойлголт ч гарч ирж байна” гэдгээр ойлгуулахыг С.Дөлмандах оролдов.
Харин сэтгэл судлаач И.Тогтуун хүний авч буй мэдээлэл “Тухайн хүний хандлагад, итгэл үнэмшилд, ухамсарт нөлөөлдөг. Байнга авдаг мэдээллээсээ хэм хэмжээнд суралцдаг” гэдгийг хэллээ. Ингэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй хар, сөрөг мэдээлэл нь хүний сэтгэхүйд нөлөөлж байгааг И.Тогтуун хэлсэн ч интернэт сэтгэхүйд нөлөөлж байгааг “Хавтгайруулж ойлгох нь өрөөсгөл явдал” гэж эрс үгүйсгэлээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэвлэл, мэдээллийнхэн ямар нэгэн асуудал хөнддөг ч яаж шийдэх гарцыг нь гаргадаггүй. Үндэсний юм үндэсний байх ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /ОНМХ/ соёлыг түгээж, дамжуулж байдаг. Гэтэл гадны соёлыг түгээж, түүнийг ямар ч шүүлтүүргүйгээр гаргадаг болчихлоо. Үүнийг хамгийн том илрэл нь солонгос кино. Би монгол хүн, монгол хүн юм бол ямар хэм хэмжээнд байх ёстой вэ гэдгийг ойлгуулах тийм дархлаа суулгах мэдээлэл, нэвтрүүлэг гаргахгүй байна. Гадны л соёлыг үзүүлээд байна. Гэтэл жинхэнэ монголоороо байгаа хөдөөгийн хүүхдийг хотынхон гэхэд бүдүүлэг, соёлгүйгээр нь дуудаж, жигших янзтай хардаг боллоо” гэлээ. Тэгвэл Америкт гэр бүл салалтын 20 хувь нь Facebook-ээс ямар нэг байдлаар хамааралтай байдаг болжээ.
Бодож, сэтгэх чадвараа алдаж байгаа зүйл танд анзаарагдаж байна уу гэсэн асуултад генетикч И.Пүрэвдорж “Анзаарагдалгүй яах вэ. Оюутнууд дээр ч анзаарагдаж л байна. Бүхний өмнө болоод буй зүйл шүү дээ” гэж шуудхан санал нийлэв. Тэрээр орчин үеийн техникийн хөгжил бол гайхамшиг. Гэхдээ үүнийг дагаад ямар муу зүйл илэрч байна гэдгийг бодож, бодлогоор зохицуулах хэрэгтэйг онцлов. Харин сэтгэл судлаач И.Тогтуун “Нийгэм гэж тусдаа зүйл байхгүй. Та ч нийгмийн нэг эд эс нь. Таны бэлдсэн нийгэмд таны хүүхэд амьдарна” гэж анхааруулж байна. Бидний итгэхийг хүсэхгүй, улам бүр хамааралтай болсоор буй интернэтийг шууд үгүйсгэх зорилгогүйг энд дахин сануулах нь зүйтэй. Бидний амьдрал, харилцаа, соёл, эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж буйг эргээд нэг тунгаах боломжийг нь танд үлдээе.
Үргэлжлэл бий…