БНМАУ-д уригдаж очоод баригдсан түүх

10675572_705495949548031_2388567614536717060_n(Дэ Ван буюу Дэмчигдoнрoвын өчил) (I хэсэг)

Би 1949 оны дөрөвдүгээр сард Алшаа хошууны Баян хотод хүрч Гоминданы засгийн газрын зөвшөөрөл хийгээд Америкийн дэмжлэгээр “Баруун Монголын өөртөө засах хөдөлгөөн” гэдгээ явуулах гэсэн боловч тэр үеийн цагийн байдлын түргэн хувиралт ба өөрийн Нармай Монгол үзлийн захиргаан доор БНМАУ-ыг бас туршиж үзэх санаатай байсан учир Гуанжоу-д ивээл эрж очихдоо Яргай хотоор дайрч төрлийн хүү Алтан-Очирыг томилж, Ар Өвөр Монголын уулзвар газарт очуулан БНМАУ-тай холбоо барихаас өмнө Монголын тал Өвөр Монголын баруун хэсгийн чуулган хошуу мөнхүү миний нөлөөнд байсныг үзээд намайг татан авах санаатай байв.

Тэгээд хүн томилон (Батжаргалыг ч билүү) Дугарсүрэнгийн захидал болон гэр бүлийн сүүдэр зураг хийгээд торго, мөнгөн аяга, хадаг зэрэг бэлгийн эд авч Алшаа хошууны хойд хэсгийг сэргийлэн хамгаалах харуулын Дуан даргатай хамт Баян хотод ирж надтай уулзах гэсэн боловч би дөнгөж Гуанжоу очоод буцаж ирээгүй байсан болохоор захидал болон бэлэг сэлтээ Алшаа хошууны туслагч Батмөнхөд өгч хадгалуулжээ. Монгол улсаас ирсэн төлөөлөгч бас, Дэ ван (Дэмчигдoнрoв) байхгүй боловч танай Алшаа хошууны Ва ван (Дарьзаяа)-тай учран ярилцаж болох уу? гэсэнд Дуан дарга үүнийг би хариуцаж чадахгүй гээд түүнийг буцаасан гэнэ. Намайг Гуанжоугаас Баян хотод буцаж ирэхэд Улаанцавын чуулганы дарга Рэнчинсэнгэ энэ учрыг надад хэлж өгсөн бөгөөд Батмөнх захидал болон бэлэг сэлт зэргийг авчирч өгсөн юм. Миний их хүү Дугарсүрэн энэ үeд Улаанбаатарт Чойбалсангийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж байсан ба мөн Японд бууж өгсний дараа Зөвлөлт-Монголын холбоот цэрэг Шилийн голд орж ирэх үеэс миний гэр бүлийг Улаанбаатарт аваачсан юм. Би хүүгийнхээ захидлыг уншиж үзвэл тэр өөрийн гэр бүлийн байдлыг хэлж, миний ажил байдлыг асууж сурсан төдий л байлаа.

Тэр үед Алшаа хошуу гоминданы засгийн ноёрхол доор байж Баян хотод Махункугийн цэргийн анги биднийг хязгаарлаж байснаар үл барам “цэргийн бүртгэх товчоо”, “төвийн бүртгэх товчоо” зэрэг гоминданы тагнуулууд айхтар гэтэн харж байсан учраас хэрэг илэрч мэдэгдвэл яршиг төвөг болохоос сэрэмжлэн Дугарсүрэнд хариу захидал бичихдээ над дахиж захидал бичих хэрэггүй. Гоменданы талаас сэжиглэж эхэлбэл “Миний баруун Монголын өөртөө засах ажилд” харш саад болно гэж санууллаа. Тэгээд захидлаа Дуан хаанд өгөөд түүнийг арга сүвэгчлэн чанад дамжуулаарай гэсэн юм.

Баян хотод Монголын Ардын төлөөлөгчдийн хурал хуралдуулаад удаагүй байтал Шилийн голын Авга баруун хошууны засаг Шонуудондов Улаанцавын Баянзанданаас Баян хотод ирээд надад Алтан-Очирын өгсөн захидлыг авчирч өглөө. Агуулга нь: “Ар Өвөр Монголын уулзвар газар болох Хар эрэгт БНМАУ-ын чухал тушаалтан Дондог болон Баяр (Очирбат) хоёртой учирлаа. Тэд нарын хэлэхээр Япон бууж өгөх үеэс манай улс онгоц томилон Чуулалт хаалгын агаараас ухуулах хуудас тараахад таныг тухайн үед Монгол хязгаарын засгийн түрүү байсан учраас ухуулах хуудсанд таны нэрийг дурсахгүй байж болохгүй. Дараа нь Япон хэдийгээр бууж өгсөн боловч хоёр талаас харилцан хүч тэнцэн тулах маягтай байсан учир өмнөд фронтын цэргийн отряд энэхүү цагаасаа өнгөрсөн уухуулах хуудсыг хэдийн дармалдаад Японтой байлдах үед хэрэглэе гэж байсан юм. Бид нэг хүнийг сайн муу гэснийг хэмжихдээ, энэ хүн ард түмэнд яаж хандсаныг үзнэ. Манай мэдэж байгаагаар та Японы чанга хатуу даралтын доор ажлаа бүтээхийн төлөө аль бүхнээ эедэн дагаж саад харшлыг яван туулж, япончуудтай зарим талаар эсэргүүцдэг байсан бөгөөд Бээжинд байх хугацаандаа ямар ч муу үйл хийсэнгүй тул таныг боломжын хүн гэж мэдэрч байна. Бид нэг хүнийг явах замгүй болтол хавчих дургүй учраас, Алтан-Очироор дамжуулан танай гэрийнхний захидлыг өгүүлснийг олж авсан биз ээ. Ойрын үед сонссоноор та Америктай сүлбэлдэж буй сурагтай. Бидний үзэхээр энэ тань буруу. Хүсэх нь: Сайн бодогтун. Америк хар арьстанд яаж хандаж байна вэ? Yүнийг мэдвэл та мөн Монгол хүнд яаж хандахыг нь ойлгож болох юм. Бид таныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ирэхийг тун их хүсэж байна. Таныг ирэхэд хүрвэл Чойбалсан маршал болон бүхий л ард түмэн чин сэтгэлээсээ халуунаар угтан авна гэсэн” гэжээ. Ирсэн захидалд миний Монгол хязгаарын засгийн ажлыг зарим талаар далдлах буюу уучилсан маягтай бичсэн байлаа. Yүний шалтгаан нь тухайн үед БНМАУ намайг татан авах санаатай байснаас болжээ. Ингээд сая буруушааж донгодох үг ярьсангүй харин санаачлагатайгаар далд үг хэлж намайг хүлээн авах санаатай байв.

Нинша (Хятадын хот) чөлөөлөгдөөд намайг яг Баян хотоос гарч явах үеэс Дуан дарга онцгойлон ирж уулзаад: “БНМАУ-ын Жаргал ирж тантай чухал учир зөвлөх гэнэ” гэв. Би түүнд “Баян хотод уулзахад тохиромжгүй. Би маргааш явахаар төлөвлөж байна. Танаас хүсэхэд, ирсэн хүнийг хээр талд намайг хүлээ гэж хэлж өгнө үү” гэхэд тэр дороо гарч явсан билээ. Би Баян хотоос умар зүг бараг нэг өдрийн зам хөөгөөд замын хажуу дахь хотгор газар нэг майхан байхыг олж үзлээ. Тэгээд Түмэндэлгэрийг морьтой гүйлгэн очуулж сураглуулсанд Дуан дарга болон Баатаржаргалан майхнаас гарч ирсэн бөгөөд Түмэндэлгэр тэд нарыг удирдан над дээр уулзууллаа. Баатаржаргалан торго хадаг зэрэг барьж бэлэн болон миний хүү Дугарсүрэнгийн захидлыг гардуулж Дугарсүрэн болон БНМАУ-аас томилогдсон Лувсан нар яг Шаржаас умард зүг байх Цагаан толгой гэдэг газар таныг сар шахам хүлээж байгаа тул түргэн очиж уулзахыг хүснэ гэв. Би хүүгийнхээ захидлыг үзэхэд дотор нь: Ааваа таны түрүүний илгээсэн захидлыг би хүлээж авлаа. Эцгийн сануулгаар, дахин захиа бичиж таны ажилд нөлөөлөхөөс болгоомжлох ёстой байсан боловч БНМАУ-ын удирдлагаас таныг энд ирэхийг ихэд хүсэн байна. Таныг ирэхэд хүрвэл Монгол улсын хил доторхи аль газар ч суусан болно гэж байна. Миний бодлоор Мао Цэдүнгийн удирдсан Хятадын хувьсгалын ялалт нэгэнт нүдний өмнө болсон тул түргэн Монгол улсад ирэхийг хүснэ гэсэн байлаа.

Би энэ захидлыг үзэж барангуут Баатаржаргалан болон Дуан дарга нар бас намайг явчих гэж ятгав. Гэвч би энэ үед баруун тийш явахыг бодож түргэн Төхөмийн сүмд хүрч дахин Баянзанданд очиж тэнд урьдчилан бэлтгэж тавьсан цахилгаан холбоо барих машинаараа Ар Өвөр Монголын хилд тархан суугаа Шилийн голын цахар цэргээ захирч ийш ирүүлэн өөрөө шууд захирахаар бодож байсан бөгөөд БНМАУ-д сэрэмжтэй хандаж байсан тул Баатаржаргаланд “Би өнөөдөр Шаржад очиж чадахгүй, Баянзанданд очно. Танаас хүсэхэд түргэн Шаржад хүрч тэд нарыг 8 сарын 18-ны өдөр Баянзанданд хүрч намайг хүлээ гэж мэдүүл” гээд салж мордов.

Би Төхөмийн сүмийн зүг явж байх зуураа Шонуудондовын томилсон Гомботой уулзлаа. Тэр Шонуудондовын илгээсэн танилцуулгын бичгийг надад өгч үзүүлэв. Миний цээжилснээр бол түүнд сонсвол, та Монголын өөртөө засах ажлыг их сайхан хийж байна гэнээ надад хувь нэмэр өргөмөөр юмгүй. Өнөө Гомбыг томилон танд хавсруулья. Тэр бол маш үнэнч шударга хүн тул та санаа амар хэрэглээрэй гэсэн байлаа. Би захидлыг үзэж барангуутаа тэсгэлгүй Гомбоос “Төхөмийн сүм болон Баянзанданд тохируулсан хэдэн цахилгаан холбоо барих машиныг мэдэх үү?” гэж асуусанд тэр: “Миний сонссоноор энэ хэдэн цахилгаан холбоо барих машиныг Алтан-Очир бүр Монгол улсад хүргэчихсэн гэнээ” гэж хариулав.

Би энэ мэдээг олж сонсоод ихэд горь тасарч урам хугарлаа. Тэгээд Төхөмийн сүмд хүрсний дараа дороо хүн томилон Алтан-Очирыг дуудуулан авчирсан. Тэр харин намайг үзмэгц Монгол улсад явчихья гэж ятгаж гарлаа. Тэгэхэд би “одоо үндэстнээ сэргэн мандуулах үйлсийг үүрэгч надаас өөр хэн байх вэ? Би мөн баруун тийш явж Монголын ажлаа эрхэлье гэж төлөвлөж байна. Хэрэв одоогоор Монгол улсад очиход хүрвэл хүн бүхэн намайг гэр бүлийн төлөө хувиа бодож нийтийг хохируулсан гэвэл үг авч маргах газаргүй болох биш үү?” гэж царай хувилган, Алтан-Очирыг миний зөвшөөрөлгүйгээр цахилгаан холбооны хэдэн машиныг бэлэг болгон Монгол улсад хүргээд эл талынхантай харилцаа холбоо тасалдуулав гэж хатуу үгээр донгодов. Мөн түүнийг тавдугаар сард миний зарлигаар Монгол улстай холбоо барь гэсэн байтал Улаанцавын чуулганы дунд гүнгийн хошуу орчим хүрээд удтал саатаж наймдугаар сар болоход сая холбоо барьж цаг алдан, хэрэг учрыг саатуулсан гэж донгодов. Тэгэхэд Алтан-Очир тун эвгүйрхэж надад “Би таныг Монгол улсад очиход ямар ч асуудалгүй гэж бодов. Иймээс сая тэр хэдэн цахилгаан холбооны машиныг бэлэг болгон хүргүүл гэсэн юм. Хэрэв мөн баруун тийш явах гэдгийг мэдсэн бол цахилгаан холбооны машины нэгийг авч үлдсэн бол болчих байжээ” гэж харамсан ярив. Иймэрхүү үг хэлэлцээд би түүнд яаж ч уурлалаа гэсэн асуудлыг шийдвэрлэж чадахгүйг мэдээд Алтан-Очир, Дагва-Осор, Түмэндэлгэр нартай хамт Баянзанданд хүрэв.

/Даваасамбуугийн Мөрөн агсны бичсэн “Өвөр Монголын Гунигт Түүх” номноос. үргэлжлэл бий/

https://www.facebook.com/shirchin.baatar

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …