Монголын түүх: ӨЛЗИЙ ХУТАГ ХАТАН / Тогоонтөмөр хааны хайртай хатан/

10906476_830159670380607_3063959671417685335_nСолонгос угсааны 8 эмэгтэй Алтан ургын язгууртануудтай хуримлаж байсны сүүлийнх нь Өлзий Хутаг буюу Ки Ван Чжи хатан юм. Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүнийг Ци хатан гэнэ. Түүнийг анх Солонгос тайган Түмэдэй гэгч хааны ордонд оруулж, үйлчлэгч охин болгожээ. Ки Ван Чжи багаасаа сэцэн сэргэлэн, уян налархай ааштай учир Тогоонтөмөр хаанд маш их таалагдаж сул хатан болгосон байна. Тогоонтөмөр Ки Ван Чжид маш их хайртай, түүнийг энхрийлэн халамжилж таалахад их хатан Данашир их дургуй байжээ. Данашир хатныг цаазлагдсны дараа Тогоонтөмөр Ки Ван Чжиг их хатан болгох зарилга буулгасан ч Баян тэргүүнтэй сайд нар зөвшөөрсөнгүй. Ки Ван Чжигийн оронд Буян Хутагтыг их хатан болгов. Тухайн үед төрийн эрхийг атгаж байсан чинсан Баян бол Монгол угсааныхныг дээдэлдэг, монгол заншилыг хүчээр дэлгэрүүлэхийг оролддогын дээр харь угсаатныг үзэн яддаг нэгэн байсан учир Ки Ван Чжид их дургуй байлаа. Удалгүй 1340 онд Баян төрийн эрхээс зайлуулагдсны дараа л Ки Ван Чжи их хатнаар өргөмжлөгдөж, Син Шэн Гу ордонд сууж Сн Шэн Гу хатан хэмээн цоллогджээ. Ийнхүү Юань улс нь зэрэг хэргэмээр ижил хоёр их хатантай болсон билээ. Урьд хожид ийм юм болж байсангүй. Хубилайн үед тогтоосон журам ёсоор харь угсааны хүн хааны их хатан болох ёсгүй байжээ. Гэтэл Тогоонтөмөр энэ ёсыг эвдсэнд олон хүн дургуй байлаа.
1338 онд Ки Ван Чжи хатан Син Шэн Гу ордонд Аюуширдарыг төрүүлжээ. Аюуширдар бол Тогоонтөмөр хааны ууган хүү нь юм. Хаан зарилга буулган, хаан угсаа залгамжлагчийг эсэн мэнд амаржуулсан бүх хүнд их хэмжээний цаасан мөнгө олгожээ.
1353 онд Аюуширдар хунтайжаар өргөмжлөгдөхөд Ки Ван Чжигийн нөлөө огцом дээшилсэн. Гэвч Ки Ван Ч жи Монголчуудын илэрхий дургуйцлыг төрүүлж байсан юм. Тиймээс түүний ордон дахь нөлөө нь тун хэврэг байв. Түүн дээр Тогоонтөмөр хаан Буян Хутаг хатныг ихэд таалж байснаас Ки Ван Чжи хатны сэтгэл нь хөрсөн бололтой.
1350-иад оны сүүлээс өөрийн шадар тайган Пак, чинсан Хама нарын хамтаар Тогоонтөмөр хааныг суудлаас нь зайлуулж Аюуширдарыг хаан болгохоор идэвхтэй тэмцэж эхэлжээ. Гэвч энэ хэрэг бүтэлгүйдэж Хама алагдснаар төгсгөл болсон юм. Энэ үед Ки Ван Чжи –гийн төрсөн ах язгууртан Ги Чёл тэргүүнтэй түүний төрөл төрөгсөд дүүгээ эзэн улсын их хатан гэдгээр далимдуулж, бардамнан жирийн ард иргэдийн гэрт дайран орж, эхнэр хүүхдийг нь хүчирхийлэн бузарлаж, эд хөрөнгийг нь дээрэмдэн тонодог байв. Гүрё улсын Күн Минь ван Ки Ван Чжи хатны төрөл төрөгсөдөд хандаж дахин ийм явдал гаргахгүй байхыг сануулсан ч тэд вангийн зарлигыг ер тоогоогүй тул ван дахин зарилга буулгаж тэднийг бүгдийг хядав. Үүнд өширхсөн Ки Ван Чжи хатан ихэд хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Төштөмөр жанжинаар их цэрэг толгойлуулан Гүрё улс руу дайрсан боловч Кун Минь ван цэргээ удирдан Ялу мөрөний орчим Төштөмөрийг бут цохижээ. Юань улсын эрх баригчид энэ явдлыг сонсоод ихэд хилэгнэсэн боловч Хятадад Улаан алчууртаны бослого гаргаж хүчирхэгжээд дотоод төрийн эрх булаалдсан тэмцэл идэвхжсэн тул түр хугацаанд энэ хилэнгээ тайтгаруулж Гүрё улс руу дайрахаа азнасан юм.
1364 онд Юань улсын төрийн багана мэт хоёр их жанжин Бортөмөр, Хөхтөмөр нар байлдаж Бортөмөр төрийн эрхийг атгаж Ки Ван Чжи хатныг 100 хоног шоронд хорьжээ. Удалгүй хунтайж Аюуширдар Бортөмөрийг алж, эх Ки Ван Чжи хатныг суллав. Хааны зарилгаар өршөөл үзүүлсэн боловч Ки Ван Чжи хатан , Аюуширдар хоёр муу санаагаа эс хаяжээ. Хама-гийн дараа Тайван гэгч Төвлөн засах яамны баруун гарын чинсан болсон байна. Аюуширдар, Ки Ван Чжи хатан хоёр Тогоонтөмөр хааныг хорлон алахаар дахин хуйвалдаж Тайванг энэ хуйвалдаандаа татан оруулахийг ятгахад Тайван хаанаа алахыг шууд эсэргүүцжээ. Аюуширдар Тайванг өөртэйгөө нийлэхгүйг мэдээд хорлож алсан байна.
1365 онд Буян Хутаг хатан таалал төгсөхөд Ки Ван Чжи цор ганц их хатан болов. Тогоонтөмөр хаан зарилга буулгаж Ки Ван Чжи-гийн гурван үеийн өвөг дээдэст ван цол нэхэн өргөмжөлжээ.

Хятад орныг 10- н жил хөдөлгөөнд оруулсан хэдэн арван сая хятад тариачдын бослого эрчээ авч 1368 онд Мин улсыг байгууллаа. 1368 онд Мин улсын ир жанжин Сюй Да 10 түмэн цэрэг дайчлан Дайду хотыг бүслэхэд Тогоонтөмөр хаан бүх хатад, татвар, дагалт ноёдоо дагуулан умард Инчан руу зугтаав. Хоёр жилийн турш Тогоонтөмөр хаан Юань улсыг дахин байгуулахыг оролдож Мин улстай их байлдсан боловч ялж чадаагүй. 1370 оны 5 сард Тогоонтөмөр хаан Инчан хотод таалал төгсжээ. Ки Ван Чжи хатны хүү Аюуширдар Монголын хаан ширээнд заларч хаан цолоо Билигт хэмээн цоллож Ки Ван Чжи хатныг Хуан Тайху гэж өргөмжилсөн.
Мөн оны 6 сард Мин улсын цэрэг Инчаныг эзлэхэд Аюуширдар зугтаан оджээ. Мин улсын цэргүүд Ки Ван Чжи хатан болон Майдарбал тэргүүнтэй Монголын олон язгууртныг олзолж Нанжин хотод аваачсан билээ.

Эх сурвалж: МОНГОЛ ИХ ЮАНЬ УЛСЫН ТҮҮХ

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …