Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр 2015.01.14-нд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний өв, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү зарчим нь төрийн албаны чиг, үүрэг, үйл ажиллагааны суурь мөн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 70 орчим хуульд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг заасан нь төрийн албаны үндсэн зарчим зөрчигдөхөөс сэргийлж, төрийн албанд хариуцлагыг бэхжүүлэх чухал нөхцөл болсон.
Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрхзүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байна.
Иймд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, төрийн хэвтээ түвшинд улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс 6 бүлэг, 24 зүйлтэй энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ талаар Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
–Дөнгөж сая УИХ-ын даргад Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийн агуулгын талаар тодруулж ярина уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө УИХ-ын танхимд нээлттэй үг хэлсэн. Тэнд онцгойлон хэлсэн нэг зүйл бол төрийн албыг хариуцлагажуулах, ялангуяа сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн алба хашиж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаа учраас хуулийн төсөл удахгүй өргөн мэдүүлнэ гэсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын даргад Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Төрийн тэргүүний зүгээс анхаарч байгаа хамгийн гол асуудал бол төрийн албыг хариуцлагажуулах чиглэлд иж бүрэн, цогц хуулиуд гаргахыг зорьж байгаа юм. Түүнээс нэн тэргүүнд өргөн барих шаардлагатай хууль гэж Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг үзэж байна.
Энэ хуулийн хамрах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга хүртэлх төрийн өндөр алба хашиж байгаа, улс төрийн алба хашиж байгаа гол хүмүүст хариуцлага тооцохтой холбоотой хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох асуудлуудыг тусгаад байгаа юм.
–Эдгээр хүмүүст ямар төрлийн хариуцлага ногдуулахаар төсөлд тусгасан бэ?
-Хуулийн төсөлд шинэ төрлийн хариуцлагуудыг оруулж өгөөд байна. Улс төрийн хариуцлага гэж байна. Хэрэв тухайн албан тушаалтан хууль зөрчөөд, тэр нь холбогдох эрх бүхий байгууллагаар нотлогдож, түүнтэй холбоотой гэм буруугаа хүлээгээгүй, олон нийтээс уучлалт гуйгаагүй бол нэгдүгээрт, огцруулж хуулийн хариуцлага тооцно. Мөн тухайн хүний улс төрийн сонгууль болон төрийн өндөр албан тушаалд дахин нэр дэвшихийг нь тодорхой хугацаанд хязгаарлах маягаар улс төрийн хариуцлага тооцно.
Ёс суртахууны хариуцлага гэсэн шинэ ойлголт гарч ирж байна. Тухайн албан тушаалтан хууль зөрчсөн гэм буруугаа ухамсарлаад олон нийтээс уучлалт гуйсан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал зогсох юм. Энэ нь өөрөө гэм буруугаа хүлээгээд албан тушаалаасаа чөлөөлөгддөг соёлыг нэвтрүүлэхэд чухал алхам болно гэж харж байна.
Монголд өнөөг хүртэл гэмт хэрэг үйлдээгүй л бол хууль зөрчсөн албан тушаалтныг яах нь тодорхойгүй явж ирсэн. Одоо энэ хуулиар бол аливаа нэг албан тушаалтан авлигын ч юм уу, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулиас бусад хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох юм. Жишээ нь, Авлигын хуульд заасан ХОМ-ээ санаатайгаар буруу, дутуу мэдүүлсэн, мэдүүлэхээс зайлсхийсэн байх юм бол энэ хуулийн дагуу хариуцлага тооцно. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгаж өгсөн.
–Хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэж эхлэх бол?
-Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хуулийг цаг алдалгүй нэн даруй хэлэлцэн батлах нь зүйтэй юм гэсэн.