Эмэггэй хүн дөрвөн янз байдаг.
1. Ялимгүй шалтгаанаас уурладаг, олон зантай. Бусдын аз жаргалд атаархуу, шуналтай, харамч, өглөг буян хийдэггүй.
2. Ялихгүй зүйлд байнга уурладаг, олон зантай, хэрцгий ширүүн, гэвч бусдын аз жаргалд атаархдаггүй, өргөл барьц үйлддэг.
3. Аажуу тайвуу ухаантай, тэр болгон уурладаггүй, шуналт сэтгэлийг яаж дарах вэ? гэдгий мэддэг, гэвч атаархах сэтгэлээс зайлсхийх чадваргүй, өглөг буян хийдэггүй.
4. Уужим тэнүүн сэтгэлтэй, шуналын сэтгэлийг тэвчиж чаддаг, сэтгэл санаагаа тайван эзэмдэж захирдаг, уурлаж уцаарладаггүй, бусдад хэрэгтэй үед нь сэтгэл гарган тусаддаг, өглөг буян үйлддэг эдгээр болой.
Залуу эмэгтэй гэрлэхдээ дараах зүйлийг мартаж үл болно. “Би нөхрийнхөө эцэг эхийг гүнээ хүндэтгэн, тэдэнд үйлчилэх ёстой. Бидний сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж явдаг, бидний мэргэн хамгаалагчид учраас тэдний ач тусыг санан, хэзээ ч гэсэн хэрэгтэй үед нь үргэлж туслаж, халамжлах өстой.
Би нөхрийнхөө багшийг хүндэтгэх ёстой. Миний нөхөрт нандин сургаалиа хайрласан, тэр сургаалийн ачаар бид хүний ёсоор амьдарч буйн учир би багштаны нь өмнө гүнээ мэхийн хүндлэх ёстой. Учир нь хүн оюун санааны багш үгүйгээр амьдрана гэдэг хэцүү.
Нөхрийн ажлыг ойлгож түүнд туслахын тулд эхнэр нь өөрөө суралцаж боловсрох ёстой. Нөхрийн ажил үйлсэд хөндлөнгийн хүн шиг хайхрамжгүй хандаж хэрхэвч болохгүй.
Би нөхрийн ажил хэрэгт оролцож буй болон түүнд захирагдаж буй хүмүүсийн зан авир, авьяас чадвар, дур сонирхол зэргийг чадлын хирээр мэдэхийг хичээнэ. Тэдэнд аль болох эелдэг зөөлөн сайн санаагаар хандах болно.
Би нөхрийн олсон орлогыг хайрлан хамгаалж хямгатай зарцуулна. Зөвхөн өөрийн хувиа хичээсэн ямар ч зорилгоор үрэхгүй.
Эхнэр, нөхрийн харьцаа гэдэг бол зөвхөн нэг гэрт тав тухтай, тохилог амьдрахыг л хэлэх бус, харин ч оюун санааны нандин сургаалиар бие биеийнхээ сэтгэлийг ариутган Гэгээрүүлдэг байх ёстой.
“Жаргалтай хосууд” гэж нэрлэгдсэн хоёр настан буурал Бурхантай учирч ингэж учирлажээ. “Бид хар бага наснаасаа танилцан дасч, гэрлээд өдий насыг наслахад бидний аз жаргалд ямар нэг толбо байсангүй, хойд төрөлдөө бид дахин гэрлэж болох болов уу? болгоож айлдана уу?” гэжээ.
Бурхан тэдэнд “Хэрэв та хоёр яг адил сүсэг бишрэлтэй, Бурханы сургаалийг яг адилхан тусгаж авдаг, өглөг хишиг харамгүй түгээдэг, мөн мэргэн ухаан тань бас яг адил аваас хойд төрөлдөө мөн нэгэн сэтгэлтэй нэг хүн мэт цуг төрөх нь дамжиггүй” хэмээн айлджээ.
Баян худалдаачин Анаталиндадагийн ууган хүүгийн залуу эхнэр Сужата гэгч сэхүүн дээрэлхүү зантай, бусдыг хүндэлдэггүй, хадам болоод нөхрийн үг сургаалийг үл ойшоогч нэгэн байснаас гэр бүл хэрүүл маргаанаар тасардаггүй байжээ.
Нэгэн өдөр Бурхан Анаталиндадагийнд зочилон очоод тэр айл ямар байдалтай байгааг мэджээ. Тэрээр залуу эхнэрийг өөр рүүгээ дуудаж дараах зүйлийг тун эелдэгээр айлдаж сэнхрүүлжээ. “Сужата! Эхнэр хүн долоон янз байна.
1.Урвагч шиг эхнэрүүд байна. Тэр бол ариун бус сэтгэлтэй, эр нөхрөө хүндэлж хайрладаггүй, өөр бусдад сэтгэл нь урвадаг.
2.Хулгайчтай адил эхнэр байна. Тэрээр хэзээч нөхрийн хүчийг ойшоохгүй. Зөвхөн өөрийн тансаг амьдралын хүсэлд л хөтлөгдөнө. Нөхрийн оролгыг өөрийн дур сонирхолоо хангахын тулд түүнээс хулгайлан үрж сүйтгэдэг.
3.Эзэн шиг эхнэр байна. Тэрээр нөхрөө үргэлж эсэргүүцэн гэр орны ажлыг үл хайхран, нөхрийг хатуу ширүүн үгээр доромжлон шийтгэж байдаг. Хүмүүстэй бүдүүлэг харьцдаг.
4.Ээж шиг эхнэр байна. Тэд хүүхдийнхээ төлөө эх нь санаа тавьдаг шиг нөхрийн төлөө үргэлж санаа тавьдаг. Түүнийг эх нь үрээ элбэрдгийн адил хайрлан хамгаалдаг. Орлого олзыг нь туйлын хямгатай зарцуулна.
5.Эгч шиг эхнэр байдаг. Энэ хүн туйлын даруу төлөв, ухаалаг, болгоомжтой харьцдаг.
6.Анд нөхөр шиг эхнэр буй. Тэр алс газар өнө урт хугацаагаар одоод дөнгөж эргэн ирж уулзаж буй нөхөр мэт. Тэр их даруу. Нөхрийн сэтгэлийг таатай байлгахыг ямагт чармайна. Биеэ зөв авч явж нөхрөө туйлын ихээр хүндэлдэг.
7.Шивэгчин шиг эхнэр байна. Тэр хүн нөхөртөө туйлын нямбай, туйлын үнэнч шударга, нөхрийг хүндэлнэ. Хэлснийг нь үг дуугүй биелүүлнэ. Түүнд өөрийнх нь төлөө хүсэл гэж огт үгүй. Муу сэтгэл ч үгүй. Зөвхөн нөхрөө л аз жаргалтай байлгахын төлөө чармайна.
Тэгээд Бурхан/ -Сужата! Та чухам хэнтэй нь адил байна? Эсвэл хэн нэгэнтэй нь адил болохыг хүсч байна уу? хэмээв.
Бурханы айлдасныг сонсоод тэрээр өнгөрсөн олхиогүй явдлаасаа туйлын их ичин зовж, хамгийн сүүлийн жишээ шивэгчин янзын эхнэр болохыг хүснэ хэмээн хариулжээ. Гэмт явдлаа засч ханийнхаа үнэнч туслагч нь болон улмаар хамтдаа Гэгээрэх замын эрэлд гарчээ.
Сургамжит өгүүллэг
Амрапали гэгч Вайсалийн нэртэй баян янхан байжээ. Тэр олон сайхан аалуу үзэсгэлэнтэй эмэстэй хамт Бурханаас ариун сургааль хайрлахыг хүсчээ. Бурхан айлдсан нь: Амрапали! Бүсгүй хүний сэтгэл гэдэг бол тун эмзэг, амархан хиртэж гутдаг, хүсвэл шуналд эр хүнээс хялбархан татагддаг. Ийм учир нь гэгээн замыг дагахад эмэгтэй хүнд илүү хэцүү. Энэ нь ялангуяа залуу үзэсгэлэнтэй хүнд туйлын үнэн болох нь харагдана.
Шунал, хүсэл, тачаалыг тэвчин дарж, ариун замын зүгт алхам хийх хэрэггэй. Амрапали! Залуу нас, үзэсгэлэн гоо гэдэг бол удаан үргэлжлэхгүй, өвчин зовлон, өтөл насаар солигдоно гэдгийг санагтун! Эд баялгийг олж авах хүсэл, хайр сэтгэл хэмээх нь бусгүй хүний татагдах хүсэл авч тэдгээр нь насгүй бөгөөд мөнхийн эрдэнэ биш. Гагцхүү Гэгээрэх гэдэг бол үнэ цэнээ үл алдах мөнхийн эрдэнэ болой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Эх сурвалж: Будда.мн