Энэ сарын эхээр Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч гавъяаны амралтад гарчээ. Тэднийг гавъяаных нь амралтад гарахад “төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж”-аар нэг шүүгчид 115 сая төгрөгийн тэтгэмж олгосон тухай эх сурвалж мэдээлж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид сар бүр 3.2 сая төгрөгийн цалин авдаг. Тэтгэвэрт гарахад 36 сарын цалинг нь олгосон гэхээр нэг шүүгч 115 сая төгрөгийн тэтгэмж авчээ. Тодруулбал, Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тусламжийг одоо үйлчилж байгаа хууль журмын дагуу хэрхэн шийдвэрлэдгийг сонирхуулбал,
Хуультай хамтатган гаргасан журмаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгоно. Харин 25 ба түүнээс доош жил ажилласан бол сүүлийн сарын цалинг 1.4 дахин нэмэгдүүлж, ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгодог юм.
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар улсын төсөв хэлэлцэх үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа гэх мэдээллийг өгснөөрөө УИХ-ын дарга З.Энхболдод ихээхэн шүүмжлүүлсэн. УИХ-ын дарга З.Энхболд “Дээд шүүхийн шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дураараа аашилдаг хүний тогтоолыг дагаж цалингаа нэмэх эрх та нарт байхгүй” хэмээн хатуухан шүүмжилсэн ч тухайн үедээ дуулиан тариад өнгөрч байв.
Манай улсад жилд дунджаар төрийн алба хашдаг 10 мянга гаруй иргэн тэтгэвэрт гардаг гэсэн судалгаа бий. Төрийн албан хаагчдын цалинг дунджаар 600 мянган төгрөг, журмын дагуу 12-36 сарын цалинтай нь дүйцэх мөнгөн тусламжийг улсаас олгодог гэж үзээд дунджаар 24 сартай үржүүлж үзэхэд төрийн нэг албан хаагч тэтгэвэртээ суухдаа 14.4 сая төгрөг тусламж хэлбэрээр авдаг байна.
Харин шүүгчид энэ мэт мөнгөн дүнгээр тэтгэмж авдаг байна.
Б.Золбоо http://zaluu.com/