Ямар нэгэн зүйлд суралцах, шинийг мэдэх хүсэл нь алга болчихсон учраас ийнхүү сургуульдаа дуртай дүргүй явдаг болдог. Сурах гэдгийн доор бид тодорхой мэдлэг чадварыг олж авах, эзэмших гэж ойлгодог бус уу? Машин бариад явж чаддаг болох гэж л жолооны курсд ордог болохоос зүгээр л бас нэг бичиг баримттай болохын тулд курсд суудаггүй, тийм биз? Тодорхой мэдлэг чадварыг эзэмших гэж мөнгө төлж байгаа. Харин ерөнхий боловсролын сургуульд бол ямар дүр зураг харагдаж байна?
Ихэнхи хүүхэд сургуулиас юу ч олж авдаггүй, ямар ч мэдлэг чадвар эзэмшихгүйгээр төгсч байна, тэр ч байтугай сурч мэдэх хүсэл нь бүрэн унтарсан байдалтайгаар төгсч байна. Тэгээд эцэг эхийнхээ шахалтаар цаашаа “суралцахаар” дээд, дунд, мэргэжлийн сургуульд ордог. Харин бүх лекцэндээ суудаг оюутан хэр олон байдаг билээ? Лекцэндээ сууж байгаа оюутнуудаас хэд нь багшийнхаа ярьж зааж байгаад анхааран мэдлэг шүүрч суудаг билээ? Тун цөөн нь, энэ бол яах аргагүй үнэн!
Онол ба практик салшгүй холбоотой. Практик дээр амжилттай хэрэглүүлэхийн тулд онолыг заадаг. Харин онолоо ойлгож мэдээгүй хүний практик бас л нэр төдий өнгөрдөг учраас хөдөлмөрийн зах зээл дээр дипломтойгоос цаашгүй “мэргэжилтнүүд” дүүрэн. Жинхэнэ мэргэжилтэн болж сургуулиа төгсч байгаа хүн тун цөөн байгаа нь нууц биш билээ.
Дээд сургуульд “сурч”, “мэргэжилтэн” болсон шалтгаан нь дунд сургуульд байхдаа л сурах хүсэлгүй болсноос үүдэлтэй. Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л. Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. Л. Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг юм байна гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн юм.
Сургуулийн зориулалт нь угаас юу билээ? Л. Рон Хаббардийн хэлсэн тодорхойлолт тун оновчтой санагдана: “Сургууль бол хүүхдээ хормойноосоо түр зуур салгаж өөрөө амрах гэсэндээ өгдөг газар биш. Сургууль бол хүүхдийн сурах чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйн амьдралд нь бэлдэж, амьдралд нь тохиолдох асуудлуудаа шийдэж чаддаг болгож өгөх, өнөөдрийн насанд хүрсэн хүмүүс хижээл насныхан болсон байх маргаашийн ертөнцийг гартаа авах бэлтгэлийг нь хангаж өгөх зориулалттай газар юм”
Хүүхдийг сур гэж шахахдаа яаж сурахыг нь зааж өгдөггүй нь боловсролын системийн маш том дутагдал. Нэн түрүүн яаж сурах вэ гэдгийг нь зааж өгч байх хэрэгтэй гэж Л. Рон Хаббард үзээд “Сурах технологи” аргачлалаа гаргасан билээ.
Боловсролын асуудлуудыг дээр ярьсантай уялдуулан харах юм бол эдгээр асуудлуудын шийдэл тийм ч хүнд биш, хамгийн гол нь хүүхдэд сургууль дээрээ сонсож байгаа шинэ үгнүүдийн утга учрыг сайн тайлбарлан ойлгуулах тал дээр анхаарч ажиллах юм бол томоохон үр дүн гарна. Хүүхэдтэйгээ ажиллаж, ойлгохгүй байгаа үгнүүдийнх нь утга учрыг тайлбарлаж өгч байвал сурах хүсэл нь алга болохгүй, хүүхэд чинь ирээдүйд хаа газар гологдсон “мэргэжилтэн” болохоос сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм шүү