Б.Оюунгэрэл: Бэлтгэлийн үед өөрийгөө эмэгтэй гэж боддоггүй

10806283_10204801296299973_6130481583239683112_n_700x700Монголын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулдаг цомын аварга шалгаруулах “SHINOBU CUP 2015” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Тэмцээн медальтай тамирчид, залуучуудын нээлттэй ангилал буюу медальгүй тамирчин, модель гэсэн гурван ангилалаар болсон юм. Медальтай тамирчин ангилалд найм, медальгүй буюу сонирхогчийн төрөлд 28, модель ангилалд 27 тамирчин оролцож, бие бялдрын гайхамшгийг мэрдүүлэв. Тэмцээний дүрэм ёсоор нийт тамирчдаас дараагийн шатанд 15 тамирчин үлдсэн. Тэдгээр тамирчдаас шилдэг таван тамирчныг байр эзлүүлсэн юм. “Shinobu cup-2015” тэмцээний модель ангилалд алтан медалийг Б.Оюунгэрэл, мөнгөн медалийг М.Гулиа, хүрэл медалийг М.Анужин нар хүртэж, Б.Халиунаа, М.Гүнжээ нар шагналт байрт шалгарав. Харин залуучуудын нээлттэй ангилал буюу УАШТ-ээс медаль авч байгаагүй тамирчин ангилалд  Л.Амгаланбаатар алтан медаль, А.Баатар мөнгөн медаль, Д.Мөнхтулга хүрэл медаль хүртэж, Г.Цэнгэл, А.Ганбаатар нар шагналт байрт шалгарсан юм. Медальтай тамирчдын ангилалд алтан медалийг Л.Саруулбат, мөнгөн медалийг Н.Сумъяа, Г.Жамц хүрэл медаль авч, В.Мягмарпүрэв, Б.Энх-Оргил нар шагналт тусгай байрт шалгарлаа. Энэ үеэр модель ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Оюунгэрэлтэй ярилцсан юм. Тэрээр бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн анхны тамирчин билээ.

Баяр хүргэе. Шинэ оны эхний тэмцээндээ амжилттай оролцлоо?

-Баярлалаа. 2014 онд бэлтгэл сайтай байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сүүлийн тэмцээндээ орсон. Тиймээс форм сайтай байлаа. Манай охидууд энэ спортыг сонирхох, оролцох нь жил ирэх бүр нэмэгджээ. Намайг хоёр жилийн өмнө анхны тэмцээнд орж байхад найман эмэгтэй орж байсан. Гэтэл одоо тайзан дээрээ багтахааргүй олон эмэгтэй ордог болсон байна. 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчид тайзан дээрээ багтахгүй хоёр ангилалд хувааж байсан.

-Тэмцээний хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Миний нэг онцлог бол өрсөлдөгчдөө хардаггүй. Яагаад гэвэл өрсөлдөгчөө харвал өөрийнхөө сэтгэл санааг унагах, итгэлгүй байдал үүсэх эрсдэлтэй. Энэ спорт бол харах гоо зүй учраас, тэр. Тиймээс тайзан дээр байхдаа надтай хамт хэн, ямар тамирчин финалд шалгарч вэ гэдгийг хардаггүй. Үзэгч, шүүгч, өөртөө илүү анхаарал хандуулдаг.

-Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яагаад бодибилдингийг сонгох болов?

-2008 оны аравдугаар сард анх бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед манай нөхөр миний багш байсан. Өндөр амжилт гаргах эх үндэс, хүчин зүйл бол миний нөхөр гэж хэлж болно. Бодибилдинг хоол хүнс, дэглэмийг нарийн шаарддаг спорт. Нөхөртэйгөө бэлтгэл сургуулилтаа базаадаг. Ямар ч үед хамт байж зовлон жаргалаа хуваалцдаг болохоор амжилтын гол үндэс, давуу тал маань хань минь гэж боддог.

Бодибилдингээр хичээллэж эхлэх үедээ тамирчин болно гэж төсөөлж байгаагүй. Ийм их хоолны дэглэм бариад хэцүү юм гэж боддог байлаа. Тэмцээн уралдаан үзэж, бэлтгэл сургуулилт хийгээд ирэхээр сэтгэл санаа, хандлага өөрчлөгддөг юм билээ. Ингээд 2009 оноос эрчимтэй хичээллэж, 2013 оноос тэмцээнд орсон. Тэмцээнд орж эхэлсэн жилээ дэлхийн аваргаас Монголын анхны медалийг авсан.

-Бодибилдингийн спорт цаг хугацаа их шаарддаг гэдэг. Гэхдээ та богино хугацаанд амжилт гаргажээ. Таны хувьд өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийдэг. Би өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу энэ спортоор хичээллэж байгаа. Өөрийгөө бэлтгэлийн үед хэзээ ч эмэгтэй гэж боддоггүй. Яг л эрэгтэй хүн шиг дайрч бэлтгэл хийдэг. Эмэгтэй хүн шиг байж бэлтгэл хийвэл амжилт гаргах маань удаан байх байсан. Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй байдаг учраас даавар нь удаан байдаг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа эрэгтэй тамирчидтай ижил хийдэг. Тэгж байж амжилт ирдэг болов уу. Би эмэгтэй тамирчид сайн байна уу, муу байна уу гэж боддоггүй. Харин эсрэгээрээ эрэгтэй тамирчдаа харж, аль хэсэгтээ илүү ажиллах ёстой вэ гэдгээ мэдэж авдаг.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манай нөхрийг Г.Дорж гэдэг бодибилдингийн спортын ОУХМ. Улсын долоон удаагийн аварга. Олон улсын цомын аварга, Зүүн Азийн хошой хүрэл медальтай тамирчин. Нөхөр маань надаас өмнө 10 жил хичээллэсэн. Тэр хүний арван жилийн туршлагыг би өөртөө богино хугацаанд нааж чадсан. Хэрэв би нөхөртэйгээ суугаагүй, өөр дасгалжуулагчтай байсан бол ийм амжилт гаргахгүй байсан биз.

-2015 онд ямар зорилт дэвшүүлээд байна. Анхны тэмцээндээ түрүүллээ. Бодсон тэмцээн уралдаан нэлээд бий болов уу?

-Би уг нь энэ жил өнжье гэж бодож байсан юм. Харин энэ тэмцээнд санаандгүй байдлаар орсон. Дараагийн тэмцээндээ орох уу өнжих үү гээд нэлээд эргэлзээтэй байна. Ер нь 2015 он гэлтгүй цаашид Ази болон дэлхийн аваргынхаа медалийн өнгийг хувиргах. Медалийнхаа тоог нэмэх, нөхрийнхөө гаргасан амжилтад хүрэх гээд бодсон, төлөвлөсөн зорилт бий.

-Яагаад өнжинө гэж?

-Гэр бүлийн асуудлаа хойш нь тавьчихсан байсан юм. Тэмцээн уралдаан, бэлтгэл гэсээр хүүхэд гаргах асуудлаа 6-7 жил хойш тавилаа. Тиймээс энэ жил нэлээн бодож шийдвэр гаргах хэрэгтэй байна.

-Энэ спортоор хичээллэх сонирхолтой, хүсэлтэй байгаа охидуудад хандаж, ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Зарим охид надаас асуудаг л даа. “Би тань шиг төмөр өргөөд том булчинтай болох уу. Эсвэл яг хүссэн газраа булчинтай болж чадах уу” гэх зэрэг олон асуулт асуудаг. Эмэгтэй хүн байгалиасаа сул гормонтой өөхлөг, булчин багатай байдаг. Эрэгтэй хүнтэй ижил дасгал сургуулилт хийсэн ч хэзээ ч эрэгтэй хүн шиг болж чадахгүй. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийж чадвал өөрийнхөө галбирыг төгс эмэгтэйлэг хөгжүүлж чадна. Энэ л эмэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл. Тиймээс хэт том булчинтай болно гэж айлгүй, хойш нь тавилгүй хичээллэх хэрэгтэй. Тарган хүн турахад, туранхай хүн таргалахын тулд булчинтайгаа ажиллах ёстой байдаг. Манай охид эм тариа хэрэглээд, хоол сойгоод турчихна, гоё биетэй болно гэж боддог. Энэ бол тийм биш. Хүн хөлсөө хэр сайн гаргана тэр чинээгээрээ гоё бие галбиртай болно.

-Бусад орны тамирчидтай монгол охидыг харьцуулбал?

-Тухайн орон орны онцлогоос хамаардаг. Монгол охидын хувьд цаг уурын эрс тэс нөхцөлд амьдардаг учраас нэлээд өөхлөг байдаг. Европууд өндөр таазтай, бразилчууд том өгзөгтэй, солонгосууд том шилбэтэй зэрэг орон орны онцлог бий. Монголчуудын хувьд дундаж темптэй гэж ойлгодог. Хэрэв манай охидууд үнэхээр хичээвэл пропорцын хувьд жигд байдаг. Энэтхэгт болсон дэлхийн аваргаас харж байхад Энэтхэг тамирчид урт хөлтэй богино цээжтэй. Хүмүүс урт хөл гоё гэж ярьдаг. Гэхдээ ихэдсэн зүйл үнэхээр эвгүй харагддаг юм билээ. Харин манай охидуудын биеийн харьцаа хөгжих боломжтой нормал биетэй хүмүүс юм байна гэж бодсон. Хэрэв хүсээд хөгжүүлвэл амжилт гаргах бүрэн боломжтой юм билээ.

эх сурвалж:Полит.мн

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …