Хүн бүр өөрийн үзэл санааны суурь баримжаатай байдаг. Энэ баримжаа нь тухайн хүний үзсэн туулсан, уншсан мэдсэнээс нь шалтгаална. Зарим нь үзэл санаа талаас нь “дагадаг” бол өөр хэсэг хүмүүс зөн совин, түүхэн нөхцлөөс шалтгаалж “өөрийн гэсэн бодолтой” болсон байдаг.
Либериалистүүд хуучин системийг, социал демократууд коммунистуудыг, экологийн баримжаатай хөдөлгөөнүүд эдийн засгийн хэт өсөлтийн үеийг үгүйсгэж “төрцгөөсөн”. Талууд байр сууриа бэхжүүлэхийн тулд эсрэг талаа “үгүйсгэнэ”. Аль алинд нь онолын хийгээд, учир шалтгааны хангалттай үндэслэл, үнэмшим хийгээд үл үнэмшим тайлбарууд бий.
Тэдний байр суурийг хэрхэн хүлээн авснаас шалтгаалан хүмүүсийн дунд үзэл санааны зөрүү бий болдог. Тэд дэмжиж байгаа үзэл санаа руугаа хэлбийж, санаа нэгтнүүдтэйгээ нэгдэн нийлдэг. Ингэж нам бий болно.
1789 онд… Хүн төрлөхтөний түүхэнд эргэлт авч ирсэн Францын хувьсгал эхэлжээ. Чухам энэ үеэс үзэл санааны талцал “хэлбэржиж”, зүүнтэн баруунтан гэгдэх нэршил албан ёсоор үүссэн юм. Францын хамгийн анхны парламент болох Үндэсний чуулганаар Бүгд найрамдах засаглалыг авах уу? XVI Людвихын хаант засаглалыг хэвээр үлдээх үү? гэдэг альтернативт хариулт өгөх хэрэгтэй болсон аж.
Үндэсний чуулганы төлөөлөгчид санал хуваагджээ. Хаант засаглалыг баримтлагч жирондууд, бүгд найрамдах засаглалыг баримтлагч якобинчүүдийн хооронд ширүүн маргаан дэгдлээ. Тэд байр сууриасаа шалтгаалан танхимын зүүн баруун жигүүрт хуваагдан суусан байна. Палайз Бурбон нэртэй парламентын танхимын баруун талд жирондууд суусан бол, харин зүүн жигүүрт якобинчууд сууж байв. Үзэл санааны талцал ийнхүү анх удаа “зүг чиг”-тэй болсон ажээ.
Хүний эрх, хувийн өмч, төрийн оролцоог хэр зэрэг чухалчилж байгаагаар нь зүүн ба барууны үзэл ялгарна. Тэгэхээр ямар үзэл сурталыг баримжаалж байгаагаар нь намуудыг зүүний ба барууны намууд хэмээн үздэг.
Баруунаас хэт баруун фашистууд, консервативчүүд, либериалууд гэсэн дарааллаар төв цэг дээр ирдэг бол, зүүнийхэн хэт зүүний коммунистуудаас, социалистүүд, социал демократууд гэсэн эрэмбээр бас л төв цэгт хүрнэ. Маш олон нео тодотголтой үзлүүд байдаг ч энэ хүрээнд “чихцэлдэн” оршдог.
Нийгмийг бүхэлд нь өөрчилж, хувийн өмчөөс нийтийн өмчийг түлхүү тавигчдыг зүүнтнүүд гэх бол, хувийн өмчийг дээдэлж, төрийн зохицуулалтыг үл хэрэгсэх санаатнуудыг баруунтнууд гэнэ.
Хүн төрлөхтөн өнгөрсөн зуунуудад үзэл сурталын энэ баримжааг хэт туйлшруулан зүүнтэн баруунтнаар бодитой хуваагдаж байсан үе бий.
Гэвч хэт барууны нацизм, хэт зүүний коммунизм хоёулаа XX зуунд хэрэгжих гэж оролдоод сүйрсэн тул эдгээр гашуун сургамжийн дараа Францын хувьсгалаас хойш яригддаг байсан зүүн, барууны гэгдэх хатуу байр суурь үлэмж суларсан билээ.
Одоо зүүнтэн ба баруунтан гэж намуудыг загварчлах нь баримжаа төдий болсон.
Нийгмийн зарим секторт төрийн оролцоог илүү чухалчилж, орлоготой хэсгээс хураасан татвараар нийгмийн эмзэг хэсгийг тэтгэх үйл ажиллагааг байнга нэмэгдүүлж байх ёстой гэсэн үндсэн парадигм баримтлагчдыг зүүнтнүүд гэж баримжаалан ойлгох хэрэгтэй болов уу.
Үүнтэй зэрэгцээд баруунтан гэхээр л хувийн өмчийг хэт шүтсэн, нийгмийн хүчин зүйлийг үгүйсгэдэг “гар”-ууд гээд шууд ойлгочихож болохгүй нь мэдээж. Харин үнэхээр ийм зүйл хийгээд байвал өөр хэрэг л дээ.
Тэгвэл зүүнтэн баруунтан гэх “шаардлагагүй” болчихсон юм уу гэж асуух хүн гарах байх. Яг тэгээд хатуу ойлгочихвол баримжаагүй болох зовлон бас байна аа. Харин үзэл сурталын баримжаагаа, намууд яг мөрдөөд байдаг мэтээр битгий туйлшруулж ойлгоорой л гэж хэлэх гэсэн юм.
Өнөөдөр төрийн оролцоо, нийгмийн халамжийн талаар барих бодлогоор нь улс төрийн намуудын зүүн, барууны чиг баримжааг нь тодорхойлох хандлага зонхилж байна.
Социал демократ намууд бүх асуудлаа бие даагаад шийдчих мөнгө орлоготой, дундаж иргэдийн тоог нэмэгдүүлэхийг түлхүү ярьж байхад, хүний эрхийн үзэл санааг шүтэх нь баруунтнуудын дунд түгээмэл хандлага. Аль алинд нь авах зүйл байгаа.
2003 оны Германы канцлерын сонгуулиар аль нам нь төв цэгт буюу иргэндээ илүү ойр байгаа талаар халуун маргаан өрнөснөөс хойш, үзэл сурталын талцал үнэхээр нэр төдий болсоор байна.
Хэдэн жилийн өмнө бол “галзуурал” байсан асуудал өнөөдөр бараг энгийн үзэгдэл болсон. Баруунтнууд нийгмийн халамжийг амлаж, зүүнтнүүд төрийн оролцоог бууруулахыг шаардаж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн юм.
Монголд эрх баригч Ардчилсан намыг зүүн зүгт “явж”, улс төрийн бодлого нь хурааж, хориглох зэрэг хэт зүүний байр суурьтай байгаа талаар нийтлэлч Баабар шүүмжилсэн байсан даа. Ардчилсан намыг баруунд хамаарах хэдий ч, Монголд бүртгэлтэй бусад намуудаас илүү зүүний, тэр тусмаа коммунист чиг баримжаатай ажиллаж байгаа гэж шүүмжилсэн түүний байр суурь үнэний хувьтай.
“Ардчилсан нам” гэсэн нэртэй ч коммунист үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, “Ард түмний нам” нэртэй ч ганц хүн ажилладаг намууд байж болно л доо. Нэр нь бус үйлдэл нь үзэл баримтлалыг нь “хэлээд өгдөг”-ийн нэг жишээ.
Саяхан манай нэг эрхэм… Малчин нэг үнээтэй байжээ. Хэрэв консерватив нам бол үнээг нь саагаад сүүг нь баячуудад хувааж өгнө… либераль нам бол … гэж Хитлерын илтгэлдээ эшлэх дуртай байсан жишээгээр өнөөгийн Монголын намуудыг зааглан “сүрхий” тайлбарласан байна билээ. Тэр бол үзэл сурталын баримжаалалыг шууд “механик”-аар ойлгосон “байдаг” л нэг тэнэглэл.
Манай улс төрчид өнөөдрийг хүртэл зүүнтэн баруунтнаар ялгах онолын загварчлалаар “гул барин” нэгнээ зүхэж, сонгогчдыг хагалан хуваасан хэвээрээ…
Үүнийг нь механикаар дэмжигч хүмүүс нөгөө намаа муулах, “доош нь хийх” ажиллагааныхаа “онол”-ын үндэслэл болгочихсон “амьдарч яваа”.
Жишээ нь зүүнтэн гэгддэг социал демократуудыг коммунистуудтай нэг зүгт хамаардаг гэж хялбархан ойлгочихоод муусайн зүүнтний “гар”, муу коммунистууд гэж ирээд, харааж, зүхээд явбал үзэл сурталын талаар мундаг ойлголттой, ухаантай нөхөр гэгдэхээс өмнө солиотой гэдгээ харуулна.
Учир нь коммунистүүдийг шүүмжилж, бүтээлчээр засварласан социал демократуудыг “шүүмжлүүлэгчтэй” нь адилтгаж үзэх нь хаашаа ч юм. Лав л эрүүл хандлага биш.
Судлаачид үүнийг “нялхасын өвчин”-д хамаатуулдаг юм билээ. Нялхасын өвчин ч дотроо зүүний барууны гэж бас байна аа. Байна.
Нийтлэлч: Очирбатын Алтансүх
Ugluu.mn