Аливаа улс орны хөгжилд тухайн үндэстний шинийг хүлээн авч хөгжүүлэх чадамж, иргэдийнх нь боловсролын түвшин, нийгэм эдийн засгийн чадавхи, газар зүйн байрлал гээд тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Гэхдээ эдгээрийн дотроос иргэдийнх нь “амьдралын төлөөх тэмцэл” хэр хүчтэй байх нь тухайн улсын хөгжлийн жинхэнэ хөдөлгөх хүч гэж үзэх судлаачид бий. Хүмүүсийн амьдралын төлөө тэмцэлд их зүйл нуугдаж байдаг тухай дээрх санааг посткоммунист орнуудад иргэдийн өөрийн амьдралаа дээшлүүлэх тэмүүлэл нь тухайн улсынхаа эдийн засгийн өсөлтийн далд шалтгаан болж байсан талаар эдийн засагч Эрнандо Де Сото нэгэн судалгаандаа гайхан өгүүлсэн байдаг.
Үсрэнгүй хөгжилд хүрч чадсан олон улс оронд амьдралын чанар дээшилж, харин иргэдийнх нь дээр өгүүлсэн тэмүүлэл нь илт бүдгэрч, өөрчлөлтийг түлхэх хүний хүчин зүйл сулрах болсон талаар олон судлаачид сэтгэл эмзэглэн ярих болжээ.
Өнөөдрийн амьдралаасаа илүүг “хүсдэггүй Япон, Америк залуус бол азтай үеийнхэн. Тэдний өнөөгийн “жаргалант” амьдралынх нь төлөө эцэг нь, өвөө нь, өвөөгийн өвөө нь гээд хэд хэдэн үеэрээ хүнд хөдөлмөр туулж, өлөн зэлмүүнээр амьдарсан.
Хоёр дайныг эхлүүлснийхээ хор хохирлыг нь хангалттай амсаж, төмөр хөшигний нөлөөт амьдралын зааг ялгааг туулсан Германчуудын өнөө үе бол хэдэн үеийнхний уйгагүй, хэрнээ цуцашгүй хөдөлмөрийн үр жимсийг хүртэгчид юм.
Улс орон бүрт хөгжлийн төлөө зүтгэсэн хэд, хэдэн үеийнхэн байдаг. Шинжлэх ухаан, техник технологи, нийгмийн инженерчлэлийн олон туршилтыг бүтэн үеэрээ туулсан бидний өвөг дээдэс хойч үедээ амьдрах ухаан, дадлага туршлагаа алдаа оноотойгоо өвлүүлсэн.
Дэлхийн дайны өмнөхөн Английн ерөнхий сайдын ажлыг хүлээн авсан У.Черчилл, иргэддээ хандан хүнд хэцүү цаг үед илүү их хөдөлмөрлөж, жаахан цалинтайгаар ажиллах болсон тухай нь зоригтойгоор хэлж байсан гэдэг. Хатуу ч гэсэн түүний хэлсэн үг, газар зүйн их нээлтээс хойш тэргүүлэх статус нь илт бүдгэрээд байсан Британичуудад нэгийг ухааруулж чадсан гэх.
Яг л түүнтэй адил ёстой л хүнд хөдөлмөр, цуцалтгүй тэмцэлээр ирээдүйгээ байгуулах үүрэг бидний үеийнхэнд иржээ.
Өнөөдөр Монголд дуучин, бүжигчинээс эхлээд, загвар өмсөгч шалгаруулах, хамтлаг байгуулах телевизүүдийн шоунууд тоолж баршгүй. Тэр бүрт оочер дугаар нь бараг гурван оронтой тоогоор хэмжигдэнэ. Залуус ихэнх цагаа өнөөдөр ийм л зүйлд “үрж” байна. Би дуучин бүжигчин мэргэжлийг хэрэггүй гэсэнгүй. Үнэгүйдүүлэх ч гэсэнгүй. Буруутгах гэсэнгүй. Гэхдээ энэ оронд үеийн далан барьж, давхар зам тавьж, метро хийчих мэргэжилтнүүд дуучдаасаа илүү чухал үедээ ирээд байна шүү дээ.
Бидэнд оддын амьдрал, улс төрчдийн үйлдэлээс чухал юм бараг үгүй. Эгэл жирийн санаачлага, бүтээлч хүмүүсийг алдаршуулахад цаг, нүүрээ “харамладаг” сонин, хэвлэл телевизүүд харин энэ сэдэвт ёстой “хэрэггүй зүйл”-д бүхнээ зориулдаг. Аль нэг одын эхнэрээсээ салсан, шинэ шивээс хийлгэсэн нь нано технологийн талаар бүтээлч ярианаас хамаагүй илүү ач холбогдолтой сэдэв мөн.
Мэргэжилдээ өсөж яваа залуухан физикчийн халуун цөсийн урвалын судалгааг жирийн нэг залуу “доош нь хийж” байхад, лайтай ч юм шиг мань мэтийн мэргэжил үнэндээ амны зугаа төдий зүйл биз.
Гэхдээ улс төрчдөө өөрчлөх гэж дэмий оролдсноос өөрсдийгөө өөрчил гэсэн алдарт Хаейкийн үгийг хэрэгжүүлж, иргэний боловсролыг дээшлүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ дээ гэж би л хувьдаа боддог. Бүхний мэддэг юм шиг энэ сэдэв яг эсрэгээрээ хэний ч сайн мэдэхгүй түм буман асуудалтай байдаг билээ.
Хүн бүрийн сайхныг зорих хүсэл, амьдралын төлөө тэмцэл нь улс орныг чадавхижуулдаг гэж дээр өгүүлсэн дээ. Саяхандаа би Төв аймгийн Баянчандмань суманд нэгэн үнээний ферм дээр очсноо ер мартдаггүй. Фермийнхээ хаягдалаас метаны хий гаргаж, түүгээрээ цахилгаан дулааны асуудлаа бүрэн шийдсэн, шинэ технологи ашиглан инкубаторт тэжээлээ тариалж үнээндээ өдөр бүр өгдөг, нүсэр ажил болж хийдэг дарш бэлтгэх ажлыг хөнгөвчилсөн гээд бөөн шинэ санаа. Хамгийн гол нь бүх зүйлээ өөрийн гараар, Монголчилон хийсэн байсан.
Хөдөлмөрч ахын зөвлөгөө, ажил үйлс үнэн бишрэм байж билээ. Ажилдаа эзэн нь болсон ийм л эгэл даруухан хүмүүс хөгжлийг авч ирдэг ажээ гэж бодогдсон. Тэднийг шинэ үеийнхний бахархал, амьдралынх нь чиг баримжаа болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэм.
Нийгэм бидэнд боломж олгож байна, хэрхэн ашиглах нь биднээс шалтгаална. Хүн бүр өөрийн ажилдаа эзэн нь байж, өөрийгөө хөгжүүлж, шинийг санаачилж ажиллах тэр цаг үе иржээ найзууд аа. Салбар салбартаа шинэ санаачлага, ажлын хэв маяг, амьдарлын соёлыг бүтээж, мэргэжилтнээс суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, хойч үедээ сайхан ирээдүйг үлдээх түүхэн үүргээ ухамсарлая залуус аа.
Энэ бяцхан өгүүлэлийнхээ төгсгөлд Парамоунт пикчерзийн алдарт бүтээл “Форест Гамп”-ын тухай яагаад ч юм өгүүлмээр санагдлаа. Үнэхээр лут бүтээл. Олон хүмүүс үзэх дуртай байх. Киноны гол баатар Гамп өөрийн “явцуухан” мэдээлэл, ардчилсан нийгмийн нээлттэй боломжийг бүрэн ашигласнаар амжилтанд хүрч, “дүнхүү” түүнээс хавьгүй их боломжийг бурханаас “авсан” үзэсгэлэнт Женни бүсгүйн амьдрал эсрэгээрээ өрнөдөг. Өөрт олдсон боломжоо хөгжүүлэхийн оронд нэр алдрын төлөө бүтэлгүйхэн хөөцөлдсөөр амжилт олоогүй Женни бүсгүйн амьдрал.
Олон олон салбарт амжилт олох боломжоо Женни шиг дэмий үрвэл харамсмаар биш үү найзууд аа. “Адгийн тэнэг” Гампын хэлэх дуртай … Тэнэг хүнийг л тэнэг гэдэг… хоржоотой үг бидэнд нэгийг сануулж буй юм шүү… Суутнуудаас биш гэхэд, Форест Гампаас суралцахад ч багадахгүй мэт санагдсанаа нуух юун.
Улс төр судлаач Очирбатын Алтансүх