үн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, 60 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн II дайнд цэг тавин нацист Германыг бут цохисон ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг. Энэ дайнд хамгийн их гарз хохирол амсч, нацист Германыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн манай хойд хөрш ЗХУ-ын эрэлхэг дайчдыг зоригжуулдаг ганц дуу байсан нь “Катюша” билээ. Анх ЗХУ-ын дайчид алс дорнодод Хасан нуурын ойролцоо Японы милитаристуудтай тулалдаж байх үед буюу 1938 оны намар олны хүртээл болсон уянгалаг дөлгөөн аятай энэ дуунд голын эрэг дээр гаран захидал бүрийг нь нандигнан хадгалдаг хайртай цэрэг эрээ санан дуулдаг Катюша бүсгүйн тухай өгүүлдэг.
Нацистууд ЗХУ-д цөмрөн орсон 1941 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс хойш энэ дуу хойд хөршийн дайчдын жинхэнэ сүлд дуу болон дахин амилсан гэдэг. Герман цэргийн айдсыг хүргэдэг ЗХУ-ын реактив сумаар харвадаг явуулын зэвсгийг ч “Катюша” гэж нэрлэсэн юм. Хэдийгээр энэ дуунд гардаг Катюша бүсгүй зохиомол дүр боловч дайны талбарт тулалдаж явсан Катюша нэртэй олон зоригт бүсгүйд зориулан зэвсэг нэгт эрчүүд үгийг нь өөрчлөн дуулдаг байжээ.
Тэдний нэг нь эрэлхэг пулемётчин бүсгүй Катюша Пастушенко юм. Дайсны олон цэргийг устгасан тэрээр салаанаасаа ганцаархнаа амьд үлдэн германуудад бүслэгдэхдээ ч нэмэлт хүч иртэл аймшиггүйгээр тулалдсаар байсан тухай 1943 оны нэгдүгээр сарын 10-нд ЗХУ-ны дөчин дөрөвдүгээр армийн “На штурм” сонинд бичжээ. Түүний эр зоригийг бахдан байлдагчид үгийг нь өөрчилсөн “Катюша”-г дуулж өгсөн гэдэг.
Хачирхалтай нь фронтын шугаманд энэ дууг өдөр бүр шахам сонсдог байсан нацистууд хүртэл “Катюша”-д дуртай болсон аж. Тэр ч бүү хэл Германы 125 дугаар дивизийн маршийн дуу “Primavera” “Катюша”-гийн аятай байжээ. Ингээд, оросоос гадна итали, япон, герман, финланд, англи гээд олон хэлээр дуулагдан дэлхий даяар тарсан энэ алдарт дууны үгийг толилуулж байна.