Газар барьцаалсан гэрээний үүрэг хангагдаагүй бол үр маргах журмаар шийдвэрлэдэг болно

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

DSC_5153Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч иргэн Л.Цогийн гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тотгоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат оролцжээ.

DSC_5155Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас “Цагаан суварга”-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон “Монголын Алт” ХХК төрд нөхөн төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болон “Монголын Алт” ХХК хооронд байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай №ХАЗ/2005/06/149 дугаар гэрээ, “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал нөхөн төлөх гэрээ дүгнэсэн тухай акт”-аар нотлогдож байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигг малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэсэн байна гэж үзжээ.

Иймээс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

DSC_5157Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2002 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, иргэд газар өмчлөх боломж бүрдсэн. Уг хуулийн 27 дугаар зүйлд “иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй байхаар заасан. Улмаар Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Иймээсгазар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалт бий болгох, мөн үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтшаардлагатай байгааг харгалзан хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдав.

DSC_5200Хуульд тусгайлан заасан, талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах одоогийн зохицуулалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газар барьцаалсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж болох, мөн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмэхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн талууд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар тохиролцсон бол мэдэгдэх хуудас үйлдэх заалтыг Нотариатын тухай хуульд нэмж тусгахаар зохицуулсан байна. Энэ хуулийн төсөл батлагдснаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ.

DSC_5154Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Л.Болд, Г.Баярсайхан нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Баярсайхан, С.Ганбаатар нар саналаа хэлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд хуулийн төслүүдийн агуулга нь Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй байгаа тул үндэслэлээ сайн тайлбарлаж хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй, мөн иргэдийн өмчтэй холбоотой энэ асуудалд болгоомжтой хандаж иргэдийн үл хөдлөх хөрөнгийг хамгаалах, эрхийг нь баталгаажуулах, ялангуяа насанд хүрээгүй, эрхийн бүрэн чадамжгүй иргэдийн өмчлөх эрхийг хамгаалахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслүүд нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй, тийм үндэслэл ч байхгүй. Учир нь маргаан гарсан тохиолдолд нотариатын гүйцэтгэх хуудсыг шүүх баталгаажуулснаар асуудал шүүхийн журмаар шийдэгдэх боломжтой.

Энэ хуулийн төсөл нь хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, өмчийн эзний эрхийг баталгаажуулах, зээлийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол иргэд өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, өнөөгийн байдал хэвээр үргэлжлэхэд хүрнэ. Иргэд ч үл хөдлөх хөрөнгөө барьцаалахдаа хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй, энэ бол зах зээлийн шаардлага юм гэдгийг хэлж байв.

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …