Мөнгө босгох амархан буюу краудфандинг

4f8918220d1b4b34big

Бизнес эхлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Уламжлалт ойлголтоор мөнгийг нэг бол чинээлэг этгээдээс хөрөнгө оруулалт гуйх, эсхүл зээл авах гэж л ойлгодог. Монголоор дүүрэн санаа, даанч мөнгө олдохгүйн зовлон бүгд тоочно. Банк, санхүүгийн байгууллагаас зээлье гэвэл барьцаа гэх айхтар асуудалд тулна. Гэтэл дэлхий хэт хурдан эргээд, сайтар боловсруулсан санаа, төсөлтэй бол барьцаа хөрөнгө шаардахгүй хөрөнгө босгох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаар олон алхам хоцорчээ. Асуудал огт мөнгөнд биш, шинэ санаа олох, араас нь тууштай зүтгэх болж.

Өнөөдөр crowdfunding (оновчтой орчуулж чадаагүй тул цаашид краудфандинг гээд явъя) гэх санхүүгийн хэрэгслээр дамжуулан итгэлцлийн үндсэнд гэртээ сууж байгаад олон түмнээс санхүүжилт босгодог болж. Сайхан санаа төрлөө, судаллаа, төслөө бичлээ, интернетд байршууллаа, хэдэн зуун хүнээс мөнгө босоод ирэх нь. Барьцааны талаар бүр асуух ч үгүй. Технологийн хөгжилтэй уялдан үнэхээр ашигтай, ирээдүйтэй сайхан санаа байвал мөнгө олох амархан болжээ. Болжээ ч гэж болоод даруй 10 гаруй жил өнгөрч.

Хамгийн анхны краудфандинг тэртээ 1860-аад оны үед Эрх чөлөөний хөшөөг барихад ашиглагдсан. Хөшөө барих мөнгөгүй байсан тул Жозеф Пулитцер (хожим сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагналыг уг эрхэмийн нэрэмжит болгосон) гэх эрхэм өөрийн The New York World сонингоор дамжуулан хандив цуглуулах аян өрнүүлжээ. Үр дүнд хөшөөг барьж дуусгахад хангалттай байсан 101,091 ам.долларыг 160,000 гаруй хувь хүн хандивласан байна. Эдгээрээс 120,000 гаруй хүн нь нэгээс бага долларын хөрөнгө оруулсан байх юм.  Энэ дунд хүүхдүүд, гудамж цэвэрлэгчээс авахуулаад улс төрч зэрэг нийгмийн бүх давхаргынхан багтаж. Улмаар 1997 онд Британы рок хамтлаг Мариллион (Marillion) аялан тоглолтдоо зориулж интернетээр 60,000 ам.долларын хандив босгосныг зарим судлаачид орчин цагийн анхны краудфандинг гэж үзэх нь бий. (Bradley & Luong, 2014). Яг жинхэнэ утгаараа 2000 онд анхны платформ болох Artistshare үүссэн байдаг.

Краудфандингийн зах зээл 2012 онд 1.1 сая төсөлд 2.7 тэрбум ам.доллар эргэлдсэн бол 2025 онд энэ тоо 300 тэрбумд хүрэх төлөвтэй гэнэ (Meyskens & Bird, 2015). Атаархам хэдэн жишээ дурдахад, The Pebble хэмээх ухаалаг цаг бүтээх төсөл 2012 оны 4 сард Kickstarter гэх краудфандинг веб хуудсаар дамжуулан сарын дотор 100,000 ам.доллар босгох аян эхлүүлжээ. Гэтэл хоёрхон цагийн дотор энэхүү хөрөнгө бүрэн цуглаж, улмаар 28 цагийн дотор 1,000,000 ам.долларт хүрсэн байх юм. Эцэст нь 2012 оны 5 сарын 18-ны өдөр гэхэд нийт 68,929 хувь хүнээс 10,266,845 !!! ам.долларын хөрөнгө татаж чаджээ. (Bradley & Luong, 2014). (Манай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 10.8 сая ам.доллар). Түүнчлэн, Double Fine хэмээх компьютерын тоглоом үйлдвэрлэгч 2012 онд 400,000 ам.доллар хоёр сарын хугацаанд босгох аян эхлүүлээд эцэст нь нийт 87,142 хувь хүнээс 3,335,371 ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.

Краудфандингд орон зай, цаг хугацааны хязгаар гэж үгүй. Sellaband гэх краудфандингийн сүлжээнд ажиглалт хийхэд 50,000 ам.доллар хэрэгтэй төсөлд дунджаар 609 хувь хүн хөрөнгө оруулсан байна. Хөрөнгө оруулагч болон хөрөнгө татагч дунджаар 5000 километрийн зайтай байрлах жишээний (Agrawal, Catalini, & Goldfarb, 2015).

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг гуай олон улсын санхүүгийн зах зээлд хэдийнээ орон зайгаа эзлээд буй краудфандингийн практикыг ашиглан хуучин хэвлэх үйлдвэрийн байрын хувьчлалд оролцох санаачлага гаргаж, тодорхой хэмжээнд ажил хэрэг болгосон нь маш чухал алхам байлаа. Багагүй хөрөнгө ч цугласан байна. Гэхдээ энэ бүхнийг хялбархан зохион байгуулдаг цахим сайтууд хэдэн зуугаараа бэлээхэн ажиллаж байгаа тул энэ мэт санал санаачлагуудыг ихээр гаргаж, энэ зах зээлд идэвхтэй хамрагдах нь чухал юм.

Энэ зах зээл дээрх томоохн платформуудаас танилцуулахад Indiegogo гэх 2008 онд байгуулагдсан хөгжим, кино, жижиг бизнес, хандивын арга хэмжээнд голчлон ашиглагддаг систем бий. Бүртгүүлэх, төслөө танилцуулах, мөнгө босгоход их хялбар. Мөн 2009 онд байгуулагдсан Kickstarter бол краудфандингийн зах зээл дээрх гол тоглогч. Товлосон өдөр тань хүссэн мөнгө цуглаагүй тохиолдолд мөнгийг нь буцаагаад л өгчихдөг. Товлосноос харин их мөнгө цуглавал өөртөө авч болдог аж. 2013 онд энэ сайт дээр 499 сая ам.доллар боссон байх юм. За цаашлаад Fundable, Microventures гээд олон арван платформ байдаг.

Онолын хувьд краудфандингийг хандивын, зээлийн, урамшууллын, хувьцааны гэсэн үндсэн 4 хэлбэрт хуваадаг байна. Хандивын буюу donation model нь нийгэмд тустай үйл ажиллагаанд хандив цуглуулдаг фандрайзингтэй ихээхэн төстэй. Манайд нийтлэг хэрэглэгддэг боловч заавал ресторан, заал түрээсэлж, дуудлага худалдаа зохион байгуулж, урлагийнхныг урих шаардлагагүй, гэртээ сууж байгаад л хийх боломжтой ажээ. Scripps гэх судалгааны институт Эбола өвчнийг эмчлэх судалгаанд зориулж (https://www.crowdrise.com/CureEbola) хандивын краудфандинг санаачлахад 100,000 ам.долларын хөрөнгө цугласан байх жишээний.

Зээлийн буюу peer2peer lending гэх хэлбэр нь ёстой банк, санхүүгийн байгууллагынхны хүрч ажиллаж чаддаггүй хэсэгт зээл хэлбэрээр хөрөнгө оруулдаг. Бүр хүүгүй зээлэх нь ч бий. Банкны зээлийн шаардлага хангах боломжгүй Сан-Франциско хотын Teresa Goines гэх ахайтан Puddle гэх краудфандинг системийг ашиглан 41 хүнээс 5,000 ам.доллар зээлж ресторан байгуулаад удалгүй төлж барагдуулсан байх юм. Энэхүү Puddle платформ нь Фэйсбүүк болон банкны дансны дугаараа ашиглан 3-6 сарын хугацаатай 5-8 хувийн хүүтэй барьцаагүй зээл зуучилж өгдөг аж. Kiva гэж бас олон улсын бичил бизнес эрхлэгчдэд зээл босгож өгдөг платформ байх. Peer2peer зээл олгогч нь ихэвчлэн зээлийн эрсдэлээ өөрсдөө хариуцдаг. 2014 оны 11 дүгээр сарын байдлаар уг сайт 1.4 сая бизнес эрхлэгчдэд 639 сая ам.долларын нийт 804,000 зээлийг олгоход зуучилж өгчээ. Ингэхдээ дэлхийн 84 оронд байрлах 288 бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан ажээ.

Урамшууллын буюу reward model нь хөрөнгө оруулсаны шагнал болгож бүтээгдэхүүн, эсхүл өөр хэлбэрийн өгөөж хүртэхийг амлах замаар мөнгө татдаг хэлбэр ажээ. Жишээлбэл, хүүхдийн малгай үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулах зорилготой Перу Улсын ядуу бүсийн эмэгтэйчүүдийн Krochet Kids гэх төсөлд хөрөнгө оруулсаны төлөө өөрийн нэр, логог үйлдвэрлэсэн малгайн дээр байрлуулах, эсхүл Перу явж нөхцөл байдалтай танилцах аялалыг зохион байгуулж өгөхийг амлах замаар шаардлагатай хөрөнгөө босгож чадсан жишээ байна (Meyskens & Bird, 2015).

Эцэст нь хувьцааны буюу equity model. Олны хүч оломгүй далай гэдэг шиг ирээдүйд ногдол ашиг, эсхүл хувьцааны үнэлгээнээс ашиг олох хүлээлттэйгээр хөрөнгө оруулж хувьцаа эзэмших хэлбэр.

Краудфандингт мэдээж сул тал олон бий. Цэвэр итгэлцэл дээр суурилсан тул ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй. Хувьцааны хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд ашиг хэзээ олох нь бүрхэг. Хувьцаагаа борлуулах боломж хязгаарлагдмал. Хууль бус мөнгөөр санхүүжилт хийгдэх магадлалтай гэх мэт.

Энэ төрлийн санхүүгийн хэрэгслийг Ерөнхийлөгч Обама дэмжин 2012 онд Jumpstart Our Business Startups (JOBS) гэх хуулийг баталж жижиг хэмжээний, шинээр үүсгэн байгуулагдаж буй, хөрөнгө мөнгөгүй компаниуд хөрөнгө оруулалт татахад тавигдаж ирсэн дүрэм журам, шаардлагуудыг хөнгөлсөн байх юм.

Энэ төрлийн бизнест амжилт олох хамгийн гол хүчин зүйл бол төслийн чанар ажээ. Бизнес эрхлэх этгээд тулгарч болзошгүй эрсдлийн талаар сайтар судалж, харгалзан үзэж түүнийгээ нээлттэй танилцуулсан байх нь амжилттай краудфандинг хийх үндэс болдог. Түүнчлэн, компаний засаглалын талаар нарийвчлан тайлагнасан байвал амжилтанд эерэгээр нөлөөлдөг гэнэ (Kuti & Madarász, 2014).

Эцэст нь энэ чиглэлээр хийсэн маш олон судалгаа олж танилцаж болно. Google scholar гээд сайхан зэвсэг байхад мэдээлэл олдохгүйн зовлонгүй болсон цаг. Иймд ашигласан, сонирхолтой санагдсан судалгааны материалуудыг https://drive.google.com/folderview?id=0B8by-hjbM31AX3R4OU5hZUtLY0E&usp=sharing линкэнд байршууллаа. Сонирхсон нь үзэж танилцаад, судлана биз.

Алаг адуун Бямбарагчаагийн Тэлмүүн

2015 оны 12 дугаар сарын 18

/Санал, шүүмж өгсөн Ганбаатарын Ууганбаатар, Төрболийн Билгүүн нарт баярлалаа/

Ишлэсэн материал:

Agrawal, A., Catalini, C., & Goldfarb, A. (2015). Crowdfunding: Geography, Social Networks, and the Timing of Investment Decisions. Journal of Economics & Management Strategy,24(2), 253–274. http://doi.org/10.1111/jems.12093

Bradley, D. B., III, & Luong, C. (2014). Crowdfunding: a new opportunity for small business and entrepreneurship. Entrepreneurial Executive19, 95+.

Kuti, M., & Madarász, G. (2014). Crowdfunding. Public Finance Quarterly (0031-496X)59(3), 355–366.

Meyskens, M., & Bird, L. (2015). Crowdfunding and Value Creation. Entrepreneurship Research Journal5(2), 155–166. http://doi.org/10.1515/erj-2015-0007

Parker, S. C. (2014). Crowdfunding, cascades and informed investors. Economics Letters,125(3), 432–435. http://doi.org/10.1016/j.econlet.2014.10.001

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …