ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнөөдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах аж. Мөн Засгийн 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй болно. Тухайн шалгуулагчын Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна. Мөн ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа. Хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх болсон. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх гэж буйтай холбогдуулан дээрх өөрчлөлтийг хийж байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь шалгуулагчдад бас таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. Тухайлбал, шалгуулагч хариултын хуудсан дээрээ эхлээд буруу бөглөсөн байлаа гэхэд түүнийгээ баллуурдаж эцсийн сонголтоо үнэн зөвөөр нь будах боломжтой гэсэн үг. Хариултын хуудасны загварыг www.eec.mn хаягнаас авч дадлага хийх боломжтой юм байна.
ЭЕШ-ын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс тодрууллаа.
-Нэг шалгалт өгөхөд хэдэн төгрөг төлөх вэ?
-ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх аж. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Хэрэв шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөхийн тулд яах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох баримт бичгийг онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
-Шалгалтад орохдоо ямар материал бүрдүүлэх вэ?
-Энэ онд ЕБС төгсөж байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх шаарлагатай. Мөн Суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг авч ирэхэд болно.
-Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй хүүхдүүд яах вэ?
-Сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт чээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
эх сурвалж: zaluu.com