Англи хэлнээс орчуулахдаа анхаарах зүйлсийг Баабар зөвлөлөө

12932854_993168287437892_2376626204099097918_nГадаад үг нэршил алив хэлэнд нэвтрэн нийтэд хүлээн авагдах нь ердөө ч гамшиг биш. Харин хэлээр дамжин харь логик орж ирэх нь хэлний үг өгүүлбэр, найруулга, логикийн гутаадаг. Хэл болгон өөрийн логиктой. Үүнийг этнолингивистик, социолингивистик зэрэг ухаан судладаг. Бид “бороо орж байна” гэж ярьдаг нь тооноор ороод ирдэгтэй холбоотой болов уу. Оросууд болохоор “бороо явж байна” гэдэг нь цонхоор тэгэж харагддаг байх. Гэтэл вьетнамчууд “бороо урсаж байна” гэдэг нь үерээс сэргийлсэн өндөр хөлтэй байшингийнх нь доогуур урсаж буй нь шалны зайгаар харагддагаас болдог гэлцэх. Орос хэлэнд “чёрт” гэх хараал бий, үүнийгээ бачимдсан үедээ олон давтан хэлнэ. Үгчилбэл чөтгөр гэсэн үг л дээ, гэхдээ монголоор чөтгөр гэж сэргэлэн зальтай овжин хүнийг хэлдэг. “Цусаар тээгэл”, “еэ балраа”, эсвэл буриадууд шиг “халдагаа!”, говийнхон шиг “яадаг муу гурил вэ”, өвөрхангайхан шиг “чулч”, “хүүдий”, “булдруу” эсвэл бүр говьалтайнхан шиг “еэ күүрээ!” гэж болно шүү дээ. Монгол хэл хараал уулгалаар л дутав гэж.
Тайз дэлгэцийн урлаг, зурагт зэрэг нь өдгөө нийтийг хамарсан масс соёл болж хэл зүгшрүүлэх гол хэрэгслэл болжээ. Чухам үүнээс болоод ч олон хэл өдөр тутам мөхөж байгаа биз. Зурагтаар орчуулгын кино үзэж байхад заримдаа чих хуураад уначих шиг болох юм. Америкчууд “sexy” гэсэн үг их хэрэглэдэг. Байчихаад бялуу хараад “sexy cake” гэж хүртэл уулгална. Энэ нь манай зурагтынхны орчуулдаг шиг “тачаангуй бялуу” гэсэн үг огт биш. “Гоё”, ”ванлий”, ”тасархай”, ”саак”, “янзтай” гээд монгол үг зөндөө байна. Хүүхэнтэй тааралдаад л юу юугүй ”тачаангуй хүүхэн” гэж өөрт нь мөөрдөг завхай эр ховор байхаа. Ядахнаа оронд орсны дараа тэгэж хэлэг л дээ. ”Hate” гээд үгийг дандаа “үзэн ядах” гэж орчуулна. Хүүхэд ээжийгээ ”Би чамайг үзэн ядаж байна” гэж хээв нэг авна шүү дээ. “Та ямар муухай ээж вэ” гэсхийж болдоггүй л юм байх даа. “Sure” гэсэн үг зурагтын орчуулгаар “итгэлтэй байна уу” гэж давтагсаар байгаад ярианы хэл рүү ороод ирэх шиг. Уг нь ”нээрэн биз”, ”худлаа яриагүй биз”, баталгаатай юу” гэсэн санаа. ”Би явахыг хүсч байна” (хүсээд байхдаа ч яахав!) – “явмаар байна”, ”Чамайг харсандаа баяртай байна” – ”Ашгүй чамтай таарлаа”, “Би муур авах талаар бодож байна” – “Мууртай болдог юм билүү” гээд зүгээр л монголоор хэлчихмээр юм шигээ. ”Всё будеть хорошо” гэдгийг үхэж байгаа хүнд ”Бүх юм сайхан болно” хэмээн тавлах нь энүүхэнд. “Алзахгүй”, ”гайгүй болно биз дээ”, ”санаа зоволтгүй”, ”болно доо, болно”.
Монгол хүн лавлахдаа ”тийм биз дээ” гэдэг бол энэтхэг европчууд тонгоруулж “үгүй юу?” гэдэг. Аюулд өртсөн монгол хүн “авраарай”, аллаа”, “яанаа”, ”туслаарай” гэдэг болохоос ”үгүй үгүй” гэж давтдаггүй. ”Тиймээ, тийм, тийм” гэж орилоод л байх юм, ”зөв хө”, ”болж байна”, ”ураа”, ашгүй дээ” гээд мөн ч олон хувилбар байна даа. Ялангуяа америкчуудын ёстой нэг цээргүй үргэлж хэрэглэдэг үг бол ”fuck”! Хараал гэсэн утгаа алдаад уулга болж дээ. Үүнийг оросууд ”пошёл…” хэмээн арын үгийг нь хасаж эерүүлэн орчуулах юм билээ. Монгол орчуулга их ядуу. Голдуу ”хараал идсэн”, ”зайл”, “новш” гэж байна. Энэтхэг европчуудын хараал голдуу ёс бус моралийг хөнддөг бол монголчууд үхэх бэртэхийг ерөөж хараадаг, уулгалдаг. Сэтгэлгээний онцлог. Энэ тухай Б.Цэндоо “Соёлын довтолгоо” нэг сэдэвт зохиолдоо нэлээд судлан тайлбарласан байдаг. “Хуц”, ”уль”, ”донгос”, ”солиор”, ”өвчигнөөд бай” гээд л цааш нь хөврүүлж болно. Үг болгоныг ”fucking…” гэж тодотгож нэг өгүүлбэрт олон давтдаг нь өнөөгийн америкчуудын жаахан бүдүүлэгдүү хэвшмэл хэлц болжээ. ”Хараал идсэн чиний хараал идсэн машины чинь хараал ирдсэн тоормос нь хараал идэж бариагүйгээс болж би нэг хараал идсэн чавганцыг хараал идэн дайрчихлаа”. Энэ монгол хэл мөн үү? Бид тэгэж ярьдаггүй шүү дээ. Ээж нь охиныхоо найз нарыг дайлж ”хүүхдүүдээ, хошного идэцгээ” гэтэл охин муухай харан ”Ээж та яасан муухай үг хэрэглэдэг юм бэ!”. ”Тэгээд би энэ хошногыг чинь юу гэж нэрлэх юм бэ?”. ”Бөгс гэхгүй юу!”. Онигоо биш болсон явдал. Түүнтэй ижил хэт цээрлээд ”бөгс” гэхийг дан ”өгзөг” гэнэ. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсэг л дээ. Нэг их муухай заваан ч үг биш.
Одоо энгийн юм ярья. He, she гэсэн үг монгол хэлэнд дангаараа байхгүй. “Энэ” гэж ойр байгааг, “тэр” гэж хол байгааг заадаг. “Цаад нэг хүүхэн чинь”, ”Өнөө залуу”, ”тэр эмэгтэй”, ”энэ өвгөн”, “мань эр” гэж тодотгохгүй бол ”тэр” гээд байхаар хэнийг хэлж буй, эрийг нь үү эмийг нь үү, хүүхдийг үү бүр ялгагдахаа больчихдог. ”Учир нь” “тул” гэж ярианы хэлэнд хэрэглэдэггүй, ” яагаад гэвэл”, ”яг үнэндээ” гэдэг. ”Bad” гэдэг монголоор дандаа ”муу” биш байхаа. Тэгэхээр “муу цагдаа” гэж байгаа нь мэргэжилдээ тааруу гэсэн утга илэрхийлэхээс ”өөдгүй”, ”өмхий”, ”явдалтай” гэсэн санаа гарахгүй. ”Хэн нэг нь” гэсэн нэг муухай үг байна. “Хэн нэг нь туслаарай” гэхгүй шүү дээ, “надад туслаарай”, “туслах хүн байна уу”.
Монгол хэл үнэхээр баялаг. Хэд хэдэн толь хийлцсэний хувьд туршлагаас сайн мэднэ. Ялангуяа алив зүйлийн дүрслэл, донж, зүйрлэл нь дэндүү баян. Хүний бие эрхтний гадаад донж дүрсийн нэршлийг тоолж үзэхэд лав хоёрзуу гарч байсан. Тэр болгон нь цаанаа араншинг нь давхар илэрхийлдэг. “Данхалзах”, “зантаганах” гэсэн үгийг гадаадаар нэг үгээр орчуулах хэцүү байхаа. Энэ баялаг хэлний эзэн болох зурагтын хөтлөгч охид хөвүүд “гайхалтай”, “ямартай ч”, “энэхүү” гэсэн хэдхэн үгээр хэлээ жажилан байж бүх утгыг орлуулан хэрэглэх нь “ямартай ч энэхүү үг нь гайхалтай мангар”!
Үг, нэршил заавал логиктой таарч байх албагүй. Хүмүүс тухайн нэршлийг ямар утгаар хүлээн авч тогтсон нь л чухал. Тухайн үгийн гарал харь ч байж болно, зохиомол байж ч болно, ярилцах хүрээ л хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хэл болгон тухайн үндэстний сэтгэлгээний өвөрмөцийг илэрхийлдэг. Европ зүгийн хэлэнд зүрх нь хайр энэрлийг илэрхийлдэг бол монголчууд элгээрээ хайралдаг. “Элэг бүтэн”, ”элэгтэй”. “Чулуун зүрхтэй” гэвэл оросоор энэрэх сэтгэлгүй гэсэн санаа агуулдаг бол монголоор энэ нь эр зоригтой, айхыг мэддэггүй гэсэн утгатай. Фин, баск, унгар, эстони хэлэнд энэтхэг европ хэлний нөлөө асар их учир үй түмэн үгийг нь зээлдэн хэрэглэдэг. Огтоос европ бус эдгээр хэл мянга мянган жил өөрийн хэлний логик, этнолингвистик чанараа хадгалж чадсан учраас л европ хэлтний дунд амьд хэлээ хадгалсаар өдий хүрчээ. Чухам үүнд л хэлний дархлаа, хэлний логик оршмой.

эх сурвалж: Баабар

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …