1. Будагтай үсэнд зориулсан маск 2 өндөгний шар, 2 халбага оливийн тос мөн адил хэмжээний зөгийн балыг сайтар хутгаж холино. Бэлэн болсон холимог дээрээ 5 капсул витамин А болон 1 халбага архи (цайвар үстэй бол), конъяак (хар үстэй бол) нэмж холино. Бэлэн болсон маскыг хуурай үсэндээ түрхэж үсээ алчуураар бооно. 1 цагийн дараа үсээ хүйтэн усаар зайлна. Энэ маскыг долоо хоногт 3 удаа тавихад таны будагтай үс гялалзсан зөөлөн болно.
2. Хуурай үсний арчилгаа Таны үс хуурайшиж, үхжээд байна уу? Тэгвэл үсээ гадил, өндөгний маскаар сэргээгээрэй. Гадилыг цэвэрлэж нухсаны дараа дээр нь тал авокадо жимс нэмж зөөхий маягтай болтол нь холино. Бэлэн болсон жимсний холимог дээр сайтар хутгасан өндөг, 2 халбага зөгийн бал, 3 халбага оливийн тос нэмж сайтар хутгана. Үсэндээ түрхээд 30 минут байлгах бөгөөд хүйтэн усаар зайлна. Энэ эмчилгээг сард 2 удаа хийнэ.
3. Үсний гэмтэлд ҮГҮЙ гэж хэлье Үсний гэмтлийг мэдээж тос анагаана. Гэртээ энэ үр дүнтэй маскыг хийхэд тун хялбархан, олив, буурцаг (castor) болон даливс өвсний (burdock) тосноос тус тус 2 халбага хийж сайтар холино. Тосны холимог дээр өөрийн хэрэглэдэг шампуниас 2 халбагыг нэмэх бөгөөд үүгээрээ үсээ 3-5 минут нарийн самаар самнана. Толгойдоо гялгар малгай углаж гадуур нь алчуураар ороогоод 40 минут байлгасны дараа бүлээн усаар зайлна.
4. Салаалсан үсний үзүүрийг яах вэ? Мэргэжилтнүүд зөвлөхдөө үсээ будуулахгүй, буржийлгахгүй, шууд нарны гэрлээс хамгаалахад үс салаалахгүй гэж зөвлөж байна. Шампуниа өөрт тохирсныг нь сонгох бөгөөд үс сэргээх бальзам ашиглаарай. Мөн, үсээ тогтмол угаахгүй байхыг зөвлөжээ. Үсний үзүүрийг сард нэг удаа тэгшлэх нь үсийг салаалахаас хамгаалах бөгөөд халаасан хайчаар үзүүрийг нь авбал илүү үр дүнтэй байна. Эдгээр аргууд бүгд таны үсний үзүүр салаалахаас хамгаална.
5. Үсэндээ тохирсон шампунь сонгох Шампунь бол үсийг тэтгэх чухал тэжээл тул та шампуниа сонгохдоо маш анхааралтай байх ёстой. Юуны түрүүнд, таны үсний төрөлд тохирох ёстой (тослог, хуурай, хэвийн эсвэл холимог). Мөн, шампунийн зориулалтыг буюу эмчилгээний, нөхөн сэргээх шампунь эсэхийг нь анхаарна уу. Шампунь худалдан авахаасаа өмнө шампунийн орцыг анхааран уншиж танилц, хэрвээ шампунийн орцод лаурилийн сульфат, парабен эсвэл силикон орсон бол худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
6. Үс яагаад бохирддог вэ? Зарим охид, бүсгүйчүүд үсээ өдөр болгон угаадаг хэдий ч өдрийн төгсгөл гэхэд үс нь бохирдсон л байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч байвал идэж байгаа хоол хүнсээ зохицуулахыг буюу шарсан хуурсан, тослог хоолноос татгалзах хэрэгтэй. Тослог үсний арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо болгоомжтой байх буюу нэг брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох нь зөв юм. Хэрвээ та гормоны бэлдмэл, антибиотик болон сэтгэл мэдрэлийн төрлийн эм хэрэглэж байгаа бол өөхний булчирхайн үйл ажиллагаа алдагддаг тул эмийн эмчилгээ дууссаны дараа үсний байдлаа харж байгаад арчилгааг эхлэх хэрэгтэй.
7. Үсээ тогтмол угаах уу? Долоо хоногт 2 удаа үсээ угаах нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байна. Угаасны дараа үс өөрийн хамгаалах чадвараа эргэж 5-7 хоногийн дараа олж авдаг. Хэрвээ та үсээ тогтмол угаахаас өөр аргагүй бол мэргэжилтнүүд шинжилгээ өгөхийг зөвлөж байгаа бөгөөд үүнийг таны бодисын солилцоотой холбон тайлбарлаж байна.
8. Гоо сайхны тэжээл Хоолны хатуу чанга дэглэм нь ялангуяа өлсөх дэглэм үсэнд муугаар нөлөөлж болох эсэх талаар бодож байгаагүй болов уу. Хоол хүнснээс авч буй витамин, эрдэс бодис нь үсний эрүүл байдалд шууд нөлөөлдөг. Та гялалзсан, эрүүл үстэй байхыг хүсч байгаа биз дээ? Загас, далайн бүтээгдэхүүн, самар болон чавга иддэггүй бол витамины комплексээр шаардлагатай витамин, эрдэс бодисоо нөхөөрэй.
9. Нарнаас үсээ хэрхэн хамгаалах вэ? Үс нь арьсны адил нарны хэт туяанд гэмтдэг. Наранд гандсан үс нь хуурайшиж хугарамхай болдог. Наранд гарахдаа малгай өмсөж хамгаалахаас гадна SPF-тэй тусгай хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж болно: тухайлбал, SPF-тэй ангижруулагч, арчилгааны спрей цацна. Хамгийн шилдэг арга бол үс арчилгааны комплекс бүтээгдэхүүн хэрэглэх юм.
10. Үсний ургалт Урт сайхан арчилсан үс бол эмэгтэй хүний бахархах зүйл мөн. Богино хугацаанд үсээ хэрхэн урт болгох вэ? Энгийн маск танд туслах болно. Нэг цайны халбага зуун настын шүүс, зөгийн бал, конъякыг сайтар хольж бэлэн болсон бэлдмэлийг үсэндээ массаж хийнгээ түрхэнэ. Үсээ 1 цаг алчууртай байлгасны дараа бүлээн усаар зайлна. Долоо хоногт 2-3 удаа маскыг түрхсэний дараа таны үсний ургалт мэдэгдэхүйц нэмэгдэх болно.
11. Массаж Үсний ургалтыг та массажны ачаар нэмэгдүүлж болно. Массажийг духнаас хурууны үзүүрээр зөөлөн тойруулах маягаар эхлэх бөгөөд цааш толгойн хэсэг рүү массажийг үргэлжлүүлэн хийнэ. Иймд байдлаар духнаас ар дагз хүртэл зөөлөн массаж хийнэ. Массажийг үсээ угаахаас 1 цагийн өмнө хийх нь илүү үр дүнтэй.
12. Үсний цахилгаанжилтыг арилгах Хэн ч багваахай цэцэг шиг болсон цахилгаанжсан үстэй байхыг хүсэхгүй. Чийгшүүлэх шампунь сонгох нь зөв боловч өдөр болгон угааж болохгүй. Ангижруулагч хэрэглэхээ мартаж болохгүй шүү. Аль болох үсээ самнахгүй байхыг хичээ, самнах бол байгалийн гаралтай самаар самнаарай. Энэ бүгд үр дүн өгөхгүй бол маск түрхэх, эсвэл цахилгаанжуулахаас хамгаалах спрей цацаарай.
13. Юунд ч үл дийлдэх хаг Хагнаас залхаж байна уу? Энэхүү нимбэгийн хандыг туршаад үзээрэй. 4 ширхэг нимбэгийн хальсыг нэг литр усанд хийж 20 минут орчим зөөлөн гал дээр буцалгана. Бэлэн болсон шингэнийг шүүгээд хүйтэн болохоор нь үсээ угаана. Долоо хоногт 1 удаа ийм бэлдмэлээр угаахад хаг алга болохоос гадна үс тань анхилам үнэртэй болно.
14. Үс унаад байна уу? Үс унаад байна уу? Харамсалтай нь энэ асуудал түгээмэл болоод байна. Үс унах шалтгаан нь таны бодисын солилцоотой холбон тайлбарлагдах болов уу. Шинжилгээ хийлгэсний дараа эмч танд тохирсон эмчилгээг хэлж өгнө. Эрүүл мэнддээ анхаарч шинэ жимс, ногоо түлхүү хэрэглэж, үсээ бэхжүүлэх нэмэлт витамин хэрэглэхийг зөвлөж байна
. 15. Урт үс – таны баялаг Үсээ зүгээр л урт ургуулаад байх нь хангалтгүй: үсээ эрүүл, сайхан байлгахын тулд арчлах хэрэгтэй. Иймд хамгийн түрүүнд зөв сам сонгож дээрээс доош зөөлөн самнахыг хичээх бөгөөд үсээ хуурай байхад нь самнаарай. Учир нь, нойтон үс амархан гэмтдэг. Салхитай үед үсээ боох юм уу сүлжээрэй, ингэснээр та үсээ ширэлдэхээс хамгаална. Малгай өмсч үсээ хэт халах, даарахаас хамгаалаарай. Мөн өөрөө бэлдсэн ч юм уу эсвэл бэлэн маск үсэндээ түрхэж үсээ цаг тухайд нь арчлахыг зөвлөж байна.
эх сурвалж: хором.сом