I.Уул Алтайн босго алхахад
Ариун дагшин хийгээд сүр үзэмжээрээ туйлаас алдартай Белуха хайрханд хөл тавих хүсэл минь аль олон жилийн өмнөөс дотроос хатгасаар байсансан. “Санаж явбал бүтнэ, сажилж яваад ч гэсэн хүрнэ” гэдэгчилэн нэг л өдөр тэрхүү далдхан хүсэл маань биелэх хувьтай байж. Уулын спортын Ганга-Эверест сан болон тус сангийн тэргүүн Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа нарын санаачилж зохион байгуулсан Белуха хайрханд авирах уулчдын багт орж, өнгөрсөн долоон сарын гучны өдөр замд мордов.
Газар, газраас цуглаж буудалласан манай багийнхан Баян-Өлгий аймгийн төв дахь “Таван богд” гэр баазад нэг хонож, замын хоол хүнс болон дутуу хүтүүгээ цуглуулж базаагаад, 7 сарын 31-ны өдөр “Улаанбайшинт – Ташант” боомтоор хил гарахаар хоёр пургон машин хөлөглөн хөдөлцгөөсөн юм. Улаанбайшинтад хоноод найман сарын нэгний өглөө хилээр гармагц Оросын талаас уг экспидицийг зохион байгуулж буй нөхөд угтан авав. Урьдчилан тохирсон ёсоор автобус ирэх ёстой байсан тул бид Оросын хил гармагц цаанаас ирэх замыг харуулдан, хүлгэлзэж, элдэв таамаг дэвшүүлж зогстол, тэрүүхэн тэндээс хэн нэгний дуудах нь сонсогдов. Угтаж авах нөхөд маань хажууханд ирчихээд хүлээж байсныг бид анзааралгүй өнгөрөөд зогсчихсон байжээ.
Ингээд суудлын таван машинд хуваагдан сууж, Оросын нутаг дахь хамгийн наад талын захын суурин болох Кош-Агачаар дайрч, Сийлхэмийн нурууг арлан, Чуйн голын хөндийгөөр зурайн одсон засмал замаар салхи татуулан хурдлав.
Бидний сууж яваа тэрэгний жолооч Дима / Чертищев Дмитрий / хэмээх өндөр шар залуу Горно-Алтайска хотын эмнэлэгт мэс заслийн эмчээр ажилладаг, харин одоо бол энэ удаагийн хамтарсан экспидицийн эмчээр томилогдсон авиралтын багийн бас нэг гишүүн ажээ. Бас нэг машиныг нь экспидицийн Оросын талын ерөнхий зохион байгуулагч тус улсын Онцгой байдлын албаны гавьяат ажилтан. Уулын бүсийн аврах албаны захирал Валерий Иванович Якубовский, харин бусад машинуудыг тэндэхийн уугуулууд болох гурван Алтайц болон Казак эрчүүд жолоодож явна. Голын хөндийгөөр довтолгосоор Ахташ тосгоны ойролцоох нэгэн замын буудалд бууж хооллох зуур жижиг оврын автобус хүрэлцэн ирж, бидний ихэнх нь тэрхүү автобусанд шилжин суугаад, харин Валерий Иванович болон Дима нарын жолоодож яваа машиныхан унаагаа солилгүйгээр цааш замаа хөөх болов.
Туялзан цайлалзах Чуй голын хадархаг эрэг дээгүүрх дардан зам биднийг ногоорон хөглийх их тайгын гүн рүү хөтлөнө. Гуалагхан хус модод нь огторгуйг түлхэн зэгзийлцэх уртын урт хөндий чинагш сунайн алдарсаар, үүгээр өмнө нь хэдэнтээ зорчих бүрийд толгойд орж ирдэг “нутаг ч гэж нутаг юм, зам ч гэж зам юм даа” гэсэн бодол маань дахиад л ухаан санааг ээрнэ. Чуйн зам олон жилийн турш зөрөлдөн давхих машин тэрэгний мөрөөр элэгдэж, ихээхэн хуучирсан харагдах агаад зам дагууд хэсэг яваад л шинэчлэн засах ажил хийгдэж байгаатай таарна. Тэгэхдээ зам засварынхан нь уг замаар зорчигсдын хөдөлгөөнд огт саад болохгүйгээр засдаг юм байна. Хуучин замаа дээрээс нь давхарлан хучих аргаар ийн замын шинэчлэл хийж байгаа нь нэгд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд түвэг учруулахгүй, хоёрт зардал мөнгөнд хэмнэлттэй зэрэг сайн талтай байдаг болов уу гэж бодогдож байв. Шинэчлэн засварлагдсан хэсгийнх нь замын чанарын талаар Димагаас асуувал “ямар ч асуудалгүй, чанар сайтай, найдвартай” гэж байна. Нар шингэхийн хэрд Чикат-Амины даваан дээр гарч, улмаар цааш даваа уруудан, Иня тосгоны дундуур гарч, бүрэнхий нөмөрсөн хойно Онгудай хэмээх районы төвөөр дайраад, Горно-Алтайскын замаас зүүн гар тийш салж, Усть-Каны районыг чиглэн одсон бөгөөд үүл хуралдан бороо шавшиж, улмаар аадар цутгаж эхлэв. Дээр үгүүлэгдэх газрын нэрүүдийн хувьд бяцхан тайлбар хэлэхэд их төлөв Монгол гаралтай үгс юм. Тухайлахад Чикат-Амин гэдэг нь эрт үед Ойрд Монголчуудын нутаг асан бөгөөд “Чиг даваа” гэдэг байсан нь оросжиж, сунжирсаар тийн Чикат-Амин болсон, Уулын Алтайн хамгийн том гол бол Катунь голын уг нэр нь уугуулуудын нэрлэдэгээр Хадан гол атал одоо мөнөө Катунь хэмээн бас ч оросчилсон аялгаар дуудаж хэвшсэн, харин Онгудай гэдэг нь Ойрдын бас нэг зонхилох угсаатан болох Онходуудын эзэмшиж асан нутаг бөгөөд Онходууд гэдэг нь мөн л харь хэлний хазгай дуудлага руу хэлбийж Онгудай гэх болсон тухай Уулын Алтай дахь судлаачид, эрдэмтдийн үгүүлснийг би өмнө нь нэгэн нийтлэлдээ бичиж байсан бөгөөд энд дахин цухас дурьдахад илүүдэхгүй бизээ.
Бид цааш мушгиран хөшилдсөн үүл манан хийгээд усан бороон дундуур замаа хөөсөөр Усть-Каныг өнгөрч, шөнө дөлөөр нэг цагийн үед Усть-Кокса хэмээх уулын сууринд ирэв. Тэнд хамт яваа Орос нөхдийн маань хэн нэгний найзынх байдаг бөгөөд биднийг тэр айлын сууцанд хонуулаад өглөө нь цааш хөдлөхөөр болжээ. Тосгоны захдуу байх нэгэн айлын хоёр давхар модон байшингийн дээд давхар дахь уужим, сэлүүхэн тасалгаанд нийт бүрэлдэхүүнээрээ нүд амрааж хоноод өглөө нь тус тусын хээрийн гал зууханд цай ундаа чанаж ууцгаасны дараа зохион байгуулагч нөхөд тэндхийн хилийн хяналтын албанаас хилийн бүсэд зорчих, мөн Белуха ууланд авирах зөвшөөрөл авах гэх мэт ажлыг хөөцөлдөн бүтээгээд, чинагш ногоорон цэлийх хадлангийн талбай, ой тайга, тэрчлэн Катунь голын эрэг дагуух уулын замаар довтолгосоор хилийн бүсийн хамгийн захын суурин болох Тюнгурт хүрч очив.
Монгол, Оросын хилээс хөдөлснөөс хойш 800-аад км яваад ийнхүү уулын хязгаар дахь сууринд дөрөө мулталж байгаа хэрэг. Энэ урт замыг туулахдаа хамгийн цаад тал нь Усть-Канд хүрээд зүүн тийшээгээ даялж, улмаар буцаж эргэн, ирсэн замтайгаа харалдаа газраар явсаар Иня тосгоны яг тусалдаа зүүн талд нь байх энэхүү Тюнгурт ирж байгаа хэрэг. Хилээс цааш шууд явдаг зам байдаг бол магад 400-500 км-ыг хэмнэх боломжтой гэсэн үг. Эндхийн байгаль, газар ус хийгээд хүн зоны амьдралын төрх, тосгон суурины хэв маяг бүгд л нэн сонихон, үлэмж эрхэмсэг санагдана. Тосгоны дундах голын дээгүүр тавьсан модон шал бүхий дүүжин гүүрэн дээгүүр уужим суудалтай Алтай хийцийн эмээл бүхий, урт хүзүү, өндөр чацтай томск морьд хөлөглөсөн хөтөч хийгээд есөн хэлийн жуулчид, машинтай, явган хүмүүс тасралтгүй цувна. Тал бүрд нь хүглийн хөхрөх ой хөвчит өндөрлөгийн дундах өвөрмөц хэв маяг бүхий бяцхан суурин ер нам гүмхэн, анир чимээгүй аж.
Чухам ийм ер бус орчинд өдөр шөнийг хугаслан зорчих зуур надад
“…Уулын замаар, уулын замаар
Усть- Коксаг зорин явахад
Өтгөн манан хөшилдөж зөрөөд
Өнө, хожмын мэдрэмж сэргэнэ
Бүрэнхийн чөлөөнд шаагих борооноор
Бүрсийх тэнгэрт уулсын зурагтай
Уулсын цаанаас зүрхэнд шивнэх шиг
Уй, баярын соронзон амьсгалтай… гэсэн шүлгийн санаа бүрэлдэн үргэлжилсээр явав.
Энд биднийг Дагшин Белуха уул, үзэмж төгс Аккем нууранд хамт зорчиж, хамтарсан авиралт хийх Орос уулчид болон хөтчүүд маань хүлээж байв. Тэгээд тосгоноос холгүйхэн Кучерлин голын хөвөөн дэх хоноглох газар руугаа жаран зургаа машин хөлөглөн, уулын замаар хамтдаа хөдөлцгөөв. Түрхрэн оволзох Кучерлиний хөвөөнөө, хөвч ногоон ойн дунд анхны хээрийн буудлаа байгуулан, тус тусын майхнаа босгоцгоож, гал хөсөө тулгалан, ачаа бараагаа эмхэлсэн бөгөөд Монгол, Орос нөхөд анхлан мэнд солилцон танилцаж, басхүү маргаашийнхаа урт аяны бэлтгэлийг базаацгааж. нэгэн үдшийг дуу шуутайхан өнгөрүүлэв. Ийнхүү танилцсан орос нөхөд маань /уулчид/ гэвэл Валерий Иванович, Пономаренко Антон, Пилипенко Наталья, Колеватов Александр, Чичконов Константин, Поздняков Иван, Чертищев Дмитрий буюу /Дима эмч/, Артюшина Валентина, манай хөтөч уулчид болох, Таймасов Олег, Сидельников Виталий, мөн уулчин Никушкин Юрий нар юм.
Өглөө нь эртлэн босож, цай ундаа хийж ууцгаасны дараа гал галаараа ачаа хөсгөө дэглэж, өөрсдийн үүрч явах болон морин хөсгөнд ачих ачааг хоёр тусад нь эмхлэн, үүргэвч богц сэлтэнд хийж, морины ачааг тэн тэнцүүлэн бэлтгээд, морин хөтөч нартай элбэж ачиж бэлэн болгосны дараа сая үүргэвчүүдээ үүрэн уртын аянд хөдөлцгөөв. Морин хөсгийг хөтөлж явах хөтөчүүд маань Алтайн уугуул иргэд болох “Алтайц”-ууд голдуу байх. Тэд гал болгон дээр очиж моринд ачуулахаар дэглэж бэлдсэн ачааг нь жин тэнцүүлэн үзэж, зааж зөвлөнө. Нэг моринд жаран килограммаас илүүгүй жинтэй ачаа ачих шаардлага тавьж, тэгнэхэд тэнцүү жинтэй байгаа эсэхийг нь шалган, басхүү тэрхэн зуур манай уулчидтай ой зуур яриа үүсгэж, танилцаж мэдэлцэцгээх нь ч ажиглагдана. Уулчид маань морин хөсөгтэйгээ урд хойноо оролцон хамтдаа урагшилсаар. Ой хөвч бүрхмэл өндөрлөг арыг хэдрэн, уулын жим зөргөөр нэгэн хэмнэлээр зугуйхан аялсаар ахуйд тэртээ доор Кучерлин голын түргэн урсгал харгиатан цайрч, хөвч Алтайн уулс хөндий хөхөрч ногоороод нэг л сүрлэг хийгээд сэтгэл хөдөлгөм. Зуны халуун өдөр уул, даваа хэжиж өгссөн зүтгүү замаар хүн тус бүр дундажаар 25-30 кг ачаатай 5-6 км алхаад л нуруу ууц дагаж усан хулгана болтлоо хөлрөөд ирнэ. Заримдаа ч байгалийн сонин сайхан газар нутгийн үзэмж төгсийг гайхан шимтсээр ядрахыг мартаж орхино. Эхний хоёр өдрийн буюу Аккем нуурын хөвөөн дэх үндсэн хээрийн буудал /бааз лагер/ хүртэлх аяны хөтөчөөр ажиллах Владимир буюу Володья гэх тавь гаруй насны намхавтар нуруутай, бахим чанга биетэй, халзан толгойтой, шөрмөслөг эр биднийг дагуулна. Бас Аккемээс цааш уулын авиралтын хөтөч, дасгалжуулагчаар ажиллах Виталий Михайлович болон Таймасов Олег гэх хоёр уулчин толгойноосоо өндөр гарсан хоёр том үүргэвч бүхий ачаагаа үүрээд биднийг бараадан алхана. Мань хоёрын ачаа тус бүрдээ лав дөч, тавин килограмм байгаа болов уу гэхээр ажиглагдана. Дээрээс нь өнгөрсөн шөнө нөхдүүд овоохон балгацгаацсан учир биеийн байдал нь нэг л таатай бус байгаа нь мэдрэгдэж байв. Анхандаа дөнгөж л танилцаж байгаа болохоор яриа хөөрөө товирхон, харин бидний Монголчуудын хувьд хөтөч Володьягаас энэ тэрхэнийг асууж сонирхож, шалгаах нь элбэг. Володья ч уриалагхан нь аргагүй тайлбарлан хэлж өгнө. Өглөө их л айвуу тайвуу босоцгоож, биднийг хөдлөх үед дөнгөж л ачаа бараагаа эмхлэж асан Оросын багийн гишүүд маань араас тийм ч шуурхай хөдлөөгүй бололтой. Хавьд бараа туруу алга. Харин тэдний морин хөсөг л даваа өөд өгсөх үед биднийг гүйцэж ирэв.
II. Хоймор өөд
Володьягийн бидэнд таниулан хэлж өгсөнөөр манай экспедицийнхэн Кучерлиний хөвөөнөөс хөдлөөд, өндөрлөгийг өвөрлөж өгссөөр улмаа “Куйлу”-гийн даваа өөд чиглэв. Давааны цээжин хэсэг дэх ойн цоорхойд морин хөсгийн хамт үдлээд цааш хөдөлсөн ба давааг давж уруудсаар, оройн бүрий болохын хэрд бидний туулж буй замын баруун талаас Кучерлин голоос дээш өгсөн гарч ирсэн хөндлөн хийгээд бачим, огцом амны эхэн дэх ташуу энгэрт буудаллан хоноглов. Орос нөхдийн сүүлч нь биднийг унтахаар хэвтэсний бүүр хойно шөнө дөлөөр ирж гал хөс, хоол унд болоцгоох нь сонсогдоно. Холгүйхэн аргамжаатай морьд хангинатал янцгааж, зарим нь майхны дэргэдүүр тушаатайгаа дэгэж өнгөрөх, шөнөдөж буудалласан нөхөд яриа хөөрөө үүсгэн шуугилдахыг чимээрхэн чагнасаар нэг мэдэхэд нам унтжээ. Өглөө нь дахиад л гал хөс, цай унд, ачаа бараагаа эмхлэж дэглэх, моринд тэн тэнцүүлэх гэх мэт ажлууд үргэлжилж, цааш замаа хөөцгөөв. Урьд өдөр нь бид 25 орчим километр яваад хоногложээ. Энэ өдөр дахиад төдий хэмжээний, арай ахуйхан замыг туулна. Газрын байц улам л өндөрдөж, явган жим улам улам өгсөхийн хэрээр уул, хайрханы хүйс рүү дөтөлж яваа нь мэдрэгдэнэ. Куйлугийн даваа нэгэнтээ ард үлдэж, одоо бид Ярлыкыг хярлан өгссөөр Чулуун хаалгатын /Каменная ворота/ өндөр хөтөл дээр гарч ирэхэд Кучерлиний хавцал хөндий хөлийн доор мушгиран сунайж, алсад тэнгэрийн хаяа суунагтан хөхрөөд, явах замын чигт Белуха хайрханы хурц шовх оргилууд хавь ойрын уулсын дээгүүр сэрүү татуулан өнгийж харагдана.
“….Харгилах гол нь огторгуйн хөхөмдөгт шингэнэ
Харах зүүд нь оддын тэртээгээс дохиолно
Он цаг газрынх нь чанадаас санаж сэрэх шиг
Орь ганц сондгой мэдрэмж тэнүүчилнэ
Хараа бараанд дагшин Белуха цайрна
Хадан голын цутгал Кучерлин оволзоно
Морьдын жим уулын цээж рүү өгсөөд
Моддын дундуур өвсний үндэс тэмтчинэ….” гэсэн мөр бадгууд ой ухааны хязгаараас наашлан наашилсаар биежин босож ирэв.
Хөтөч Володья уулчдын сүүлчийг харгалзан дэмжихийн тулд сууж амсхийсэн газартаа тэднийг хүлээж нэгэнтээ хойно хоцорчих ба төдий удалгүй, нэг л мэдэхэд явган аяныг түрүүлж магнайлж яваа нөхдийг гүйцээд ирчихсэн байх. Энэ газрыг ёстой л арван хуруу шигээ мэддэг бололтой. Асуусан болгонд цараалхаж, түвэгшээлгүй дуржигнуулан хариулах агаад үүргэвчнээсээ аяны халуун савтай цайгаа гаргаж аягалан, бид бүгдийг дайлна. Аянчдын цуваа нэгэн үе сунан холдож, нэгэн үе цэгцрэн ойртож, шөрмөс сунгасаар хоёр дахь өдрийн оройн наран шингэхийн өмнөхөн Хадат хөтөл дээрх дүнзэн байшинг (Каменная изба) (өндөрлөг дээрх энэхүү дүнзэн байшин нь уур амьсгал болон хур тундас хэмжигч цаг уурын станцын байр аж) өнгөрөн, газрын цээж өөд өгссөөр, нэгэн том чулуун овоо бүхий хярын оройд гарч ирцгээв. Уулсын хүрээлэл дундах “чандмань эрдэнэ” мэт ногоорон хөхрөх Аккем нуур тэртээ доор. Нуурыг тойроод хутганы ир шиг хурц, эрэмгий оргилууд сүглийлдэж, хамгийн цаана нь Белуха хайрхан цасан цагаан нөмрөгөө гялбалзуулан, цайлалзана.
Одоо нэгэнт хоёр өдөрчийн урт зам туулж, уулын хүйсэнд дөхөж ирсэн болохоор уулчдын багийн бүрэлдэхүүнийг танилцуулах цаг болсон гэж үзэв. Белуха хайрханы ноён оргилд гарахаар зорин явж буй Монголын уулчдын багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат уулчин ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ нэрт уулчин Д.Эрдэнэтогтох, Спортын мастер уулчин Б.Нямдоо (Говь-Алтай “Сутайн бор” клубын), Спортын мастер уулчин Г.Төрмөнх (Ховд –“Хан Алтайн бүргэдүүд” клубын), багийн орчуулагч, чадварлаг уулчин Б.Онон, тэрчлэн уулчин Н.Батсайхан, Т.Сэргэлэн (UB hiking клубын), Б.Одмандах (Хайрхан аялагч клубын), Д.Сүхбаатар (Хайрхан аялагч клубын), Б.Батсайхан, С.Баттөр (Эрдэнэт Хангарьд) клубын, Ц.Батбаяр (Говь-Алтай), Б.Пүрэвжав, Д.Болормаа, Х.Оюунгэрэл, Х.Батсайхан нар (Говь-Алтай “Сутайн бор” клубын), Ц.Оюунцэцэг (Эрдэнэт), залуу уулчин Г.Нансалмаа (Багануур), тэрчлэн уулчин Б.Батсайхан, Г.Өнөржаргал нар багтаж яваа юм.
Г.Өнөржаргал гэж сав л хийвэл хэн нэгнийг шоолон, явуулж, элэг дүүрээ нь уначихвуу яав гэлтэй “хөх мод” болох, жаал охин шиг годгоносон шар бүсгүй, өөрийн нөхөр Б.Батсайхан гэх тэгэхээс тэгэх гэж учирсан байх гэмээр ургаа хад мэт бат суурьтай, тогтуун чимээгүй хар хүүгийн хамт, бас тэрүүхэндээ алиа шоочхон зангаасаа болоод байнга л Өнөржаргалын инээдний бай болж орхидог “Хайрхан аялагч”-ийн уулчин Одмандах, Говь-Алтайн томоохон дарга нарын нэг гэгдэх Батбаярын хамт, Үе зайгүй найзууд гэх цаанаа эрдэмтэй байрын орчуулагч Б.Онон, дулааны станцын шаггүй чадварлаг инженер Н.Батсайханы хамт гэхчлэн галуудыг нэг бүрчлэн танилцуулах юм бол цаг, цаас маань нэлээн сунах нь бололтой.
Ийм сүрлэг уулсын чуулганыг харан нүд дасгаж ядах бид аанаа л Володья руу хандав. Нуурын цаад этгээдэд архайлдах өндөр хадархаг оргилуудыг Володья маань “Кара Аюук”, “Каратю Алтай” хэмээн зааж өгсөн бол нуураас энүүхэн баруун өмнөд хэсэгт харагдах мөн л их төлөв хад эзэлсэн шовх уулсыг “Ак Аюук”, “Бороной Борис” харин нуурын хөлөөр чанагш хөндөлдөн тогтсон солонго шиг олон өнгө алаглуулсан гоёмсог хөндийг “Өнгөт уулын хөндий” (Долина цветок гора) хэмээн танилцуулав. Хярын энэ өндөрлөг дээр бид хэдэнтээ зургаа татуулцгааж, овоонд чулуу өргөж, нар зөв тойрон ёслоод хяр руу огцом уруудан буусан нарийн жимээр нуур луу зүглэсэн юм. Кучерлиний хөвөөнөөс хөдөлснөөс хойш хоёр өдрийн турш тасралтгүй өгсөж байсан бол одоо оргилоос бууж байгаа мэт эрс огцом уналттай жимээр уруудах болсон нь өндрөөс буухдаа тааруухан зарим нөхдийн маань зүрхэнд шар ус хуруулж орхижээ. Ийн байдлаас болж аянчдын цуваа бас л сунаж тасарсаар бараг л цагаан гэгээ тасрахтай зэрэгцэн Аккем нуурын хөвөөнд буудаллах газартаа хүрч очицгоов. Ийн явах зуур бид бас ч гэж чухал ажлаа амжуулан, багийг ахалж яваа Гангаамаа гавьяат маань хэд хэдэн эгзэгтэй газраар уруудах, өгсөх үйл явцыг дүрс болон дуу бичлэгийн хэрэгслээрээ (камер) бичиж авч амжсан нь хожим баримтат кино хийх материал болох ажээ.
Дорно дахиныхан төдийгүй Европын судлаачид, сонирхогч, ард олны дунд “Ариун Белуха”, “Шамбалын хаалга” гэх мэтээр сүсэглэгдэн хүндлэгдэх энэ их дагшин хайрханыг уугуулууд болох Алтайцууд “Кадым Бажа” буюу “Катын баш” эсвэл “Катуны багана” /Стольба Катуна/ гэх мэтээр нэрлэж ирсэн гэх. 1793 онд сибирийн уулсаар аялсан судлаач, жуулчин П.Шангин замын тэмдэглэлдээ энэ хайрханы тухай “Сибирийн дах мэт цас, мөсөн хучлагаа нөмөрсөн, уран гоё тогтоц бүхий үлэмжийн сүрлэг Белуха хайрхан өөрт нь хэзээ ч мартагдашгүй гайхам сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн бичиж үлдээжээ. Тэрээр энэ тэмдэглэл нь Белухаг нийтэд нээж өгөхөд тус болсон анхны бичгийн сурвалж гэж үздэг байна. Харин XIX зууны дунд үеэр мөн үүгээр аялсан нэрт судлаач Фридрих Геблер Катун гол эндээс эх авдаг болохыг мэдэж, Алтайн мөсөн голыг анхлан нээсэн ба уг мөсөн голыг түүний нэрээр нэрлэх болжээ. Геблер мөн эндхийн хамгийн өндөр цэгийг тогтоож, Белухын ноён оргилыг олж нээж чадсан аж. Түүнээс хойш 100-аад жилийн дараа 1914 онд Тронов хэмээх ах дүү хоёр Белухын оргилд анх авирчээ. Үүнээс хойш эндхийн хамгийн том мөсөн голыг ах дүү хоёрын аж төрж, амьдарч байсан нутаг болох Кучерлин нуурын нэрээр нэрлэх болсон байна. 2014 онд Белухад хүн анх авирсны 100 жилийн ойг тэмдэглэв. Хатуу ширүүн уур амьсгалтай энэ өндөрлөгийн мөсөн голын нийт талбай гэхэд л 80.0 км квадрат хэмжээг эзлэнэ. Харин одоо энд Оросын Алтайн хязгаарын эрдэм шинжилгээний байгууллагууд хийгээд байгаль орчны агентлагууд газар зүй, уур амьсгал, мөстлөгийн судалгааг тогтмол явуулах хэмжигч станцуудыг байгуулжээ.
III. “Аккем”-д нүд дасгахуй
Аккем нуурын мандал нэн тунгалаг тогтуун, толь шиг хийгээд хавийн уулс нуурын мандалд яг л толинд тусаж байгаа мэт үлэмж тод харагдана. Нуурын хөвөөгөөр аянчид жуулчдын олон өнгийн майхан сууцнууд алаглаж, гал хөс улалзан, утаа суунаглана. Энд ОХУ-ын АБНУ-ын онцгой байдлын албаны аврах ангийн байнгын хэсэг ажиллах агаад зуны зургаан сараас намар есөн сарын дунд үе хүртэл тогтмол жижүүрлэдэг аж. Бас аялагч жуулчид болон уулчдын тав тухыг бодож нуураас холгүйхэн халуун ус, сауны газрыг бий болгожээ. Цэцэг шиг алаглах жуулчдын майхан сууцны дэргэдүүр, нуурын хөвөөгөөр зурайсан морин жим дагаж морьтой аялагчдын цуваа ч тасрахгүй, бас явган аялагчдын ачаа хөсгийг тээж ирсэн агт морьдоо адгуулан туусан хөтөч, адуучид хаяагаар шахам ойрхон тэжигнүүлэн давхилдах нь яагаад ч юм сэтгэлд ойр санагдана.
Жуулчны улирал дуустал энд хүний хөл тасардаггүй нь илт. Ирж яваа, буцаж байгаа олон хэлийн, янз бүрийн хүмүүс морьтой, явганаар нуурын хөвөөгөөр өгсөж, уруудан зөрцгөөнө. Ийм олон хүн хөлхөж байгаа мөрт байгальд элдэв хог хаяж, орчныг бохирдуулдаггүй нь нүднээ илхэн. Ер нь энд аялж жуулчилж яваа жуулчдын харилцаа хандлагыг хараад өег дулаан сэтгэгдэл төрж байв. Хүмүүсийн хандлага, арга барилын талаар бас нэг сэтгэлд нийцсэн зүйл гэвэл ОХУ-ын Алтайн хязгаарынхан маань энэхүү язгуурлаг дагшин нутаг усыг тийн унаган, төрөлх байдлаар нь байлгахад ихээхэн анхаарч, тийшээ машин тэрэгний зам гаргах гэж ер хүч тавихгүй байгаа явдал юм. Цэнхэр дэлхийд маань хэсэгхэн ч гэсэн газар ус ийнхүү төрөлхөөрөө үлдэх нь сайхан төдийгүй, тун чиг ач холбогдолтой юм шүү гэсэн бодол үе үе төрж байлаа.
Нуурын дэргэдэх энэ бүхий ахуй байдлыг тольдон болгоох зуур дуулал найргийн санаа маань дахин нээгдэж…
“…Аккем нуурын гял, толь шиг хөх ногоон мандал
Алс холоос шувуудын дууг сонсон дамжуулах шиг
Амьсгалах нь уулсын магнайг шүргэн сэрүү татахыг мэдрэх
Аяа энэ ашид мөнхийн гэрлийн санамж мөнөө
Энэ мэт шүлэгсийн айгаар түрлэг өргөн дуулаад
Эргэх хорвоогийн орчил тогтлыг тунгаан суухын зуурт
Яруу хийгээд яруу бусын буман шалтгаан тунараад
Ямар нэг балархай зураглал сансрын дайдад сүүдийнэ…” хэмээн бичигдсэн юм. Энэ нуурын хөвөөнөө авиралтын үндсэн кэмп буюу хээрийн буудалдаа бид хоёр өдөр өнжив. Гэсэн ч амарч тухлах зав төдий л гарсангүй. Эхний өдөр зохион байгуулагч нөхөд зөвлөлдөн, цаашдын хөтөлбөрийг хэрхэн зохицуулах, тулгарч буй бэрхшээл саадыг ямар арга замаар гэтлэх, баг бүрэлдэхүүний хүч нөөцийг яаж тэнцвэртэй байдлаар хувиарлан, авиралтын замыг амжилттай туулах гэх мэтчилэнг нарийвчлан хэлэлцээд, багийнханд мэдээлэл заавар өгөхийн зэрэгцээ, Монголын баг буюу манай багийн бүрэлдэхүүнийг Оросын талаас бидэнтэй хамтарч ажиллах уулын хөтөч нар болох Виталий Михайлович, Таймасов Олег нартай уулзуулан танилцуулж, авиралтын бэлтгэл хэрхэн базаасныг шалгуулахын зэрэгцээ хөтөлбөрийн дагуу сургалт дадлага үргэлжлэв.
Хөтөч дасгалжуулагч нар хариуцаж авсан багийнхаа багаж хэрэгсэл, бэлэн байдлыг шалгаж эхлэхэд бидний аль, аль багт маань уулын эрс ихтэй хэсэгт /мөсөн хана/ олс тавьж авирах үед хэрэглэгдэх хамгаалалт бэхэлгээний хэрэгсэл буюу уяа, оосрууд /пруск/, (уулын хөтөч нар маань үүнийг оросоор “самостраховка” хэмээн нэрлэж байв) бас зарим нэг бэхлэгч /карабин/, олсоор өгсөгч /жумар/ тэрчлэн хамгаалах малгай /каска/ гэх мэт зүйлс дутагдалтай байсан асуудал үүсэв. Эдгээр нь олс тавьж авирах үед зайлшгүй хэрэглэгдэх чухал хэрэглэгдхүүн бөгөөд Монголын зохион байгуулах хэсэг маань биднийг замд гарахаас хэдэн сарын өмнө бүрдүүлэх багаж хэрэгслийн жагсаалтад тэдгээрийг нэгд нэггүй бичиж, багийн гишүүдэд хүргүүлсэн авч, ёстой л “нөгөө хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичэхээс наашгүй” гэгч болсон хэрэг. Бас нөгөө талаасаа бидний хэнэггүй зан нөлөөлсөн бололтой. Монголд ууланд авирч байхад олс тавьж авирах тохиолдол нэг бус удаа гарч байсан ч бид тухайн нөхцөл байдалдаа тохируулаад аргалчихдаг бүх зүйлийг зориулалт ёсоор хэрэглэдэггүй байсны гор ч гарч буй бололтой. Нэг жишээг санавал бид Цаст хайрханд авирч байтал олс тавихгүйгээр гарах боломжгүй эрс хэсэг тулгарсан бөгөөд тэнд олсоор авирахдаа, зарим маань оосоргүй жумараар /жумарыг заавал биедээ тусгай оосроор холбож хамгаалсан байх ёстой/ бас нэг хэсэг нь жумарыг уяа, оосроор орлуулж, бидний гар жумар гэж ярьдаг аргыг хэрэглэн авирч байсан явдал санаанд оров. Тэгтэл энэ маань найдвартай ажиллагаа биш ажээ. Тэгээд хөтөч дасгалжуулагч нар маань хамгаалалтын малгайнаас бусад дутуу хөтүү зүйлсийг бүгдийг өөрсдийн сангаас гаргаж, биднийг бэлэн байдлыг бүрдүүлэв. Дараа нь онол арга зүйн хичээл эхэлж, олс тавих, олсоор “жумардаж” өгсөх, олсноос олсонд шилжих, энэ үед хамгаалалт бэхэлгээ хийх, буугч хэрэгсэл /наймын тоо буюу “восьмёрк” зэргийг ашиглаж/ олсоор дамжиж уруу буух, дохио, командаар ажиллах гэх мэтийг заалгаж, гарын доорх материал ашиглан дадлага хийсний дараа маргааш өдөр нь хээрийн буудлаас хоёр километр гаруй зайнд орших мөсөн хананд хүрч, тухайн ажиллагааг бодит байдал дээр нь гүйцэтгэх дадлага хийв. Хоёр өдрийн сургалт маань бидэнд их зүйлийг мэдүүлж, чамлалтгүй дадал суулгасан бөгөөд оргилд авирах үед эдгээр нь амьдрал дээр байнга хэрэглэгдэх учир тун чухал зүйлүүд байсан юм.
VI. Сорилт
Ингээд найман сарын долооны өглөө үндсэн кэмп буюу хээрийн буудлаас уулын бүслүүр, хүйсэн хэсэгт хүрч, дундын кэмпийг байгуулахаар хөдөлцгөөв. Урьд нь Аккемийн хөвөөнд иртэл тал ачаагаа морин хөсгөөр тээвэрлэсэн бол одоо тийм боломж хязгаарлагдаж, авиралтанд хэрэг болох бүхий л ачаа тээшээ өөрсдөө үүрцгээх болов. Нэг галд ихэнхдээ хоёр хүн байсан бөгөөд идэж уух хоол хүнс, авиралтын багаж, багийн олснууд, гал зуухны сав суулга, гудас хөнжил, майхан гээд бүхий л зүйлээ тэнцүүлэн үүрэхэд нэг уулчинд дунджаар 40 гаруй 50 орчим кг ачаа ноогдож байв. Багийн ахлагч Гангаамаа гавьяат маань урьдчилан зөвлөлдсөнчилөн бүхнийг зүй зохистойгоор зохицуулахыг эрхэмлэх агаад “гал галынхан ачаа тээшээ яг тэнцүү хувааж үүрэх ёстой, нэгэнт өөрсдийн чинь сонгож тоглосон тоглоом учир энд ирчихээд би эмэгтэй хүн, би сул биетэй хүн, эсвэл би насаар ахмад хүн хэмээн аргацаах учиргүй” гэдгийг хатуу сануулав. Гэвч зарим нэг хүмүүсийн аргагүй байдлын улмаас төдий цөөн ч гэсэн уулчдын хувьд энэ зарчим хэрэгжих бололцоогүй байсан юм. Хөдлөөд 2-3 км явмагц л ачааны хүндэд дарлуулж, хар хулгана болтлоо хөлрөх нь энүүхэнд. Уулын цээжнээс урсан, нууранд цутгах цэгээн цэнхэр гол дээгүүр тавьсан модон гүүрээр нэг нэгээрээ болгоомжтой гэгч гарснаас эхлээд дээш өгсөх тусам замын бартаа ихсэж, том том үхэр чулууд овоорсон хурдас, дайрган дундуур эвийг нь олон харайлгаж явах хэрэг гарав. Ийм байдлаар бараг арав гаруй км туучаад, сая нэг мөсөн голын захад хүрэхэд яльгүй хөл амрах шиг санагдана. Гэвч мөсөн гол дээр бас л онц хянамгай явахгүй бол мөсний ангал хагархай элбэг. Гол гатлах ч явдал тохиолдоно. Багийн гишүүд бүгд жигд биш учраас зарим нэг нь тэртээ хойно хоцроно. Гэвч ийм харилцан адилгүй хурд хэмнэл бүхий хүмүүсийн ая донжийг эвцүүлж яваа нь мөнөөх хоёр хөтөч уулчин маань юм. Олег багийн манлайд явж замчилна. Харин Виталий Михайлович маань цоожлогчоор сүүлчийн хэсгийг хариуцан хамгийн ард хоцорч байгаа нэгнээс хэзээ ч түрүүлж гишгэхгүй, дагуулж хөтөлсөөр бусдыг гүйцэж ирнэ. Ийнхүү ёс зүйг эрхэмлэн сахих гэж манай хоёр хөтөч уулчин маань чамгүй тэвчээр зарж байгаа болов уу гэж санагдаж байв. Уул нь багийнхан бүгд жигд хурдтай байсан бол тэдэнд түвэг учрахгүй байсансан. Хүн бүхнийг адил түвшинд яв гэж захиран зааварлах боломжгүй болохоор яая гэхэв. Гэхдээ л энд дор дороо бодож үзэх зүйл байгаа нь аливаа зүйлд хэр хэмжээгээ мэдэх, зохихгүй зүйл рүүгээ хэтэрхий муйхарлан зүтгэхгүй байх явдал ч бас л амьдралын “алтан” ухаан юм даа гэсэн бодол байнга л орж ирж байв.
Бид хариу бүрийгээр дундын кэмп байгуулах газраа ирэв. Овоорон тогтсон морен буюу хурдас чулуудын дунд майхан татаж хононо гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч хэрэг дээрээ болохгүй зүйл гэж байдаггүй ажээ. Нил овон товон чулуудын дунд цасны гудсаа дэвсэж унтаад, өглөө босож ирэхэд цээж нуруу, хөл гар маань нугарч зохироод, бараг тэгш газар байснаас ч сайхан амарсан мэт санагдсаныг хэлэх юун. Дундын кэмп маань хайрханы өвөр хормойд, хурц шовх уулсын хүрээлэл дундах мөсөн гол дээр тогтсон хурдас чулуудын дунд байрлаж байсан бөгөөд энд нэг өдөр өнжих зуураа хөтөч болон зохион байгуулагчдын заавар ёсоор багийн ахлагч Б.Гангаамаагаас гадна Н.Батсайхан, Г.Нямдоо. Б.Одмандах, Д.Сүхбаатар болон миний бие гэсэн зургаан уулчинг багаас сонгож, хоёр хөтөч уулчин мөн Оросын багаас томилогдсон уулчдын хамт кэмпээс 1 км орчим явж хүрэх “Делон”-ны мөсөн ханыг туулж гарахын тулд уг мөсөн ханан дээр олс тавьж, улмаар үүрч гарахад хүндрэл бүхий гал болгоны хүнд ачааг үүргэвчинд хийж үүрээд, 400 орчим метрт үргэлжлүүлэн залгаж тавьсан 7-8 олсыг дамжин жумардаж авираад, өндөрлөгийн оройд гарган цасаар булж орхисон ба маргааш нь уулчид багаараа уг замыг туулж, өндрийн кэмп буюу хээрийн буудал руу явах замдаа авч явцгаасан юм.
Энэ мэтийг туулах зуур эхэлсэн уран бүтээл маань цааш арвижсаар …
“…Гол ус, гол усны эх нь юм чи Белуха
Гоо сайхныг бүтээгч Тэнгэр юм чи Белуха
Хүрхрэн шуугих усных нь
Чимээг сонсоход Белуха
Хүчирхэг туульсийн ая хэмнэл
Тархинд задрана аа Белуха…” гэх мэтээр “зузаарч” байв.
Тэнгэр харанхуйлж, цас шамаргалсан байгалийн таагүй байдалд Оросын уулчдын тусламж байгаагүйсэн бол бидний хувьд урьд нь явж үзээгүй зам, авирч үзээгүй мөсөн дээр олс тавина гэдэг амар зүйл биш бөгөөд газрын байц болоод эрсдэл, мөсний нягтралыг тооцоолж, мөсөнд шруп зоож олсоо холбож бэхлэхэд Оросын багийн уулчин Юрий Никушкин болон манай хөтөч уулчид чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дундын кэмпээс өндрийн кэмп рүү хөдлөхийн тулд бид шөнө хугаслан шөнийн гурван цагт босов. Цай цуугаа ууж, майхан саваа хураагаад, ачаагаа үүрч хөдлөхөд 30-40 минут зарцуулсан бөгөөд замын хамгийн хүнд даваа нь мөнөөх мөсөн ханыг туулан гарах явдал байлаа. Уулчныг мөсөн хананд тавьсан нэг олсноосоо дараагийн олсонд шилжээгүй байхад өөр уулчин давхардан авирч болохгүй тул цаг нэлээн авч, өглөөний таван цаг орчмоос бараг 11 цаг хүртэлх хугацааг тэнд зарцуулав. Делоны мөсөн хананаас доош “унаж” (нам руу огцом уруудаж), “Менсу”-гийн мөсөн голын дундах “хайруулын таваг” гэгдэх өвөрмөц тогтоцтой хэсгийг гатлаад, цааш дахин огцом өгсөх гэх мэтээр мөсөн замын аяллыг өдрийн турш хийснээр, нар шингэхийн өмнөхөн далайн түвшнээс дээш 3650 метрийн өндөрт байрлах “Берелский седло” дэх өндрийн кэмп /өндрийн буудал/ байгуулах газарт ирэв. Биднээс өмнө тэнд хэд хэдэн баг очиж төвхнөжээ. Бас бидэнтэй зөрөөд гурван ч баг дундын кемп рүү бууж байв. Тэдний зарим нь оргилд гараад буцаж байсан бол, цаг агаар хүлээгээд гарч чадалгүй буцаж байгаа нь ч байв. Урьд нь үндсэн кэмпээс Томскийн зогсоол дахь дундын кэмп рүү ирж байх үед ч ийм шалтгаан бүхий багууд зөрөн уруудаж явсан нь хэд хэд тааралдсан юм. “Берелский седло” дээр биднийг очсоны дараахан тэнгэр тогтуун аятайхан байсан бол оройн нар шингэхийн хэрээс эхлээд огторгуй үүлшин, манан хөллөж, улмаар хуйсагнан ширвэж эхлэв. Бид бүгд л дор хаяж мухар алд хэрийн гүнд цас хонхойлгон ухаж, майхнаа барьцгаасан болохоор шөнө тайван унтах байх гэтэл өглөө босож ирэхэд шөнөжингөө орсон цасанд зарим майхнууд нэвсийтлээ дарагджээ. Тэгээд босмогцоо майхны цасаа унагаан холдуулж, дотор нь тайван суухтайгаа болгоцгоов. Гол зорилго маань оргил руу авирах ажил учир тэнгэр ажиглан, зам харгуйн байдалд ил, далд санаа зовницгооно. Тэгтэл хоёр талын багийн ахлагчид болоод зохион байгуулах хорооныхон орчуулагчыг байлцуулан зөвлөлдөж, замын байдлыг харах мөн кэмпээс цааш хамгийн наад талын давааны оройд хүртэл зам гаргах цөөн нөхдийг томилон явуулахаар шийджээ. Энэ удаад Делоны хананд олс тавьсан уулчдыг чөлөөлж, Монголын багаас дөрөв, Оросын багаас гурван хүн явсан ба Белуха хайрханы байнгын хөтөч гэгдэх нэн чадварлаг хоёр уулчинтай хамсан. 30 минутын дотор уг ажлыг амжуулав. Белухын оргилд олон удаа гарсан гэгдэх тэрхүү уулчинтай кэмп дээр хүрч ирсэн даруйд нь яриа өдөж, ганц хоёр зүйл асууж амжив. Белух хайрханы авиралтын хамгийн тааламжтай үе нь зуны 7 сарын дунд үеэс найман сарын дунд хүртэл байдаг ба энэ үед нэг ээлжиндээ дунджаар 20 орчим баг тогтмол авиралт хийдэг гэнэ. Оросын олон мужууд түүнчлэн Европ, Ази, Америкийн хаанаас ч уулчид зорьж ирэх нь энгийн үзэгдэл аж. Ийнхүү алс холоос ирж буй уулчид энд үйл ажиллагаа явуулдаг “Өндрийн компани”-д /Висотник/ захиалгаа өгсөн тохиолдолд өндрийн кэмп буюу Берелский седло дээрх уг компаний майханд байрлан, авиралт хийх боломжтой. Өндрийн кэмп байрлаж буй яг энэ газар нь Хоёр улсын хилийн заагийг гатлан, Казакстаны нутаг дэвсгэрт дамжин байрлаж буй. Хилийн зурвас Белуха уулын оргилыг яг хуваан татагдсан байдаг гэх мэтийг тайлбарлан хэлж өгөв. Бас тэнд байгаа уулчдын майхнаар явж танилцахыг хичээвэл, Оросын Алтайн хязгаарын Барнаул, Новосибирск, Бийск, Горно-Алтайск, Петербург гэх мэт хотууд болон бусад мужууд, Герман, Испани, Итали, Английн уулчид байв.
Жич дурьдахад эндхийн өндөр уулын аялал жуулчлалыг Алтайн хязгаарынхан маань боломжоор нь хөгжүүлжээ. Тэр дундаа байгалийн унаган байдлыг алдагдуулахгүйг хичээж байгаа нь юм юман дээр харагдаж байсан нь хамгийн олзуурхууштай зүйл байв. Монгол Алтай дахь энэ мэт асуудалд хандаж буй Монголын Засгийн газар болоод холбогдох газруудын хандлагатай харьцуулж үзэхэд ямар ч асан эл асуудлыг эзэнгүйдүүлж орхиогүй бололтой. Энд үйл ажиллагаа явуулдаг “Висотник” компани нь Засаг захиргааны шууд хяналтанд байдаг гэнэ. Тэгвэл манайд энэ мэтээр өндөр уулын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тухайн бүс нутагт нь хийгээд иргэд олон түмэнд нь өгөөжтэй байдлаар зохицуулсан ухаалаг бодлого нэн хэрэгтэй байгаа билээ.
V. Оргилын зам
Бид тэр өдөртөө эндээ өнжөөд шөнө нь мөн л хоёр цагт босож оргил өөд хөдөлсөн юм. Оргилд мацах үеэд маань чухам л Тэнгэр ивээж, цаг агаар нэн тааламжтай огторгуй цэлмэг байсан нь завшаан гэхээс аргагүй. Шөнө дөлөөр хөдөлсөн уулчид баг, багаараа олсонд орж /холбогдож/, толгойн гэрлээ ярайлган, даваа өөд өгсөх нь алсаас харвал авто машины цуваа явж буйтай адил сүртэй хийгээд сэтгэл хөдөлгөм. Бидний өмнө нэлээд хэдэн баг хөдөлж, зарим нь давааны оройд гарсан бололтой. Үүрээр өндрийн салхины тийм гэхийн аргагүй сэнгэнэсэн цэнгэг амт мэдрэгдэж, жаврын үзүүр хүзүү амаар орооно. Энэ удаад манай хоёр хөтөч уулчин нэг, нэг баг буюу “олс”-ыг манлайлан, хамгийн өмнө нь орж замчилан хөтөлж явна. Мөсний ангал хагархайг мэдрэх, уулын хэц эрс дээр анхлан мөр гаргах гээд олс хөтлөгчийн үүрэг роль чамлалтгүй их. Зам маань хааяахан арай тавиун уужим байдлаар, ихэнхдээ шахам тулгуухан хэц эрс өөд мацуулах бөгөөд толгойн эх дээрээс сүрдмээр хурц шовх оргил дээшээ цоройн өнгийж, хөлийн доор толгой эргэм хэц, хэвгий “эрээлжилнэ”. Хоёр хөтөч маань “олсны сахилга бат”-ыг хатуу сахиж, юуны өмнө хамгийн удаан явдаг нэгнийг урд нь оруулан авч явснаар арын хүмүүс тийм ч их хүч хурд зарахгүйгээр урагшилж байв. Төдөлгүй хайрханы оргил тэргүүн дээр наран гийгүүлэн тусаж, алсын бараа гэгээтээд, нарны жавар хацар нүүрийг үе үехэн чимчигнүүлнэ. Хаа нэгтэйд асга болон мөсөн нурлага үүсч, нүргэлсэн их дуу чимээ гарна. Нар огторгуйд хөөрч, газрын хөрс дулаацан, бээрсэн нуруу, хэвлийгээ тэнийлгэх үеэр бид оргилд улам дөтөлж ирсэн ба замын эрс улам ч огцомдон, духан дээр тулж ирэх шиг болно. Шөнөөр түрүүлж гарсан багууд хийгээд уулчдын зарим нь оргилд гараад эргээд бууж эхэлжээ.
Тэдний хөлөөр том том цасан бөмбөг толгой дээрээс зогсоо зайгүй өнхрөн бууж эхлэв. Хөтөч уулчид маань тэдэн рүү хашгиран доороос авирч буй багт эрсдэл үүсгэхгүй байхыг анхааруулснаар тэд сая анзаарав бололтой. зогсож хүлээзнээд, буултын жим, замаа яльгүй өөрчлөн зайлж өгснөөр энэ байдал сая намжив. Яг оргил дээр гарахаас наана 300 гаруй метрийн орчимд гэтлэхэд бэрхтэй хэц эрс байх тул тэр хэсэгт 200 метр орчим урттай олс тавьж бэлджээ. Олсноос 100 гаруй метрийн наахна хүрээд өмнө явсан ганц нэг “тааруухан нөхөд”-ийн тамир шавхагдан, сөхөрчээ. Аз болж бидэнтэй цуг хамтрагчид болж авирсан Оросын багийнхан болон уг багийн бүрэлдхүүнд яваа хоёр ч мэргэжлийн эмчтэй тэнд явдал тохиож уулзалдсанаар шаардлагатай арга хэмжээ авах боломжтой болсон юм. Цааш олс тавьсан хэсгээр “жумардаж” авирсаар багийнхан маань тэндхийн 10 цаг хагаст оргил дээр хөл тавьлаа. Их хайрханы оргилоос газар дэлхийг тольдоно гэдэг бараг л агаарт нисэх онгоцон дээрээс харж буйтай ялгаагүй. Ийм сэтгэгдлийг уншигч тантай хэрхэн хуваалцах эв донжоо нэг л олж чадахгүй байнам.
Тэндээс Монгол Алтайн уулс, төрөлх нутгийн маань бараа алган дээр тавьсан мэт цэнхэртэн цайлалзахыг харахад нүднээ нулимс гилтэгнэнэ.
Гэсэн ч цагтай уралдаж буухгүй бол байгаль дэлхий биднийг хүлээхгүй учир тэгэсхийгээд буух замдаа шулуудав. Оргилын эрс хэсгээс бууна гэдэг авиран гарахаас ч илүү ярвигтай, хийгээд эрсдэлтэй, бас сүрдмээр зүйл байдгийг уулчид юу эс андах. Тиймээс эгзэгтэй газруудад олс тавьж, эмэгтэй уулчдыг олсоор буугч ашиглуулан буулгаад, эрчүүд хөлөөрөө зарим огцом газруудад нь дөрвөн хөллөн араараа ухрах гэх мэт аргыг ашиглан нэгэнтэй үдийн нар хэвийх үед өндрийн буудал дээрээ эсэн мэнд газардацгаав.
Зарим үед үгээр үгүүлэх ч боломж хомсдом ийм агшин мөчлөгүүдийг туулж өнгөрсний дараа Ариун Белухад зориулан өргөж буй дуулал найргийнхаа гар нооргийг нэгэнтээ дахин сөхөж үзвэл…
“…Оргилын чинь өндрийн
Хурц үзэмж хэтэрхий юм
Очиж мэхийх хүсэл минь
Тэнгэрийн санаанд бичээстэй байв
Он цагийн санамжинд ийн
Шинэхэн бичээс зурагдаж
Олон нөхдийн цээжин дунд
Дурсгалт айзам нь хоногшив оо
Хангал хөх салхины чинь
Эгшиглэнт чимээг сонслоов би
Харгилах булаг усны чинь
Эмийн шидийг хүртлээв би
Хатан ихэмсэг оргилынх нь
Энгэр цээжинд мэхийлээв би
Харах мэлмийгээ сунгаж
Эрин галавыг ширтлээв би …” гэсэн хэдэн бадаг дээр нүд тогтов.
Бууж ирсэн оройгоо өндрийн буудал дээрээ хоноглосон манай экспидицийн Монгол, Орос хоёр багийн уулчид өглөө эртлэн хамтдаа майхан саваа буулгаж, буйр, бууцаа цэвэрлэн, ачаа бараагаа үүрч, буцах замдаа мордоцгоов. Мөнөө л Менсугийн мөсөн гол, “Хайруулын таваг”-ыг туулж, Томскийн зогсоолийн наахантаах Делоны мөсөн хана руугаа бас л нэг нэгээрээ буугчаа ашиглан уулчдын хэллэгээр “дисендэрдэж” бууцгаав. Тэгээд Томскийн зогсоол дахь дундын буудал дээрээ үдлээд цааш замаа сунгав.
Гял толь шиг тунгалаг хийгээд амгалан тогтуун Аккем нуурынхаа хөвөөнд амь өрссөн давааны ард гарсан эгзэгтэй мөчүүдээ дурсаж, “Ариун Белухад өргөсөн дуулал”, юугаа бүрэн эхээр нь уншиж, шувтаргын аяндаа бэлдэн ахуйд ямар нэг үлгэрийн орноо зорчоод буцаж байгаа ч юм шиг ер бус сэтгэгдэл төрсөн тухайгаа хэн нэгэн маань хуваалцаж байсансан.
Энд бас биднийг Орос нөхөд маань урьж, амтат хоол ундаар дайлан, орой нь бяцхан дөрөө чангалж яриа хөөрөө ч өрнүүлэв.
Тюнгур суурингаас энд ирэхдээ бид Кучерлин голын зүүн хярыг барьж өгссөөр ирсэн бол буцахдаа үзэсгэлэнт Аккем голыг уруудав. Хуш, хус, нарс улиас нь найгасан өтгөн ногоон ой хөвчийн дундуур, түрхрэн шуугих Аккемийн хөвөөг барин аялахад нэрс, хад, аньс, улаалзагана, бөөрөлзгөнө, нохойн хошуу, мойл, чонын элэг….гээд бүхий л төрлийн жимс алхам тутамд алаглан шүлс залгиулж, заримдаа ч бид өөрийн эрхгүй түүн рүү татагдан ороод замаа хөөхөө мартах шахаж байсныг нуух юун. Аккем голын хөвөөнөө ой дотор хоноглохдоо түүсэн жимсээрээ амтат сайхан жимсний чанамал хийж, бас ойгоос түүсэн мөөгөөр мөөгтэй хуурга хийж, нэгнийгээ дайлцгаав.
Аккемийн хөвөөнөө ойн цоорхойд Монгол, Оросгүй ижилдэн дурсамжаа хөглөж хоносон бид маргааш нь нар шингэхээс урьтаж Тюнгурт хөл тавьсан байв. Тэнд хаалтын ажиллагаа явагдаж, алтан медалиар энгэрээ мялааж, батламжаа ч гардацгаав. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэн, уулчид маань хүндэтгэлээ шингээн дув дуугүй зогсоцгоох энэ л мөчийн төлөө ийн олон өдрүүдийн адармаат замыг туулсан биз ээ хэмээн бодогдох.
Сэтгүүлч: Хиргис Г.Төрмөнх
2016 оны 8 сарын 20-25
Ховд хот