Нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөлд шинээр бүрэлдсэн Засгийн газар, өнгөрөгч 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, тухайн цагийн нөхцөл байдал, хэтийн төлөвт уяалдуулсан олон бодлого шийдвэрүүд гарган ажиллалаа.
Тэр тусмаа нийгмийн өргөн хүрээг хамран ажилладаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ чиг үүргийн дагуу салбар бүрт хүрч ажилласаар ирлээ. Салбарын сайд, түүний баг өнгөрөгч хоёр сар гаруйхан хугацаанд 583 гаруй удаагийн уулзалт зохион байгуулахаас эхлээд нийгмийн олон салбарт бодит ажлыг эхлүүлэн ажилласан юм.
ХХААХҮЯ төрийн бодлого шийдвэр батлууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар баталж, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласнаар эхлүүлэв. Мөн салбар яамны гол хариуцан ажиллах мал аж ахуйн салбарт дэмжлэг болох үүднээс төрийн олон бодлого шийдвэрийг боловсрууллаа. Тухайлбал, “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргуулсан юм. Үүнээс гадна мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ, ханшийн уналтыг зогсоох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын арьс, ширийг боловсруулалтын түвшин харгалзахгүйгээр экспортлох боломжийг тодорхой хугацаанд олгох саналыг боловсруулж “Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоол батлав. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинээр нэмж олгохгүй байх бодлогын хүрээнд зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, Газар тариалангийн чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, “Атар-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тогтоолыг тус тус хэлэлцэн батлууллаа.
ХХААХҮЯ-наас санал оруулан дэмжүүллээ
Төрийн бодлого шийдвэрээс гадна, Засгийн газар УИХ-аар дэмжүүлэх төсөл хөтөлбөр салбар яаманд тун чухал. Тиймээс ”Малын генетик нөөцийн тухай” болон “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн тус тус дэмжүүллээ.
ХХААХҮЯ “Намрын ногоон өдрүүд” зохион байгуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 дэх жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор 09-р сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Эрүүл Монгол хүнс”, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн 100 орчим аж ахуйн нэгж, хоршоо, 306 ногоочин оролцож, 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийв. “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд 933 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцож, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг хэрэглэгчдийн болон олон нийтийн цахим сүлжээгээр явуулсан санал асуулгын дүнд үндэслэн анх удаа зохион байгуулсан бөгөөд энэ үеэр салбарын шилдгүүдээ шалгаруулсан юм.
ХХААХҮЯ газар тариалангийн салбарт
Ургац хураалт, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлаар чиглэл өгөх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд аймгуудын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон бусад удирдлагуудтай цахим хурал хийж, хурлын тэмдэглэлийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өгч, ургац хураалт 90 гаруй хувьтай, хадлан тэжээлийн бэлтгэл ажил ч амжилттай явж байна. Тиймээс ургац хураалтад шаардагдах 6.0 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулснаар 475 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн шатахуун олгов. Мөн бэлчээрийн ургамлыг хамгаалах хүрээнд тусгай ажиллагаа зохион байгуулсны үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. Тариаланчдад тулгамдаад байсан нэг гол ажил бол зээлийн эх үүсвэр, зээл. Тиймээс ХХААХҮЯ-наас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкнаас олгох 25.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс олгогдоогүй байсан 11.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, зээлийг бүрэн олгох ажлыг зохион байгууллаа. Үндэсний үйлдвэрлэгчид тариаланчдаа дэмжих зорилгын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулсан билээ. Жишээлбэл, шинэ ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдэх хүнсний буудайн тоо хэмжээ, үнэ, борлуулалтын асуудалтай холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн банкны удирдлагатай уулзан 2016 оны намрын ургацаас хүнсний буудай худалдан авах гурилын үйлдвэрүүдэд зээл болон зээлийн баталгаа гаргахаар тохиролцов. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар, Түшиг сумдын, Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын салаа урсгалын гүүрийнр, Хүдэр сумын Хазайн давааны, Хүдэр голын модон гүүрийн зэрэг ургац тээврийн зам гүүрийн засварыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэв. Дашрамд дурдахад улсын хэмжээнд 2016 онд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийт 495.9 мянган га-д тариалалт хийсэн. 10 дугаар сарын 14-ний байдлаар нийт 300,6 мянган га-гаас 429.1 мянган тонн үр тариа, үүнээс 420,2 мянган тонн улаанбуудай, 14,0 мянган га-гаас 144.2 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 84.1 мянган тонн хүнсний ногоо, 18.5 мянган га-гаас 44.7 мянган тонн тэжээлийн ургамал, 30,3 мянган га-гаас 12.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч ургац хураалт 90 гаруй хувьтай явагдаж байна. Түүнчлэн “Атрын–III” аяныг үргэлжлүүлэх хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар тогтсон. Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганын үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлэхээр болсон юм.
ХХААХҮЯ мал аж ахуйн салбарт
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлажлыг хангуулах тал дээр салбарын сайд аймгуудын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон бусад удирдлагуудтай цахим хурал хийж, хурлын тэмдэглэлийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд орон нутагт 980.3 мянган тонн хадлан, 5.5 мянган тонн ногоон тэжээл, 4.2 мянган тонн хүчит тэжээл, 23.6 мянган тонн гар тэжээл, 931.6 тонн дарш, 23.7 мянган тонн хужир, шүү бэлтгэжээ. Түүнчлэн бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 45.1 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй аргаар хийсний үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв. Манайд сүүлийн үед элбэг үзэгдэх болсон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай 5.7 тэрбум төгрөгийн вакциныг худалдан авах арга хэмжээг зохион байгуулж, 6 аймаг, нийслэлийн 41 сум, дүүргийн 6.0 сая мэдрэмтгий малыг дархлаажуулах 7.2 сая тун вакциныг худалдан авч, хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр мэргэжлийн ажил үйлчилгээнд шаардлагатай 288 вакцины хөргүүрийг 21 аймаг, нийслэл болон мэргэжлийн холбогдох байгууллагуудад олгов. Мал сүргийг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 13.0 сая богийн төл, 658.0 мянган бодын төл нийтдээ 13.6 сая мал хамруулахаар төлөвлөн хуваарьт вакциныг аймгуудад хүргүүлэн, урьдчилсан гүйцэтгэлээр вакцинжуулалт 96.5%-ийн биелэлттэй байна. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгуудад байгуулсан “Мал эмнэлгийн хяналтын цэг”-т ажиллаж буй малын эмч, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдэд “Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, түүнд хяналт тавих сургалт” -ыг Булган аймагт Евразийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод байрладаг мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах нийт 7 үйлдвэрт хянан магадлагааг ХХААХҮЯ, МЭҮГ, МХЕГ, орон нутгийн байгууллагын мэргэжилтнүүд болон ОХУ-ын мал эмнэлгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгууллаа.
ХХААХҮЯ жижиг дунд үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрийн салбарт
Ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж, технологиор дэлхийд тэргүүлдэг Японы Shima Seiki фирмийн хөрөнгө оруулалттай “Shima Seiki training center” сургалтын Ази дахь төвийг Улаанбаатар хотод байгуулав. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн мэдээллийг нэгтгэн шинээр байгуулах жижиг, дунд үйлдвэр, хоршоодын байршил, чиглэл, нөөцийн болон дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох судалгааг хийж, одоогийн байдлаар 2307 ЖДҮ-н газарзүйн байршил, үйл ажиллагааны чиглэлийг тогтоов. Хөдөө аж ахуйн Бирж ХХК нийт 639 удаагийн арилжаа зохион байгуулж 31 161.4 тонн хонины ноос 53.5 тэрбум, 3 154 тонн тэмээний ноос 15.8 тэрбум, 26 019 тонн ноолуур 1 их наяд 636 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 4 001.6 тонн ямааны завод ноос 77 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос 107.5 сая төгрөгөөр, 1 577.9 тонн хонины завод ноос 1.9 тэрбум төгрөгөөр, 1 тонн сарлагийн завод ноос 3.1 сая төгрөгөөр, 4.1 тонн сарлагийн хөөвөр 65.4 сая төгрөгөөр, 12 толгой хонь 1 сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус арилжаалж нийт 1 их наяд 807 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Мөн хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээдэхүүнээр хангах зорилтынхоо суурийг тавилаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна аймаг, нийслэл,сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжихээр шийдвэр гаргалаа. Энэхүү ажлынхаа хүрээнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
ХХААХҮЯ-ны гадаад харилцаа хамтын ажиллагаа
Өнгөрөгч богино хугацаанд дотоодод ийн ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагааг ч орхигдуулсангүй. Тухайлбал, ОХУ болон Унгар улсад ажил хэргийн айлчлал хийсэн. ОХУ-тай мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, ОХУ-руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, энэхүү саналыг Оросын тал хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
8 жил хөдлөөгүй төслийг хөдөлгөөнд орууллаа
Мөнхүү Унгар улсад айлчлах үеэрээ “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг хурдасгах талаар тохиролцлон хоёр улсын Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч хөдлөөгүй 8 жил зогссон төсөл ажил хэрэг болох боломж бүрдэв.
БНСУ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд “Бог малын хээлтүүлэгчийн мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, бүртгэлжүүлэх”, БНХАУ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд “Зүүн 5 аймгийн бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх”, Польш улсын Засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд “Тоо нь цөөрч буй үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах” төсөл, хөтөлбөрийн саналыг боловсруулав. Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан чуулга уулзалт, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. Япон Улсын Шизүока муж хооронд хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Бизнес форум”-д салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулж, БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн хөгжлийн яамны Солонгосын хөдөө аж ахуйн туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд “Экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Көбаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсаас БНХАУ-д мах экспортлохтой холбогдсон протоколд гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мал эмнэлгийн товчооны дарга, малын ерөнхий эмч Ван Жыцай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мал сүргийг эрүүлжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдаж буй худалдааны хориг саадыг цуцлах талаар санал солилцон, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар болов.
ХХААХҮЯ-ны сайд өнгөрөгч хугацаанд 583 удаагийн уулзалт зохион байгуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн салбарын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл, гадаад орны төлөөлөгч, элчин сайдуудтай ажил хэргийн 583 удаагийн уулзалт хийв. Тухайлбал, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын удирдлагууд болон салбарын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, НҮБ, Дэлхийн банк, ОХУ, Япон, БНХАУ, Франц, Их Британи, Беларус, Болгар, БНСВУ, Казахстан, Канад, Австрали, Унгар, Өмнөд Солонгос зэрэг улсын төлөөлөгчтэй, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон хамтран ажилладаг төрийн байгууллагуудын төлөөлөлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод, ТББ, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын ахмадын төлөөлөлтэй, хөдөө орон нутгийн ард иргэдтэй, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”, “Хоршооны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Худалдааны тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар холбогдох байгууллагууд мэргэжлийн холбоодтой тус тус хагас мянга гаруй удаагийн уулзалт зохион байгууллаа.
ХХААХҮЯ-наас явуулж буй үндэсний үйлдвэрлэлийн бодлого
“Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийн хүрээнд “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох, экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх татвар, эрх зүйн болон бизнесийн таатай орчин бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ДНБ-нд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ. Хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ. Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, түүхий эдийн санг бий болгохоор бодлогодоо тусгалаа.
Монгол Улсын Засгийн газар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж,дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар тэмдэглэлд тусгагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллах талаар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурав.
Талуудыг төлөөлж Монгол улсын Засгийн газрын гишүүн,Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Тус санамж бичигт Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон улсын стандартын шаардлага хангасан дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгох,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн худалдан авалтын тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс авах ажиллагааг зохион байгуулах зэрэг олон чухал асуудлууд багтав.