Цахим дээрэлхэл гэдэг нь хүүхэд, өсвөр насны хүүхдийг интернет, дижитал технологи, гар утас зэргийг ашиглан доромжлох, дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх, ичгэвтэр байдалд оруулж буй үйл явдалыг хэлнэ. Энэ ойлголт нь аль аль тал нь насанд хүрээгүй байх үед хүчинтэй ба, хохирогч эсвэл хохироогч нь хоёул насанд хүрээгүй байдаг. Хэрэв, насанд хүрэгчдийн оролцоо байгаа бол энэ нь цахим дарамт эсвэл цахим мөрдлөг болдог ба энэ нь цахим дээрэлхэл болдоггүй.
Нэг удаа цахим дээрэлхэлийн хохирогч болсон хүүхэд, дараагийн удаа цахим дээрэлхэл/доромжлол үзүүлэх өндөр магадлалтай.
Цахим дээрэлхэлийн жишээнд: мессеж болон онлайн чатаар хоорондоо маргалдах, ууртай, бүдүүлэг үг хэллэгээр хохирогч руу дайрах, доромж, сүрдүүлгийн өнгө аястай мессежийг давтамжтай илгээх, бусдын найз нөхөрлөл, үерхэлийн талаар худал хуурмаг цуурхалыг тараах, гүжирдэх зэрэг ордог байна.
Цахим дээрэлхэлд өртсөн хүүхдүүд:
· архи, тамхи хэрэглэх
· хичээлээ таслах
· бодит амьдрал дээр бас дээрэлхүүлэх
· сургуульдаа явахыг хүсэхгүй байх
· хичээлдээ тааруу дүн авах
· өөртөө итгэх итгэл нь буурах
· эрүүл мэндийн бусад асуудалд өртөх зэрэг асуудлуудтай тулгарах ба цаашилбал
хүүхэд амиа хорлохыг хүсэх, амиа хорлох оролдого хийх нөхцөл байдал ч үүсч болзошгүй юм.
Цахим дээрэлхэл нь хэр өргөн цар хүрээг хамарч байна вэ?
АНУ-ын Цахим гэмт хэргийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаагаар, 5 хүүхэд тутмын 1 нь цахим дээрэлхэл, дарамтыг байнга мэдэрдэг ба нийт судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь ямар нэг хэлбэрийн цахим доромжлолыг хүртэж байсан байна.
Судалгаанд оролцогч өсвөр үеийнхний 37% нь цахим дээрэлхэлийг онлайн сүлжээ буюу фейсбүүк, инстаграм, твиттер зэрэг сүлжээгээр авж байсан гэдгээ мэдэгджээ.
Цахим дээрэлхэл нь жилээс жил ирэх бүрт улам нэмэгдсээр байгаа ба, хохирогч хүүхдүүдийн дийлэнх хувь нь уг хэргийн талаар эцэг эх, багш асран хамгаалагч, сургуулийн захиргаанд мэдэгддэггүй нь гол асуудал болдог байна.
Цахим дээрэлхэл нь яагаад ийнхүү өргөн тархаж байна вэ?
· Дээрэлхэгч хүүхэд технологийн тусламжтайгаар маш хурдан, амархан аргаар бусдыг хохироож чадна.
· Дээрэлхэгчийн тараасан гүтгэлэг, доромжлол, хуурмаг мэдээлэл нь маш өргөн цар хүрээг хамарч олон хүнд хүрэх боломжтой ба ингэснээр, цахим дээрэлхэлийн хохирогчийн талаар маш олон хүнд өнгөц, сөрөг мэдээлэл түгнэ.
· Энэ нь “биет бус” ба дээрэлхэгч нэр ба хувийн мэдээллээ нууцласан тохиолдолд хариуцлага хүлээлгэхийн тулд хандах хаяггүй болгох бөгөөд дээрэлхэгч өөрийн нууц байдалд итгэл төрөн улам хүчтэй, хурц байдлаар дээрэлхэж, доромжлох өнгө аяс гаргадаг.
Хүүхдүүд яагаад цахимаар дээрэлхэж/доромжилж байна вэ?
· Бусад үе тэнгийнхэндээ өөрөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, өөр нэгнээ доош татах
· Бусад үе тэнгийхнийхээ анхааралд өртөх
· Өөрийгөө хүчтэй гэж мэдрэх
· Хохирогчод атаархдаг мөн дургүй учраас
· Эсвэл зүгээр л бусдыг доромжилсноороо хөгжилтэй байж чаддаг
Цахим дээрэлхэлийг эхлэхээс өмнө сэргийлцгээе!
Эцэг эхчүүдэд:
· Хүүхдийнхээ технологийн хэрэглээг хязгаарлах
· Дээрэлхэл, дарамтлалын өнгө аястай мессежийг уншилгүйгээр устгах, тийм зүйл бичдэг хэсэг бүлэг хүүхдүүдийн бүлгийг найзуудын жагсаалтаас хасах талаар зөвлөх
· Хүүхдийнхээ уншихыг хүсээгүй зүйлийг тэдний хувийн онлайн орон зайд бичихгүй байх (энэ нь тэдний найз нөхөд, сургуулийн хүрээлэлд буй бусад хүүхдүүдэд мөн харагддаг учраас)
· Хэрэв боломжтой бол хүүхдийнхээ хэрэглээний компьютерийг гэрийнхээ төв хэсэгт байршуулах
ЗӨВЛӨМЖҮҮД
1. Идэвхтэй бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагаа
Эцэг, эхчүүд нь хүүхэдтэйгээ цахим дээрэлхэл/дарамтын талаар ярилцаж байх хэрэгтэй ба таны хүүхдэд тийм зүйл тохиолдож байгаа эсэхийг үргэлж асууж, санаа тавьж байх хэрэгтэй. Ингэснээр, таны хүүхэд тантай илэн далангүй ярилцаж, бусад хүүхдийг хүндлэх, тэдний хандлагыг хүлцэх зэрэг эерэг зан үйлд суралцаж, өөрөө цахимаар дээрэлхэгч биш болж төлөвших юм.
2. Ойлголцол ба эрх тэгш байдал
Эцэг, эхчүүд ба хүүхдүүдийн хоорондын аливаа цахим тусгаарлалыг багасгах, аюулгүй гар утас, интернэт ашиглах, цахим харилцааны ямар тохиолдолууд нь бусдыг дээрэлхэх/дарамтлах өнгө аяс илэрхийлж болохыг хүүхдүүддээ сургаж, зөвлөх хэрэгтэй байдаг. Ихэнхи эцэг эхчүүд нь орчин үеийн хүүхдүүд өөрсдөөс нь илүү гар утас болон технологи ашиглаж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнтэй эвлэрсэн байдаг ч тэднийг аюулгүй байдлаар ашиглаж чадаж байна уу гэдгийг төдийлөн анхаардаггүй. Тийм учраас, таны хүүхэд цахим дарамт, доромжлолд өртөж байгаа эсхийг мэдэхийн тулд тэднийг утас болон бусад интернет сүлжээ бүхий технологийн хэрэгсэл ашиглаж байхад нь тэдний царай, нүүрний хувиралыг анзаарах, огцом сэтгэл хөдлөл, уур уцаар, гутралын шинж төрх гаргаж байгаа бол хүүхэдтэйгээ дотночлон эелдэгээр ярилцах хэрэгтэй.
3. Хамтын ажиллагаа
Эцэг эхчүүд нь, өөрийн хүүхэд хэн нэгэнд дээрэлхүүлж байгаа эсвэл хэн нэгнийг дээрэлхэхээр төлөвлөж байгаа үед заавал ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай. Учир нь таны хүүхэд дээрэлхүүлж биш, дээрэлхэж ч байж болох юм. Хүүхэд цахимаар дээрэлхүүлж/дээрэлхэж байгаа гэдэг нь бодот амьдрал дээр ч гэсэн ижил зүйл давтагдах боломжтойг илэрхийлж байгаа ба асуудлыг хурцдахаас өмнө тохирох арга хэмжээг авах нь эцэг эхийн үүрэг юм. Үүнчлэн, хэрэв ийм тохиолдлын гэрч болсон бол хүүхдийн харгалзах сургуулийн дүрэм журмын дагуу хүүхдийн сургуулийн удирдлага, багшид мэдэгдсэнээр дээрэлхэгчийг олж илрүүлэх, түүний цаашдын давтамжыг зогсоох зэрэг арга хэмжээг авах боломжтой байдаг.
4. Нийгмийн хүрээлэл
Энэ ангилалалд, цахим дээрэлхэгч/дээрэлхүүлэгч, тэдний сургууль болон ойр тойрны найз нөхөд, эцэш эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар бүгд багтана. Таны хүүхэд цахим дээрэлхэлд өртөөгүй мөн дээрэлхээгүй байсан ч түүний гэрч байх боломжтой. Хэн нэгнийг интернет ба цахим орчинд дээрэлхэх, доромжлох, гүтгэх зэрэг нь тухайн хохирогчид ямар их сэтгэлзүйн дарамт өгдөгийг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ба, цахим дээрэлхэлд өртсөн хүүхдийг хэдий дээрэлхээгүй ч дооглох, тохуурхах зэрэг нь мөн адил хэмжээний асуудал юм. Тийм учраас, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч бүр нийгмийн зөв харилцааны ур чадвар, бусдыг энэрэх сэтгэл, зөв ёс суртахууныг талаар хүүхдэд заах, зөвлөх зэргээр төлөвшүүлж чадсанаар бид хамтдаа цахим дээрэлхэлээс сэргийлж чадна.
Эх сурвалж:НЭМХ