Хэн нэгний буруутай үйлдэл хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг нь бичигдээгүй хууль билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, Жуковын автобусны буудал орчимд явган хүний гарцаар гарч явсан ой найман сартай О.Түвшинтөр гэх хүү асран хамгаалагчийн хамт зам тээврийн осолд орж бэртжээ. Тухайн үед хүүг Г гэх бага насны хүүхэд тэвэрч явсан бөгөөд бяцхан хүүгийн эцэг, эхэд нь осолд орсон талаараа хэлэлгүй өнгөрчээ. Харин осолд орсны шинж тэмдэг бүтэн долоо хоногийн дараа илэрч, О.Түвшинтөр хүү өдөр, шөнөгүй доогуураа шингэн алдаж эхэлсэн байна.
Хүүгээ шалтгаангүй өвдсөнд эцэг, эх нь санаа зовж, бариач дээр очсоноор хүүгийнхээ зулай хэсгийнх нь гавлын яс цөмөрснийг олж мэдсэн аж. Ингээд тэд яаралтай түргэн авч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ГССҮТ-д очиж хүүгийнхээ тархины томографикийн зураг авахуулахад эмч нар яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэдгийг дуулгажээ.
Хүүгийн эцэг ослын үеийн бичлэгийг нотлох баримт болгон авчээ
Ингээд тус оны арванхоёрдугаар сарын 3-нд О.Түвшинтөр хүү хагалгаанд орж арай л дээрдсэн учраас хүүгийн аав О энэ хэргийг хуучнаар Замын цагдаагийн газарт мэдэгдэж осол гаргасан жолоочийг яаралтай олж өгөхийг хүсчээ. Гэтэл тус хэргийг хариуцаж авсан ЗЦГ-ын ахмад Б.Ганзориг гэгч асуудлыг удаашруулж гэмт этгээдийг олохоос цааргалсан байна. Аргаа барсан О.Түвшинтөр хүүгийн аав О өөрөө энэ асуудлын учрыг яаралтай олохоор танил талаараа дамжуулан тухайн осол гарсан үеийн бичлэгийг нотлох баримтаар олж авч, ахмад Б.Ганзоригт хүлээлгэн өгсөн аж. Түүнээс хойш хоёр хоногийн дараа тэрбээр хүүгийн аав О руу утас цохиж “Та яаралтай хүрээд ир. Гэмт этгээдийг олсон” гэдгийг хэлжээ. Үүний дараа О ахмад Б.Ганзоригтой уулзахад “Осол гаргасан 4012 улсын дугаартай “Т.Соксид” маркийн авто машины жолооч Д.Од-Очир гэгч болох нь тогтоогдсон. Гэмт этгээд хэргээ хүлээсэн учраас та хүүдээ л анхаарлаа хандуул” гэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, уг хэрэг дээр шүүх эмнэлгийн шинжээч эмч нар томилогдсон ч хуудуутай дүгнэлтүүдийг ар араас нь гаргажээ. Тухайлбал, энэ осол болсноос хойш одоог хүртэл шүүх эмнэлгийн эмч нарын гаргасан дүгнэлт өөр хоорондоо зөрөх болсны улмаас шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж дараагийн хурлыг ирэх сарын 1-ний өдөр хийхээр товлосон байгаа юм. Анхны шинжээч эмч М.Отгонбаатар О.Түвшинтөр хүүг ГССҮТ-д эмчлэгдэж байхад нь ирж үзээд гэмтлийн зэрэг нь хүнд байна хэмээн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тархины хүнд гэмтэл баруун зулайн ясны далд хугарал цөмөрсөн тархины эдийн дарагдал гэх дүгнэлтийг гаргасан байна. М.Отгонбаатар эмчийн гаргасан дүгнэлтийн дараа дахин гурван шинжээч томилогдсон байдаг. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШҮХ/ шинжээч эмч М.Энхтайван, Б.Долгормаа, Н.Туяа нар ой найман сартай О.Түвшинтөр хүүгийн биед учирсан гэмтлийн зэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр тогтоохдоо дараах дүгнэлтийг гаргасан нь шүүх хурал хойшлох шалтгаан болсон аж.
Хүүгийн гэмтлийг ослоос үүдээгүй гэж дүгнэжээ
Тэдний гаргасан дүгнэлтээс товч дурьдахад “О.Түвшитөрийн биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн далд хугарал тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл нь 2015 оны арваннэгдүгээр сарын 16-нд үүсгэгдэх боломжгүй ба уг гэмтлийг авсан даруйдаа буюу гэмтэл авсан үеэс эхлээд гавал тархины гэмтлийн үед гарах шинж тэмдэгүүд гарна. Үүнд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ухаангүй болох, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа доголдох зэрэг шинж илэрнэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүний ар гэр асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдэх боломжтой. О.Түвшинтөрийн биед учирсан дээрх гэмтлийг авснаас хойш эмнэлгийн тусламж авахгүй явах боломжгүй” гэх дүгнэлийг гаргажээ. Уг нь, хүүгийн аав хүүг асран халамжлагчийн хамтаар явган хүний гарцаар гарах гэж байгаад осолд орсон гэдгийг нь нотолсон камерийн бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн Цагдаагийн ахмад Б.Ганзориг гэмт этгээд хэргээ хүлээсэн гэх үгийг хүүгийн аавд хэлсэн байдаг. Хатуухан хэлэхэд дээрх нэр бүхий эмч нарын гаргасан дүгнэлтээр бол О.Түвшинтөр хүү ослын газар нас бараагүй болохоор энэ гэмтэл нь ослоос үүдэлтэй биш гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна.
Дараагийн шинжээч эмч нар дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй гэжээ
Ингээд дээрх нэр бүхий гурван эмчийн дараа Эрүүл мэндийн яамнаас УНТЭ-ийн дүрс оношлогооны зөвлөх эмч ГЗ.Хишигжаргал, Б.Батцолмон нарыг томилсон бол ШШҮХ-ээс шинжээч эмч А.Амгаланболд, Ө.Сарангэрэл, М.Золжаргал нарын таван хүнээр О.Түвшинтөр хүүгийн гэмтлийн зэргийг дахин тогтоолгохоор болжээ. Гэтэл шинжээч эмч А.Амгаланболд, Ө.Сарангэрэл нар Н.Туяа, М.Энхтайван, Б.Долгормаа нарын гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухайгаа дүгнэлтдээ дурьджээ. Өөрөөр хэлбэл, “2015 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинжээч эмч М.Отгонбаатарын гаргасан 17178 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Харин 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдөр шинжээч эмч Н.Туяа, М.Энхтайван, Б.Долгормаа нарын гаргасан 329 дугаартай дүгнэлтийн хоёр болон гуравдугаар хариулттай санал нийлэхгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан аж. Тухайлбал, 2.Тархиндаа хүнд гэмтэл авсан хүүхэд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, унтараах, зэрэг шинжүүд илэрх ба дээрх шинж тэмдэгүүд нь хүүхдэд зовиур багатайгаар илэрсэн тохиолдолд түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар мэдээгүй байх боломжтой.
3.Гавлын ясны цөмөрсөн хугарал нь гавлын хөндий рүү цөмөрч орсон тохиолдолд толгой өвдөх, бөөлжих, дотор муухай оргих гэх мэт тархи дарагдалтын шинжүүд илэрдэг. Гэхдээ зарим ховор тохиолдолд хүүхдийн тархины анатомийн бүтцийн онцлогоос хамаарч шинж тэмдэг зовиур багатайгаар илрэх боломжтой.
4.Тархины эдийн нягтрл буурах нь гэдэг КТГ болон MRI шинжилгээгээр илэрч байгаа тархины хавангийн шинж юм. Тархи хавагнах нь гавал тархины гэмтэл гэх мэт маш олон төрлийн шалгаантай. Тархи хавагнах нь гэмтэл авсны дараагаас эхлэн хэдэн цагаас ч хэдэн хоногийн дараа үүсэх боломжтой.
5. Хүүхдийн гавлын яс цөмөрсөн хэсэгтээ тархи дарагдал үүсгэжээ. Дарагдлыг чөлөөлсөн тохиолдолд тархины эдэд гэмтэл үүсгэхгүй байх боломжтой” хэмээх дүгнэлтийг А.Амгаланболд, Ө.Сарангэрэл нар гаргасан гэсэн үг. Ямартай ч тэд уг гэмтлийг ослоос үүдэлтэй гэдгийг нь тогтоож М.Энхтайван, Б.Долгормаа, Н.Туяа нарын гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн байна. Дашрамд дурьдахад дээрх хоёр эмчтэй нэг багт томилогдон ажиллаж байсан УНТЭ-ийн дүрс оношлогооны зөвлөх эмч, ГЗ.Хишигжаргал мөн л хүүг ослоос үүдэлтэй гэмтэл биш гэж үзсэн байдаг байна. Хамгийн гол нь О.Түвшинтөр хүү дөнгөж ой найман сартай. Тэрбээр өөрийгөө илэрхийлэх ямар ч чадваргүй гэдгийг дүгнэлт гаргасан эмч нар мэдэж л баймаар юм.
Жолооч Д.Од-Очир хэргээ хүлээсэн, гэвч…
Дээр хэлсэнчлэн хүүгийн эцэг мөрдөн байцаалтад ослын тухай нотлох баримтыг өгч хэрэгтэн хэргээ хүлээсэн байхад нэр бүхий хэдэн эмч нар яагаад ийм хачирхалтай дүгнэлтийг гаргах болов оо. Уг нь шүүх эмнэлэг гэдэг нь хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тулгарч байгаа анагаах ухаан, биологийн холбогдолтой асуудлыг судалж, шийдвэрлэж дүгнэлт гаргадаг салбар. Тус газар нь үндсэндээ, хүн цогцос, хүний гаралтай буюу биологийн гаралтай эд мөрийн баримт, хавтаст хэргийн материалыг судлан шинжилж хуулийн байгууллагад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Угтаа бол тэдэнд эрх, үүрэг, хариуцлага байдаг. Шинжээч эмч нар дүгнэлтээ гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээг явуулж түүнд байгаа эрхийг эдэлдэг. Эрх нь тухайн хэрэгт холбоотой мэдээлэлтэй танилцах, нэмэлт шинжилгээ хийх эрхтэй. Мөн шинжээч эмч нар чин үнэнч, шударгаар дүгнэлт гаргах үүрэгтэй.
Мэдээж үүргийн дараа хариуцлага яригдана. Гэтэл нотлох баримт камерийн бичлэгт хангалттай үлдсээр байхад яагаад ийм дүгнэлт гаргах болов гэж дахин, дахин асуувал зохилтой. Яг үнэндээ шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой олон маргаан нийгэмд үүсдэг. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн 2013 оны сүүлчээр нэг хэсэг Монголын нийгмийг шуугиулж, хүмүүсийн сайн мэдэх болсон 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш гэх бүсгүйн хэрэгт шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, жигшүүрт гэмт хэрэгтэнд ял завших боломж олгосон. Хэрвээ Монгол Улсын хууль болон шүүхийнхэн хохирогчдод шударга хандая гэвэл шvvх эмнэлгийн дvгнэлтийг хохирогчийн тал хvлээн зөвшөөрөөгvй тохиолдолд дахин шинжилгээ хийхдээ шүүх эмнэлгээс эмч оролцуулалгvй “Хөндлөнгийн эмч нарын баг”-аар давтан шинжилгээ хийлгэдэг хууль журамтай болгоё гэсэн саналыг маш олон хүн хэлж ярьсаар байгаа.
Тиймээс л нялх нялзрай бяцхан үрд шинжээч эмч нар юуны учир ийн зөрүүтэй дүгнэлт гаргах болов оо. Бид дараагийн дугаартаа энэхүү ослыг гаргасан 4012 улсын дугаартай “Т.Соксид” маркийн авто машины жолооч Д.Од-Очирыг шүүхээс хэрхэн бууртгасан, яагаад хэрэг дахин Анхан шатны шүүх рүү шилжих болсон тухай мэдээллийг баримттайгаар хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: