Чоросын Эрдэнэбаатар хунтайж 1635-1653 онд Дөрвөн Ойрадын тэргүүн байв. Эрдэнэбаатар 5 хатантай байсан агаад, Юм Агас хатан нь Хоо өрлөгийн хүү Шүхэр дайчны охин. Эрдэнэбаатар охин Жалбуугаа Шүхэр дайчны хүү Пунцагт хатан болгон өгсөн агаад Пунцаг Жалбуу хоёроос Аюка төрсөн. Юм Агасаас Сэнгэ, Галдан гэж хоёр хүү төржээ.
Сэнгэ 1654-1670 онд Дөрвөн Ойрадын тэргүүн болсон ч, Эрдэнэбаатарын их хатан Бурууд Дарь Балжийнхан манайхан тэргүүлэх ёстой, Халимагаас ирсэн Юм Агасынхан чингэх ёсгүй гэж Сэнгийг алжээ. Юм Агас Эрдэнэбаатарын анд Хошуудын Очирт сэцэний хүчийг ихээр авч, Буруудынхныг хядсан байна. Сэнгийн бага хатан Ану Очирт сэцэний охин (ач охин?) юм. Сэнгэ Цэвээнравдан, Сономравдан, Данжин гэх хөвүүдтэй. Цэвээнравдан Эрдэнэбаатарыг залгамжлах учиртай гэгдэж асан ч, Галдан залгамжилсан. Байдлаа бэхжүүлэхийн тулд Манжийн хаанаас ч тус авах санаа өвөрлөн, 1682 онд Галдан, Юм Агас нар Манжийн хаанд бэлэг хүргэж өгч байжээ.
Галдан Ойрадын чуулганыг тарааж, зөвхөн Зүүнгарыг л эрхэмлэж, улсаа ч Зүүнгар гэж нэрлэж, Баруунгарын хоёр ойрад аймгийг үгүйсгэж, ойрад дундаа зөрчил хагарал гаргаж, ганцаарчлан дарангуйлж, дураар дургиж эхэлжээ.
Цэвээнравдан (1697-1727 онд хаан суусан)-гийн нэг хүү нь Галданцэрэн (1727-1745). Галданцэрэнгийн хоёр хүү хаан сууж байжээ, тэр нь Цэвээндорж (1745-1750), Ламдорж (1750-1753). Цэвээнравдангийн хүү Ботлогийн хүү Амарсанаа 1755-1757 онд хаан суув. Амарсанаагийн өмнө, Сэнгийн хүү Байтаны удам Даваач 1753-1755 онд хаан суусан (Байтан-Цэрэндондов-Намжилдаш-Даваач).
1640 оны Ойрад-Халхын Их Цаазад оросуудын тэлэлтийг Дорнод Ази руу нэвтрүүлэхгүй байх зүйл оржээ. Үүнийг даган, Баатар хунтайж, Сэнгэ нар оросуудтай байлдаж байжээ. Сэнгэ, Түшээт хан, Сэцэн хан нар оросуудын тэлэлтийг мөн л сөрнө гэж тохиролцож байжээ. Тэгвэл Галдан Оростой холбооцохоор шийдэн, 1672-1673 онд оросуудыг хориотой бүс рүү нэвтрүүлэн, Монгол-Ойрадын их цаазыг зөрчжээ (Сэнгэ ч гэсэн 1667 онд, оросуудыг ахиулахгүй байх чухал хүчин зүйл болох, оросуудад Алтан хануудын улс гэгдсэн, мөн Халхын дөрөвдэх ханлиг ч гэгддэг хотгойд нар луу дайрч, ханлигийг нь мөхөөн, цаазыг ч зөрчиж, оросуудад их ач тус хүргэж байж). Иймээс Орос Галданд асар их талархдаг. Галданг ер сайшаан талархдаггүй асан монголчуудаар (үүнд мэдээж ойрадууд ч орно) социализмын үед Галданг магтуулж,Чахундорж зэрэг зүтгэлтнийг муулуулж эхэлсэн байна.
Халхын хангууд бол Манжтай ч, Оростой ч хатгалдан байлдаж байв. Үүний нэгэн жишээ нь, 1646 оноос буюу Лигдэн хаан, Цогт тайж хоёр нас барснаас (Ойрадууд Түвдийг олон жил эзлэн ноёрхсон. Үүнд түвдүүд өсөрхөн, ойрадуудыг эртнээс бусад монголчуудын эсрэг турхиран, хагаралдуулж байсан байдаг. Нэг эмгэнэлт үр дүн нь Хөх нуурт 1636 онд нэг талаас Цогт тайж нараар удирдуулсан халх, цахарууд, нөгөө талаас Төрбайх, Эрдэнэбаатар нараар удирдуулсан ойрадууд мөргөлдөж, монголчуудын их хядалцаан болсон явдал юм. Лигдэн, Цогт тайж нар монголчуудыг хагаралдуулдаг Далай ламд цохилт өгөхөөр тийш хөдөлсөн нь зөв ч байж болно, буруу ч байж болно. Ямар ч байсан Лигдэн хааны цэрэг цэцэг өвчнөөр хиараагүй, Арслан тайж урваагүй бол үйл явдал цаашид ямраар ч өрнөж болох байсан хийгээд, Лигдэн, Цогт хоёр ялна л гэж тооцоолж явсан нь лавтай. Сүүлийн үед, тэд улааны шашныг хамгаалах гэж байлдсан гэх болсон нь тун эргэлзээтэй. Тийм л юм бол илүү хүчтэй байхдаа яагаад улааны шашны төлөө байлдсангүй вэ? Улсаа алдчихаад, юуны өмнө хэрхэн буцааж авах вэ, хэрхэн манжуудыг цохиж хөөх вэ гэж бодохын оронд, юу гэж улааны шашныг мандуулъя, шарын шашныг сөнөөе гэж явах вэ?) 10 жилийн хойно Халхын Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хоёр Сөнидийн эфү ван Тэнгис, бэйл Тэнгэдэй, тайж Овоодой, тайж Доржсэрэг нартай нийлж манжтай тэмцэлджээ. Тэд хоёр жил Манжтай харгалдаж, их цэрэгтэй нь хэдэнтээ тулалдаж, хүч тэнцвэргүйн тул аргагүй мөхөсдөж байсан. Энэ тэмцэлдээнд Овоодой, Доржсэрэг, Тэнгэдэйн хөвүүн Дорж, Бат, Цэцэн нарын баатрууд амь эрсэджээ.
Ийнхүү Халх, Сөнидийн хан, вангуудын цэрэг мөхөсдсөний дараа Эеэр засагч хаан Халхын хоёр ханг хөвүүдээ өөрийнхөө ордонд ирүүлж суулга гэсэн ч Гомбодорж, Шолой нар татгалзжээ. Манжийн хаан яаж ч чадалгүй мөхөсджээ. Халхаас буцаж ирсэн Тэнгэс, Тэнгэдэй нарыг өршөөсөн нь монголчуудын тэмцлээс сургамж аван болгоомжилсон хэрэг буй за. Хоорондоо эвдрэлцэн байлдахгүй, гаднаас халдсан дайсны эсрэг хамтран тулалдана гэсэн Монгол-Ойрадын цааз зөрчигдсөн хэвээр л байв. Өөрөөр хэлбэл энэ үед ойрадууд бусаддаа туслаагүй байна.
Халхын Махасамади гэгээн Сэцэн хан Шолой бол тэр бүрий дурдагддаггүй, гавьяа зүтгэлт нэгэн юм. Оросууд ч түүний элчийг сүр сүндэртэй хүлээн авч, «гудамжийн дагуу улаан өмсгөлт буучид жагсааж, элч нарыг баавгайн арьс дэвссэн чарганд суулгаж, өмнө нь өнгөлөг хувцастай зургаан морьтон эгнүүлэн явсан” гэж бичсэн байдаг. Гэхдээ энэ нь Алтан хан Шолойн элчийг хэлсэн байж болох. Ер нь тухайн үед Түшээт хан, Сэцэн хан, Алтан хан, Засагт хан гэсэн дөрвөн ханлиг байсан гэж үзэх хэрэгтэй. Халхын хангуудаас анх Алтан хан Оростой холбоо тогтоосон. Алтан ханлиг нь Хөвсгөл, Увсаас Тагна Урианхай, хойдын хиргис, татаарууд хүртэлхийг нэгтгэсэн хүчирхэг ханлиг байлаа. Оросын дорно тийшхи тэлэлтийг хаасан энэ ханлигийг мөхөөгөөгүй бол Түшээт хан, Засагт ханы харъяат албат буриад зон ч эрхшээгдэхгүй л байв. Хожмын Халхын хувь заяа ямраар ч эргэх байсан юм билээ. Алтан хан Шолой Увш хунтайж (1567-1627) Сэцэн хан Шолой (1577-1652) нар нэгэн үед амьдарч байжээ.
1657 онд Түшээт хан Чахундорж Оросын хүчирхэг хаан, Европыг ч айлгадаг Алексей Михайловичид захиа илгээжээ. 1958 онд ЗХУ-д хэвлэгдэж асан ч, монголчуудын хувьд энэ захидлын талаарх мэдээлэл ор тас хаалттай байв. Харин саяхан эрдэмтэн Цонгоол Б.Нацагдоржийн номын хавтас болон хэвлэгджээ. Тус номын редактор, доктор С.Чулуун саяхан эх хувийг нь гэрэл зурагт буулгаж ирсэн аж.
Тус онд Чахундорж Оросын элчин Фёдор Головинд Сэлэнгийн шивээг довтлон тална, оросуудыг Сэлэнгийн уснаас уулгахгүй гэж хэлж байжээ.
Дээрх захидлын утга гэвэл: бидэнтэй эе эвтэй бай, түрэмгийллээ зогсоо, шивээгээ нураа, дараа нь албатуудыг маань буцааж өг, тэгээд өөрсдөө явцгаа гэсэн байдаг. Энэ захидалд буриадуудыг хариад гэсэн нь сонирхолтой. Зарим нь энэ үгийг харьяат гэж тайлбарлаж байна, зарим нь тийм биш, буриадуудыг хариад гэдэг байсан гэж байна. Чахундорж ийм эрс дайчин захидлыг илгээж байхад Галдан хэт ая тал зассан захидлыг Оросын хаанд илгээдэг байжээ.
1657 онд Манж Халхын явдалд идэвхтэй оролцож байгаагүй тул, Чахундорж зөвхөн өөрийнхөө хүчинд итгэн ийм захиа бичиж байв. 1682 онд Энх-Амгалан хаан манайх хилийн харуул тавьсан. Танайх мөн тавь» гэхэд “Манай Халх нэгэн газар оршиж суухгүй, бэлчээр сольж нутагламой. Харуул тавьж болохгүй” гэж эсэргүүцэж байжээ.
Энэ ээдрээтэй үед гадаад бодлогоо Түвдийн Дэсрид Санжаажамц, Оросын элчин Головин хоёроор ихээхэн заалгуулдаг Галдан аюул занал учруулсаар байв. 1687 онд Галдангийн дүү Доржжав нар Түшээтхан аймаг руу довтолж түйвээхэд, Түшээт хан хилэгнэн тэднийг цохиж, Доржжавыг алаад, Зүүнгар руу орж, Эрчис мөрөн хүртэл довтлоод Манжийн хаан эвлэрүүлэн зуучилна гэж ятгахад л буцсан байна.ЧахундоржЦогдос нууранд чуулган хийж, Галдантай эв найрамдлыг тогтооё гэж санал тавьсан ч бүтсэнгүй. Галдан харийнхны турхиралтаар, олон жилийн өмнөөс Халх руу дайрах гэж бэлдсэн байв.
Энэ үед Түшээт ханы дүү Шидшир баатраар удирдуулсан цэрэг буриадуудтай хүч хавсарч, оросуудтай байлдан, Сэлэнгийн шивээг бүсэлж, өлсгөлөнгөөр буулгаж авах гэж байв. Шидшир баатар буриадуудын дунд их нэр хүндийг олж байсан ч гэдэг. Гэтэл өөрөө эхэлж довтлон өдөөн хатгачихаад, явсан хойгуур Галдан өсийг авна хэмээн харийнхантай хүч хавсран довтолж, Халхыг түйвээж гарсан нь 1688 он.
Орос гадаад байдал нь хүнд (Осман хүчирхэгжсэн, Речь Посполитая болон барууны улсуудтай зөрчилдсөн, Крым, Манжид буулт хийсэн) байсан тул Галдан чухам авралын од мэт үзэгдэв. Шидшир баатар арга буюу цэргээ аван яаран эргэж, буриадууд тэмцэлдсээр үлдэж, зарим буриадууд халхуудтай нийлэн, Галдангийн цэрэгтэй байлджээ.
1689 онд элчин Головин Сэлэнгийн дагуу цэрэг илгээж, буриад халхуудтай байлдахад Галдан оросууд гэрээнийхээ дагуу халхуудыг дайлж байна гэж баясаж байжээ. 1690 онд Галдан орос элчин Кибиревт хангалттай тусалсангүй гэж гомдоллож, мөн би байгаагүй бол та нар балрах байсан гэх утгатай үг хэлж байжээ. Өрнө зүгийн дайнаас болж мөхөсдсөн Орост Галдан тэр үед маш их хэрэгтэй байж.
Галдан бошгот Халхад ирээд бараг амьтай голтой бүхнийг хядаж, ялангуяа алтан ургийнхныг толгой дараалан хороож, лам нарыг хүйс тэмтэрч, сүм хийдийг шатааж, бэлчээр нутгийг ч түймэрдэж, амьд үлдээсэн тохиолдолд боол болгож явжээ. Чингис хааны алтан ургийг хядаж явсан хүн Чингис хааны адилаар монголчуудыг нэгтгэнэ гэж юу байх вэ. Галдан бошгот “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн гэдгийг учир мэдэх хүн анх сонсвол элэг нь хөшиж үхнэ (одоо харин дөжирч). Бурхан ч үгүй болоод, бурхны шашнаас татгалзаад, бурхны шашныг сүйтгэж явж шүү дээ. Гитлер “Миний Зөвлөлтийн газар шорооноос Ленин багш маань гуйсан ч бүү өг гэсэн” гээд байвал ямар байхав. Юутай айхтар үл мэдэх явдал, андуурал эндүүрэл гээч вэ.
Галдан бошготыг Халх руу хөдлөхөд Цэвээнравдан хууль ёсны байр сууриа эзлэн, Зүүнгарын тэргүүн болов. Тэгээд зогсолгүй, хоёр түмэн цэрэг бүрдүүлж Галдангийн араас довтлох гэхэд Далай ламынхан ятган болиулжээ. Галдан бол Далай ламын хүн, Оросын хааны итгэл найдвар, мөн Манжийн хааны ч итгэлт нэгэн байв. Гэвч түүнийг Халх руу турхирч ашиглаад л бүгд хөсөр хаясан.
Идэх хоолгүй болж, Үзэмчин хошуу, өөрөөр хэлбэл Манжийн хааны албатууд руу довтлон дээрэм тонуул хийх болсон. Зүүнгар луу буцъя гэхэд Цэвээнравдан Галдан бошготын дээрэм тонуул, аллага хядлагаас сэргийлэн өчнөөн цэрэг байршуулчихсан байв.
Манжтай байлдах санаа, хүч хэзээ ч түүнд байгаагүй. Урьд Хөхнуураас Манжийн цэргийн сургаар зугтаж байсан гэдэг. Улаан буданд аргагүй Манжийн цэрэгтэй тулгаран дийлдэж, Анутай хувцсаа солилцон зугтаж гарсан ч гэдэг.
Чахундорж Манжаас зөвхөн цэргийн тусламж авч, ард олон, нутаг усаа хамгаалах зорилго өвөрлөжээ. Гэтэл Манжийн хаан зөвхөн манай албат болбол тусална хэмээн шахаж тулгаж сонголтгүй болгожээ. Галдан бошгот алж хядаад байдаг, Оростой байлдаж тулалдаж байгаад ирсэн. Ингээд Занабазар тэргүүтэн нэрийн төдий Манжийн албат болон холбооцох аргыг сүвэгчилсэн бөгөөд сайн ч тохиролцоо болсон. Чахундорж Занабазар дүүгийнхээ үгийг, олонхоо дагасан. Үүний ачаар л өдийд Монгол улс гэж оршиж байна. Тийм болохоор Чахундорж бол Чингис хааны дараа орох гавьяатан, үндэсний баатар юм, номер нэг урвагч, номер нэгэх оронч гэгдсэн хүмүүсийн байр солигдож болох цаг иржээ гэж үзэгсдийн тоо нэмэгдсээр байна.
Манжийн хаан ойр байсан хүмүүсийнхээ хөргийг итгэмжит зураачдаараа зуруулж үлдээсэн байдаг. Чахундоржийн хөрөг үлдээгүй. Манжийн хаан Чахундоржтой таарамж муутай, ойр бус байсан бололтой. Гэхдээ хүндэтгэдэг байжээ. Францын элч Жербильон бичихдээ “Тогтсон ёсын дагуу өмнө нь Түшээт хан, Занабазар хоёр бохирч суух гэхэд Хуанди тэднийг босгов. Хуандийн хувьд Занабазар илүү ойр, итгэлт хүн гэдэг нь мэдэгдэж байлаа. Чахундорж намхан, чөргөр туранхай, сахал буурал, уртлаг царай, хавтгай нүүртэй нэгэн” гэжээ. Түшээт ханыг хатуу ширүүн эр байсан гэдэг агаад, Канси хаан түүнийг 1693 юм уу 1698 онд хорлосон байх магадлалтай аж.
Манж Чин улсын цэрэг ойрадуудыг хядан бараг үгүй хийх дөхсөн нь 1757 он. Харин ойрадууд Халхаа түшсэнээр аврагджээ. Манжийн харгислалаас зугтан дүрвэсэн ойрадуудыг Цэнгүнжав тосож, ивгээлдээ аван аварч байжээ. Зүй нь Улаангомд Цэнгүнжавын хөшөөг босгох учиртай аж. Гэтэл Цэнгүнжав нь мөн л урвагч гэгдэж ирсэн хүн юм.
Ойрад шиг эр зоригтой эрслэн тэмцэлгүй, айж хулчийн Манжид дагаар орсон урвагчид гэгдэн толгой гудайлгаж явах цаг төгслөө. Чахундорж номер 1 урвагч биш, Монгол улс үндэстнийг аварсан дайчин баатар юмсанжээ. Орос ах нарын зохиож өгсөн, халхуудыг гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж, хилсдүүлэн хэлмэгдүүлсэн худал хуурамч түүхийг таягдан хаяцгаая! Түүхийг шинээр, үнэнээр, өөрийн толгойгоор харах ойлгох том эргэлтийн үе ирж байна!.