Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноолоо.
С.Зоригийн хэрэг улстөрийн захиалгат аллага байсан гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Шүүх ч үүнийг нотоллоо. Гэхдээ энэ хэргийн шүүх хурал болж, гэм буруутай хүмүүс нь ялаа авлаа гэхэд захиалагч нь яагаад тодорсонгүй вэ, түүнийг юуны учир зарласангүй вэ гэдэг томоос том асуулт үлдлээ. Нөгөө талаас С.Зоригийн хэргийн талаар худал мэдүүлэг өгч, хуулийнхныг олон жил төөрөгдүүлсэн гэх Б.Булганд яагаад хариуцлага тооцсонгүй вэ, С.Зоригийн гэрийн орон доороос гарсан Э.Бат-Үүлийн малгайны учрыг яагаад олон нийтэд хэлэхгүй байна вэ гэдэг маш олон бүрхэг асуудлууд үлдэж байна.
Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор байнга дурдагддаг хэргийн газраас олдсон их хэмжээний бэлэн мөнгө болон С.Зоригийн хэргийн таван ч хавтаст материалыг эрх бүхий хүмүүс дундаас нь устгасан гэх асуудлууд бий. Хэрвээ С.Зоригийн хэргийн шүүх хурал үнэн зөвөөр явагдсан бол энэ бүх асуудлуудын учир тайлагдах учиртай. Тэгтэл хуулийнхан хэнийг хаацайлах гэж энэ бүх асуудлыг нууж, зөвхөн хэрэг үйлдсэн гэх хүмүүст ялыг нь өгөөд энэ хэргийг хаах гээд улайраад байгаа нь сонин. Магадгүй С.Зоригийн хэрэг улстөрийн захиалгат жүжиг байж болох юм. Учир нь, 1998 онд 22 настай байсан Б.Содномдаржаа 16 настай Ц.Амгаланбаатарыг уруу татаад улстөрийн том зүтгэлтэн хүнийг захиалгаар, онц хэрцгийгээр хөнөөсөн нь хэн хүний санаанд багтамгүй үйлдэл юм. Тиймээс улс төрийн нөлөөгөөр бусдыг хилс хэргээр яллачихаж байгаа юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд бий.
Ерөөсөө XXI зууны ардчилсан Монгол Улсад бусдыг хилс хэргээр яллаагүй байгаа даа гэсэн итгэл олон нийтийн дунд буй нь нууц биш. Хэдий тийм ч шүүх бүрэлдэхүүн улстөрийн энэ том хэргийн эздүүдийг “олж” ял оноосон атлаа захиллагчийг нь яагаад олоогүй, бас зарлаагүй нь гайхалтай. Уг нь С.Зоригийн хэргийг захиалалагат аллага гээд шүүгч нь дүгнэчихсэн. Гэтэл энэ хэргийн гол эзэн захиалагчийг зарлахгүй эсвэл олж тогтоохгүй байгаа нь олон нийтийг басамжилсан, айдаст автуулсан, шүүх засаглал улстөрийн нөлөөнд автсан гэдгийг харуулаад байгаа бус уу.
Төгс