С.Болд-Эрдэнэ
The Mongolian Mining Journal /2017.01 – 098/
Эрх барьж буй намын дарга, ирээдүйд Ерөнхийлөгч болох зорилготой М.Энхболдод Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэх эрх шилжин ирж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгээс Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан хэлцэл дээр Засгийн газар “том” толгойлж, УИХ-аар хэлэлцүүлээгүй нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, 49 хувийг төрийн мэдэлд авах тухай саналаа М.Энхболдын ширээн дээр тавилаа. Хачирт нь 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр ч зөрчилтэй байна гэсэн асуудлыг гаргаж тавьсан.
Хуулийн зөрчлийг арилгах ямар хувилбар барьж авахаас М.Энхболдын хэн болох хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс хэрхэхээ шийдэж ядан тээнэгэлзэж байх шиг. “Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн тул асуудлыг УИХ эцэслэн шийднэ. Гэхдээ 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, ойлголцож, тохиролцсоны үндсэн дээр төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Уг асуудалд нийгэмчлэх байдлаар хандаж болохгүй” хэмээн Америк-Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт дээр хэлсэн түүний үгнээс тэр чигтээ болгоомжлол үнэртэж байна. УИХ шийднэ гэснийг “Би шийднэ” хэмээн “орчуулан” ойлгож болох юм.
М.Энхболд олон жил төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хашир улстөрч. Нийслэлийн Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын Дэд дарга, УИХ-ын дарга гээд бүхий л өндөр албыг хашсан, хашиж байгаа. Одоо Ерөнхийлөгчийн сэнтийд залрах л дутуу үлдээд байна. Ирэх 4 жил, магадгүй 8 жил Монгол улсын хамгийн өндөр дээд тушаалд нэгдүгээр хүн болох амбиц түүнд бий. Ерөнхийлөгчийн сэнтийд ямар нүүдэл хийж хүрэхээ тооцоолон суугаа түүний хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал хожлын нүүдэл, эсвэл хожигдлын нүүдлийн аль нь ч болж хувирч мэдэх ярвигтай нөхцөл тулгарчээ.
Одоогоор нээлттэй болоод байгаа мэдээллүүдээс харахад М.Энхболдод ердөө хоёр л сонголт харагдаж байна. Нэг бол Ажлын хэсгийн гаргасан саналын дагуу “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах. Эсвэл хувийн өмчийг төр булааж авахгүй гээд ХХБ-тай тохиролцох. Аль аль нь М.Энхболдыг адгийн амьтан ч болгож болно, ардын баатраар ч өргөмжилж болох талтай.
Нэгэнт хэлцлийг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдсэн нь хууль зөрчсөн нь тогтоогдсон болохоор Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, 49 хувийг төрд авах эрх нээлттэй болчихлоо. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авлаа гэхэд ХХБ-тай төлбөр тооцоо нийлэх шаардлагатай болно. Төсөв мөнгөний гачлантай өнөө үед энэ нь ихээхэн бэрхшээл үүсгэж таарна. Бас болоогүй, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болговол 49% буцаад “Ростех”-д очиж, Засгийн газарт ирэх эсэхнь эргэлзээтэй. Тийм болохоор хэлцлийг цуцлахгүйгээр шийдэхийг эрмэлзэх биз. Гэхдээ ингэж шийдвэл М.Энхболдыг ардын баатар мэтээр өргөмжлөн туйлшрах талтайг олон нийтийн хандлагаас анзаарч болно. Ардчилсан намын үед “олигархиудын зувчуулсан” өмчийг эгүүлэн авч ард түмний мэдэлд өгч чадлаа гэсэн пиараар түүнийг дэмжигчдийн тоо эрчтэй нэмэгдэж, тэр эрчээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөрсөж магадгүй л байх. Яг л Ц.Элбэгдорж Тавантолгойгоор популизм хийж, иргэн бүхэнд хувьцаа, хишиг өгөхөөр амлан ялж гарч ирсэнтэй агаар нэг юм.
Харин асуудлын нөгөө талд тэр хувийн өмчийг “нийгэмчилсэн” ялд унах нь гарцаагүй. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд тэрээр хувийн өмчийг булаан авсан “улаан коммунист” хэмээн цоллогдож таарна. Тэр хэрээр эсэргүүцэлтэй тулгарна. Уншигч та санаж байгаа бол, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны эхээр дахин сонгогдохынхоо өмнө Ашигт малтмалын хуулийг шинэчилж, хууль зөрчсөн лиценз бүрийг төрд хурааж авах концепци дэвшүүлж байсан билээ. Тэр үед бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид төрийн зохицуулалт, эрх мэдлийг илт данхайлгаж, хувийн өмч рүү эрээ цээргүй халддаг төртэй болох нь хэмээн ширүүн эсэргүүцсэнээр төслөө эгүүлэн татаж байсан түүх бий. Ийм байдал давтагдах бүрэн боломжтой. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал “улаан коммунист”-ыг хүлээж авах боломж олгохооргүй харагдана. Эдийн засаг хямралтай, том төслүүдээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татаж байж хямралаас гарах хүндхэн зорилго өмнөө тавьсан МАН-д хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг айлгах нь ямар ч утгаараа ашиггүй. Энд 4 жилийн өмнөх түүхийг дахин сөхөж сануулахад илүүдэхгүй биз. Нэг нүүрсний ордоос болж гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гарган дөвчигнөсний төлөөсийг өдгөө ч улсаараа төлсөөр явна.
Тэгвэл 49 хувийг төрд авахаас татгалзаж, хувийн хэвшилд нь хэвээр үлдээх шийдвэр гаргавал 6 сарын дараах сонгуульд ялах магадлал буурч таарна. МАНАН дамжсан бүлэглэлийн толгойлогч ч гэдэг юм уу, итгэлт нөхөр Т.Бадамжунайнхаа хүргэнийг дэмжлээ гэсэн хоч зүүж, адгийн амьтан болж хувирна.
Ийм эгзэгтэй нөхцөл байдлын дунд М.Энхболд эргэлзэж тээнэгэлзэн хэр удаан суухыг тааварлах аргагүй юм.
Гэхдээ асуудлыг улстөрчийнхөө нэр хүндийн хувьд ч, улс орныхоо эрх ашигт ч эрсдэлгүйгээр шийдэх боломжийн гарц бас байж болох юм. Тэр нь “Эрдэнэт”-ийг олон нийтийн хувьцаат компани болгох. “Монголын зэс” корпорацийн авсан 49 хувь болон төрийн эзэмшлийн 51 хувиас тодорхой хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд худалдах нь хувийн хэвшил, төр, олон нийт гээд аль алиных нь ашиг сонирхлыг тэгш хангах боломжтой юм. Энд Ашигт малтмалын тухай хуулийн огт хэрэгжиж байгаагүй нэгэн заалтыг сануулъя. Тус хуулийн 5.6-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалт бий. Хууль үйлчлээд 10 жил болоход хэд хэдэн стратегийн ордын ашиглалтыг эхлүүлсэн ч энэ заалт амьдралд огт хэрэгжиж байгаагүй. Хууль нь байхад хэрэгжүүлэхэд хэцүү биш.
“Монголын зэс” корпорацийнхан ч “Эрдэнэт”-ийн хувьцааг олон улсын бирж дээр гаргах бодол бий хэмээн ярьж байсан удаатай. Засгийн газарт ч төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг хувьчлах, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бий. Дунджаар жилийн 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, үйл ажиллагаа нь жигдэрсэн, дахиад 30 жил ажиллах боломжтой “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцааг худалдаж авах сонирхол монголчуудаар тогтохгүй нь лавтай. Олон жил Монголыг тэжээсэн үйлдвэрийг ингэж олон нийтийн хяналтад оруулснаар шахааны бизнес арилахаас эхлээд олон эерэг үр дагавар дагуулах нь дамжиггүй. Ингэж аль аль талдаа эрсдэлгүй алхам хийж чадваас М.Энхболд ард түмэндээ ч баатар нь, хөрөнгө оруулагчид, бизнесийн ертөнцөд ч итгэл олж авах боломжтой юм. Магадгүй цаашлаад төрийн өмчит компаниудыг, уул уурхайн компаниудыг хувьцаат компани болгох, олон нийтийн өмчлөл, хяналттай болгох эхний алхам, суурийг тавьж чадвал улс орны ирээдүй, эдийн засагтаа ч чухал алхам болох билээ.
Ийнхүү Миеэгомбын Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг шийдэх сорилтын өмнө ирлээ. Шийдвэр хэр оновчтой байхыг түүний улстөрчийн алсын хараа харуулах биз ээ.