Монголчууд төдийлөн анзаардаггүй, сонирхдоггүй, гэхдээ хариулт хайж байгаа нийтлэг нэгэн асуултад хариулахаар зориглов. Би олон жил их сургуульд багшилсан болохоор намрын энэ цаг үед багш, тэнхим, сургуулийн захиргааг эцэг эхчүүд байнга зовоож байдаг нэгэн асуудлыг сайн мэднэ. Одоо ч яг тийм байгаа. Охид хөвгүүдээ гадаад хэлний анги руу өгөх гэж, анги солиулахаар мөн ч их хөнөглөдөг дөө. Заавал англи хэл гэж дайраад байхыг нь яана гээч. Гадаад хэлний ийм тийм сургалттай сургуульд элсэлт авна гэсэн зар эх толгойгоо алдсан, намар цагт. Сургахыг ч үзүүлж өгдөг байх.
Эх хэлээ хамгаалъя гэсэн уриатай, зарим нь гадаад хэл үзүүлэхгүй гэсэн лоозонтой монгол хэлний эрдэмтэд боож үхэх шахна. МУИС, МУБИС-ийн нэр бүхий хэдэн ахмад багш хэвлэлийн бага хурал зарласаар байгаад сэтгүүлчдийн элэг доог болчихсон. Тэднийг тоож байгаа амьтан гэж бараг байхгүй. Хөөрхий тэд насаараа монгол хэлээ олон талаас нь мөлжиж заасан, мөлжсөн тоолонгоороо ном бүтээл гаргасан, дэд доктор, докторын зэрэг хамгаалсан, гавьяат цолуудыг хүртсэн, одоо ардын цол үлдээд л байгаа, түүнийг нь би гүнээ ойлгож байвч Та нарын тэмцэл, цөхрөл, ухуулгын цаана даян дэлхийд хэлний геополитик гэж байдаг юм шүү, тийм тоглолт их гүрнүүдийн өвөр хооронд явагддаг юм шүү гэдгийн энгийн хэдхэн баримтыг энд хүүрнэх гэж байна.
“Дэлхийн хэл бол англи хэл мөн” гэж Wall Street Journal сэтгүүлд бичжээ. Энэ үнэн үү? Монголын залуу үе яагаад англи хэл рүү ингэтлээ үхэлдэн улайрна вэ? Энэ бол дэлхийн хүн амын дотор англи хэлээр ярилцагчдын хувь хэмжээ өсч байгаа гэдгээр өлхөн тайлбарлагдана. Гэвч үүнийг шууд батлах боломжгүй. 1958-1992 оныг хамрах 30 гаруй жилийн түүхээс үзэхэд, хэлний хэрэглээний хувьд харин ч англи, франц, герман, орос, япон хэлээр ярьдаг хүний тоо цөөрч, хятадын мандарин хэлээр яригсдын тоо багахан буурсан бол хинди, малай-индонез, араб, бенгал, испани, португал болон бусад хэлээр яригсдын нийт дэлхийн хүн амд эзлэх хувь өссөн зураг харагддаг.
Англи хэлний тухайд, наад зах нь сая хүн ярьдаг хэлний бүлэгт хамаарах хүмүүсийн 9.8 хувийг 1958 онд бүрдүүлж байсан бол 1992 он гэхэд 7.6 хувь болж буурчээ. Өрнийн 5 том хэл болох англи, франц, герман, португал, испани хэлээр 1958 онд дэлхийн хүн амын 24.1 хувь ярьж байсан бол 1992 онд 20.8 хувь болж буурчээ. 1992 он гэхэд хятадын мандарин хэлээр яригсдын тоо англи хэлээр яригсдын тоотой бараг тэнцэж, дэлхийн хүн амын 15.2 хувьд хүрч, үүнээс гадна дэлхийн хүн амын 3.6 хувийг хятад хэлний бусад аялгаар яригсад эзэлж байв.
Дэлхийн хүн амын дийлэнхи нь харийн ганцхан хэлийг (англи) дэлхийнх гэж үзэх нь нэг талаас байж болшгүй мэт. Гэтэл нөгөө талаас нь авч үзвэл, янз бүрийн хэлний бүлэг, янз бүрийн соёлд харьяалах улс түмний харилцааны гол хэрэгсэл болж, энэ утгаараа дэлхийн lingua franca буюу хэл шинжлэлийн нэр томъёогоор дэлхийн хамгийн “өргөн харилцах хэл” болсон бол дэлхийн хэл гэж үзэж болохоор.
Түүхэн аль ч үед lingua francas гэгч гарч ирж байв. Жишээ нь сонгодог эртний үе болон дундад зуунд латин хэл, өрнөдөд франц хэл, Африкийн ихэнхи нутагт суахили хэл, харин XX зууны II хагаст англи хэлээр бараг бүх дэлхийд нэвтрэлцэж байсан ба одоо ч ялгаагүй тийм байгаа.
Их эзэн Чингис хаан маань дэлхийн талыг эзэлж, дэлхийн гүрэн байгуулж байхдаа монгол хэлээ яагаад нэвтрүүлээд үлдээчихээгүй юм бол гэх асуулт аяндаа гарч ирнэ. Олон талаас тайлбарлаж болно. Монгол гаралтай үгсийн тархалт, гадаад хэлэн дэх монгол үгс гэвэл ондоо хэрэг. Тэглээ гээд монгол хэл маань латин хэл, франц хэл, англи хэл шиг тархчихаагүй юм. Дэлхийн эзэнт гүрэн байх гэдэг нь цэрэг-зэвсгийн, илд мэсний гэхээсээ илүүтэй, эдийн засгийн, иргэншлийн, түүнийг дагалдаад lingua francas бүхий гүрэн байхыг хэлдэг аж. Мэргэдийн онолоос ярьж байна.
Гэтэл монгол хэл, монгол ёс заншил, ахуй маань эзэлсэн орнуудынхаа суурь соёл, хэл, шашин, ахуйд уусч тэндээ шингэсэн байдаг. Хэрэв Юань гүрэн дахин 100, 200 жил тогтносонсон бол Хар хорумд юу үлдэх байсныг хэн ч мэдэхгүй.
Үндсэн сэдэвтээ эргэж оръё. Эдүгээ англи хэл бол дэлхийн иргэншлүүдийн хоорондын харилцааны хэрэгсэл болж, христосын он тоолол нь дэлхийн цаг тооллын, араб тоо нь дэлхийн тоолох арга, метрийн систем нь дэлхийн хэмжээнд хэмжээсийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ утгаараа англи хэл маань өрнийнхний геополитикийн нэгэн лут, хүчирхэг зэвсэг ч гэхээс өөр аргагүй.
Lingua franca бол хэл, соёлын ялгааг даван туулах арга болохоос бус уг ялгааг арилгах арга хэрэгсэл биш юм. Зөвхөн харилцааг хөнгөвчлөхөөс бус нэгдмэл дүр төрх, хамтын нийгэмлэгийг бий болгож чадахгүй. Монголын бизнесч, Японы банкир, Индонезийн эрдэмтэн гурав хоорондоо англиар ярьж байгаа нь тэдний аль нэг, эсвэл гурвуулаа англичлагдсан, эсвэл өрнөжсөн гэсэн үг биш юм. Яг үүнтэй нэгэн адил франц, герман хэлээр ярьдаг швейцариуд англи хэлийг үндэсний хэл шигээ өргөн хэрэглэдэг. Энэтхэгт Неругийн саналаас зөрж англи хэлийг албан ёсны хэлээр авч үлдсэн нь хинди хэлээр ярьдаггүй энэтхэгчүүдэд төрөлх хэл, соёлоо хадгалж үлдэх, олон хэлт нийгмийн тогтолцоог хэвээр хадгалах шаардлагаар нөхцөлдсөн зүй ёсны алхам байв.
Lingua franca нь ерөнхийдөө нэг угсаатан, шашин, үзэл суртлын бүлэгт хамаарахгүй. Өнгөрсөн хугацаанд дээрхи шинжийг англи хэл харуулж чадлаа. Тэгэх тусмаа орчин үед “угсаа үндсээсээ бүр их холдож” байгаа нөхцөлд англи хэл нь эртний аккад, арамэй, грек, латин хэлний хөгжилтэй төстэй замаар явж байх шиг. Англи хэл ингэж өргөн хэрэглэгдэх болсон нь сүүлийн 25 жилд дэлхийг англи, америкчуудын геополитик ба иргэншилд хэт хамаатуулсных, мөн тэд үндсэрхэг ба үзэл суртлын үүднээс бусад нь хэлээ дэвэргэж чадаагүйтэй холбоотой. Англи хэлийг ийнхүү соёлын харилцааны хэрэгсэл болгосон нь өөр өөр соёл, онцлог төрх бүхий байдлаа улс түмэн хадгалж үлдэхэд тус дөхөм болсон төдийгүй зарим талаар үндэсний ухамсарыг нь сэргээсэн геокультурын хэрэгсэл гэж ч үзэж болно.
Англи хэлтэнгүүдийн хувьд англи хэлний олон янзын аялгаар ярих нь улам бүр түгээмэл болж байна. Тухайн ард түмэн англи хэлийг орчиндоо уусган, өвөрмөц онцлогоо тусгаснаар уугуул англи, америкийн аялгаас тэс ондоо хятадын олон хэлнүүд шиг нутгийн олон англи хэл бий болжээ. Нигерийн пийжин-англи, энэтхэгийн англи болон бусад хувилбарууд бол тухайн нутгийн ард түмний соёлд шингэж, ирээдүйд эх англи аялгаасаа тэс өөр болохын цондон юм. Магадгүй латин хэлнээс роман хэл тасран гарсны адил төрөл арилжиж бие даасан хэл бий болж болзошгүй. Гэхдээ итали, франц, испани хэлнээс ялгаатай нь англи хэлнээс салбарлах эдгээр хэл бол тэгтлээ нийгмээрээ хавтгайрахгүй, эсвэл өөр өөр хэлний аймгуудын хоорондын харилцааны хэрэгсэлээр үлдэх магадлалтай.
Энэ бүх өөрчлөлтийг Энэтхэгээр жишээлж болно. 1983 онд нийт Энэтхэгийн 733 сая хүн амын 18 сая нь англиар ярьж байсан бол 1991 онд 867 сая хүн амын 20 сая нь, одоо тэрбум хүн амын үсрээд 50 сая нь л ярьж байна. Үүнээс харахад англи хэлээр ярьдаг хүн амын эзлэх хувь харьцангуй тогтвортой буюу ердөө 2-4 хувийг эзэлж байна. Цөөн тооны элит хүрээллээс гадуур англи хэл lingua franca-гийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Англи хэлийг эх хэлний онцлогтоо тааруулж хэрэглэх тэр хэмжээгээр бүс нутгийн, энэтхэгжсэн англи хэл төлөвшиж, эртний санскрит болон перс хэлний нэгэн адил англи хэлийг өнөөдөр Энэтхэгийн соёлд шингээжээ. Ингэснээр өрнийнхний геокультурын нөлөөллийг Энэтхэгийн хойгт саармагжуулж, хариуд нь өөрийн геополитикийг сөргүүлж гаргаж ирэх нэг бололцоо бүрджээ.
Түүхэн аль ч үед дэлхийн хэмжээнд хүчний харьцаа хэрхэн тогтож ирсний тусгал хэлнүүдийн тархалтад нөлөөлж ирсэн юм. Энэ бол геополитикийн хууль. Хамгийн өргөн тархсан хэл болох англи, франц, мандарин, испани, араб, орос нь эзэнт гүрний үндсэн хэл байсны үр дүн бөгөөд бусад улс түмэн яалт ч үгүй тэдгээр хэлээр нэвтрэлцэж, цаадуул нь ч хэлээ түгээхийг идэвхтэй дэмжсээр иржээ. Дэлхийд эрх мэдэл, геополитикийн нөлөө, хүчний харьцаа их гүрнүүдийн дунд харилцан шилжихийн хэрээр хэлнийх нь хэрэглээ тэр аясаар шилжиж байв.
үргэлжлэл бий…
Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)