Британи, Америк хоёр 200 жилийн турш колоничлол явуулж, худалдаа, аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан, санхүүгийн асар их эрх мэдэлтэй байснаараа дэлхий дахинд боловсрол, засаглал, худалдаа, технологийн шинэ нөхцлийг хуульчлан өвлүүлжээ.
Эдүгээ англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг 400 сая хүн, хоёр дахь хэлээ гэж үздэг 1 тэрбум 400 сая хүн ард буй тухай Wikipedia-д бичжээ.
Британи, Францын аль аль нь колониуддаа хэл, соёлоо тулгасан. Колони ихэнх орнууд тусгаар тогтносныхоо дараа эзэн улсынхаа хэлээс татгалзан төрөлх хэлээ сэргээж, гадны соёлыг шахах бодлого их бага хэмжээгээр явуулсан боловч тууштай үр дүнд хүрээгүйн жишээ бол төрийн хэл нь англи байгаа Сингапур, Хонконг хоёр байна. Зөвлөлт Холбоот Улс ид цэцэглэн мандаж байх үед орос хэл нь Прагаас Улаанбаатар, Ханой хүртэл lingua franca болж байлаа.
Харин Оросын эзэнт гүрэн нурж унасан тэр аясаар орос хэлийг төрийн хоёрдугаар хэл гэх нь бүр больжээ.
Орос хэлний багшийн дээд сургууль, төрийн албанд удирдах тушаалд очиж буй бүх хүн орос хэлээр шалгалт өгдөг байсан гээд манайд жишээ маш их бий. Орос хэлний багш гэж хосгүй гоё мэргэжил хүртэл манайд байлаа шүү дээ.
Дэлхийд геополитикийн эрх мэдэл, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр тухайн хэл түгж тархдаг жишээ бол социализмын үеийн орос хэл гарцаагүй мөн л дөө.
Дэлхийд эрх мэдлээ тогтоосон тэр гүрний төрөлх хэл нь дэлхийн түгээмэл хэл болмогц тэр ард түмэн ихээхэн бардам болж, бусад ард түмэн тэдний хэлийг сурахаар хошуурдаг.
Өнөөгийн АНУ ба түүний англи хэлийг жишээлж болж байна. АНУ дэлхийд ноёрхоод байгаад дөрвөн хүчин зүйлээр нөхцөлдөж байна гэж үздэг. Энд мэдээж, цэрэг-стратегийн хүч нөөц нь (1) орно. Эдийн засгийн асар их хүч нөөц нь (2) мөн орно. Тэнд дэлхийн ДНБ-ий 35 хувь нь байна.
Шинжлэх ухаан-технологийн асах их хүч нөөц (3) нь мөн орно. Соёлын асар их нөлөөлөл, тасралтгүй хөгжил (4) нь, мөн түүнийг тээгч англи хэл нь орно. Соёл гэдгээр зөвхөн Холливудын энэ их кинонууд, энэ их дуу хөгжим, бохь, жинс, кола тэр чигтээ зэвсэг болон дэлхийгээр түгэн тархаж байгааг хэлж байна.
Берлиний ханыг нураасны дараа германчуудын үндэсний сэтгэлгээ сэргэж, англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсан нэг нь олон улсын хурал дээр германаар ярих болжээ.
Японы эдийн засгийн хүчин чадал япон бус улс түмэнд япон хэл сурахыг тулгаж, Хятадын эдийн засгийн эрчтэй хөгжил хятад хэлийг мөн тийм хэмжээнд гаргаж иржээ. Үүнийг Монгол дахь хятад, япон хэлний сургалт, тархалтаар нотолж болно. Энэ чинь хэл сурах сургалт үйл явц биш, бид чинь гадаад хэлний тулгалтын өмнө хүчин мөхсдөж буйг хэлж байна.
Эдүгээ Зүүн өмнөд Ази дахь хятад цагаачдаар дамжин тус бүс нутагт олон улсын бизнес хятад хэлээр англи хэлтэй зэрэгцэн явагдаж байна.
Өрнийнхний эрх мэдэл, хүч чадал суларч бусад иргэншилд байраа тавихын хэрээр бусад нийгэмд англи болон өрнийн бусад хэлийг шахах, өөрчлөн хэрэглэх явдал харагдах болж байна.
Холын ирээдүйд Хятад нь өрнийнхний оронд дэлхийд ноёлох иргэншил болж гарч ирвэл англи хэл lingua franca байхаа больж, харин хятадын мандарин хэл түүнийг орлоно гэх таамаг байдаг. Гэвч энэ нь юу л бол.
XXI зуун Хятадын зуун болно, Азийн зуун болно гэх таамгийг баруунд яг одоо бүтээж буй метатехнологи өөрчилчихлөө. Энд метатехнологиос зөвхөн web-технологийг нь салгаад аваад үз. Microsoft, Apple, түүний iphone5, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, Wi Fi, youtobe-г хятад хүн яагаад бүтээж чаддаггүй юм бэ гэх энгийн асуулт тавиад хариулт хайгаад үз.
Microsoft, Apple, түүний iphone5, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, Wi Fi, youtobe чинь бүгд англи хэлээр бүтээгдэж, англи хэлээр түгэн тархаж байгаа тул англи хэлийг яалт ч үгүй дэлхийн гол хэл болго гээд тулгачихаж байгаа хэрэг.
Та нар компьютерээ өглөө нээхэд Start windows гэсэн бичиг гараад ирдэг дээ. Цонхоо нээ гэсэн үг шүү дээ. Нүдээ нээ, мэлмийгээ нээ, цаана чинь бид байна. АНУ байна гэсэн үг.
Дэлхийд эрх мэдлээ тогтоосон тэр гүрний төрөлх хэл нь дэлхийн түгээмэл хэл болж буйн гашуун жишээ бол энэ их компьютерын бүчилт биш гэж үү.
Өөр нэг жишээ. Wikipedia гэх лавлахыг аваад үз. Ердөө л жирийн хэрэглээ шүү дээ. Мэдээлэл авъя гээд нэг сэдэв сонго. Англиар нүүр дүүрэн, талбай нь чигжүү. Орос хэлээр түүний тал. Монгол хэлээр 2 абзац, бараг хүн үздэггүй учраас тэр шүү дээ.
Колони орнууд тусгаар тогтнохын хэрээр уугуул төрөлх хэлээ дээдлэн, эзэн улсын хэлийг шахах нь зүй ёсных боловч хөгжлөө дагаад англи хэлийг тийм болгочихож арай чадахгүй байна.
Үндэсний элитүүд нь үндэсний түр төрх онцлогоо сэргээж, тэгснээрээ өрнийнхний хараат байдлаас салах зорилго тавивч хэлэн дээр тэгж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх шиг. Үндэсний лут элитүүд тусгаар тогтносныхоо дараа энгийн харц ардаасаа товойж ялгарах хэрэгтэй болдог, үүнд нь англи, франц болон бусад өрнийн хэл эргээд үйлчилдэг. Ингэснээрээ өрнийн бус улс орны дээд элит хэсэг харц ардтайгаа харилцахаас илүүтэй өрнийнхөнтэй үг хэлээ ололцох болжээ. Энэ нь XVII, XVIII зууныг санагдуулах бөгөөд тэр үед барууны ноёд, дээдэс франц хэлээр ярьдаг, харин өөрийн унаган хэлээ мэддэггүй байв.
Өрнийн бус ертөнцөд өөр хоорондоо зөрчилтэй үндсэн хоёр хандлага бий болоод байна. Нэг талаас англи хэлийг их дээд сургууль, дунд сургуульд өргөн зааж байна. Капитал, зах зээлийн төлөө глобал өрсөлдөөнд англи хэл гол хөтөч болж байна.
Гэтэл нөгөө талаас нийгэм, улс төрийн дарамт нэмэгдэхийн хэрээр уугуул төрөлх хэлээ илүүтэй гарган тавьж, Хойд Африкт франц хэлийг арабаар сольж, Пакистанд англи хэлний оронд урду хэлийг төр засаг, боловсролд нэвтрүүлж, Энэтхэгт үндэсний хэл дээрх мэдээ мэдээлэл англи хэл дээрх нэвтрүүлгээсээ давж гарчихсан сонин тохиолдол 1990 оны дунд үед харагдсан.
Зөвлөлтийн эзэнт гүрэн нурж, “Хүйтэн дайн” шувтарсны дараа дарамтлагдан мартчихаад байсан үндэснийхээ төрөлх хэлийг сэргээж, шинэчлэх хандлага эрчтэй өрнөжээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд уламжлалт хэл, соёлоо сэргээх замаар шинэ амьдралаа бий болгож байна.
Эдүгээ эстон, латви, литва, украин, гүрж, армен, түрэг, азер, молдова хэлнүүд тусгаар тогтносон улсынх нь үндэсний хэл болжээ. Лалын БНУ-уудад нь ч мөн ийм хандлага газар авч, Азербайжан, Кыргызстан, Туркменистан, Узбекистанд орос кирилл бичгийг халж угсаа нэгт түрэг бичигт шилжсэн бол перс хэлээр ярьдаг Тажикистанд араб бичгийг авчээ. Казах хэл хараахан тэгж чадсангүй.
Сербиүд өөрийн хэлээ серби-хорват гэхээ больж зөвхөн серби гэж нэрлэн, өрнийн католик “дайсны” бичиг үсгийг угсаа нэгт оросын кирилл бичгээр сольж, Боснид чухамдаа 450 жил Оттоманы гүрний Балкан дахь ноёрхлын ул мөр болсон түрэг, араб гаралтай үг хэллэгийг дуртайяа шүүрэн авч сэргээн хэрэглэв гэхчлэн жишээ мундахгүй.
Ер нь монгол хэл гээд яс үзээд байдаг багш нар, эрдэмтэддээ хэлэх нэгэн сануулга байна. Хэл гэдгийг төр нь тодорхойлж, хэл бичгийн хэдэн эрдэмтэд мэдэж шийддэг байсан үе нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн.
Монголын ард түмний олонх нь ямар ажил үйл эрхэлж байна, тэдний хэл яриа л монгол хэлний хөтөч болж байна. Монголчууд нүүдэлчид байснаа худалдаачид болсон. Худалдаачин ард түмэн гээд нэрлэсэн байх нь бий. Энэ их зах зээл, дэлгүүр хоршоо, худалдаачин ба худалдан авагч, бид бүгдээрээ харж байгаа бус уу.
Жилийн дөрвөн улирал, өвөл зунгүй, цаг наргүй, амралтын өдөргүй өсөн дэвжиж, хөгжин буй цорын ганц салбар бол худалдаа л байна. Үүнийг дагаад худалдааны монгол хэл төлөвшиж байгаа бус уу. Худалдаачдад зориулсан урлаг, уран сайхан, сонин, хэвлэл, зар, сурталчилгаа монгол хэлний хандлагыг тодорхойлж байна.
Нөгөө талаасаа мэдээллийн эринд эргэлтгүй цохиулсан монголын залуу үе интернэтийн өөр нэг хэлтэй болж авлаа. Интернэт, гар утас гэж монгол хэл бичгийн багш эрдэмтдээс илүү хүчтэй зэвсэг орж ирээд ноёлчихоод байна. Миний ойлгосноор бол аж үйлдвэржилтийн дараах шинэ нийгэм болох шинжлэх ухаанч иргэншлийг буй болгож буй хэдхэн орнууд л дээд эрэмбийн онцгой нэг технологи-метатехнологийг эзэмшиж байна. Одоо дэлхийн гол хэл энэ технологи дээр л босч ирнэ. Босоод ч ирчихсэн. Нөгөө л англи хэл шүү дээ.
Одоогийн байдлаар өндөр хөгжсөн 10 хүрэхгүй улс орон метатехнологийг голлон эзэмшиж байна. Тоолбол тэд дэлхий дээр одоогоор 50 метатехнологи бүтээгээд байгаа ба түүний 20-22-ийг АНУ, 8-10-ыг Герман, 7-г Япон, 3-5-ыг Британи, Франц, 1-2-ыг Швед, Норвег, Итали, Швейцарь тус тус эзэмшиж байна. Метатехнологийг эзэмшиж, нэвтрүүлж, хэрэглэж байгаа бол тэр улстай бусад улс өрсөлдөх боломж бараг байхгүй гэж эрдэмтэд үзэх болжээ.
Дээд эрэмбийн технологи нэгэнт л дэлхийг ноёрхож боолчлох гэж байгаа юм бол түүний гол хэрэглүүр хэл болох англи хэлийг бид өнөөдөр биш юм аа гэхэд, 2020 он гэхэд төрийн хоёр дахь, 2030 онд нэгдүгээр хэлээ болгочихсон цохиж явах юм биш байгаа.
Олхонуд Д.Баярхүү (Судлаач проф)