Хэр удаан жирэмслэхгүй бол эмчид хандах ёстой вэ? Өмнө нь зулбасан эмэгтэйчүүд хэцүү жирэмсэлдэг үү? Жирэмслэлттэй холбоотой таны сонирхсон зүйлс…
Стресс, зулбалт, сэтгэлзүйн зовиурууд жирэмслэлтийн явцыг удаашруулдаг байна. Мэргэжлийн эмч нар үүний шалтгааныг ийнхүү тайлбарлаж байна.
Ямар эмэгтэйчүүд хэцүү жирэмсэлдэг вэ?
Хэт тарган эмэгтэйчүүд, сарын тэмдэг нь тогтворгүй, сарын тэмдэг нь хэт удаан-зовиур ихтэй, батга их гардаг, үс унаж халзардаг гэх мэтийн асуудалтай, чихрийн шижин, цусны даралт хэлбэлздэг өвчтэй, зүрх судас, системийн өвчтэй хүмүүсийн хувьд жирэмслэх нь нэлээн том асуудал болдог байна.
Эрт оношлогоо нь эмчлэгдэх магадлалыг ихэсгэдэг
Энэ талаар эргэлзээ төрж буй, одоо хэрэглэж буй эм тан тань жирэмслэхэд саад учруулж байж магадгүй гэсэн бодолтой хүмүүсийн ойрын хугацаанд мэргэжлийн эмчид хандаж эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамрагдах хэрэгтэй.
Гормоны өөрчлөлтийг тогтворжуулахын тулд эмээр эмчлэх, эмэгтэйчүүд талаасаа кист гэх мэтийн асуудалтай бол үүнийг мэс ажилбараар авахуулж эмчлүүлж болно.
Хэр удаан хугацаанд жирэмслэхгүй бол эмчид хандах ёстой вэ?
Нийлтэг хүлээн зөвшөөрөгдсөн хугацаа 12 сар. Үр тогтоох бүрэн чадвартай хосын эхний 1 сард жирэмслэх магадлал зөвхөн 25 хувь л байдаг. Энэ хувийг тооцоод үзэхэд хосуудын 85 хувь нь 8-9 сарын дотор жирэмсэлдэг байна.
12 сарын дараа жирэмслээгүй бол та эмчид хандаарай
Хосууд жирэмслээгүйдээ санаа зовинон эмчид маш эрт хандах нь бий. Өөрөөр хэлбэл жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй байхад 2-3 сарын дараа яагаад жирэмслэхгүй байгаа талаарх асуултыг эмчээс олон хүн асуудаг. Иймээс жирэмслэх хугацааг 12 сараар тогтоох нь зүйтэй. Гэвч энэ 12 сарын туршид тогтвортой, тууштай харьцаатай байх ёстой. 12 сарын дараа жирэмслэхгүй бол та ямар нэгэн асуудал байж магадгүй хэмээн санаа зовинож эхэлж болно.
Гагцхүү 35-аас дээш насны, жирэмслэхэд саад учруулах ямар нэгэн асуудалтай хүмүүсийн хувьд заавал энэ 12 сарын хугацааг хүлээх шаардлагагүй нь мэдээж. Тэд аль болох цаг алдалгүй ойрын хугацаанд эмчид хандах нь зүйтэй.
Сэтгэлзүйн хүчин зүйлс эмэгтэйчүүдийн жирэмслэлтэд саад учруулдаг уу?
Сэтгэлзүйн хүнд дарамт бол жирэмслэхгүй байх шалтгаан болно. Учир нь сэтгэлзүйн хүнд дарамт нь өндгөвчний үйл ажиллагааг доголдуулдаг талаар олон төрлийн таамаглал бий. Мөн үр дамжуулах хоолойп түр хугацааны даралт үүсгэж, үүнтэй холбоотой сөрөг хүчинзүйлсийг бий болгодог гэсэн нийлэлүүд байдаг.
Сэтгэлзүйн асуудал нь бэлгийн хүсэл тачаалыг бууруулдаг
Үүний зэрэгцээ сэтгэлийн гутралд орсон өвчтөн, сэтгэлзүйн ямар нэгэн өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эмүүд нь бэлгийн хүсэл тачаалыг бууруулдаг талтай.
Зарим төрлийн эмийг хэрэглэж байх явцад жирэмслэлтийг зөвшөөрөхгүй байх тал бий. Тиймээс сэтгэлзүйн ямар нэгэн асуудалтай байгаа бол жирэмслэхээсээ өмнө үүнийг шийдвэрлэх нь зүйтэй. Сэтгэлзүйн хүнд дарамт, сэтгэлийн шаналлыг ардаа орхисныхоо дараа тайван амгалан, жирэмсний үеийг эрүүл саруул даван туулах нь юу юунаас чухал билээ.
Өмнө нь зулбаж байсан эмэгтэйчүүд хэцүүхэн жирэмсэлдэг үү?
Урьд өмнө нь зулбаж байсан эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтийн ямар нэгэн асуудал байхгүй. Хамгийн чухал нь тэд жирэмслэснийхээ дараа дахин зулбалгүйгээр, асуудалгүй үр хүүхдээ төрүүлэх юм.
Зулбалт нь дахин давтдаг эхчүүд болгоомжтой байх хэрэгтэй
Ялангуяа 3 ба түүнээс олон удаа зулбасан эхчүүдийн хувьд асуудал бий. Харин нэг удаа зулбасан, өөр ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй эмэгтэйчүүдийн хувьд дахин жирэмслэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй.
Зулбалт нь дахин давтсан эхчүүдийн хувьд мэргэжлийн эмчид хандан, зулбалтын шалтгааныг нэн даруй тогтоолгох хэрэгтэй.