УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газар, хийх ажлынхаа төсөөлж буй зүг чигээр өөрсдийгөө шинэчлэлийн засаг гэж нэрлэв. Бүх зүйл шинэчлэгдэж, сайжирна байх даа гэсэн хүлээлт иргэдэд үүслээ. Суурь шинжтэй шинэтгэлээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь нийгмийн дэмжлэгийг хүлээж эхлэв. Моргейжийн зээл, хотын бүтээн байгуулалт зэрэг шууд нүдэнд тусах ажлууд иргэдэд таалагдсан нь гарцаагүй.
Харин их хааны нэр, уул уурхайн “ирээдүйн” орлогоор дэнчиндсэн зээлээрээ стратегийн хувьд гэж л зөвтгөхгүй бол эдийн засгийн утгаараа эргэн төлөгдөх чадваргүй, хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь эхнээсээ л эдийн засагчдийн шүүмжлэлийг хүлээж байсныг иргэд санаж байгаа байх. Түүнчлэн зээллэх мөнгөө юунд зарцуулахаа шийдээгүй хэрнээ яаран авсан нь ч шүүмжлэлийн бай болсон.
Хачирхалтай нь уул уурхайн ирээдүйгээр барьцаалж мөнгө зээлсэн хэрнээ мөнөөх зээлээ төлөх гол баталгаа болсон уг салбарт үнэхээр хариуцлагагүй хандлаа. Гол хөрөнгө оруулагчидтайгаа ажиллах дүрмээ өөрчилж эхэлсэн нь ёстой тайлбарлахад хэцүү зүйл болов.
Ер нь энэ байдлаар явбал, эдийн засгийн нөхцөл эргэлзээтэй болно гэдгийг аль 7 сард эдийн засагчид сануулсаар л байсан билээ. Одоо уг “шинэтгэл” нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж, эдийн засаг огцом “хумих” үндэслэл болоод байгаа.
Долларын ханш алдуурч, худалдааны алдагдал өсч, эдийн засгийн орчин эргэлзээтэй болж эхэллээ. Доллараар наймаалцдаг цорын ганц сувгаа энэ засаг хаачихсан болохоор буруутныг хаанаас ч хайх хэрэггүй гэдэг нь дэндүү тодорхой.
Алийн болгон хэвлэлийн видео хурал муралхан, иргэдээ сонсож барих төдийхнөөр нүүр тахлах билээ дээ. Шоу нь дэндээд эхэллээ гэдэг яриа иргэдийн дунд хэвийн зүйл болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийн хүлээж байсан хүлээлт хөрч эхлэв. Тиймдээ ч шинэчлэгчдийг улайран дэмжих хандлага нь аажим аажмаар суларч байна.
Өмнө нь шинэчлээд өгнө гэсэн уриа дуудлага иргэдэд ямар нэг хүлээлт үүсгэж, эерэг хандлага төрүүлдэг байсан бол, энэ бүхний дараа яг, юуг? яаж шинэчлэх гэж байгаа юм бол гэсэн эргэлзээг дагуулах болсноороо Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа сонгогчдын боловсролыг лавтайяа нэг шат ахиулж чадсан.
Нэг үгээр шинэчлэл нэрийн дор ухаалаг ба ухаалаг бус, төлөвлөгөөтэй ба төлөвлөгөөгүй олон зүйлс байгаа гэдгийг сонгогчдод ойлгуулж өгснөөрөө энэ засгийн нэр танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм.
Шинэчлэлийн асуудал зөвхөн Засгийн газар, эрх баригчдын дунд яригдахгүй байна. Нэг талаас сонгуулиар АН-ыг дэмжиж байсан нийгмийн хүлээлт дээрх шалтгаануудаас болж аажмаар хөрч, нөгөө талаас сөрөг хүчин МАН-ын шинэчлэл засгийг чадваржуулах үндэс болж мэдэх юм гэсэн хүлээлт үүсэж эхлэв. Төрийн хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн зэрэгцээ, сөрөг хүчин МАН-ын шинэчлэлийн асуудал иргэдийн анхаарал татсан нэг сэдэв.
Ингээд МАН-ын Бага хурлын гишүүний хувьд шинэчлэлийн асуудлаар намын гишүүдийн байр суурь ба шинэтгэлийн цаашдын өрнөлийн талаар цуврал нийтлэл бэлтгэснийхээ эхний хэсгийг танилцуулж байна.
Энэ асуудлаар улс төрчдийн байр суурь, МАН-ын гишүүдийн өгсөн ярилцлага зэргээс харахад энэ удаагийн шинэчлэл нь намын үзэл баримтлал, бүтэц болон үйл ажиллагаа, өнгө төрх, гишүүнчлэл, боловсон хүчний эрүүл систем бүрдүүлэх, дүрмээ шинэчлэх, цаашлаад асуудлыг зөвхөн намын хүрээнд хязгаарлахгүйгээр улс эх орны хэмжээнд харах зэрэг асуудал руу үндсэндээ чиглэгдэхээр байгаа юм.
Үзэл баримтлалын эргэн тойронд,
Сонгогчдын дэмжлэгийг авдаг сэдвүүд, улс төрийн мөрийн хөтөлбөр, намын гишүүдийнх нь чиг баримжаа, гадаад түншлэл зэргээрээ МАН бол яах аргагүй социал демократууд. Дүрмэндээ социал демократ үзлээ нийгмийн ардчилал хэмээн “оноож нэршүүлсэн”.
Зарим хүмүүс үүнийг социал демократизмыг буруу орчуулсан мэтээр хөнгөхөн буруутгадаг тал бий. Мэдээж энэ бол гэнэн буруутгал л даа. Харин социал демократ үзлийг нийгмийн ардчилал хэмээн иргэдэд зориулан “оноож нэршүүлсэн” гэх нь үнэнд илүү нийцэж мэднэ.
Ер нь зүүн социалистууд нэртэй хэрнээ радикал биш, консерватив нэртэй ч үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлд дулдуйдсан социалистууд байгаа зэргээс харвал нэршил нь хөөцөлдөөд байх чухал сэдэв биш байж мэдэх юм.
Хийж байгаа үйлдэл нь тэдний хэн гэдгийг нь хэлдэг. Энэ талаас нь авч үзвэл МАН бол гарцаагүй л зүүн төвийн нам.
Ямартай ч удахгүй болох МАН-ын Их хурлын халуун сэдэв үзэл баримтлалын асуудал байх шинжтэй.
Намын зарим гишүүд, үзэл баримтлалаар оролдохгүй байх нь зүйтэй гэж үздэг. Тэднийхээр нийгмийн ардчилал хэмээн “оноож нэршүүлсэн” социал демократ үзлээ нийгэмд сайн таниулах хэрэгтэй ажээ.
Харин нөгөө хэсэг нь Монголын 90 жилийн түүх, үндэсний үзлийн дахин сэргэлтийн торгон үетэй давхцуулан үндэсний ардчилсан үзэлтэй болохыг хүсэмжилж байгаагаа хэвлэл, мэдээлэлээр дамжуулан илэрхийлж байна.
Тэгэхээр үзэл баримтлал тойрсон шинэчлэлийн сэдэв нь зүүн төвийн байр суурь нь дээрээ социал демократ үзлээ баталгаажуулж, харин уг баримтлалаа олон нийтэд таниулах ажлыг эрчимтэй хийх үү?
Эсвэл баруун төвийн үндэсний ардчилсан үзэлтэй болох уу? гэсэн альтернатив дээр шийдвэр гаргах хэрэгтэй болж мэднэ.
Үзэл баримтлалын шилжилт хийх үү? үйл ажиллагааны шинэчлэл хийх үү?
Нэг сонголт нь нийгмийн ардчилал хэмээн “оноож нэршүүлсэн” социал демократ үзлээ иргэдэд дахин таниулахын тулд намын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг шаардна. Нөгөө сонголт нь нилээд ярвигтай. Үндэсний ардчилсан үзлийг хичнээн хүн дэмжих вэ? манай намын гишүүдийн хичнээн хувьд нь энэ шинэтгэлийг хүлээн зөвшөөрөх бол? гэсэн асуудал яригдана.
Үүнийг шинэчлэл гэхээс илүүтэй шилжилт гэвэл онож ч мэднэ. Хамгийн чухал нь нийгмийн хүлээлт, гишүүдийн бодлыг зөв мэдэрсэн шийдвэр гаргах нь чухал.
Дээрх талуудыг өөрсдийн үндэслэл, байр сууриа тайлбарлах боломжоор хангах нь Их хурлын шийдвэр зөв, оновчтой гаргах магадлалыг өсгөнө.
Энэ удаагийн Их хуралд эх орны өнцөг булан бүрээс 1300 орчим төлөөлөгчид сонгогдож оролцоно. Бүх асуудлыг тэд шийднэ. МАН өөрсдийн дотоод асуудлаа шийдвэрлээд, эх орны хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн сонгогчдын хүлээлт намын шинэчлэлийн гол чиг зүг байгаасай гэж олон гишүүд хүлээж байгаа.
Хүний нөөц, улс төрийн туршлага, засаглах чадамжийг нь харгалзан МАН-ын шинэчлэлийг Монголын нийгэм хүлээж байгаа юу? гэвэл тийм. Маргах хүн бараг гарахгүй байх.
Энэ хүлээлт дээр бүх шатны сонгуульд МАН-ыг дэмждэг сонгогчдын 40 гаруй хувийг нэмж үзвэл МАН-ын шинэчлэл Монголын улс төрийн хүрээний чухал шинэтгэлийн нэг яах аргагүй мөн билээ.
Харин сэтгэл хөдлөл, цаг зуурын шийдэл бол шинэчлэлийн өнгийг өөрөөр ч зурж мэдэх аюултай. Ер нь аливаа шинэчлэл эхэндээ нийгмийн болон гишүүдийн дэмжлэгийг хүлээх хэдий ч, өрнөл нь хүмүүсийн хүсээгүй үр дүн рүү хөтлөх магадтай гэдгийг шинэчлэлийн засгийн газрын жишээгээр нийтлэлийнхээ өмнө хэсэгт тодорхой хэлсэн.
Тиймээс ч Их хурлын төлөөлөгчдөд нийгмийн энэ хүлээлтийг мэдрүүлж, уг асуудлаар талуудын байр суурьтай эрт танилцуулах нь шийдэл зөв гарах үндэс болох болов уу? гэсэндээ энэхүү цувралыг бичиж байгаа хэрэг.
Намын шинэчлэлийн бусад асуудлаар олон талын байр суурийг танилцуулах дараагийн цувралаар эргэн уулзацгаая.
Улс төр судлаач Очирбатын Алтансүх
UGLUU.MN