Сүү гэж юу вэ гэвэл малын дэлэнгийн булчирхайн шүүрлийн үр дүнд бий болсон, найрлагадаа уураг, тос, нүүрс ус, эрдэс аминдэмийг тодорхой хэмжээ, харьцаагаар агуулсан, ямар нэгэн бодис, нэгдэл нэмээгүй, эсхүл сүүний бүрэлдэхүүн хэсгээс ялгаж аваагүй биологийн үнэт шингэн.
Сүүний бүтэц найрлагын 11-14 хувь нь хуурай бодис, 86-89 хувь нь ус байдаг.
Тэгэхээр хуурай сүү (хатаамал сүү) гэдэг шингэн сүүн дэх хуурай бодисын агууламж нь 95 хувиас багагүй байхаар сүүний усыг ууршуулсан бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм.
Хуурай сүү үйлдвэрлэх хоёр арга байдаг.
Нэг нь тоосруулан хатаах, нөгөө нь хальслан үелэж хатаах арга. Хальслан үелэж хатаах аргаар хуурай сүү бэлтгэхэд сүү хуучин байдалдаа хүртэл сэргээгдэхгүй, өнгө, үнэр, амт нь бага зэрэг өөрчлөгддөг талтай.
Иймд сүүлийн жилүүдэд сүүний, ялангуяа түүний уургийн бүтцэд өөрчлөлт оруулдаггүй тоосруулах аргаар хуурай сүү үйлдвэрлэж байна. Тоосруулан хатаах аргын мөн чанар нь өтгөрүүлсэн сүүг өндөр даралттай халуун агаарын урсгалтай орчинд тоосонцор байдлаар цацаж, чийгийг нь ууршуулан хатаахад оршино.
Ингээд хуурай сүүгээ дахин сэргээж, шингэн сүү болгодог. Сэргээсэн сүү гэдэг хуурай сүүг усанд уусган механик, дулааны аргаар боловсруулж, хэвийн (шингэн) сүүний төлөвт шилжүүлэн түүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг хэлээд байгаа юм.
Тиймээс сэргээсэн хуурай, шингэн сүү гэдэг маань эцсийн эцэст адилхан л үнээний сүү.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам