ЦАХИМ ЭМЧ: Кофетой танилцсан миний түүх

 ОРШИЛ
2000 оны эхээр “Хаан” нэртэй кофе бидний хэрэглээнд нэвтэрч эхлэв. Уутан дээрх “3 in 1” гэсэн бичгийг хараад 1 уут кофег 3 хуваан найруулж хэрэглэж эхэлсэн нь хөгжилтэй. Угтаа бол 1 уутанд кофе, сүү, сахар 3-ийг багтаасан бөгөөд 1 уутыг 1 аяга усанд найруулж хэрэглэх ёстой аж. Сахар ихтэй байсан учир хааяа л уудаг байв.

ЭХЛЭЛ
Сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд оров. Тухайн үед төрийн алба өглөө 08:00-д ажил эхэлнэ. Ажилдаа цагтаа очихын тулд өглөө 06:30-д босно. Ихэвчлэн хөдөлгөөнтэй ажил хийдэг байсан надад ширээний ард удаан суух хэцүү байлаа. Энэ үед өрөөний ах эгч нартай нийлж кофе ууж хэвшив. Энэ кофе нь “instant” буюу бидний хэлж заншсанаар найруулдаг кофе байлаа.

ӨРНӨЛ
Төрийн албанаас гараад хувиараа ажиллаж эхлэв. Ажлын ойр Туул ресторанд “Coffee bean” нээгдээд удаагүй байлаа. Яг энэ үед энд тэндгүй кофе шопууд нээгдэж эхлэв. Эдгээр газруудаар орж үйлчлүүлэхдээ эхэндээ кофены сонголтоо хийж мэддэггүй байлаа. Эспрессо, Американо, Латте, Каппучино, Мокка гээд төрлүүдийн талаар мэддэггүй байсан учир эхлээд сүүтэй, шоколадтайгаар нь Латте, Каппучино уудаг болов. Хэт чихэрлэг, нялуун байснаас сонголтоо өөрчлөхөөр болов. Эхлээд нэг хэсэг эспрессо уув. Анхандаа зүрх догдлуулна, салгалуулна тэгээд ажлын бүтээмж дээшилнэ.

Дараагийн сонголт нь Американо буюу эспрессо дээр ус хийж шингэлсэн хувилбарыг нь илүүд үзэх болов. Төд удалгүй нүүрээр жижиг үрэвсэлт батга гарч эхэллээ.

Бэлтгэлийн хөлсөөр нүүр бохирдсоноос боллоо гэж бодож байсан ч үнэндээ кофегоо ихдүүлсний илрэл нь байлаа. Учир нь кофенд агуулагдах кафейн ходоодны шүүрэл нэмэгдүүлэх ходоодыг илүү хүчиллэг орчинтой болгодог юм. Хүчиллэг орчин нь ходоодны үрэвслийг улам даажруулна.

ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
Хүний эрүүл мэнд идээ, ундааны зохист харьцаагаар тодорхойлогдоно. Кофены соёл бидний хэрэглээнд сонгодог утгаараа одооноос төлөвшиж байна гэж би хувьдаа дүгнээд байгаа. Бид яагаад кофе уудаг вэ? Кофены гол үйлдэл нь юундаа байна вэ? Энэ бол кофенд агуулагддаг кафейн юм. Кофе хүний биед сайн нөлөөтэй. Дурдвал богино хугацаанд ой санамж сайжрах, тархины үйл ажиллагаа сэргэх, ажлын бүтээмж дээшлэх, илүүдэл өөх шатаах, хавдрын эсээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй болохыг тогтоосон. Гэвч тун нь хэтэрвэл хор болж хувирна.

Кофе шээс хөөх үйлдэлтэй учир шээсээр эрдсээ алдаж яс сийрэгжихэд нөлөөлнө, биеийг усгүйжүүлнэ, цагаа тохируулаагүй хэрэглэснээс болж нойрны өөрчлөлтөнд хүргэх, ходоодны хүчил ялгарлыг нэмэгдүүлснээр ходоодны үрэвслийг даамжруулах зэрэг сөрөг үйлдлүүдтэй.

Тэгвэл хүний өдрийн зохистой тун хэд вэ? Өдрийн кафейны дээд хэмжээг 400мг гэж үздэг. Энэ нь 250 мл-ийн 4 аяга цэвэр хар кофе юм. Тэгэхээр энэнээс илүү хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөх байна. Мөн бид нар кафейныг энержи дринк, ногоон цай, хар шоколаднаас авдаг учир эдгээр хүнснийхээ хэрэглээг тооцон кофены өдрийн хэрэглээгээ тооцож байгаарай. Кофе тун нь тохирвол эм тун нь хэтэрвэл хор болно. Зохистой хэрэглэж ажлын бүтээмжээ нэмгэдүүлээрэй.

Жинхэнэ кофе гэж ямар ч сахаргүй, сүүгүйг хэлдэг юм шүү!

Хүндэтгэсэн: http://Цахим Эмч

Twitter: @tsahimemch

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …