Нохойны групп дээр олон хүн цэвэрхэн, ухаантай, бараг л бааж шээдэггүй нохой авмаар байна ямар нохой дээр вэ гэж асуухад олон хүн “Чихмэл нохой ав!” гэж тоглоом маягаар боловч үнэн хариулт өгдөг. Нохой тэжээхэд хамгийн чухал зүйл бол миний хувьд “тэвчээр”. Гөлөг үедээ анх ирээд ээжийнхээ мөөмийг хайгаад шөнө дунд сэрж орилно, хуцна, шалаар шээж баана, тэр бүрт эзэн нь босч ээжийнх нь үүргийг гүйцэтгэж хооллож, дулаацуулж, баас шээсийг нь цэвэрлэж, бас буцааж унтуулах хэрэгтэй болдог. Нойрондоо харам хүний хувьд орилох бүрт нь босч асрах нь үнэхээр хэцүү боловч тэвчээд гарвал хэдхэн сарын дараа гөлөг томорч хэцүү бүхэн ард гардаг. Гэвч олон эзэд гөлөгнийхөө эхний хэдэн шөнийн шээс баас, обой хана мэрснийг нь хараад сэтгэлээр унаж, гэнэт “гадаад явах” болж, эсвэл гэнэт “харшилтай” болж “дагалдах хэрэгсэл”-тэй нь хямд зарах, эсвэл утас пүүзээр тулах, тааралдсан хүндээ үрчлүүлж, бүр арга ядсан нь гудамжинд гаргадаг. Хэрэв та нохой тэжээмээр байгаа бол, нохой авахаар шийдчихсэн байгаа бол дараах асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй!
1. Танай гэрийн бүх гишүүд нохой авахыг хүсч байгаа юу?
Нэг л гишүүн дургүй байхад бусад нь дургүй хүнийхээ дарамтанд нохойтойгоо ад үзэгдэж амьдарна! Гэхдээ зарим дургүй хүн нь эцэстээ нохойндоо хамгийн хайртай хүн болж хувирсан тохиолдол олон бий
2. Ирээдүйд шинэ хүнтэй болвол нохойгоо тэжээсээр байх уу?
Судалгаагаар жирэмсэн үедээ нохой тэжээвэл байвал ирээдүйд төрөх хүүхэд маш сайн дархлаатай болж төрдөг нь тогтоогдсон. Мөн нохойтой айлын хүүхэд эрүүл мэндийн хувьд дархлаа сайтай, нохойтойгоо тоглоод байнгын хөдөлгөөнтэй учир биеийн тамир хийсэнтэй адил байдаг, сэтгэл санааны хувьд ганцаарддаггүй, амьтан хайрладаг, илүү зөөлөн сэтгэлтэй болдог гэсэн судалгаа бий.
Дэлгэрэнгүй унших бол
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=157615858295923&id=154136601977182
Монголчуудын хүүхэд нохой цуг байдаггүй гэсэн мухар сүсэг, эсвэл буруу хүмүүжүүлсэн, эсвэл буруу нохой сонгосноосоо болж хүүхэдтэй тохиромжгүй гэдэг үүднээс олон нохой гэрээсээ хөөгддөг!!!
3. Хэн нохойгоо салхилуулж, хооллож, усанд оруулах вэ? Энэ маш ЧУХАЛ!!!
Хүүхдэдээ нохой авч өгч байгаа, хүүхэд нохойгоо гаргана, усанд оруулна, хооллоно гэж бодож байгаа бол та эндүүрч. Олон аав ээж нар хүүхдэдээ нохой авч өгсөн чинь хүүхэд нохойгоо асарч чадахгүй өөрөө бүгдийг нь хийж байна гэж хэлдэг. Бяцхан мундаг эзэд байдаг л байх даа, гэхдээ дундаас доош ангийнхан нохойтойгоо эрхэлж тоглож, сайн найзууд байж чадах ч гадаа гаргах тал дээр чадахгүй л болов уу. Монголд нохойг хүн бүр нааштайгаар хүлээж авдаггүй, нохойгоо аваад гарч байгаа хүүхдүүдийг гадны хүмүүс харааж загнах, ад үзэх, хүүхдүүд нохойндоо чирэгдэх, нохойгоо сул тавьж алдах, өөр нохойтой зодолдох, хулгайч нарт булаалгах, хүмүүс рүү нохой нь хуцаж дайрахад ямар ч хариу үзүүлж чаддаггүй. Тиймээс хүүхдүүдээ нохойтойгоо зөв харьцаж чаддаг, нохойгоо бүрэн удирдаж суртал нь эцэг эх л нохойгоо салхилуулах хэрэгтэй.
Өвлийн цасан шуурга, хаврын хавсарга, зуны халуун, бороотой, шавартай шалбаагтай гээд ямар ч үед хамт даараад, хийсээд, нороод хамт гадаа гарах хүн хэрэгтэй. Баяр наадам, шоунд яваад шөнө хэдэн цагт ч харьсан таныг 00 орох гээд нэг нөхөр хүлээж байна!!!
Гөлөг үед нь ямар ч бяргүй хүн усанд оруулчихна. Томроод усанд орох дургүй, эзнээ дээрэлхдэг нохой бол савандаж амжаагүй байхад л уснаас гүйж гараад хамаг юм руу чинь усаа сэгсрээд гэрээр нэг гүйнэ.
Гөлөг байхаас нь яг тогтмол, олон тоогоор хооллохоос эхэлнэ. Яг л нялх хүүхэд шиг 2,3 цаг болоод л өлсөнө, цангана. Өглөө аягыг нь дүүргээд гарах биш, өдөрт 5,6 удаа хооллох ёстой, тэгж байж эрүүл, амархан өвддөггүй, юу тааралдсанаа иддэггүй хооллолтын зөв хуваарьтай болно.
4. Гөлөг томоожтолоо таны хайртай гутал хувцас, хивс буйдан, тавилга гээд үнэтэй цайтай зүйлүүдийг чинь сүйдлэхэд та болон танай гэр бүлийнхэн хэр хүлээцтэй хандах вэ?
Таны гэрийн арьсан, даавуун, модон тавилга хэдэн саяын үнэтэйг чинь нөгөө нөхөр мэдэхгүй, жаахан уйдаад, стрессдвэл хэмлээд, хазаад, мэрээд орой ирэхэд чинь маш том SURPRISE-тай угтаж магад! “Манай гэрийн тийм юмыг эвдэлчихлээ эсвэл ирснээсээ хойш хэдэн сар шээж бааж сурсангүй, орон дээр баачихлаа бид хоёр гэрээсээ хөөгдлөө, манай нохойг авах хүн байна уу?” гэж олон хүүхэд нохойгоо хүнд үрчлүүлж эсвэл хаядаг!
5. Гөлгөндөө хэр цаг зав гаргаж чадах вэ? Тогтмол агаарт гаргаж, гүйлгэж харайлгаж чадах уу? Чадахгүй бол уйдсан нохой энергиэ шатаах гэж таны шинэ авсан бугын арьсан гутал, хайртай нүдний шил, цүнх, гялалзсан модон шал гээд аль тоглочихмоор зүйлийг чинь өглөө босоход сүйтгэсэн байна. Мөн хөл нь тахийгаад л эрүүл мэндэд нь ч асуудал үүсч эхэлнэ.
Цаг гаргаж нохойтойгоо байнга харьцаж, зөв сургаагүйгээс “чихгүй толгой” болж өсөөд нохойгоо загнаж хашгирсаар нохой нь ч эзнээ тоохгүй эзнээсээ зугтсан, үгэнд орохгүй байдал бий болно. Эцэст нь чадах чадахгүй нохойн сургалтанд өгч зарим нь юм сураад ирдэг ч, зарим нь нохойгоо алдаж, эсвэл эцэж цуцсан, турсан, хүнээс айдаг болсон, юу ч сураагүй чихгүй толгой буцаж гэртээ ирдэг.
Яг нарийн команд биш л бол гадаа бие засуулах, дуудахад ирэх, хэвтэж суух, байрандаа гэх мэт энгийн командыг сургалтын газар биш эзэн өөрөө сургасан нь дээр байдаг. Хэрэв тусгай сургалтанд өгөх хүсэлтэй бол сургасан нохой нь заасан зүйлийг нь яг таг сурсан, эзэн дээрээ очоод ч командаа биелүүлдэг болсон, албан ёсны нохой сургах сургалтанд сууж байсан, диплом гэрчилгээтэй, туршлагатай нохой сургагчаар нохойгоо сургасан нь зөв.
6. Нохойндоо хоол, витамин, туулга, эмнэлгийн үйлчилгээ, тоглоом, хэрэгсэл авах санхүүгийн боломж хэр вэ?
Нохой авсны дараах зардал авсан үеийнхээ зардлаас хэд дахин их байдаг. Вакцин, туулга, хоолонд тогтмол мөнгө зарлагадна, бусад нь эзний мэдэх хэрэг ч нохойнд шаардлагатай зүйлс маш их байдаг.
7. Гэрийнхэн дунд амьтны харшилтай хүн байгаа эсэх.
Нэг хүн л харшилтай бол аваагүй нь дээр, нөгөө хүнээ шийтгэж байгаа юм шиг хамаг арьсан дээр нь юм тууруулаад, хоолой амыг нь боолгуулаад, байнга эм уулгаад явна гэдэг хэцүү. Гэхдээ бүх нохой харшил үүсгэдэг гэсэн үг биш, харшил үүсгэдэггүй нохойн үүлдэр гэж бас бий шүү
8. Ойрын хугацаанд гадаад явах эсэх…
Хэсэг хугацаанд гадаад, дотооддоо явахад нохойгоо орхиж явах нь их асуудал болдог. Энэ үед нохой алдчихгүй, өвтгөчихгүй найдвартай хараад өгөх хүн хэрэг болдог…
Урт хугацаагаар гадагшаа явахад Монгол улс галзуугийн өвчинтэй орны тоонд ордог тул зарим орон жишээ нь хятад руу нохойтойгоо (муур бас) онгоцоор нисээд Бээжинд буугаад хилээр ороход 30 хоног карантилдаг. 30 хоног карантилахдаа тусгай эмнэлэгт байлгаж, нарийн шинжилгээ авч, нохой байлгасан, хооллосон, шинжилгээний бүх төлбөрийг эзнээс гаргуулна, төлбөр их өндөр үнэтэй! Нохой аваад гадагшаа явах бол ямар улс, ямар журмаар, яаж хилээр оруулдаг гэдгийг нь судлаарай.
8. Үс үс үс…
Дийлэнх нохой өдөр бүр их бага хэмжээгээр үсээ хаядаг. Голденгийн хувьд жилдээ 2 удаа их хэмжээгээр үсээ хаяна. Энэ үед нь буйдан дээрээ гаргах нь битгий хэл шалаараа ч явуулмааргүй санагдана. Шалаа шүүрдээд л байна шүүрдээд л байна, шүүрдээгүй юм шиг л үс шүүрдэгдэнэ. Хааяа аманд хүртэл үс нь явж байна. Үсний асуудлыг нь зохицуулахын тулд үсний витамин, тос, сайн зөв хоол, сайн шампунь хэрэглэх, үс самнах, агаарт гаргах хэрэгтэй болно. Үсний асуудлыг нь шийдэж чадахгүйгээс болж олон нохой хашаанд гардаг!!!
Үс унадаггүй, үс нь хүний бүтэцтэй адил non-shedding нохойны үүлдэр бас байдаг
Та үнэхээр нохойнд хайртай, энэ бүхнийг тэвчээд тэсээд, чадна, болно гэж үзэж байгаа бол таны нохой тэжээх цаг нь болжээ. Хүн бүрийн хайдаг, тэжээхийг хүсдэг цэвэрхэн, ухаантай, бааж шээдэггүй нохойг эзэн өөрөө л бүтээж чадна!
By Zaya BE