Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?

Бид л мэддэггүй болохоос бие махбодь маань үргэлжид өөрчлөгдөж, хувирч, аливаа зүйлд дасан зохицож, “тэмцэж” байдаг. Үүний нэг илрэл бол хаврын ядаргаа юм.

Хүний бие гэдэг цаг уурын байдалтайгаа зохицуулан бодисын солилцоо болон гормоны тэнцвэрээ өөрчилдөг ухаантай тогтолцоотой. Тиймээс ихэвчлэн бүүдгэр, сүүдэртэй, хүйтэн уур амьсгал ноёлдог өвлийн улиралд бидний бие махбодь өөрийгөө хамгаалахын тулд ерөнхий температураа бууруулж, цусны даралтаа ихэсгэн, нойрсуулдаг гормон болох мелатониныг илүү ихээр ялгаруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид “ичээ”-ндээ ордог гэсэн үг. Тэнцвэрт байдлынхаа энэхүү өөрчлөлтөнд дасах гэж бие махбодь багагүй цаг хугацааг зарцуулдаг бөгөөд дөнгөж дасаж эхэлмэгц улирал ахин өөрчлөгдөж, урин хавар айлчилдаг билээ.

“Юу болоод өнгөрөв өө, хавар болчихлоо гэж үү?”- Хавартай цуг нарны илч нэмэгдэж, өдөр уртсан, гэрэлтэй, дулаахан болоод ирэхэд биеийн маань бодисын солилцоо, гормоны тэнцвэр ахиад л “учраа олохгүй” сандарч өөрчлөгдөхөөр тэмүүлж эхэлдэг. Биеийн хэм нэмэгдэж, судас өргөсөж, даралт унана. Аажим аажмаар мелатониныхоо ялгаралтыг бууруулж, “цоглог” гормон буюу серотониноо ихэсгэж эхэлнэ. Хаврын цаг уурын өөрчлөлтөд бие бүрэн дасан зохицтол мөн л хэсэг хугацааг шаардах бөгөөд энэ нь ядрах, сульдах, бие сулрах шинж тэмдгүүдийг дагуулдаг юм. Хаврын ядаргаа ихэвчлэн гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилнэ.

Тэгэхээр “хаврын ядаргаа” удаан хугацааны “унтаа өвөлжөө”-ний дараах “шарталт” гэж ойлгож болно.
Ялангуяа өвлийн турш шинэхэн жимс ногоо идэх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх боломж ховор байдгаас бие энэхүү өөрчлөлтөд илүү мэдрэг ханддаг. Амин дэмээр дутагдсан, тамир тэнхээгээ өөрөөрөө нөхөх чадваргүй бие температурын өөрчлөлтийг дийлэлгүй, ерөнхий эсэргүүцэл, дархлаа сулран нэмэлт өвчин, зовиурууд илэрдэг.

Хаврын ядаргааны шинж тэмдгүүд
-Хэчнээн унтсан ч нойр хүрэх
-Эсвэл нойргүйдэх
-Эрч хүч дутагдах, амархан ядрах
-Анхаарал төвлөрөх чадвар буурах
-Толгой эргэх
-Мартамхай болох
-Аман дотор юм гарах, нүдэн дээр өвдөг гарах, шөрмөс татах, хумс хугарах, үс унах гэх мэт ядарч сульдах, эсэргүүцэл сулрах, амин дэм дутагдах үед илэрдэг нийтлэг шинж
-Хуучин өвчнүүд сэдрэх

Хэрвээ дээрх шинж тэмдгүүдээс хоёр болон түүнээс дээш илэрч байвал “хаврын ядаргаа”-нд орж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж дээ.

1. Наранд гар

Ядарч байна гээд дотор бүгээд л байвал улам их ядрах болно. Бие маань наранд аль болох хурдан дасах тусмаа ядаргаа эрт дуусах учраас өдрийн цагаар сайн алхаж байгаарай. Мөн нарнаас D витаминыхаа хэрэгцээг нөхөхөд тустай. Утаа багассанаар цэвэршиж байгаа агаарт алхвал цусан дах хүчилтөрөгчийнхөө хэмжээг ч нэмэгдүүлэн сэргээд авна.

2. Ус сайн уу

Хаврын ядаргааны үеэр шингэн юм бага уувал толгой өвдөх, ядрах, нозоорох шинж тэмдгүүд улам ихсэх болно. Ус биеийг дотроос нь “угааж”, бодисын солилцоог түргэсгэдэг.

3. Цагаа тогтмолжуул

Биеэ тогтмол хэмнэлд барих нь хаврын болоод бусад бүх үеийн ядаргааг давах шилдэг арга. Өөрөөр хэлбэл өдөрт таван удаа тогтмол цагаар бага хооллож, орой тогтмол цагт унтаж 6-8 цагийн дараа өглөө тогтмол цагт сэрэх ёстой гэсэн үг юм. Хэрвээ хаврын тогтворгүй биохэмнэлийн үед оройтож ажиллан, өглөөний болон өдрийн хоолоо алгасаад байвал ядаргаа архаг хэлбэр лүү шилжин, хууч өвчнүүд улам сэдэрч ханиад томуу тусна.

4. Хангалттай витамин = Хангалттай их эрч хүч

Өвлийн турш витаминыхаа хэрэгцээг ямар нэг байдлаар хангасан хүн хавар ядаргаанд өртөх нь бага байдаг. Гэхдээ тэгж чадаагүй байсан ч одооноос эхлэхэд оройтохгүй. Витамин сулраад байгаа дархлааг чангатгаж, биеийг эрч хүчээр хангаж, бодисын солилцоог хурдасгаж, илэрсэн өвчнийг хурдан эдгээж, цаг ууртай дасан зохицох үйл явцыг хурдасгана. Ялангуяа витамин C, E, B болон кальци, төмөр, магнийн эрдэс бодисынхоо хэрэглээг нэмэгдүүлэхэд арьс цайрч, үс бат бэх болж, өглөө сэрэхэд эрч хүчээр дүүрэн, орой унтахад нойргүйдэхийн зовлонгүй байх болно.

Алдагдсан амин дэмийнхээ хэрэгцээг жимс, ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, үр тарианаас түлхүү авах хэрэгтэй. Өөх, тос ихтэй хоол хүнснээс аль болох татгалзаж хурдан шингэцтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл бие байгаа багахан энергиэ хоол шингээхэд зарцуулахаас сэргийлнэ.
“Хаврын ядаргаа”-ны үеэр хэрэглэхэд хамгийн тохиромжтой хоол хүнсний жагсаалтанд төрөл бүрийн жимстэй йогурт, органик сүүн бүтээгдэхүүнүүд дээгүүр байранд орно.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …