Хуулийн дагуу хүчээр “засуулсан” иргэд Засгийн газрынхаа эсрэг тэмцэж эхэллээ

Энэ 2018 оны 5 сард Японы хүн амын бодлогын тухай хуулийн улмаас хүчээр засуулж, үр удмаа үлдээх чадвараа алдсан иргэд “Засгийн газар хүний эрхийг хурцаар зөрчсөн тул энэ хуулийнхаа өмнөөс уучлал гуйж, нөхөн төлбөр олго” гэсэн шаардлагыг барьж, эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд гомдол гарган жагсаал цуглаан хийж эхэллээ.

Японд 1948-1996 оны хооронд хэрэгжиж байсан хуулийн хүрээнд 16500 хүн хүчээр засуулсан гэж эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. “Хүн амын бодлогын тухай хууль” нь эмчийн магадлагаагаар хөгжлийн бэрхшээлд хүргэх удамшлын өвчинтэй нь тогтоогдсон хүмүүсийг удмаа үлдээх боломжгүй болгож, хүчээр хөнгөлсөн байдаг. Одоогоор хөнгөлүүлсэн 8500 орчим хохирогч эсэн мэнд байгаа гэж өмгөөлөгчдийн зүгээс мэдэгджээ. Хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард 15 настай байхдаа хоёр өндгөвчөө авахуулсан 60 настай эмэгтэй Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн байна. Мөн 75 настай эрэгтэй хохирогч хэлэхдээ “Бусад хохирогчид ч олны өмнө гарч, олон жил шаналсан сэтгэлээ тайлаасай. Засгийн газар миний амьдралыг булааж авснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг хүсч байна” гэжээ. Тэрбээр өсвөр насандаа засуулсан бөгөөд эхнэрээ 2013 онд нас барах хүртэл энэ үнэнийг нууж явсан гэв.

Мэдээж айл гэрийн аз жаргал үр хүүхдийн инээх дуу, хүүхдийн тоглоомгүй эдгээр гэр бүлүүдийн амьдрал үнэхээр ямар харамсалтай өнгөрсөн болоо.

Тэгвэл энэ түүх ингэж эхэлсэн юм. 1945 оны 2 дугаар сард Дэлхийн II дайн төгсгөл ерөнхийдөө тодорхой болсон байв. Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод Холбоотны эвсэлийг бүрдүүлэгчдээс голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В.Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт(1882 — 1945 оны дөрөвдүгээр сарын 12), Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын уулзалт хийв. Үнэндээ энэ уулзалт дэлхийн II дайны дараа дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцооны эхлэл байсан юм.

Бас нэг асуудал бол дайны дараа Японы эсрэг ЗХУ-ыг дайнд татан оролцуулах явдал байлаа. И.Сталин “Германыг ялснаас 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой. Гэхдээ хэд хэдэн болзолтойгоор оролцоно” гэв. Харин холбоотнууд Сталины саналыг шуу хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд Германыг ялсны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчлан тогтъё гэж тохирлоо.

1945 оны 7-8 дугаар сард Германы Потсдам хотноо гурван гүрний удирдагч нар уулзав. Гэхдээ энд АНУ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Гарри Трумэн оролцсон байна. Уулзалтаар тэд дэлхийн хэмжээнд нөлөөллийн бүсүүдээ хувааж авлаа. Харин энэ удаа Трумен өөртөө итгэлтэй, түрэмгий байв. Яагаад гэдгийг ЗХУ, Английн тэргүүнүүд мэдэж байлаа. Учир нь АНУ 1945 оны 7 дугаар сарын 16-нд New Mexico муж улсын цөлд асар хүчтэй бөмбөг туршсаныг тэд мэдэж байсан юм. Энэ бол анхны атомын бөмбөгийн туршилт байлаа.

Энд бас нэгэн чухал асуудал Германы холбоотон одоо ч хүчирхэг хэвээр байгаа Японтой хэрхэн дайтах бодлого дээр Их Британийн жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай гэж үзэж байлаа. Уулзалтаас гурван гүрний тэргүүн Японд бууж өгөх тулган шаардалт явуулсан ч 1945 оны  7 дугаар сарын 28-нд татгалзсан хариу ирэв. АНУ яг үүнийг хүлээж байв. Учир нь өнөөдрийн холбоотон маргаашын дайснуудыг айлгах “пацаан”, “бүдүүн залуу” гэдэг хочтой атомын бөмбөгнүүдийг хэрэглэх завшаан олдсон юм. Ерөнхийлөгч Трумен Подсдамын уулзалтаас ч өмнө энэ шийдвэрээ гаргасан байлаа.

Ингээд 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ анхны атомын цохилтыг Японд хийлээ. Стратегийн бөмбөгдөгч В-26 онгоцноос 10 км-ын өндрөөс ураны цэнэгтэй атомын бөмбөгийг (тротилын харьцуулалтаар 20 мянган тонн орчим) Хиросима хот дээр нүдээр багцаалан онилоод 600 метрийн өндөрт өглөөний 8 цаг 15 минутад дэлбэлжээ. Эгшин зуур 80 мянган хүн амь үрэгдэж, 12 мянган хүн сураггүй болж, 40 мянган хүн шархадсан байлаа. Тавхан жилийн дараа амь үрэгдэгсэдийн тоо 120000 болов. Зөвхөн дэлбэрэлтийн төв цэгт С 1000 градусын халуун байжээ. Наймдугаар сарын 9-нд өөр нэг онгоц бас тийм хэмжээний хүчин чадалтай плутонийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Газар нутгийн байдал мөн хотын төвд онилсон нь 2 км-аар зөрсөн зэргээс хохирол бага зэрэг буурч 75 мянган хүн амь үрэгдэж, сураггүй болсон ба 35 мянган хүн шархаджээ.

Энэ бүхэн аль 1943 оны эхээр Касабланкад болсон бага хурлын үеэр “АНУ-ын бүх дайсныг үг дуугүй бууж өгөхөд хүргэж, тэдний газар нутгийг эзлэн авч өөрсдийн эрх ашигт нийцсэн улс төрийн институт байгуулна” гэж хэлсэн ерөнхийлөгч Рузвельт хэлсэн үгний тодотгол болов. Уг нь хүйтэн дайны эхлэлийн энэ бөмбөгийг өөр газар хаяхаар төлөвлөж байсан боловч нэг их гүрэн нөгөөхөө эрхшээлдээ байлгахын тулд энгийн иргэд дээр туршилт хийсэн хэрэг байв.

Тэд гарах үр дүнг нь тодорхой хэмжээгээр мэдэж байсан нь гарцаагүй. Бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс амьд явах бүх хугацаагаа халуун тамд мэт өнгөрөөх болсон. Хэт халуун ба цацрэг туяанаас үүдэлтэй өвчин зовлон нь тэсвэрлэхийн аргагүй зарим нь түүндээ солиорсон гэдэг. Рентген туяанд хордон ген нь эвдэрсэн тэдний үр урам цусны өвчтэй, тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг аймшигийн кино мэт төрүүлж эхэллээ.

Зарим нь энгийн төрөх авч өвчин даах чадвар нь суларсан дараагийн үр удам төрөх боломжгүй нь тодорхойгүй болов. Тиймээс л Японы Засгийн газар хүний эрхэнд халдсан хууль баталхаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ эдгээр хүмүүсийг хохироогч жинхэнэ эзэд нь геополитикийн дайнаас ашиг олох хүсэлтэй хэсэг бүлэглэл байлаа. 1949 онд ЗХУ, 1954 онд Англи улс цөмийн зэвсэгтэй боллоо. Одоо дэлхийд цөмийн зэвсэгтэй 20 орон байна.

Нийтлэлч Модун Хүннү

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …