Их зохиолч Д.Нацагдорж анхны гэргий Д.Пагмадуламтайгаа 1922 онд танилцжээ.Хожим нь тэрээр хар тамхинд орсон, Хятад данжаадтай суусан гэж элдвээр хэлэгдсэн, өндөр боловсролтой энэ эмэгтэй хатуу цагийн золиос болж, гашуун хувь тавилан туулсан түүхтэй.
Д.Пагмадулам 1920 онд дөнгөж 14 настай байхдаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдон очиж байжээ. Жилийн дараа Пагмадулам гэртээ оргож ирсэн гэдэг. Дараахан нь Пагмадулам Бошгыг халах залуучуудын байгууллагад элсэж, Д.Нацагдоржтой танилцжээ. Тэдний охин Цэрэндулам 1923 онд мэндэлжээ. Харин 1925 оны намар охин Цэрэндуламаа орхиод Д.Нацагдорж Цэргийн яамны шугамаар Ленинградын Толмачёвын нэрэмжит Цэргийн улс төрийн академид, Д.Пагмадулам Ленинградын Дорно Дахины их сургуульд суралцахаар явжээ. Охиноо Пагмадуламын аав Дамдин тайжид үлдээжээ. Маймаа хот (Элбэг-Амгалант суурин буюу хожмын Амгаланбаатар)-ын Дамдин тайж нь Чингис хааны хөлөг Боорчийн угсааны сурвалжит ноён юм. Дамдин тайж төрсөн үр хүүхэдгүй байж. Тэрбээр хоёр ч хүүхэд өргөж авсны нэг нь Пагмадулам ажээ.
Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр зуны амралтаар ирэхдээ Ардын Гэгээрлийн яамны шугамаар Япон улсад оюутан сургахаар явуулж байгааг сонсоод өргөдөл гарган өгсөн боловч зөвшөөрөөгүй байна (МАХН-ын төв архив).
Харин аз болж Япон руу явуулаагүй хүмүүсийг дунд сургуулийн хүүхдүүдтэй нийлүүлж баруун Европын орнуудад сургахаар явуулах шийдвэр гарчээ. (АГЯ-ны сайд Эрдэнэбатхаан тэдгээр сурагчдыг өөрийн биеэр Герман, Франц улсад хүргэж өгсөн).
Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар Берлин хотод герман хэлний курст суралцаж, улмаар Д.Нацагдорж Лейпцигийн Иx сургууль (Германаар: Universität Leipzig)-ийн Зүүн Ази судлалын тэнхимд нэрт монголч эрдэмтэн Э.Хейниш (E. Hаeinisch)-ийн туслахаар ажиллаж байжээ. Тэдний талаар буддизм судлаач профессор Ф.Веллер (F. Weller) “Нацаг, Дулам хоёр хотоос зайдуу дүүрэгт жижиг хоёр өрөөг хөлслөн суусан” гэж бичсэн байдаг.
1929 онд Монгол улс гадаадад сурч байсан оюутнуудаа эгүүлэн татахад Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр ч Германаас буцаж ирсэн юм. МХЗЭ-ийн их хурал дээр Пагмадулам, олон гэмгүй хүнийг мөрдөж, хавчиж, ажил төрлөөс нь салгаж, гадуурхаж байгаа тухай шүүмжлэлт үг хэлснээс нь болж намаас хөөгдсөн тухай мэдээ байдаг. Үүний дараахнаас нь л тэднийг хяхаж хавчиж эхэлсэн бөгөөд, Пагмадуламын сонгуулийн эрхийг хүртэл хасч, шоронд хорьж, нийгэмд багтаж шингэх газаргүй, ерөөс сүг сүүдэр мэт үзэх болжээ.
“1930-аад оны эхээр ажил төрөл ч үгүй, амьдрал нь хэцүү байсан учраас Пагмадулам дэлгүүрт худалдагч хийсэн байдаг. Гэтэл яг цэвэр мөнгөний өрөнд орсон ч юм уу, юу ч болсон шоронд оржээ. Энэ нь тэр хоёрыг элдвээр оролдож байсан зохиомол хэргүүдийн л нэг байж гэж бодмоор байдаг” хэмээн “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кинонд Хэл бичгийн ухааны доктор Ч.Билигсайхан өгүүлжээ.
Д.Пагмадулам шоронгоос гараад удаагүй байхдаа хотын нэгэн гуанзанд ойр дотны хүмүүсээ цуглуулаад “Д.Нацагдорж бол энэ улсын соёл боловсролд үнэтэй хүн. Энэ маань дандаа сонин хэвлэлийн ажилтан гээд явахгүй байлгүй дээ, тэрэнд нь би саад болно. Тиймээс би замаа хөөе. Би тэр шоронд сайн сайхан юм сурсангүй. Наад зах нь хар тамхи гээч юмыг татаад сурчихлаа. Тиймээс Нацагт гай болоод яах вэ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхэд нь Нацагдорж уйлж байсан” хэмээн зохиолч Д.Намдаг дурссан байдаг.
Шоронгоос гарсныхаа дараа Пагмадулам хятад хороололд очиж толгой хоргодсон, хар тамхинд орсон гэх баримт буй. Хань, үр хүүхэд, ажил төрөл, хамаатан саднаасаа хагацаж, хавчигдан хэлмэгдэж байсан түүний хувьд энэ байтугай үйлдлийг нь ч ойлгож болох үндэслэлтэй мэт санагдана.
Пагмадулам нь сонгодог гэрийн боловсролтой, монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн, манж, хятад, орос, герман, монгол таван хэлтэй, зүс царай эрдэм боловсролоороо цуутай, сайхан дуулдаг, хөгжимддөг, зан ааль сайтай, яриа хөөрөөтэй бүсгүй байсан нь 1920-1930-аад оны олон сэхээтний дурсамжид хадгалагдаж иржээ.
Тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны даргаар ажиллаж, Монголын анхны эмэгтэй парламентчаар сонгогдож, анхны үндсэн хуулийг батлалцаж явсан юм. Сонирхуулахад, 1924 онд байгуулагдсан, шинэ цагийн анхны байнгын үйл ажиллагаатай парламентын институцад цор ганц эмэгтэй гишүүн байсан нь Д.Пагмадулам бөгөөд, энэ байгууллагад Ардын хувьсгалын анхны долоогоос Х.Чойбалсангаас өөр хэн ч сонгогдоогүй байдаг.
Д.Нацагдоржийн охин Цэрэндулам дурсахдаа “Аав ээж хоёр Германаас буцаж ирээд зарц нарын сургуулийн баруун талын хамар хашааг худалдан авсан. Тэр нь Нинжбадгарын аавын хашаа юм. Тэнд аав ээж хоёр сайхан айл болсон байсан. Хашаан дотор орос хийцийн аятайхан байшин байсан… Тэгж байгаад аав ээж хоёр салж сарнисан” гэжээ.
Цэрэндулам охиныг өвөг эцэг Дамдин тайжийнх нь аягач байсан Балжид эмээ буюу Аажий нь нутаг сэлгэн авч явж, нууж өсгөсөн байдаг. Зарим эх сурвалжид Балжидыг тайган хүн байсан гэж дурджээ. Түүнчлэн Цэрэндуламын нэрийг хүртэл нууцалж, хамаатан садангууд нь Цэдумаа, Нүдэн гэх мэтээр дуудаж байжээ.
Энд нэр дурдагдаж буй Нинжбадгар нь Д.Нацагдоржийн охинтой хамт нэг хашаанд тоглож өссөн, 1956-1957 онд Монгол улсад Одон орон судлалын төвийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, анхны захиралаар нь ажиллаж байсан нэрт эрдэмтэн, одон оронч Санжмятавын Нинжбадгар юм. Дашрамд хэлэхэд С.Нинжбадгар нь Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга агсан Д.Төмөр-Очирын гэргий бөлгөө.
“Пагма бид хоёрыг уулзахаар төр засаг нурчих гээд, охинтойгоо учирвал Орос Монголын найрамдал сүйдчих гээд, бид гурав уулзаж чадахгүй, гурван танихгүй хүний хажууд байна” хэмээн 1936 оны зун Д.Нацагдорж үеэл дүү Дарьсүрэндээ халаглан хэлж байжээ. Нацагдорж, Дарьсүрэн нар нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Нацагдорж, Пагмадулам нарыг талийгч болоход охин Цэрэндулам нь 14-15 настай үлдсэн байна. Хэдэн жилийн дараа асрагч Аажий нь бурхан болсон.
Хавчлага мөрдлөгөөс болж төрсөн охин нь эцэг эхээрээ овоглож, тэднээрээ хайрлуулж, толгойг нь түшиж чадаагүй бөгөөд Дамдины Цэрэндулам хэмээн өвөг эцгээрээ овоглон, судлаач нэртэй туршуулуудад ээрэгдэж оногдсон тавилангаа туулсан юм. 1989 онд Дарьсүрэн үеэл ахынхаа тухай дурсахдаа “Ах урд жил нь, бэргэн дараа жил нь өнгөрснийг дуулаад “Сартан хөх” /МУАЖ алиалагч Ж.Данзан агсан. Тэрбээр Дарьсүрэнгийн нөхөр “Сараанаг” хочит Банзрагчийн дотны найз байв. Ж.Б/-өөр газарчлуулаад нэг их үргэлжилсэн шавар байшин, шургааган хашаа болсон Амгалан гэдэг газар ач дүү Нүдэнгийн өссөн эмээ өвөөгийнх нь хашаанд очсон юм. Урьд нь их мэргэн эмээтэй гэж сонсож байсан юм. Тэгтэл эмээ нь /Цу мэргэн хатан байсан бололтой. Ж.Б/ “За тэр, зочин ирнэ гэж өглөө чамд хэлээ биз дээ. Аавынх нь дүү юм байна, золго” гээд 14 орчим насны болов уу гэмээр Нүдэн охиныг надтай золгуулахад урьд нь юу ч бодогддоггүй байсан сэтгэл сэмрээд, өөрийн эрхгүй элгэндээ тэврэхэд нэг л дотно элгэмсүү байсан. Ач дүүдээ зориулж авч ирсэн 21 хурганы арьсаа “Дээл хийж өмсөөрэй” гээд өгсөн юм.
Мэргэн эмээ нь “Цэдумаа асрагчтайгаа өөр газар амьдарч байгаа. Энд байлгавал эцэг эхийнх нь араас оруулна гэж айгаад. Та нар ч гэсэн Нацаг, Пагма гэдэг нэрийг цээрлэ” гэж захисан юм. Ингээд бид 1937-1958 он хүртэл Нацагдорж ахынхаа тухай ам үдээтэй явлаа. 1956 он бил үү, бичин жил юмдаг, Нацагдорж ахын 50 насны ойг тэмдэглэсэн гэж дуулаад сайн итгээгүй. “Үлдсэн найз нөхөд нь тэмдэглээ биз” гэж бодоод нөхөр бид хоёр чимээгүй л байлаа. 1958 он хүртэл үнэндээ итгэхгүй байсан шүү” хэмээн хуучилсан байдаг.
Эх сурвалж: Шинэ толь