Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний дөрвөн сард 235.9 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 16.3 тэрбум төгрөгөөр буюу 7.4%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ийнхүү орлого өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа төмрийн хүдэр, жонш, нүүрсний тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин дөрөвдүгээр сарын орлогын хувьд өмнөх сараас 2.9 (4.9%) тэрбум төгрөгөөр өсөж, 61.8 тэрбум төгрөг болсон байна.
Мөн энэ оны эхний дөрвөн сард төмөр замын тээврээр нийт 9.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 794.8 мянган тонн буюу 9.1%-аар өссөн явдал байв. Үүнд,
- Экспортын ачаа 900.3 (28.6%) мянган тонн,
- Импортын ачаа 51.2 (6.0%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн аж.
Харин дөрөвдүгээр сарын хувьд төмөр замын тээврээр тээсэн ачаа 2.4 сая тонн болж, өмнөх сараас 63.7 (2.7%) мянган тонноор өсжээ.
Төмөр замын тээврээр 2020 оны эхний 4 сард тээсэн нийт ачаанд,
- Уул уурхайн бүтээгдэхүүн 90.4 хувь,
- Барилгын материал 4 хувь,
- Хар төмөр 1.4 хувь,
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0.9 хувь,
- Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.8 хувь,
- Мод модон материал 0.4 хувь болон бусад бүтээгдэхүүн 2.1 хувийг эзэлж байна.
Түүнчлэн төмөр замын тээврээр зорчигчид 2020 оны эхний 4 сард 556.1 (давхардсан тоо) мянга болж өмнөх оны мөн үеэс 207.8 (27.2%) мянган хүнээр бууржээ.
Агаарын тээвэр
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2020 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 380 сая төгрөг буюу 6.1%-аар өсөж, 6.7 тэрбум төгрөг болсныг мөн мэдээлэв.
Харин энэ оны эхний дөрвөн сард 58.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 64.5 (52.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Агаарын тээврээр зорчигчдын хувьд 2020 оны эхний дөрвөн сард 240.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (40.1%) мянган хүнээр мөн буурсан аж. Дөрөвдүгээр сарын хувьд дүгээр сард 24.5 мянга болж, өмнөх сараас 8.8 (26.4) мянган хүнээр бага байна.
Тодруулбал,
Орон нутагт зорчигчид энэ оны эхний дөрвөн сард 107.6 (44.8%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 20.3 (15.8%) мянган хүнээр буурсан. Энэхүү бууралтад
- Чойбалсан чиглэлийн зорчигчид 74.8 хувь,
- Баян-Өлгий чиглэлийн зорчигчид 33.2 хувь,
- Оюутолгой чиглэлийн зорчигчид 16.5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Олон улсад зорчигчид энэ оны эхний дөрвөн сард 132.5 (55.2%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 140.7 (51.5%) мянган хүнээр буурчээ. Энэхүү бууралтад,
- Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчид 75.8 хувь,
- Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчид 63.7 хувь,
- Улаанбаатар-Хайлаар чиглэлийн зорчигчид 67.1 хувь,
- Улаанбаатар-Москва чиглэлийн зорчигчид 42.5 хувь,
- Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид 40 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.