Үерхэж байсан хүнээсээ сална гэдэг хөгийн мэдрэмж. Салалт чамайг өвтгөж, зовоож, бүр хажууд чинь байдаг сайхан зүйлсийг муухай мэт санагдуулах нь бий. Дэлхий цар тахалд өртөөгүй байхад ч салалттай учраа олно гэдэг хүндхэн асуудал. Гэвч одоо гадуур гарч зугаацах, шинээр найз нөхөдтэй болох, хуучин найзуудтайгаа дахиж уулзах гэх мэт сэтгэлээ сэргээх зүйлс бүх юм хөл хорионд орсон цагт хүндрэлтэй л байх болов уу. Үүн дээр нэмэгдээд энэ вирусийн тодорхой бус байдал нь бидэнд улам стресс нэмж хүмүүс тэр чигээрээ сэтгэл зүйн хүнд нөхцөлд орсон байгаа биз ээ.
Ийм их зүйл болж байхад яаж дээрээс нь салалттай нүүр тулах вэ? Дөнгөж салсан хүнтэйгээ хол хорионд орчихсон байхад, найзуудтайгаа уулзаж чадахгүй, өөрт чинь хүнд байгааг биечлэн уулзаад хэлж чадахгүй байхад яаж салалтыг даван туулах вэ? Энэ асуултуудад хариулахаар мэргэжилтнүүдээс асуулаа.
Тэгвэл доорх ярилцлагад күийр сэтгэл зүйчид болох Лаура А.Жэйкобс, Ребекка Шуберт, Аниса Майли, Оумоу Силла нартай хэрхэн эдгээр олон сэтгэлийн дайсантай нүүр тулах талаар асууж ярилцсаныг хүргэе.
Маш олон эрүүл мэндийн болон эдийн засгийн асуудлыг бий болгож байгаа энэ вирус хосуудын салалтад мөн ямар хүндрэлийг нэмж байна вэ?
Лаура А.Жэйкобс: Бид одоо бүгд л хэн нэгэнтэй тэврэлдэж, хүрэлцэж, биеэрээ дотно байхыг хүсэж байгаа. Би метроогоор явахдаа хүнтэй мөргөлдөхийг хүртэл санаж байна. Хүмүүс үерхэж байхдаа гар гараасаа барилцдаг, буйдан дээр ноололдож хэвтдэг, хүний нүд рүү камераар биш шууд эгц хардаг. Энэ бүхнийг бид нээх ойшоож авч үздэггүй байхад гэнэт бидний доороос алга болчихлоо. Хэдий эдгээрийг найз нөхдөөсөө авах боломжтой байвч КОВИД-19, хөл хорио гээд бас хэцүү болчихлоо.
Мөн үүнээс гадна дөнгөж салсан байхад ирээдүйнхээ талаар бодоход хэцүү байдаг шүү дээ. Дахиад түүнээс дээр хүн олдоно гэж бодохгүй, өөр хүнтэй дахиж тийм түвшний харилцаанд орж чадна гэж боддоггүй. Ийм байхад гараад хүмүүстэй болзож чадахгүй болж байгаа нь тэр бодлуудыг улам л нэмэгдүүлж байна.
Сүүлд нь гэхэд, бид бүгд маш их хэмжээгээр сандарч, түгшиж байна. Ковид-19 бидний амьдрал, ажил , гэр бүлд цааш хэрхэн нөлөөлөх бол гэдэгт бүгд санаа зовниж байгаа. Энэ бүх зүйлс бие биедээ нэмэрлэж, овоорсноор одоогийн нөхцөл байдлыг маш их стресстэй болгож байгаа юм. Сэтгэл гутрал, мухардмал байдал энгийн үеийнхээс илүү хүчтэйгээр мэдрэгдэж байна.
Хөл хорионд байхдаа салалтыг даван туулах тал дээр зөвлөгөө өгөөч?
Аниса Майли: Ямар ч төрлийн гашуудлыг даван туулах эхний алхам бол түүнийг хүлээн зөвшөөрөх юм. Хэдий тухайн асуудлын талаар эерэг бодолтой байх нь даван гарах аргуудын нэг боловч өөрийгөө гуниглаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Дараагийн алхам бол салалтаас болж буурсан хайрын даавар гэгддэг окситоцинийг өсгөх юм. Хөл хориотой байгаа гээд хэн нэгэнд хүрэхгүй амьдарна гэсэн үг биш учраас дуртай тосоо гаргаж ирээд өөртөө сайхан массаж хийх нь стрессийн даавар кортисолыг багасгаж окситоциноо ихэсгэх бас нэгэн арга юм шүү.
Ребекка Шуберт: Өөрөө өөртөө анхаарал тавих нь энэ цаг үед маш чухал билээ. Бие, сэтгэл зүйгээ энгийн үед яаж торддог байсан тэр аргууддаа одоо илүү анхаарал тавих хэрэгтэй.
Хэрвээ салсан хүнтэйгээ хамт амьдарч байгаа бол зай талбайгаа хэрхэн ашиглаж хамт амьдрах, цаашид өдөр тутамдаа ямар түвшинд харилцах вэ гэдгээ тодорхойлж аваарай.
Хэрэв танд гадны тусламж хэрэгтэй бол сэтгэл зүйчтэй ярилцаж үзэх нь сайн шийдэл болно. Ковид-19 н үеэр зайнаас туслах боломжтой сэтгэл зүйчийг олж холбогдоорой. Хэрэв хамтрагчтайгаа байхад аюултай санагдаж байвал мөн холбогдох байгууллагуудтай нь холбоо бариарай гэж зөвлөе.
Хэрэв та ЛГБТ Төвөөс үзүүлдэг ганцаарчилсан уулзалтаар ярилцахыг хүсвэл дараах утсаар эсвэл манай чатботоор цаг авах боломжтой.
Утас 70110323
И-мэйл info@lgbtcentre.mn
Хийж болохоор санагдаж байгаа нэг зөвлөгөө нь үерхэж байсан хүнийг чинь санагдуулж болох зүйлүүдээс хол байх байна л даа. Хамт сонсдог байсан дуу, нэвтрүүлэг, хамтдаа явдаг байсан газрууд гэх мэт зүйлс дурсамжуудыг сэдрээдэг шүү дээ. Хэрэв тийм өдөөгч нь дуу, киноноос илүү том; жишээ нь аз жаргалтай байх, өөртөө сэтгэл хангалуун байх гэх мэт мэдрэмжүүд бол яах вэ?
Лаура А.Жэйкобс: Зарим тохиолдолд ийм өдөөгч зүйлсээс зугтаж чаддаггүй. Унтраалга шиг мэдрэмжүүдээ унтрааж асааж болохгүйгээс хойш зугтах хэцүү шүү дээ. Хэрэв тэр хүн чиний хамаг амьдралын төв байдаг байсан бол салалттай нүүр тулахад маш их цаг орж болно. Юуны түрүүнд бие даасан, ганцаараа амьдралыг бий болгох гэж оролдох нь зүйтэй болов уу. Чамд таалагддаг, гэхдээ үерхлийн чинь нэг хэсэг байгаагүй тийм зүйлийг ол. Тэр хүн амьдралд чинь орж ирэхээс өмнө чи аз жаргалтай байж чаддаг байсан гэдгээ санах хэрэгтэй. Саллаа гээд ганц шөнийн дотор чи хэн байснаа алдчихгүй болохоор чи “чи” хэвээрээ шүү гэдгээ битгий мартаарай.
Салалтаас болж гуниглаж байгаадаа гэмшиж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ? Хүмүүс ажилгүй болж, нас барж байхад би энд салснаасаа болж орноосоо ч босож чадахгүй байдаг гэж бодож байгаа хүмүүс байж болох юм?
Лаура А.Жэйкобс: Иймэрхүү мэдрэмжийг ойлгож байна аа. Би ингэж айдас дээр айдас нэмэх нь энгийн үзэгдэл гэдгийг ойлгоорой гэж хэлэх байх. Гэхдээ ингэж овоолж байх явцдаа гол гуниглаж буй шалтгаан дээрээ төвлөрөх нь чухал. Өвдөлтөөс зугтаах нь мэдээж гол зорилго чинь биш. Хэрэв өвдөж зовж байвал тийм байна, өвдөж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд түүнийгээ мэдэр гэж би зөвлөдөг л дөө. Харин өөрийгөө буруутгаж, шүүмжлэл овоолох нь ямар ч хэрэгцээгүй юм.
Сүүлд нь гэхэд, энэ цаг үед хуучин хамтрагчтайгаа буцаж нийлэх талаар бодож байгаа хүмүүст юуг бодолцож үзээрэй гэж зөвлөх вэ?
Оумоу Силла: Би хүмүүст үүнийхээ талаар бодож, бичиж эсвэл дотны хүмүүстэйгээ ярилцаж үзээрэй гэж зөвлөж байна. Би энэ хүнтэй байхдаа ямар мэдрэмж авдаг байсан бэ? Би тэр харилцаанаасаа юу сурч авсан бэ? Тэр хүн өмнө нь бидний харилцаанд болдоггүй байсан зүйлүүд дээр дахиж ажиллах хүсэлтэй байна уу? Би тэр хүнтэй хамт байхдаа аюулгүй байдаг уу? Би гэм буруу, ичгүүр, гадны дарамт гэх мэт зүйлсээс болж харилцаагаа сэргээх гээд байна уу? Миний үнэт зүйл бол хүсэлд аль сонголт нь илүү таарч байна вэ?
Хүнтэй ярилцах эсвэл бичиж өөрт төрж буй мэдрэмжүүдээ анзаарах нь тэдгээрийг бодолцож үзэх боломжийг олгодог. Дээрх асуултуудын хариулт нь тухайн хүнтэйгээ дахин харилцаанд орох талаар илүү нухацтай бодож, танд аюулгүй, зөв шийдвэр гаргахад тусална гэж найдаж байна.