Улсын Их Хурлын сонгууль гэдэг нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, дөрвөн жилд нэг удаа явагддаг үйл ажиллагаа юм. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдлэдэг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 7 удаа Улсын их хурлын сонгууль явагдаад байна.
1990 онд Ардын депутатуудын хурлын сонгуулийн хууль батлагдсанаар парламентын чөлөөт сонгуульд олон нам оролцож, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгосон нь ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан анхны том алхам болсон юм.
1992 оноос 2004 онд явагдсан Улсын Их Хурлын 4 удаагийн сонгуулийг 1992 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, 2008 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийг 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийг 2011 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохион байгуулж явуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор 1996, 2000 онуудад нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна.
2011 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар хуульчилсан.
Харин 2019 онд Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог оруулж өгсөнөөр 2020 оны сонгууль можаритар тогтолцоогоор явуулхаар болсон юм.
1992 оны сонгууль
Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН – 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл – 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.
1996 оны сонгууль
Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.
2000 оны сонгууль
Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл, ИЗН, Ногоон Намын “Иргэний Зориг-Ногоон Нам” эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.
2004 оны сонгууль
Тус сонгуулиар МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон билээ.
2008 оны сонгууль
МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.
2012 оны сонгууль
Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.
2016 оны сонгууль
МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон.
Нөхөн сонгуулиуд
1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс бага хугацаа үлдсэн бол орных нь хүнийг сонгох сонгууль болдоггүй.
- 1996-2000 онд
Н.Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг нар нас барсны улмаас нөхөн сонгуулиуд болсон. Үүнд Н.Энхбаяр, Ц.Өөлд, Д.Цэвээнжав, С.Оюун нар сонгогдсон бол О.Дашбалбар нас барахад бүрэн эрхийн хугацаа нэг жилээс бага үлдсэн байсан тул нөхөн сонгууль болоогүй.
- 2000-2004 онд
Л.Энэбиш, М.Зэнээ нар өөд болсны улмаас нөхөн сонгууль явагдахад Б.Өвгөнхүү, Су.Батболд нар сонгогдсон.
- 2004-2008 онд
Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан нас барж нөхөн сонгууль зохиогдсон. Үүнд М.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдсон юм.
- 2008-2012 онд
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль болж, Даш.Зоригт сонгогджээ.