“Энэ сардаа багтаад “Саарал жагсаалт”-аас гарахаар ажиллаж байна”

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг өчигдрөөс Монголд  ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд тус шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ Монгол Улсыг стратегийн дутагдалтай гэсэн орны жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд оруулж, зургаан үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах; Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах; Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах; Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах; Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах; Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан.

Дээрх зургаан ажлаас гурвыг нь нэгдүгээр сард, үлдсэн гурвыг нь дөрөвдүгээр сард биелүүлснээр зургаан үүрэг даалгаврын бүгдийг нь  өнгөрөгч дөрөвдүгээр сард хангачихсан гэсэн үг.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын өөрийнх нь дотоод  үйл ажиллагааны дагуу газар дээр нь заавал ирж шалгах ёстой. Гэвч цар тахлын улмаас ирэх эсэх асуудал  нь тодорхой бус байсан. Манай улсын хувьд ирүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлснээр газар дээр нь ирж ажиллаж байна. Үндсэндээ ФАТФ газар дээрх шалгалтыг хоёр улсад хийж байгаагийн нэг нь Монгол Улс.

-ФАТФ-ын газар дээрх шалгалт  хэрхэн явагдах вэ? 

-Манай улсын өгсөн тайланг тодруулж, бид тайлангийнхаа дагуу ажилласан эсэхийг нягтлах л асуудал юм. Тэгэхээр үүрэг даалгаврыг биелүүлчихсэн байна гэдгийг өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон ФАТФ-ын хурлаас хэлсэн. Энэ хүрээнд газар дээрх шалгалтыг хийж, тодруулах ийм л ажил юм. Энэ сарын 20-ны үеэр ФАТФ-ын ээлжит хурал нь болно. Уг хурлаар манай улсад ажилласан шалгалтынхаа дүнг хэлэлцсэнээр бид саарал жагсаалтаас гарна.

-Та бүгдийн хувьд саарал  жагсаалтаас гарах шаардлагуудыг бүрэн дүүрэн хангачихсан гэж үзэж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Манай улсад өгсөн зургаан үүрэг даалгаврыг өнгөрөгч дөрөвдүгээр сард биеүүлсэн байна гэж ФАТФ үзсэн. Гагцхүү газар дээрх шалгалт л хүлээгдэж байсан юм.

-Манай улс өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж байсан. Энэ удаад саарал жагсаалтаас гарлаа ч  дахиад  орохгүй гэсэн баталгаа байна уу?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт ФАТФ-ын 40 зөвлөмж, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үр дүнтэй байдал буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийнхээ дагуу шалгадаг. Өмнө нь хийдэг байснаа дараа нь хийгээгүй байвал шалгалтад бүдэрнэ гэсэн үг. Тэгэхээр 2023 онд дахин ФАТФ-ын үнэлгээний баг ирж ажиллана. Тэр үед ч гэсэн манай улс ФАТФ-ын 40 зөвлөмж, 11 хэрэгжилтийн үзүүлэлтээ шалгуулах учраас одооноос бид тогтмол тогтолцооны бүтэцтэй болох ёстой. Өнөөдөр энэ бүтэц нь бий болчихсон,  40 техникийн зөвлөмжийн 37 нь хэрэгжиж байна. Гурав нь хагас үзүүлэлттэй байгаа.

2023 онд хагас гурван үзүүлэлтийг бүрэн хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Мөн 11 хэрэгжилтийн үзүүлэлтийг хангаад явж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил нь олон төрийн байгууллагын хамтын ажиллагаанаас шууд хамааралтай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиа хэр дагаж мөрдөж байна вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Өдөр болгон хүн аливаа нэг зүйлийг тогтмол хийж дадал зуршил болгодог шиг  бид энэ чиглэлийн ажлуудаа тогтмол хийж хэрэгжүүлж байж саарал жагсаалтад орох асуудал яригдахгүй гэж ойлгож болно.

“НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛТЭЙ ХҮМҮҮС БУС ШИНЭЭР АВАХ ХҮМҮҮС 6 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАНА”

-“Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд Засгийн газар, УИХ нэгдсэн” гэдгийг УИХ-ын дарга намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Хэзээнээс  зургаан хувь руу шилжих вэ?

-Ипотекийн найман хувийн хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа. Банкинд найман хувийн зээл олгох хөтөлбөр байхгүй. Өнөөдөр найман хувийн хөтөлбөр дотроос ямар зардлыг хэмнэж болохоор байна, хаанаас  хэмнэлт гаргаж болохоор байна гэдгээ судлаад УИХ-д хуралд өгсөн. Өмнө нь олгосон найман хувийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхгүй. Харин шинээр гаргах зээлийг зургаан хувиар өгөх боломжтой гэж үзэж байгаа.

-Хэрэгжиж эхлэх хугацааны тухайд?

-Монгол банкны зүгээс холбогдох тооцоо судалгааг хийгээд УИХ-д хүргүүлсэн. Банкуудтайгаа ч бид уулзсан. Хэрэгжүүлж эхлүүлэх эцсийн шийдвэр нь УИХ-аас гарна.

-Ипотекийн зээлийн хүүгийн зөрүү 2 хувийн санхүүжилтийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Санхүүгийн зуучлал хийдэг МИК хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани. 20 жилийн хугацаатай ипотекийн зээлийг эрсдэлгүй байлгахын тулд зуучлагч компанийн хувьд эрсдэлийн сантай. Энэ хүрээнд МИК ипотекийн найман хувийн хүүгийн 1.76 хувийг эрсдэлийн сан хэлбэрээр өөртөө авч үлддэг. Зургаан хувь руу шилжүүлэхэд МИК-ийн эрсдэлийн сангийнх нь 1 хувийг буулгаснаар 0.76 хувь МИК-д үлдэнэ. Нэг хувийг банкууд эх үүсвэрийн хүүгээ бууруулснаар ипотекийн зээлийн хүүг зургаан хувь руу буулгана гэж тооцоолж байгаа.

Нэг үгээр хэлбэл, нэг хувь нь МИК-ээс, нэг хувь нь банкны салбараас гаргана гэж тооцоолсон.

-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд найман хувийн зээл төлөлтөө хойшлуулсан зээлдэгчид энэ сараас эхлэн зээлээ үргэлжлүүлэн төлөх үү?

-Тийм ээ. Хорио цээрийн дэглэм тавигдаж, бизнесийн орчин  идэвхжиж байгаа учраас иргэд найман хувийн зээлээ төлж эхэлнэ.

-Цар тахлын үед ч ипотекийн зээлээ цаг тухайд нь төлсөн 34 мянган зээлдэгчид 7 тэрбум гаруй төгрөгийн хоёр нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг гурван сарын хугацаанд олгоно гэсэн шийдвэр яагаад хэрэгжихгүй байна вэ?

-УИХ-аас гарсан хуулиар хоёр нэгж хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх санхүүжилт улсын төсвөөс гарах ёстой. Гэхдээ төсөв хүнд байгаа учраас хаанаас санхүүжилтийг нь гаргах уу гэдгийг дахиад л ярих байх.

“Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ямар шалтгаанаар тогтворжуулах арга хэмжээг авч байгаа вэ?

-Харилцагчийн төлбөр тооцоо тодорхой хэмжээгээр саатсан зэрэг зүйл байгаа учраас банк харилцагчийнхаа эхний шаардлагаар мөнгийг нь гаргах ёстой. Хоёрдугаарт, цаашаа хэвийн ажиллахын тулд тодорхой хэмжээний эх үүсвэр бий болгох шаардлагатай. Тэр утгаараа өмчлөгч нь мөн үүрэг хүлээсэн удирдлага нь ч тэр үүргээ хүлээж өөрөө өөрсдөө банкаа тогтворжуулах төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна.

Бодлогын хүүг мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар эдийн засагт бодит дэмжлэг болж чадсан уу, ам.долларын болон төгрөг хадгаламжийн хүү буурч байгаа юу?

-Хадгаламжийн хүү буурч байгаа. Өнөөдрийн байдлаар төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 10.4 хувь, долларын хадгаламжийн хүү дунджаар 3.3 орчим хувьтай байна. Ерөнхийдөө буурч байгаа. Өмнө нь төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 11 хувь байсан. Зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа гэж хэлнэ.

эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …