Ш.Оргил: Өөрсдөө л бид хамгаалалтыг хийхгүй бол биднийг хамгаалах юу ч байхгүй

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тайлбар өглөө.

Тэрээр: “Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа Олон улсын ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдчихаад байна. Зөвхөн сүүлийн сард нийт 34 тохиолдол гарлаа. Энэ бол “аюул”. Бид нар энэ вирусийг алдахгүй байх баталгаа алга байна. Манай хууль, хүчнийхэн, эрүүл мэндийнхэн, Онцгой байдал, Зооноз өвчин судал, мөн төмөр зам гээд бүхий л байгууллага энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа. Эндээс харахад хамгийн эрсдэлтэй цэг бол өнөөдөр Алтанбулаг сум болчихоод байна. Бид нүдэнд харагдаж, гарт баригдахүй байгаа тэр вирусийг л оруулахгүй байхын төлөө хичээн зүтгэж байгаа. Иймээс энэ сум руу анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энд өдөрт 1000 хүн механикаар чөлөөт бүс рүү орж байгаа гэсэн судалгаа бий. Өнөөдөр нэг хүнд хоёр литр архи, хоёр литр дарс, гурван литр пиво, 200 ш янжуур зөвшөөрдөг. Чөлөөт бүсэд худалдан борлуулах дүрэм журмын дагуу энэ асуудлыг явуулж байгаа.

Гэхдээ бид энгийн үед энэ хүмүүсийг ажилгүй болгоод байгаа юм бишээ. Үүнийг л иргэд минь зөвөөр ойлгоорой, үүнийг хариуцлагатайгаар ухамсарлаарай гэж хэлмээр байна.

Үүнийг иргэд маш сайн ойлгож, өөрийгөө болон гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалаач ээ. Өөрсдөө л бид энэ хамгаалалтыг хийхгүй бол биднийг хамгаалах юу ч байхгүй. Энэ асуудал дээр аймгийн Онцгой комисс ажиллаж ирсэн. Цаашид арга хэмжээгээ сулруулахгүй, улам чангатгаж ажиллах болно.

Сэлэнэ аймагт Улсын Онцгой комисс анхаарлаа хандуулж байгаа. Энэ ч утгаараа ажлын багаа ирүүлж байна. Төрийн алба хаагчид үүргийнхээ дагуу энэ ажилд оролцож байгаа. Харин иргэд өөрсдөө хичээл зүтгэл гаргаж, бидний ажилд тус дэм болох л чухал байна. Энэ бол хэдхэн сарын хугацаа шүү дээ.    

Чөлөөт бүсээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн жишээг би хэлье. Зөвхөн нэг өдөр. Тухайлбал 2020 оны 11-р сарын 1-ний өдөр 881 иргэн, 212 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 152 нь Сэлэнгэ аймгийн, 60 нь бусад аймаг, хотын серийн дугаар байсан байна. Эндээс хүн бүр л нөгөө архи, пиво, тамхи авдаг. Зорилго нь нэг хүнд 2000-4000 төгрөг өгч архи авдаг. Энд бид хууль хяналт, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Бид улс орныхоо тусгаар тогтнол эрх ашгийн төлөө өнөөдөр энд ажиллаж байна. Өөрөөр хэн нэгэн хүний бизнес, ашиг орлогыг зогсоох гэж энд ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Хиагтын хил Алтанбулагаас нэг км хүрэхгүй 800 м зайтай. Одоо золбин нохойнуудын асуудал байна. Энд нохой хүртэл хамаатай болоод байна. Энд орж ирээд вирус илрээд байгаа жолооч нарын хоолны үлдэгдлийг тэр нохойнууд идэж байгаа. Хамгийн гол ойрхон зай болсон Алтанбулаг дээр анхаарал тавиад, хөл хорио тогтооно гээд байгаагийн учир энэ. Өнөөдөр хамгийн гол эрсдэл өндөр нэгдүгээр цэг дээр байдал ийм байгаа болохоор үүнийг бид хаахаас өөр арга байхгүй гэдэг тайлбарыг би өгч байна.

Монгол Улсад орж ирээд илэрч байгаа хүмүүстэй нэгдүгээр хавьталд орсон маш олон хүн бий. Тэр хүмүүсийн илрэх хугацаа нь болоогүй байгаа. Тэр 21 хоногийн хугацаа заагаад байгаа чинь зүгээр нэг хоног заагаад байгаа юм биш. Энэ хугацаа нь болоод илэрч байгаа.

Сүүлийн үеийн мэдээгээр Алтанбулаг боомтоор орж ирж буй жолооч нараас 34 тохиолдол илэрсэн байна. Эдний 32 нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээгээр илэрсэн. Тохиолдол тус бүрийг иргэншлээр нь авч үзэх юм бол Монгол Улсын зургаан иргэн, ОХУ-ын 18 иргэн, Бүгд найрамдар Беларусь улсын таван иргэн, Казахстан улсын нэг иргэн, БНТУ-ын гурван иргэн байна. Сүүлийн зургаан хоногт 6 тохиолдол илэрчихээд байна. Энэ бол дандаа Алтанбулаг боомтоор орж ирсэн хүмүүс.

Тэгэхээр миний хэлээд байгаа хилээр орж ирээд хил дээрээс сорьц аваад илэрч байгаа тохиолдол энэ. Гэвч хугацаа нь болоогүй вирусээр өвчилсөн хэдэн хүн халдвар тээгээд явж байгааг бид хараад мэдэхгүй.

Иймээс хүмүүс өөрөө өөрсдийгөө л хамгаалах ёстой. Амны хаалтаа зүү, гараа угаа. Хамгийн эрсдэлтэй цэг Сэлэнгэ аймаг, түүн дотроо Алтанбулаг сум болчихоод байна. Иймээс иргэд минь үүн дээр анхаарал болгоомжтой хандаач ээ. Хайртай хүмүүс ээ, аав ээжийгээ, хань, үр хүүхдүүдээ, ах дүүгээ хамгаалж байна гэж бодоод. Улсынхаа эрх ашгийг бодоод амны хаалтаа зүүгээч, гараа угаагаач, гадуур дотуур бүү дэмий яваач ээ, битгий бөөгнөрөөч ээ гэдгийг л аймгийн Онцгой комиссын даргын хувьд хүсч байна. 

Короновирусний шинжилгээний хариу эерэг гарсан ОХУ-ын хоёр иргэн мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг үл биелүүлсэн байна. Учир нь тэд Монголд эмчлүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан учраас буцаасан байна. Олон улсын харилцааны дүрэм ёсоор хаана илэрнэ тэнд нь эмчилгээ хийнэ гэсэн заалттай байдаг. Гэвч дээрх иргэд хүсээгүй учраас буцаасан. Энэ хоёр иргэн хойшоо Хиагтын хилээр нэвтрээд хэчнээн хүнтэй харьцаанд орох уу? Үүнийг л бид хэлээд байгаа юм. Чөлөөт бүсийг хаагаад байгаагийн учир энэ. Үүний ард ийм эрсдэлүүд байгаад байна. Түүнээс биш нэг ААН-ийн үйл ажиллагааг бодлогоор хаагаад байгаа юм биш шүү. Иргэд зөвөөр ойлгоорой. Эрсдэлийн механик өсөлт нэмэгдээд байна. Бид аль болох хөл хөдөлгөөнийг хумьж, хорьж байж энэ өвчнийг даван гарна. Түүнээс биш хүн бужигнуулаад, энд бид хэчнээн тэмцээд дийлэхгүй. Ийм учраас хөл хориог чангатгана. Хил, гааль, боомтгүй аймгууд бол өөр хэрэг. Сэлэнгэ аймаг бол Алтанбулаг, Сүхбаатар гэсэн хоёр том боомтоор ОХУ-тай харьцаж байна. Тэр тусмаа Алтанбулагийн хувьд Чөлөөт бүс ажиллаад байдаг. Яг Чөлөөт бүсийн хашаа руу бид зохион байгуулалттайгаар орж ирж байгаа нөгөө ачаа тээврийн машинуудыг оруулж байгаа. Тэгэхээр 100-гаадхан метрийн зайтай нөгөө машинууд нь байгаад байдаг. Нөгөө короновирус чинь салхиар, хүчтэй шороогоор дамжаад байна гээд байгаа. Тэгэхээр тэнд мянга мянгаар нь хүмүүсийг ажиллуулаад байх шаардлага байна уу, үгүй юу. Энэ бол миний улс орноо бодсон эрх ашиг. Иймээс энэ чөлөөт бүсийг түр хугацаагаар хааж байгаа юм. Ингэхгүй бол бид Монгол Улсдаа короновирусийг алдчих гээд байна. Яагаад гэвэл бид тэр вирусийг тээж яваа хүнийг хараад мэдэхгүй, танихгүй. Хүнд итгэж болохгүй болчихоод байна. Нууц үедээ яваа олон хүн энд явж, орж ирж байна. Транзит тээврийн машины жолооч нар зам дээр өтгөн шингэнээ цацаж байна. Энэ бол батлагдсан нотолгоотой асуудал. Шингэнээ уут саванд хийгээд цонхоороо хаяж байна. Хиагтын голоор сэг зэм орж ирж байна. Бид дур мэдэн ямар ч асуудлыг шийдэж болохгүй. Бид Улсын Онцгой комиссын шийдвэрийг дагаж ажиллана. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Улсын Онцгой комиссоос Зам тээврийн сайдаар ахлуулсан ажлын баг Алтанбулаг боомт дээр ачаа бараанд сэлгээ ачилт хийх боломж байгаа үгүйг газар дээр нь ирж танилцана. Ингэж хөрсөн дээр нь бодит байдал ямар байгааг харуулж байж шийдвэр гаргуулахгүй бол тэрийг дээр ярьж шийдэж болохгүй гэдэг саналыг бид тавьсан” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …