Нью-Иоркт нас барсан хүмүүсээ хүн ёсоор оршуулж чадахгүй, ингээд бөөнөөр нь нэг нүхэнд булж байна. Дайны үе шиг л даян дэлхий чичирч байна. Том гүрний дэгдээсэн санаатай гибрид дайн байсан ч, цагийн эрхээр ирсэн цар тахал байсан ч одоо хамаагүй. Юу гэж тайлбарлах нь чухал биш, яаж хохирол багатай ард нь гарах вэ гэдэг л аминд тулсан хэрэг болоод байна.
Европт хэдэн зуун мянган настнууд ковидоор нас барж, улс орнууд нь тэтгэврийн ачааллаас чөлөөлөгдөн, залуус нь ажлын байртай болж байна. Хүн төрөлхтний нэг хэсэг нь ковидыг шилжилт хийх боломж гэж харж байгаа нь ч нууц биш. Энэ ханиадаар өвчилсөн ид насны 35-тай, спортлог залуу тавхан цагийн дотор донор уушги зээлж суулгуулахаас аргагүй байдалд орлоо. Нэг өвчилсөн хүн эдгэсэн ч уушгинд нь зангирсан хар сорви үлдэж, энэ нь цаашдаа эрүүл мэндэд нь таагүй нөлөөлж болохыг эмч нар хэлж байна. Эрчүүд үр тогтоох боломжгүй болох эрсдэлтэйг ч бас анхаарууллаа.
Энэ бол тоглоом биш, энгийн ханиад ч бас биш. Дэлхий даяар өрнөж буй ажлын байр, амин зуулга, хүнс хоол, газрын төлөөх тулааныг хурдасгаж байгаа том хүчин зүйл нь ковид-19 гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гэр бүл, үр хүүхэд, эх орноо хайрла. Тэднийгээ тахлын эрсдэлд бүү унагаа. Дэлхий эргээд эрүүл болоход үүдээ нээгээд, үүрээ тойроод тоглох үр хүүхдээ амьд, аюулгүй үлдээ. Амьдралын төлөөх тулаанд тэсч үлдэхийн тулд алсын зайн төлөвлөгөөтэй болъё. Тэртэй тэргүй дэлхий хором хормоор өөрчлөгдөж байна. Ковид-19 вирусын дараах дэлхий бүр ч өөр болсон байх болно. Зохицож амьдрахын тулд зогсчихоод байгаа цаг хугацааг өөр өөрийнхөөрөө алсын зайндаа амжиж тааруулъя. Үнэн бол энэ. Үнэнтэй нүүр тулаад, үүнд үр хүүхдээ болон өөрсдийгөө бэлдэе. Та бүхэн харж байгаа. Хүүхдүүд чинь сүүлийн 11 сард хоёрхон сар л нийтийн дунд орж суралцлаа. Амны хаалттай байсан учраас ангийнхныгаа ч танихгүй дахиад хоригдчихлоо. Бусад есөн сард нь гэртээ, ганцаараа, эсвэл гэрийнхнээсээ өөр хэн ч үгүй…дахиад хоёрдугаар сарын дунд хүртэл тэд хоригдоно. Би ч бас ор, ширээ хоёрын дунд хоригдсон арслан шиг холхиж байгаа хүүхдээ хараад, түүний амьдралын юугаар ч орлуулшгүй энэ үнэт цаг хугацаанд харамсаж, орчлон нийгмийн зүг хэрхэн, хэзээ хөл тавихыг нь ойлгохгүй байна. Түүний хамт олон, тоглоом, хичээл, харилцаа…бүгд онлайн. Нэг л мэдэхэд ийм болжээ, нэг л мэдэхэд бид дасчихсан байна. Чухам айл бүрт байгаа энэ бодит жишээ л гэхэд байдал өөрчлөгдсөөр байгааг илэрхийлэх, цаашид ч өөр дэлхийд бид болон хүүхдүүд маань хөл тавина гэдгийг батлах хангалттай жишээ биш гэж үү? Би ажлаа хиймээр байна, амьдармаар байна. Гэхдээ амны хаалтаа ариутгаж тогтмол зүүдэг, гараа угаадаг, хүн хоорондын зайгаа ягштал баримталдаг хүмүүсийн дунд орж, амин зуулгаа дөхүүлмээр байна.
Үнэн энэ юм. Үнэнийг уурлаж угтана уу, ухаарч ойлгоно уу, танд үлдээе.